| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/04292/И |
| Дугаар | 183/ШШ2021/00167 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/00167
2021 01 22 183/ШШ2021/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Орбит 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух Б овогт Э.У /РД:УП000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух Бо овогт А.М /РД:УХ0000/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие А.Мтай 2014 оны 11 дүгээр сард танилцаж найзлаж нөхөрлөж байгаад 2015 оны 4 дүгээр сард жирэмсэн болж 0000 оны 00 дугаар сарын 00-нд хүү А төрсөн. Хүү төрөхөд бид Сүхбаатар дүүргийн 35 дугаар хороо, 62-32 тоотод хамт байсан. Хүүгээ төрөхөд Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлээс өөрийн нэр дээр гэрчилгээг авч ээж Уранчимэгээр надаар овоглосон. Хариуцагч нь хүүхдийг төрснөөс хойш хүүхдэд хэрэгтэй хэрэглээг хангаж чадахгүй байгаа учраас эцэг болох М нь 2016 оны 5 дугаар сард манайхаас явсан. Үүнээс хойш цаашид амьдрах боломжгүй болж хүү А бид хоёр аавындаа амьдрах болсон. Хүү А нь одоо 4 нас 10 сартай 273 дугаар цэцэрлэгийн бэлтгэл Б бүлэгт явж байгаа. Хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү У. А.М хүүхэд мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч нь жирэмсэн байхаас эхлээд анхаарал халамж муу байсан, би жирэмсэн байхдаа цус алдаж, кесерв хагалгаагаар төрсөн. Хүү бид хоёрт туслаж дэмждэггүй, хүү маань одоо 4 настай, өсөж том болж байгаа учраас цаашид ч зардал гарна. Тиймээс эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ээж аавын хамт айлын хашаа байшин хөлслөн суудаг. Би сургуульд сурч байгаагүй, ээж аав хоёр маань ажил байхгүй. Ээж группт байдаг, миний бие өрөөсөн чих дүлий, бага зэргийн хомсдолтой. Ээж зүрх муу, эмчлүүлэх гэхээр мөнгө байхгүй. Би эзэмшсэн мэргэжил байхгүй. Ажил хийхийг хүсдэг, хааяа барилгын ажил хийдэг.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зүйлийг зөвшөөрч байна. Амгаланбаатар нь миний хүү мөн, хүү маань 0000 оны 00 дугаар сарын 00-нд төрсөн, одоо 4 настай. Би туслаж дэмжмээр байдаг боловч боломж бололцоо муутай. Ажил хийхээрээ туслана гэж бодож байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч А.Мд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Э.У, А.М нар нь 2014 онд танилцаж, тэдний дундаас 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү У.А төрсөн болох нь хүүхдийн төрсний 000000 дугаар гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-р хуудас/
Хариуцагч А.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү У.Амгаланбаатарын эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б овогт У.А эцэг нь Б овогт А.М болохыг тогтоож, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Э.У нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч А.М нь хүү У.А асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Хариуцагчийн ажил хөдөлмөр эрхлээгүй, амьдралын бололцоо муутай гэж тайлбарласан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймд Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “…эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү У.Ам 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэлх насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.М тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт У.А эцэг нь Б овогт А.М болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт У.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Мар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх У.Уранчимэгт даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Э.У нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100200100941тоот дансанд оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН