| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/203 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/203
2024 03 14 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч, хохирогч Э.У,
шүүгдэгч, хохирогч Н.О,
нарийн бичгийн дарга Б.Гүндалай нарыг оролцуулан эрүүгийн 2411000000130 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: С овогт Н.О
Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 1 ганцаараа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгч: Б овогт Э.У
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 824 дугаартай магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 824 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Э. Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э Уянгын биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ сараар тогтоосныг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын .... тоот нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Утай маргалдан харилцан зодолдож Э.Уянгын эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.У нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын .... тоотод байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Отай маргалдан харилцан зодолдож Н.Огийн эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн чамархай, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамар, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Н.О, Э.У нар нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын .... тоот Н.Одонтуягийн оршин суудаг нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэсэн үедээ харилцан зодолдож шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Уянгын эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Э.У нь хохирогч Н.Огийн эрүүл мэндэд нь “зулайд шарх, зүүн чамархай, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамар, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан тус тус үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Тухайн үед караокеноос гарч байхдаа би ажлынхаа газрын Доржоо гэх нэртэй ахыг ирээд миний машиныг унаад аваад явчхаач гэж дуудсан байсан, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдсэн чинь Огийн гэрт оччихсон байсан ба О над руу "миний цамцыг тайл гээд уурлаад үснээс зулгааж хувцаснаас доошоо дарчхаад хамар луу нэг удаа өвдөглөчихөөр нь би сэргээд. Ог үсдээд, толгойноос нь сэгсрээд байж байхад нийтийн байрных нь эгч орж ирээд бид хоёрыг салгаад. О руу мөн уурлаад байсан. Тэгээд би гэрээс нь гараад гудамжинд ганцаараа сууж байхад О явж байгаа харагдахаар араас нь явахад цагдаагийн машин руу сууж байхаар нь би бас ард талаас нь очсон юм... Цээж, баруун эгэм, зүүн гуянд цус хуралт гэмтлүүдийг намайг хувцаснаас зуурч татаад, маажиж ноцолдож байх үед учирсан гэмтэл байгаа юм. Тэгээд миний хувцаснаас доошоо дарчихсан байхдаа хамар луу нэг удаа өвдөглөчихсөн юм. Тухайн үедээ би сайн анзаараагүй ба, маргааш нь миний толгой өвдөөд байхаар нь би эмнэлэгт толгойн зураг авхуулахад хамар хугарчихсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
- шүүгдэгч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Тэгээд манай гэрийн ойролцоо байдаг хүнсний дэлгүүрийн гадна талд очиход намайг пиво авч өг гээд байхаар нь би согтсон байсан учраас хэрэггүй гэж хэлсэн боловч дэлгүүр лүү ороод заавал пиво авна гээд байсан /тухайн үед виза карт болон гар утас нь надад явж байсан/ тэгэхээр нь дэлгүүр дотор хаяад гэр лүүгээ орчихсон. Тэгээд удалгүй гэртээ байхад ард талаас орж ирээд намайг хэл амаар доромжилж янхан гичий гээд гэх мэтээр орилоод байхаар нь би уурлаж бид хоёр хоорондоо үстэлцэхэд намайг доош нь дарж байгаад гар утсаараа толгойн зүүн хэсэг рүү хэд хэдэн удаа хүчтэй цохиж, мөн баруун гар луу гар утсаараа цохиод, миний толгойноос цус гарсан. Тухайн үед Э.У миний дээрээс толгой хэсэгт дарчихсан байсан ба, манай байрны эзэн эгч орж ирээд бид хоёрыг салгаад. Э.Уянгыг байрнаас хөөгөөд гаргасан. Тэгээд би хажуу айлынхаа хүнээс хаягийг нь асууж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би гэрээс гараад Э.Уянгыг явуулахгүй байж байхад миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохичихсон, ингээд байж байхад цагдаа нар ирсэн ба У зугтаачихсан ба цагдаа нартай хамт байж байгаад олж авсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,
- гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 365-401 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг ба Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын .... тоот нийтийн байрыг үйл ажиллаагаа явуулж ирэн очин байдаг юм. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын .... тоот гэртээ байхад манай 1 давхрын 4 номерт амьдардаг эмэгтэй ирээд, 6 номерын хүн цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд байна гээд ирсэн. Тэгэхээр нь би гайхаад 6 номерын өрөөнд очиж үзэхэд 6 номерын өрөөнд амьдардаг эмэгтэй нь найз гэх эмэгтэй хүнтэй үсдэлцчихсэн хоорондоо ноцолдсон байдалтай байсан, тэгэхээр нь би тэр хоёрыг хооронд салгаад тухайн өрөөнөөс гаргаад явуулсан, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд дахиж манай нийтийн байранд орж ирж ямар нэгэн асуудал гаргаагүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 106 дугаартай “...Э.Уянгын биед нэмэлтээр хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 872 дугаартай “...Н.Огийн биед зүүн зулайд шарх, зүүн чамархай, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамар, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.О, Э.У нар нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын .... тоот Н.Огийн оршин суудаг нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Уянгын эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Э.У нь хохирогч Н.Огийн эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн чамархай, баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамар, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэл эдэлж байсан, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.О, Э.У нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тэдгээрийн орлого олох боломж, өөрсдийнх нь саналыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Э.У, Н.О нар нь хэн алиныхаа гэмт үйлдлийн улмаас харилцан бие биедээ хохирогч болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэн алинаасаа хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Н.О, Б овогт Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ог 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Уянгыг 1000 /мянган нэгж/ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Н.О, Э.У нарыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус бүр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.О, Э.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.О, Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ