| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0185/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/204 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/204
2024 03 14 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Очгэрэл,
хохирогч Б.Х,
шүүгдэгч Б.Н,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн даргаар Б.Гүндалай нарыг оролцуулан эрүүгийн 2411000000146 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Н
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 38 настай эмэгтэй, халх, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Онцгой байдлын албанд мэдээлэл хүлээн авагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүлжүүлэх саатуулах байрны эмэгтэйчүүдийн бие засах хэсэгт Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын эрүүлжүүлэх, саатуулах төвийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлах Б.Хыг албан үүргээ гүйцэтгэх явцад нь хууль бус үйлдлийг зогсоохоор шаардлага тавихад нь цагдаагийн албан хаагчийн биед нь халдаж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэйчүүдийн Эрүүлжүүлэх саатуулах байрны бие засах хэсэгт Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын эрүүлжүүлэх, саатуулах төвийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлах Б.Хыг албан үүргээ гүйцэтгэх явцад нь хууль бус үйлдлийг зогсоохоор өөрт нь шаардлага тавихад нь улмаар эсэргүүцэж цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжлон биед нь халдаж үснээс нь зулгаасан үйлдэл хийсэн үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний 01 цаг 45 минутад Б.Н гэх эмэгтэй хүргэгдэж ирсэн. Тэр Эрүүлжүүлэх байранд орж ирсэн цагаасаа эхэлж танхайрч үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарыг элдвээр харааж, хэл амаар доромжилсон, мөн тэр намайг чи маргааш машинд дайруулж үхнэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Н нь шөнийн 03 цагийн үед би нойл ормоор байна, шамбрам өвчтэй, доошоо цус алдах гээд байна гэхээр нь би очиж онгойлгоод нойл оруулсан. Тэгсэн Н нь нойл дотор орчхоод суултуур дээр суучхаад гарч ирэхгүй би эндээс гарахгүй, камер дотор бөхжим байгаад байна, эндээс гарахгүй, би доошоо цус алдаад байна гээд нойлынхоо хаалгыг онгойлгочхоод суугаад байсан. Мөн тэр суултуур сууж байхдаа намайг элдвээр хараагаад нулимаад байсан, Нд хандаж та үнэхээр цус алдаад байгаа бол өрөөндөө ороод байж бай би эмч дуудаад ирье гэж хэлэхэд үгүй би эндээ ингээд сууна гээд байсан. Түүнийг босож ирэхийг хүлээж би ойролцоогоор 20 минут хүлээсэн. Тэгээд Н нь нойлоос гарч ирэхгүй байгаад байхаар нь би түүнд ойртож очоод та өмдөө татаад босоод ирээ гэж хэлэхэд тэр шууд миний үснээс зулгааж, 2 хөлөөрөө миний цээж хэсэг рүү өшиглөж, нүүрийг гараараа маажсан. Тэр үснээс зулгаачхаад тавихгүй байгаад байхаар нь тавиулах зорилгоор би гараараа түүнийг цааш нь түлхэх үед тэр нойлын суултуурын хажуу тал руу унасан. Тэр нойлын суултуур хэсэг рүү унах үедээ хүртэл миний үснээс зулгаасан хэвээрээ тавихгүй байгаад байсан надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Г.Н хүрч ирээд түүнийг тавиулж нойлоос татаж босгосон. Тэгсэн Н нь орилж хашхирсан хэвээрээ байсан тул Н бид хоёр эрэгтэй цагдаагийн алба хаагч болох дэд ахлагч Оюунбатыг эрэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрнаасаа дуудсан. Учир нь Н бид хоёр тухайн эмэгтэйг дийлэхгүй байсан юм. О, Н бид гурав түүнийг нойлоос татаж гаргаад камер луу оруулсан. Тэгтэл тэр камер дотроо хашхирсан орилоод би цус алдаад байна, өглөө 8 цагаас хагалгаанд орно гээд байсан, би түргэн дуудсан бөгөөд түргэний эмч ирээд түүнийг үзээд ямар нэгэн цус алдсан зүйл байхгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Мөн түүнд тэр эмч тайвшраад архиа гаргаад эндээс гараа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
- гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажилладаг юм. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний бие Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр жижүүрийн үүрэг гүйцэтгээд 24 цагаар ажиллаж байхад 23 цагийн үед байхаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 476 байрны 62 тоотод иргэн Н гэх хүн 102 дугаарт "би амиа хорлоно" гэх утга бүхий дуудлага өгсөн байсан тул цагдаагийн ахлах ахлагч Мөнхтулгын хамт тухайн дуудлага мэдээллийн дагуу тус хаягт очсон. Тэгэхэд Н нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай ганцаараа байсан ба түүнийг амиа хорлоно гэсэн тул хэлтэс рүү авч явах шаардлагатай байна гэдгээ хэлэхэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж урдаас эд зүйл шидэж гутлын тавиур хэсэг дээрээ байсан шингэн зүйл бид хоёр луу цацсан, мөн арц авч ирээд бид хоёр луу цацсан... Ахлах ахлагч М бид хоёр тухайн эмэгтэйг авч явах гэж бараг 30 минут түүнтэй ярилцаж арай гэж гэрээс нь аваад цагдаагийн хэлтэс дээрээ аваачсан. Н нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дээр ирсэн цагаасаа хойш мөн орилж хашхираад, эд зүйл өшиглөөд танхайраад байсан ба нөхөр нь гэх эрэгтэй 2024 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд тэгсэн Н нь нөхөр гэх эрэгтэйтэй муудалцаад орилоод байсан тэгсэн нөхөр нь энэ надад дийлдэхгүй ээ эрүүлжүүлсэн нь дээр юм байна гэж хэлсэн. Нөхөр нь гэх эрэгтэй эрүүл архи уугаагүй байсан. Н нь нөхөр лүүгээ дайраад танхайраад байсан цагдаагийн алба хаагч нарын шаардлага эсэргүүцээд мөн гарч зугтаах гээд байсан тул түүний хоёр гарыг нь ард нь гавласан. Тэгээд Нийг миний бие цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүлжүүлэх саатуулах төв байранд хүлээлгэн өгсөн ба эрүүлжүүлэх байранд оруулсныхаа дараа би гаваа тайлж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- гэрч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 сарын 04-ний шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс амиа хорлохыг завдсан, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гээд гараа ардаа гавлуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэйн биед эмч Ц, жижүүр цагдаа Х бид гурав үзлэг хийж хүлээн авсан. Тэр эмэгтэйн биед үзлэг хийхэд нурууны ар хэсэг нь зулгарсан, маажуулсан юм шиг зулгарч мөр гарсан байсан, хоёр гарын булчин шуу хэсгүүд нь жижиг хөхрөлтүүдтэй, баруун гарынх нь тохой хэсэг зулгарч шалбарсан байсан. Тэр эмэгтэй орж ирсэн цагаасаа эхлэн 10-20 минутын зайтай нойл ормоор байна гээд хашхираад байсан ба Х бид хоёр түүнийг 5-6 удаа нойл оруулсан. Тэгсэн Н гэх эмэгтэй 03 цаг 45 минутын үед дахин нойл ормоор байна гэхэд Х ганцаараа түүнийг дагуулаад нойл оруулсан. Тэгсэн нойлоос орилох чимээ гарахаар нь би нойл руу яваад орсон. Н гэх эмэгтэй нойлын шалан дээр суучихсан Хын үснээс нь гараараа зулгаасан байдалтай байж байсан. Би очоод Нийн гарыг нь тавиулж Хаас салгасан. Тэгээд Нийг нойлын суултуур хэсгээс гаргаж ирээд өмдийг нь татуулсан ба өрөөндөө ор бид нар түргэн дуудъя гээд хэлэхэд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд орилж хашхираад та нар хагалгаанд орох гэж байгаа хүнийг хүйтэн газар байлгалаа гээд байсан. Тэгээд өрөөндөө ор гэсэн шаардлага тавихад биелүүлэхгүй байхаар нь гараас нь бариад оруулах гэхэд бөгсөөрөө шалан дээр суучхаад хашхираад, намайг гараараа маажих гээд байхаар нь би баруун гарыг нь ард нь нугалаад барьж авсан. Тэгсэн зуун талын гарыг нь Х дийлэхгүй байсан ба жижүүр эмчийг цаанаасаа нэмээд цагдаа явуулаач гэхэд эрэгтэй эрүүлжүүлэхийн жижүүр цагдаа хүрч ирээд Нийг өрөөнд нь оруулсан. Тэгээд бид хэд 04 цагийн үед түргэн дуудсан ба түргэний эмч 05 цагийн үед ирж түүнийг үзсэн. Нд үсдүүлснээс болоод Хын үс нойлд болон коридор хэсгээр уначихсан, уруулын дотор талд язарчихсан цус гарсан, зүүн хацар нь шалбарчихсан байсан. Харин Нийн биед ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 69-76 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1205 дугаартай “...Б.Хын биед дээд уруул, доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруул 2 талын чамархайд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1302 дугаартай Б.Нийн биед хоёр бугалга, зүүн дал, нуруу, цээж, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
- Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б.Нийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, цээж, зүүн бугалга, зүүн өгзөгт үүссэн цус хуралт гэмтлүүд нь 4-6 хоногийн өмнө байх боломжтой. зүүн дал, нуруунд цус хуралт гэмтэл нь 2-3 хоногийн дотор үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Нийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 50-60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэйчүүдийн Эрүүлжүүлэх саатуулах байрны бие засах хэсэгт Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын эрүүлжүүлэх, саатуулах төвийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлах Б.Хыг албан үүргээ гүйцэтгэх явцад нь хууль бус үйлдлийг зогсоохоор өөрт нь шаардлага тавихад нь улмаар биед нь халдаж хүч хэрэглэж эсэргүүцсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Нд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн, орлого олох боломжийг нь харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага оногдуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа нь: “шүүгдэгч Б.Нийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаж байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгаар өмгөөллийн үг хэлж санал гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд “... согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд үс суулгуулах мэс ажилбар болон эмчилгээнд нийт 4.500.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Хохирогч Б.Хд шүүгдэгч Б.Нийн гэмт үйлдлийн улмаас буюу үснээс нь зулгааснаас болж толгойн оройн хэсгийн хэсэг газар нь халзарсан хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбар зэргээр тогтоогдож байна. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт түүний нэхэмжилсэн үнийн дүнг шүүх шууд гаргах боломжгүй байна. Учир нь хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаас үзэхэд үс суулгах мэс ажилбар дараа нь хийгдэх эмчилгээний төлбөрийн нийт дүнг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд шүүх эрүүгийн хэргийн нэхэмжлэлийг хангахдаа бодит учирсан хохирол буюу хэрэг шийдвэрлэхэд хохирогчоос гарсан зардлыг хангадаг, ирээдүйд гарах зардлыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хохирогч Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Нийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг 3000 /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Нийг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Хохирогч Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ