Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             02            02                                                 183/ШШ2021/00283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Шархад 00 дүгээр гудамж, 00 тоот оршин суух, Ш овогт Г.Э /РД:000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Яармаг 00 дугаар гудамж, 00 тоот оршин суух, М овогт А.А /РД:0000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Яармаг  дугаар гудамж, 00 тоот оршин суух, Т овогт А.Б /РД:00000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 960 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч А.А, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд бөгөөд манай нөхрийн сайн танилууд барилгын засал чимэглэлийн ажил хийдэг хүмүүс юм. Барьцаанд байршуулсан үл хөдлөх хөрөнгө нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан бөгөөд надаас зээлэн авсан мөнгөнийхөө талаар нь зээлээ төлж байраа барьцаанаас чөлөөлөн үлдэгдэл мөнгөөр нь шавар зуурагч худалдан авч барилгын ажилдаа ашигласан. “Мөнгө хэрэг боллоо, хүүтэй мөнгө зээлүүлээч” гээд гүйгаад байсан учир 18 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож “зээлийн гэрээ”-г 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр байгуулан хариуцагч нарт мөнгө зээлсэн болно. Хариуцагч нарт мөнгийг нь тэр өдөртөө шилжүүлсэн бөгөөд 17 720 000 төгрөгийг дансаар 280 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний 3.7-д “хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх”-өөр тохиролцсон. Мөн хариуцагч нарын нэр дээр бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 баг, 1 хороолол, 4 байр, 49 тоотод орших Ү-2003004123 дугаартай 26 мкв орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар хариуцагч нар нь барьцаанд байрлуулан барьцааны гэрээг бичгээр байгуулан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Хариуцагч нар нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэгтэй ч одоо хүртэл үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд гэрээний дагуу үндсэн зээл 18 000 000 төгрөг, 2 сарын хүү 960 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 960 000 төгрөгийг төлөх ёстой юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмээн заасны дагуу 18 000 000 төгрөгийн 50 хувь 9 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа болно. Иймд хариуцагч нарын барьцааны гэрээний дагуу байршуулсан барьцааны эд зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 хороолол, 4 байр, 49 тоотод байрлах Ү-2003004123 дугаартай 26 мкв орон сууцыг худалдан борлуулж, барьцааны хөрөнгийн үнээс үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 27 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 08-нд 18 000 000 төгрөгийг зээлсэн. Хүүг нь үндсэн мөнгөтэй нь хамт өгнө гэсэн боловч өгөөгүй учир шүүхэд хандсан. 10 000 000 төгрөгийг нь дансаар авсан, дараа нь 04 дүгээр сарын 09-нд 7 720 000 төгрөгийг авсан, урьд нь 280 000 төгрөгийг бэлнээр авсан байсан юм. Тиймээс зээлсэн 18 000 000 төгрөгийг хүү 960 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 960 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулмаар байна. Хэрэв сарын хугацаанд төлнө гэвэл алдангийг багасгаж 20 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч болно, хоёр сарын хугацаанд төлөх боломжтой гэдгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэгч Г.Эы нөхөр манай нөхөр хоёр найзууд юм. Анхнаасаа зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй, байр авахаар харилцан тохиролцсон байсан юм. Гэвч энэ нь бүтээгүй тиймээс л хөрөнгө оруулалт хийе гээд 18 000 000 төгрөг өгье гэсэн, дараа нь үлдсэн мөнгөө хийнэ, түүний дараа байраа шилжүүлье гэсэн боловч бүтэлгүйтсэн. Гэхдээ 18 000 000 төгрөгийг авсан талаараа маргахгүй, мөнгийг нь буцаан төлнө, хүүтэй гэж тохиролцсон учраас хүүг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийн хувьд төлөхөд үнэхээр өндөр байгаа учир багасгавал эвлэрэх саналтай байна. Хэрэв 20 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрвөл бид байраа зараад аль болох хурдан төлье. Улс орон даяар үүссэн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах, ажил хийх боломжгүй байгаа учир ганцхан сарын дотор төлөхөд боломжгүй байна. Алдангийг багасгах боломжгүй гэвэл төлөхөд хүнд байх учир бид байраа алдахыг бодохгүй, цаашид гомдол гаргах болно гэв.  

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Г.Эаас мөнгө шилжүүлсэн авсан талаар маргахгүй, гэхдээ мөнгө зээлээр аваагүй, бидний хооронд байрны асуудал байсан юм. Гэхдээ бид найзууд учир мөнгөө төлнө, төлөх байсан боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас л төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Бид өөрсдөө барьцааны гэрээ байгуулна гээд өөрсдөө байраа барьцаанд тавиад байгуулсан, тиймээс хугацаандаа төлөх байх гэж бодсон. Авсан 18 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй байна, ганцхан сарын дотор төлнө гэхээр худлаа ярьсан болох гээд байна, тиймээс аль болох хурдан төлөхийг хичээнэ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч А.А, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 960 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч А.А, А.Б нартай зээлийн гэрээ байгуулж 18 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, мөнгөө буцааж өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 960 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 9 000 000 төгрөг, нийт 27 960 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч А.А, А.Б нар нь нэхэмжлэгч Г.Эаас 18 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй боловч, үндсэн зээл болон зээлийг ашигласны хүүг төлөхөд татгалзахгүй, улс орон даяар үүссэн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах, ажил хийх боломжгүй нөхцөл байдлын улмаас зээл төлөх хугацаа хэтэрсэн тул алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч А.А, А.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 18 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хоногийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 4-р хуудас/

Мөн хариуцагч нар нь өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг, 1 хороолол, 4 байр 49 тоотод байрлалтай 26 м.кв талбайтай Ү-2003004123 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно. /хэргийн 5-7, 9-р хуудас/

            Зохигч талууд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарт дансаар 2020 оны 04 дүгээр сарын 08-нд 10 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-нд 7 200 000 төгрөг, бэлнээр 280 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нар нь уг 18 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь уг гэрээг байгуулсан эсэх талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нар нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.          

Зохигчийн байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийг ашигласны хүү болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч А.А, А.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийг ашигласны хүү 960 000 төгрөг, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 9 000 000 төгрөг, нийт 27 960  000 төгрөгийг /18 000 000+960 000+9 000 000=27 960 000/ гаргуулах үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 1 сарын хугацаанд төлөхөөр бол алдангийг багасгаад 20 000 000 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй гэж тайлбарласан, хариуцагч нар нь улс орон даяар үүссэн хорио дэглэмийн улмаас үйл ажиллагаа явуулах, ажил хийхэд хүндрэлтэй байсны улмаас зээлээ төлөх боломжгүй хугацаа хэтрүүлсэн, 2 сарын хугацаанд 20 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн тул зохигч талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /27 960 000-20 000 000=7 960 000/ 

 

            Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.А, А.Б нартай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч нарын өмчлөлд байгаа болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хэргийн -р хуудас/

 

Иймд зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар баг, 1 хороолол, 4 байр, 49 дүгээр тоотод байрлах 26 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003004123 дугаартай орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээний буюу 20 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.А, А.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч нарын барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар баг, 1 хороолол, 4 байр, 49 дүгээр тоотод байрлах 26 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003004123 дугаарт бүртгэлтэй орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А, А.Б нараас 257 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.ХУЛАН