Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021             01            26                                                 183/ШШ2021/00203

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот оршин суух Б овогт Э.Ч/РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Стадион Оргил 00 дугаар байр, 00 тоот оршин суух И овогт С.А /РД:000000/-д холбогдох

Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ч, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Ч миний бие иргэн С.Ад 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр /бүртгэлийн дугаар 1075/ явган замын хавтан үйлдвэрлэгч тоног төхөөрөмжийг 40 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож тоног төхөөрөмжийг С.Ад шилжүүлэн өгсөн болно. Улмаар дараах төлбөрүүдийг хүлээн авсан. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг тус тус авсан. Э.Ч миний бие иргэн С.Ад 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүх 40 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээнд заасан боловч өдийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй болно. Иймд Иргэний хуулийн 262, 263.2-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн алдангид өдрийн 0,5 хувийн хүү бодож төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд дараах төлбөрийг нэхэмжилж байна. 

1. 2020 оны 06 дугаар сарын 10-наас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэл 17 000 000 төгрөг үлдэгдэл, хүү 96 хоног 0,5 хувийн хүү 17 000 000 төгрөг. 17 000 000*96*0,5%=8 160 000 төгрөг.

2.2020 оны 09 дүгээр сарын 15-наас 2020 оны 10 дугаар сарын 14-ний хүртэл 14 000 000 төгрөг үлдэгдэл, хүү 28 хоног 0,5 хувийн хүү 14 000 000 төгрөг, 14 000 000*25*0,5%=1 960 000 төгрөг, нийт 24 120 000 төгрөг.

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу С.Ааас 24 120 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээний дагуу мөнгөө төлөөгүй, хугацаа хэтэрсэн учраас шүүхэд хандсан юм. Үлдэгдэл төлбөрийг өнөө маргаашдаа хийнэ гэж худлаа хэлж гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацааны үлдэгдэл төлбөр 17 000 000 төгрөг, үүний хүү 8 160 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрөөс 3 000 000 төгрөг төлсөн тул үүнийг хасаад үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг, үүний хүү 1 960 000 төгрөг болж байгаа юм. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг, хүү нийт 10 120 000 төгрөг, бүгд 24 120 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндсэн төлбөрөөс багасгах боломжгүй, харин хүүг бууруулж болох боловч хугацааны хувьд хурдан төлж барагдуулах, энэ 2 сард хэсэгчлээд төлбөрөөс төлүүлэх саналтай байна гэв.

 

Хариуцагч С.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тоног төхөөрөмж худалдан авсан талаар маргаан байхгүй. Гэрээ байгуулахад тоног төхөөрөмж нь бүрэн бүтэн, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн, харин гэрчилгээгээгүй гэж байсан. Э.Чоос гэрчилгээ нь яасан юм бэ гэж асуухад хоёр жилийн өмнө гааль дээр буусан учраас үрэгдээд алга болсон гэж тайлбарласан. Тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн үйлдвэр гэж өгчихөөд явган замын хавтангийн хэв ч байхгүй байсан. Гэхдээ одоо энэ талаар ярихгүй, гэрээ болон үлдэгдэл төлбөрийн хувьд маргах зүйл байхгүй. Харин хүүгийн хувьд ийм өндөр төлөх боломж байхгүй, үндсэн төлбөртэйгээ адилхан өндөр хүү нэхээд байгаа учир төлөхөд хэцүү байна. Би тус тоног төхөөрөмжийг худалдан авсантай холбогдуулаад худалдан авсан үнээсээ их хэмжээний мөнгийг гаргасан, мөн тус тоног төхөөрөмжийг нэг сар гарантай хугацаанд л ажиллуулсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 14 000 000 төгрөгийг төлөхийг маргаангүйгээр зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг зөвшөөрөх боломжгүй байна. Улс орон даяар цар тахал гарсантай холбоотойгоор манай үйл ажиллагаа зогссон, улирлын чанартай ажил эрхэлдэг учир төлөхөд хүндрэлтэй байсан. Хэрэв алдангийг багасгавал 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж бодож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ч нь хариуцагч С.Ад холбогдуулан тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж зээлээр худалдан авсан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 10 120 000 төгрөг, нийт 24 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ болох 14 000 000 төгрөгийг төлөхийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн боловч алдангийг төлөх боломжгүй гэж маргасан.

Хариуцагч С.А нь нэхэмжлэгч Э.Чоос явган замын хавтан үйлдвэрлэгч тоног төхөөрөмж зээлээр худалдан авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, төхөөрөмжийн үнэ 40 000 000 төгрөгний урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид гэрээ байгуулсан талаараа маргаагүй болно. /хэргийн 3-4-р хуудас/

Зохигч талууд явган замын хавтан үйлдвэрлэгч тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авч “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Э.Ч нь хариуцагч С.Ааас зээлээр өгсөн тоног төхөөрөмжийн үнийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний 3.2-д “...хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ 20 000 000 төгрөг, хэсэгчлэн төлөх төлбөрийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны дотор Э.Чийн Хаан банкны 5003612506 тоот дансанд” төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгнөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн тул үлдэгдэл төлбөрт 14 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй, худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг төлнө гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч С.Ааас явган замын хавтан үйлдвэрлэгч төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Чт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул 2020 оны 06 дугаар сарын 10-наас 2020 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 17 000 000 төгрөгнөөс тооцоод 8 160 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-наас 2020 оны 10 дугаар сарын 14-нийг хүртлэх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 14 000 000 төгрөгнөөс тооцоод 1 960 000 төгрөг, нийт 10 120 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй талаараа маргаагүй боловч алдангийн хэмжээ нь хэт их байгаа учир төлөх боломжгүй, улс орон даяар цар тахал гарч үйл ажиллагаа зогссон учир алдангийн хэмжээг бууруулвал төлөх боломжтой гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.  

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй болно. 

 

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсан нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангид гүйцэтгээгүй үнийн дүн болох 14 000 000 төгрөгний 50 хувь буюу 7 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн үйл ажиллагаа явуулаагүй хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийг бууруулахад татгалзахгүй гэж тайлбарласан, хариуцагч нь 10 120 000 төгрөгний алданги нэхэмжилснээс 5 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.  

Иймд хариуцагч С.Ааас явган замын хавтан үйлдвэрлэгч тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 5 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөгийг /14 000 000 +5 000 000=19 000 000/ гаргуулж, нэхэмжлэгч Э.Чт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                          

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч С.Ааас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Чт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 120 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 252 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Чт олгосугай.                                                                                                                              

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН