Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2022/0010/з |
Дугаар | 124/ШШ/2022/32 |
Огноо | 2022-06-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 124/ШШ/2022/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А нарт холбогдох,
“Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.О нь тус шүүхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Батсуурь, аудитор Т.Амармэнд нарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2. “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-оорр 8.170.291 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 04 сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар нэхэмжлэлийг шүүхэд хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар нэмж 1 нярав-жолооч томилж албаны эрх мэдлээ хэтрүүлэн 8.170.291 төгрөгийн цалин олгож төрд хохирол учруулсан гэж үзэн акт тавьсан.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагчид олгосон эрхийн хүрээнд батлагдсан орон тоо,цалингийн санд багтаан ажлын байрны өөрчлөлтийг хийж,цалингийн санг хэтрүүлээгүй байхад акт тавьсан нь үндэслэлгүй байна.Мөн тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасныг хангаагүй байна...
Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь тухайн жилд төсвийн тухай хуулиа баримталж цалингийн сандаа хэмнэлттэй, дээд шатны байгууллага буюу Увс аймгийн засаг даргатай зөвшилцөж бүтэц орон тоогоо шинэчилж ажилласан. Газрын чиглэлээр үйл ажиллагаагаа сайн явуулж 2021 онд ажлын амжилтаараа Увс аймгийн хэмжээнд 2-р байранд орсон. Төрийн аудитын газраас тавьсан энэ актыг хууль бус акт гэж үзэж байна. Газар зохион байгуулалт Геодези, Зураг зүйн газрын даргын 2019 Б/120 тоот тушаалаар Увс аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоог 39 хүний орон тоотойгоор баталсан. 2019, 2020 онуудад дээд шатны байгууллага буюу аймгийн засаг даргатай зөвшилцөж 40 хүний орон тоотойгоор ажилласан.
Манай байгууллага нь босоо удирдлагатай байгууллага биш юм. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргыг аймгийн засаг дарга томилдог. Ерөнхий газрын чиглэл бодлогыг Барилга хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар өгч, барилгын хөгжлийн төв, аймгийн засаг даргатай хамтарсан гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Энэ хүрээнд батлагдсан төсөвтэй багтаан тухайн орон нутагт байгууллагын дарга нь бүтэц орон тоо баталдаг хуулиар олгосон бүрэн эрхтэй..:“ гэв.
5. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар 2019 онд орон тоо нь хэтрэлттэй байна гэж зөвлөмж өгч байсан. 2020 онд албан шаардлага өгсөн. Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу зөвлөмж, акт, албан шаардлага гэсэн 3 төрлийн эрх зүйн актыг гаргадаг. Эхний жилд тухайн байгууллагад зөвлөмж, дараа жил нь албан шаардлага өгсөн 2021 оны санхүү тайлангийн аудитаар Геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/23 тоот тушаалаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоог 39 хүний орон тоотойгоор баталсан байдаг. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2021 онд бүтэц орон тоогоо 3 удаа баталж байсан. 2021 оны 1, 3, 6 дугаар саруудад баталсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэж заасан байдаг. Засгийн газрын “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 02 сарын 17-ний 43 тоот тогтоолоор шинээр чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй байх, орон тоог нэмэгдүүлэхгүй байх гэсэн энэ заалт зөрчигдсөн. 2021 онд жолооч, нярвын орон тоог шинээр бий болгож олгосон цалинд акт тавьсан. Төрийн албаны тухай хуульд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг хууль тогтоомж эрх зүйн актуудыг зөрчсөн гэж үзэж төлбөрийн акт тогтоосон.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтад “Батлагдсан цалингийн сан,орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо,ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасныг хэрэгжүүлж ажиллахдаа Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалын 18 дугаар хавсралтаар 3 гэрээт ажилтны орон тоо баталсан байхад 4 болгож шинээр орон тоо бий болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 39.1.3 дахь заалтуудыг зөрчсөн.
Иймд шинээр бий болгосон нярав-жолоочийн албан тушаалд зарцуулсан цалин, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан 8.170.2 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон...” гэв.
6. Хариуцагч аудитор Т.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж тайлбар гаргахад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаас Геодези зураг зүйн газрын дарга, аймгийн засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр орон тоогоо баталсан гэж хэлдэг ба аудитын хяналт шалгалтын явцад түүнийгээ нотолсон нотлох баримтыг огт ирүүлээгүй...” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
7. Нэхэмжлэгч Г.О нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А нарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
8. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолыг үндэслэн төсвийн шууд захирагчид олгосон эрхийн хүрээнд батлагдсан орон тоо,цалингийн санд багтаан ажлын байрны өөрчлөлтийг хийж, цалингийн сан хэтрүүлээгүй, тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” тул актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
10. Хариуцагч талаас “Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалын 18 дугаар хавсралтаар Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бүтцэд 3 гэрээт ажилтны орон тоог баталсан байхад 4 болгож шинээр орон тоо бий болгосон нь хууль тогтоомжид нийцээгүй тул акт тогтоосон “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.
11. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайланд аудит хийн маргаан бүхий захиргааны акт болох “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалын 18 дугаар хавсралтаар 3 гэрээт ажилтны орон тоо баталсан байхад аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын даргын 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалын хавсралтаар шинээр нэмж 1 нярав-жолооч томилж албаны эрх мэдлээ хэтрүүлэн 8.170.291 төгрөгийн цалин олгож төрд хохирол учруулсан гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан”Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.8 дахь заалтад заасныг тус тус үндэслэн батлагдсан бүтэц,орон тоог хэтрүүлж цалинд олгосон 8.170.291 төгрөгийг Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-оор төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
12. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 15-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Г.О-ыг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
13. Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Б/123 дугаар “Аймгуудын Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай тушаалын 18 дугаар хавсралтаар Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц,орон тоо,албан тушаалын ангилал,зэрэглэлийн жагсаалтыг баталсан ба барилгын лабораторийн шинжээч 1 гэрээт ажилтан, төрийн үйлчилгээнд 2 гэрээт ажилтан ажиллахаар баталжээ.
14. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021.01.04-ний өдрийн А/01 тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог даргын орон тоог оролцуулахгүйгээр 39 гэж баталсан /даргын орон тоог оролцуулан үзвэл нийт 40 орон тоо, үйлчлэгч 1, жолооч 1, барилгын лабораторийн шинжээч 1 /, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар мөн даргын орон тоог оролцуулахгүйгээр 39 /даргын орон тоог оролцуулаад 40 орон тоотой/, үүнээс үйлчлэгч 1, нярав-жолооч 1, жолооч 1, барилгын лабораторийн шинжээч 1 тус тус гэрээтээр ажилтнаар ажиллахаар тогтоосон байна.
15. Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О нь жолооч Ц.Б-тай 2021.02.17-ны өдөр, барилгын лабораторийн шинжээч Ц.Ч-тай 2021.02.17-ны өдөр,үйлчлэгч Ч.Т-тай 2021.02.17-ны өдөр, нярав,жолооч Ч,Х-той 2021.03.01-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021.06.21-ний өдрийн А/25 тушаалаар байгууллагын бүтэц,орон тоог батлахдаа даргын орон тоог оролцуулахгүйгээр 38 байхаар / даргын орон тоог оролцуулбал 39 орон тоотой/ үүнээс нярав жолооч 1, жолооч 1, үйлчлэгч 1, барилгын лабораторийн шинжээч 1 гэрээт ажилтан байхаар баталсан байна.
16. Төрийн аудитын газар акт тавигдахтай холбогдуулан гаргах саналаа ирүүлэхийг 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 93 дугаар албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-д мэдэгдсэн байх ба Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 109 дугаар албан бичгээр “өгөгдсөн цалингийн сандаа багтаан бүтэц орон тоог Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж шинэчлэн ажилласан” гэх тайлбарыг хүргүүлжээ.
17. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь хэсэгт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах эрх хэмжээтэй байхаар,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” эрхийг төсвийн шууд захирагч хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Б/123 дугаар “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал,зэрэглэл,жагсаалтыг батлах тухай” тушаалын 18 дугаар хавсралтаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг төрийн захиргааны болон үйлчилгээний 36 ажилтан,нэрлэж заасан буюу барилгын лабораторийн шинжээч 1 гэрээт ажилтан байх, мөн нэрлэж заагаагүй гэрээт ажилтан 2 ажиллахаар /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022.06.16 №1/1216 албан бичгээр гэрээт ажилтан гэж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах үйлчилгээний ажилтан болохыг тодорхойлсон/, нийт 39 ажилтантай байхаар орон тоог баталж өгсөн байна.
18. Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 01 сарын 04-ний өдрийн А/01 тушаалаар гэрээт үйлчилгээний ажилтан үйлчлэгч 1, жолооч 1 ажиллахаар байсан ба тус газрын даргын 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар жолооч 1 байхаас гадна нярав-жолооч 1-ийг нэмэгдүүлж ажиллуулахаар шийдвэрлэгдэж, жолооч Ц.Б-тай хөдөлмөрийн гэрээг 2021.02.17-ны өдөр, нярав-жолооч Ч.Х-той хөдөлмөрийн гэрээг 2021.03.01-ний өдөр байгуулсан байна.
Нярав-жолооч гэх орон тоог Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Б/123 дугаар “Аймгуудын Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал,зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” тушаалын 18 дугаар хавсралтаар баталсан орон тооноос хэтрүүлж ажиллуулан цалинг олгосон гэж төрийн аудитын байгууллагаас дүгнэсэн нь зөв байна.
19. Өөрөөр хэлбэл Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын дарга Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” төсвийн шууд захирагчийн эрхийг хэрэгжүүлэхдээ Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар баталсан байгууллагын бүтэц,орон тооны хязгаарт нийцүүлж нэрлэж заасан 1 гэрээт ажилтнаас бусад гэрээт үйлчилгээний 2 ажилтныг ажиллуулах байжээ.
20 .Гэрч Газрын харилцаа,барилга хот байгуулалтын нягтлан бодогч Ц.Б-маа шүүхэд: “...2021 онд жолооч-нярав ажилд авснаар манай байгууллагын цалингийн санд хэтрэлт үүсээгүй. 2021 оны төгсгөлд манай байгууллагын цалингийн сангаас 8 сая гаруй төгрөг хэмнэгдэж буцаан төвлөрүүлсэн...” гэх мэдүүлэг өгсөн, нэхэмжлэгчээс “цалингийн сан хэтрээгүй тул актыг зөвшөөрөхгүй” талаар тайлбар гаргасан ба батлагдсан бүтэц, орон тоог өөрчлөх эрхийг Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргад хуулиар олгоогүй тул “цалингийн санг хэтрүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
21. Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 684 дугаар албан бичгээр орон тоо,цалингийн санг нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн байх боловч Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газраас санал,хүсэлтийг хэлэлцэж хариуг өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай зөвшилцөж ажилласан гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
22. Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай акт нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасантай нийцсэн, үндэслэл бүхий акт гэж дүгнэлээ.
23. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ болгожээ.
Бичгээр гарах захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д зааснаар “захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлагыг хангах ёстой байна.
Маргаан бүхий актад гомдол гаргах журмын талаар заагаагүй нь буруу боловч энэхүү үндэслэлээр актыг хүчингүй болгох боломжгүй болно.
24.Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
25. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2,Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/20/А2070413 УВА-2022/37/ТА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ