Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/00169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021             01            22                                                 183/ШШ2021/00169

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 00 тоотод байрлах БД ХХК-ийн /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байранд байрлах М00 Сууц өмчлөгчдийн холбоонд /РД:000000/ холбогдох

            нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр 3 964 455,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч БД ХХК-ийн захирал З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

БД нь Эрчим Зохицуулах Хорооны дулаан дамжуулах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо,М00 СӨХ-ны орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан оршин суугчдын хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны тасралтгүй хангамжийг хариуцан, засвар үйлчилгээг хийж хангагч болох ус сувгийн удирдах газар, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК-д төлбөрийг нь дамжуулан төлдөг. Гэтэл М00 СӨХ нь 2019 оны 02 дугаар сараас хойших хугацааны турш ус, дулаан, ашиглалтын зардлаа огт төлөлгүй их хэмжээний өр төлбөрийг хуримтлуулан, одоог хүртэл өр төлбөрөө төлөөгүй байна. Энэ хугацаанд төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага тавихад төлнө, төлнө танайх дээр очиж уулзана айлууд нь мөнгөө өгөхгүй байна, мөнгөгүй байна гэсэн хариу өгдөг. Хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьд бидний зүгээс хэрэглэгчдэд найдвартай, шуурхай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх зарчмын дор одоог хүртэл хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлах, хяхан боогдуулах арга хэмжээ авч байгаагүй бөгөөд зөвшилцөх бүхий л арга хэлбэрийг ашиглаж алдангийг нь 100 хувь хүртэл хасах саналыг тавьж байсан ч одоог хүртэл үр дүн гарахгүй байгаа нь хариуцагч нь сайн дураараа хуульд заасан үүргээ биелүүлэх, өр төлбөрөө барагдуулах сонирхолгүй байгааг харуулж байна.

1.Иргэний хуулийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх,

2.Эрчим хүчний тухай хуулийн Хэрэглэгчийн эрх үүргийн 30.1.2-д хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх,

3.Усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15, хэрэглэгчийн эрх үүргийн 15.1.3-д цэвэр усаа хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх,

4.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид, хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулах,

5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хангагч нь төлөгдөөгүй мөнгөн дүнгийн хувиар алданги тооцох тус тус эрхтэй гэж заасан байна. Дээрхи заалтын дагуу тус хэрэглэгчийн ус дулааны төлбөр нийт 3 964 455,12 төгрөг байна.

Иймд хариуцагч М00 СӨХ-ноос 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны турш хэрэглэсэн ус дулааны төлбөр болох 2 632 092,12 төгрөг, алданги 1 332 363 төгрөг, нийт 3 964 455,12 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацааны турш хэрэглэсэн нийтийн эзэмшлийн халаалтын төлбөрийг нэхэмжилж байгаа юм. Манай байгууллагаас СӨХ-той хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нийтийн эзэмшлийн халаалтын төлбөрийг төлөх үүргийг СӨХ нь хүлээсэн байгаа. Тиймээс хэрэглэсэн төлбөрөө төлөхийг шаардсан юм. Манай байгууллагаас шүүхэд ирүүлсэн тооцооллын баримтад граж гэсэн байгаа боловч энэ нь нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр юм гэв.   

 

Хариуцагчийн төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооны 96 дугаар байрны М00 СӨХ нь төлбөрийн нэхэмжлэл дээрээ дундын дулаан гэсэн төлбөр авдаггүй учир СӨХ нь Батбаян дулаан ХХК-д дундын халаалтын төлбөр өгөх шаардлагагүй болно. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний 292 тоот тогтоолд дундын дулааныг хариуцсан контор авна гэж заасан байдаг. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Батбаян дулаан ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарт дундын дулааны төлбөр танайхаас авах ёстой гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Миний бие С.Оюунгэрэл ньМ00СӨХ-г 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцан ажиллаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Маргааныг эвийн журмаар шийдвэрлэх гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Мөн 2019 оны 10 дугаар сараас хойш маш олон удаа нягтлан бодогч эмэгтэйтэй утсаар ярьж, гэрээгээ шинэчлэн хийе, өмнөх төлбөр дээрээ гэрээ хийгээгүй явж ирсэн тухай хэлсэн. Гэвч миний яриаг огт сонсохгүй элдвээр хэлээд байсан учраас л шүүхэд хандах дээрээ хүрсэн байна. Би энэ хамтран ажиллах гэрээг байгуулахад энэ төлбөр нь манай СӨХ-ны төлөх төлбөр биш хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч 2 байгууллага хамтарч ажиллах гэрээ байгуулж байна, таны гарын үсэг, тамга хоёр хэрэгтэй байна гэсэн. Би болохоор их зав багатай, бухимдалтай байсан болохоор унших боломж ч байгаагүй юм. Дараа нь гэрээгээ шинэчлэн байгуулья гэсэн боловч хийгээгүй. Учир нь СӨХ-ны төлбөр дээр нийтийн эзэмшлийн дулааны мөнгө оршин суугчдаас авдаггүй учир манайх төлөхгүй гэсэн. БД ХХК-ийн захирал З.Д өөрөө давхар СӨХ ажиллуулдаг учраас энэ талаар мэдэж байх ёстой. Мөн 2018 оны 10 дугаар сард гарсан тогтоолыг маш сайн мэдэж байх үндэслэлтэй. Цаашид харилцан тохиролцоод энэ асуудлыг шийдвэрлэх саналтай байна. Нэхэмжлэгчийн тооцоолол дээр граж гэсэн байгаа нь нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр бол мөн, бид төлөөгүй байгаа нь үнэн гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БД ХХК нь М00 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр 2 632 092,12 төгрөг, алданги 1 332 363 төгрөг, нийт 3 964 455,12 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч М00 Сууц өмчлөгчдийн холбооноос 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг дуустлах хугацааны нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр болох 2 632 092,12 төгрөгийг төлөхгүй байгаа тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 1 332 363 төгрөг, нийт 3 964 455,12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь уг төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбоо төлөхгүй, дундын халаалтын төлбөрийг авахгүй байх талаар журам гарсан тул төлбөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч БД ХХК хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт эрхлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, ус хангамж ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, дулааны гол шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын үйлчилгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь ******тоот регистр, ****** тоот дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалтын хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө” гэж зааснаар хариуцагчаас нийтийн эзэмшлийн дулаан ашигласны төлбөр буюу халаалтын төлбөрийг шаардах эрхтэй байна. /хэргийн 13-р хуудас/

Хариуцагч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын 5.3.7-д “орон сууцны барилгын орцны халаалтын төлбөрийг халаах хэрэгсэл бүхий давхрын талбайн хэмжигдэхүүн /м.кв/-ээр тооцох ба сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн орцны халаалтын төлбөрийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь заалтыг үндэслэн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хангах гэрээний дагуу төлж болно” гэж зааснаар төлөхгүй гэж тайлбарлаад дулааны үйлчилгээний хураамжийг сууц өмчлөгч нараас аваагүй гэдгийг нотлоно гэж М00 Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 24-27-р хуудас/

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын 5.3.7-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн орцны халаалтын төлбөрийг дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хангах гэрээний дагуу төлж болно гэж заасан боловч нэхэмжлэгч БД ХХК нь хариуцагч М00 Сууц өмчлөгчдийн холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №***** дугаартайБД ОСНААК болон СӨХ-н хамтран ажиллах гэрээ байгуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, хэвийн үйл ажиллагааг хангахад байнгын хяналт тавих, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-7 хуудас/

Хариуцагч нь уг гэрээг уншиж судлаагүй, танилцаагүй байж гарын үсэг зурсан гэж тайлбарласан боловч гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.5-д “СӨХ нь нийт 435,4 м.кв нийтийн эзэмшлийн талбайн халаалтын төлбөрийг халаалтын улиралд хариуцаж төлнө”, 1.3-д “харилцан төлбөр тооцоог тухайн сардаа барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хангагч нь төлөгдөөгүй мөнгөн дүнгийн хувиар алданги тооцох эрхтэй гэснийг үндэслэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж заасан байх тул хариуцагчаас нийтийн эзэмшлийн талбайн халаалтын төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь 2019 оны 02 сард 220 312,40 төгрөг, 2019 оны 03 сард 220 312,40 төгрөг, 2019 оны 04 сард 220 312,40 төгрөг, 2019 оны 05 сард 110 156,20 төгрөг, 2019 оны 09 сард 121 171,82 төгрөг, 2019 оны 10 сард 242 343,64 төгрөг, 2019 оны 10 сараас 2020 оны 04 сард 242 343,64 төгрөг, 2020 оны 05 сард 121 171,82 төгрөг, 2020 оны 09 сард 22 000 төгрөг, 2020 оны 10 сард 11 000 төгрөг, нийт 2 632 092,12 төгрөгийн дулаан ашиглалтын зардал буюу халаалтын төлбөр гарсан боловч хэрэглэсэн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, мэдээлэл илгээсэн түүх, төлбөрийн тооцооллоор нотлогдож байна. /хэргийн 10-12-р хуудас/

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн төлбөрийн тооцоололд “граж” гэсэн нь “нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр” гэж тайлбарласныг хариуцагч нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд хариуцагчаас хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойших хугацааны буюу 2020 оны 01 сараас 2020 оны 10 сарыг дуустлах хугацааны нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр 1 123 546,38 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /2020 оны 01 сард 242 343,64 төгрөг, 2020 оны 02 сард 242 343,64 төгрөг, 2020 оны 03 сард 242 343,64 төгрөг, 2020 оны 04 сард 242 343,64 төгрөг, 2020 оны 05 сард 121 171,82 төгрөг, 2020 оны 09 сард 22 000 төгрөг, 2020 оны 10 сард 11 000 төгрөг, нийт 1 123 546,38 төгрөг/

Мөн нэхэмжлэгчээс Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж зааснаар хариуцагчийг нийтийн эзэмшлийн халаалтын төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүй тул алданги 1 332 363 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нь уг төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбоо төлөхгүй тул алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, гэрээг шинэчлэх талаар удаа дараа уулзах гэсэн боловч нэхэмжлэгчийн зан харилцааны дутагдалтай байдлын улмаас гэрээг шинэчлээгүй, хугацаа хэтрэхэд нэхэмжлэгч буруутай тул алдангийг төлөхгүй гэж маргасан.

НэхэмжлэгчБД ХХК хариуцагч М00 Сууц өмчлөгчдийн холбооны хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №***** дугаартайБД ОСНААК болон СӨХ-н хамтран ажиллах гэрээний 1.3-д харилцан төлбөр тооцоог тухайн сардаа барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд хангагч нь төлөгдөөгүй мөнгөн дүнгийн хувиар алданги тооцох эрхтэй гэж харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байх тул алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2020 оны 01 сараас 2020 оны 10 сарыг дуустлах хугацааны нийтийн эзэмшлийн халаалтын төлбөр 1 123 546,38 төгрөгийн 50 хувиар тооцож 561 773,19 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /1 123 546,38:2=561 773,19/

Иймд хариуцагч М00 Сууц өмчлөгдчийн холбооноос нийтийн эзэмшлийн халаалтын төлбөрт 1 123 546,38 төгрөг, алданги 561 773,19 төгрөг, нийт 1 685 319,57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчБД ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 279 135 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /1 123 546,38+561 773,19=1 685 319,57, 3 964 455-1 685 319,57=2 279 135,55/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

   1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч М00 Сууц өмчлөгчдийн холбооноос нийтийн эзэмшлийн халаалтын төлбөрт 1 685 319,57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчБД ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 279 135,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 382 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М00 Сууц өмчлөгдчийн холбооноос 41 915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчБД ХХК-нд олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН