Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Анужин,

шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000030 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын...-ний өдөр... аймгийн ... суманд төрсөн,... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., хамтран амьдрагчийн хамт ... аймгийн ... сумын ..дугаар баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт ... ... /РД:.........................../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ...нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ...нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдийн 20 цагийн орчимд .... аймгийн ... сумын ... дугаар баг, .. тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ...хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж ...бие махбодид духанд, хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч ...үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдрийн орой .. аймгийн .... сумын.. дугаар баг, ... тоотод байх гэртээ 17 цагийн орчимд нөхөр ... болон нөхрийн найз гэх хүнтэй хамт 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи ууж дуусаад 20 цагийн орчимд нөхөртэйгөө маргалдсан. Тухайн үед ямар шалтгаанаас болж маргалдсан талаар би сайн санахгүй байна. Манай нөхөр ... нь гараараа миний нүүр хэсэгт 3-4 удаа цохих шиг болсон. Орой 23 цагийн орчимд архи гарч сэргээд би өөрийн хүүхэд болох .. рүү залгаад намайг ... зодсон гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд цагдаа дуудсан юм байна лээ. Өмнө намайг ... хэл амаар доромжилж, цохиж зодож байгаагүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8 хуудас/

            4. Иргэний нэхэмжлэгч .............. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон ... нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлагаар ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсанд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 94 500 төгрөг нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 94 500 төгрөгний зардлыг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

5. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Баянжаргалан суманд байрлах Хөөтийн уурхай руу ажилдаа явах гээд Чойрт 2 дугаар сарын 20-ны өдөр найз болох ...гийн гэрт ирсэн. Тэгээд 02 дугаар сарын 22-ны өглөө нь Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад ..., түүний эхнэр ... нартай хамт тэдний гэрт уусан. Тэгээд орой 18 цагийн орчимд дахин дэлгүүр яваад 0.75 литрийн Хараа архи аваад бид 3 хувааж уусан. Тэгээд би согтоод баруун талын орон дээр унтаж байтал гэнэт түжигнээд байхаар нь сэртэл ... эхнэртэйгээ зодолдсон гэсэн. Би согтуу байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/

6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтэнд: “...биед духанд, хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” 

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 19-20 хуудас/

7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /х.х-ийн 2-3, 44 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 23 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ....г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч ...гийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ...нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ...нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ...нь хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч ......г бусдад төлөх төлбөргүй гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Оюугцэцэгээс гэмт хэрэг зөрчлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 94 500 төгрөгний зардлыг нэхэмжилсэнийг шүүгдэгч ...нь төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.... оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА