Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

 

  2024         03          25                                 2024/ШЦТ/227

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч О.Нандинцэцэг,

насанд хүрээгүй хохирогч Х.М,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М,

шүүгдэгч Д.П,

нарийн бичгийн даргаар Э.Өлзий-Орших нарыг оролцуулан эрүүгийн 2311000001534 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овгийн Д.П

          Монгол Улсын иргэн, 2000 оны 07 сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.П нь 2023 оны 10 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан сан 3-41 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч Х.Мийн эрх чөлөөнд халдаж нүүр болон цээжин тус газар нь цохисны улмаас түүний биед хамрын нуруу, зүүн өгзөгт цус хуралт, хамрын хамрын таславчийн мурийлт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 10 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан сан 3-41 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч Х.Мийн биед халдаж зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

             - насанд хүрээгүй хохирогч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай хойд эцэг П нь 2 найзтайгаа гэрт ирсэн бөгөөд том шилтэй нэг ширхэг архи 5 ширхэг гэх пиво байсан бөгөөд тухайн үедээ хойд аав П, найзуудтайгаа, манай хажуу талын гэрийн эгч нар хамт уусан байдаг юм. Түүний дараа тэр хүмүүс маш их согтоод маш их хэцүү байсан тэгээд П ахын Д гэх найз нь айлын дотор шээсэн. Тэгээд хажуу айлын хүн нь дургүйцээд байсан болохоор нь би цагдаа дуудсан юм тэгсэн чинь П намайг яагаад цагдаа дуудсан юм бэ гэж уурлаад байгаа нь угаасаа чиний амьдралыг мэднэ шдээ чи бол миний ханилсан хүний хүүхэд штээ, би чамайг алнаа, гичий минь штээ, удмаар чинь байхгүй болгоно гэх мэтээр хараасан юм тэгэхээр нь би яг одоо гэрээс зайл гээд хэлтэл чи намайг хөөхгүй гэж хэлээд гараа атгаад далайгаад байсан. Тэгээд би шууд биеэ хамгаална гэж бодоод хутга аваад халаасандаа хийгээд ална гэсэн бодол байхгүй байсан, би хутга бариад та яг одоо манай гэрээс зайлаад өг гэж хэлээд чичилтэл гэтэл миний гарыг атгаад хутгыг өөрийнхөө гар луу цохиод унагасан түүний дараа намайг хөлөөрөө жийж унагаагаад миний хамар луу 1-2 удаа гараа атгаж байгаад цохисон, миний толгой руу 6-7 удаа цохисон цээж рүү цохисон, хэвлий хэсэг рүү цохиод намайг сүрдүүлсэн юм. Тэгээд би ээрээд ярьж чадахгүй эгч нартаа хэлээд цагдаа ирсэн. Мөн тэр Даваа гэх найз нь миний биед хүсээгүй байхад хүрдэг байсан уухаараа хүрдэг байсан, П харин надад Тийм үйлдэл гаргаж байгаагүй, ээжээс салаад удаагүй байхдаа над руу залгаад агаа дүү хоёулаа хамт ууя гэх байдлаар надад хэцүү байдаг байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12948 дугаартай шинжээчийн Х.Мийн биед хамрын нуруу, зүүн Өгзөгт цус хуралт, хамрын таславчийн мурийлт, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Д.Пын 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан сан 3-41 тоотод байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийнхаа охин  насанд хүрээгүй хохирогч Х.Мтэй маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь хамрын нуруу, зүүн өгзөгт цус хуралт, хамрын хамрын таславчийн мурийлт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хохирогч Х.М нь эрүүл мэндэд учирсан хор уршигт цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг илэрхийлсэн байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогчийн гаргаж өгсөн томограф бичлэг хийгдсэн гэх СиДи 1 ширхгийг шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шүүх шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Х овогт Д.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пыг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Пыг торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

  5. Насанд хүрээгүй хохирогч Х.М, түүний хууль ёсны төлөөлөгч Х.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай.

 

 7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

  9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Пад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ