Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

 Нарийн бичгийн дарга Р.Ариунаа, 

 Улсын яллагч Б.Ануужин,

 Шүүгдэгч О.С,

 Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2417000000028 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                             

                                                               Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С. сумын .... дүгээр баг, ......... дугаар байрны ..............тоотод оршин суух,

урьд Хэнтий aймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан гэх, .................../РД:.............../,

Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ....... аймгийн .......... сумын ............. дугаар баг, ............ гэх газар оршин суух,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61.1.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан гэх, .................... /РД:......................./,                           

                                                                  Холбогдсон хэргийн талаар:

                                                                            /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч О.С, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.С нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэрийн 103 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт цохисны улмаас хохирогчид тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхинд, зүүн чихний дэлбэнд цус хуралт, цохонд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэрийн 103 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр болон биеийн хэсэгт цохисны улмаас хохирогчид хамрын нуруунд, биеийн зүүн гуянд, зүүн шилбэнд, баруун өвдөгт цус хуралт, баруун далны дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн .......... тоотод ажлынхаа С........ийнд шинэлээд байж байтал Б.Б намайг хэл амаар доромжлоод, хөгшин төгцөг, цагаан толгойтой гээд байхаар нь би юм дуугарахгүй байж байтал Б миний хамар луу гараараа нэг удаа цохиод бид нар бие биенээсээ зууралдаад зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд бид 2 ялихгүй зүйлээс болж хооронодоо маргалдаад зодолдсон. С миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 хуудас/

Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэрийн ......... тоотод ажлын хүмүүстэй цуг айлаар шинэлж байгаад Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б бид 2 бие биенийхээ биед халдаж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэрийн 103 тоотод ажлын хүмүүстэй цуг айлаар шинэлж байгаад О.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж О.С бид 2 бие биенийхээ биед халдаж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/

Гэрч Г.Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд бид нар хэн хэдэн настай талаар ярилцаад байж байтал Б Сыг чи надаас 1 насаар ах мөртлөө яасан хөгшин царайтай юм, би чамаас 1 насаар дүү байтал намайг хар гээд ярьж байсан. Тэгсэн төд удалгүй Б нь Сыг хамар луу нь гараараа 1 удаа цохитол Сын хамарнаас цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №73 дугаартай дүгнэлтэнд:

  • О.Сын биед хамрын нуруунд, зүүн гуянд, зүүн шилбэнд, баруун өвдөгт цус хуралд, баруун далны дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 36-37 хуудас/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №74 дугаартай дүгнэлтэнд:

  • Б.Бын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхинд, зүүн чихний дэлбэнд цус хуралт, цохонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 41-42 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.Б, О.С нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 73, 74 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б, О.С нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Б.Б, О.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Б.Б, О.С нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужин нь шүүгдэгч Б.Б, О.С нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  Б.Б, О.С нарт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Б, О.С нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Б.Б, О.С нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт О-ын С, Б овогт Б-ы Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Б.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Б.Б нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Б.Б нар нв торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч О.С, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хураагдан ирсэн эд мөрийн баримгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ