Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 97

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж, тэдний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ, Тавин лан Өлзий овогт Ганхуягийн Дэмчигдорж нарт холбогдох эрүүгийн 201626022908 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 30 дугаар байрны 7 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ /РД:ЧК85122013/.

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, эрэгтэй, халх, 27 настай, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Завхан аймгийн Улиастай хот залгамжлагчийн 1-2 тоотод оршин суух хаягтай, түр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 23 дугаар байрны 45 тоотод оршин суух, Спирт бал бурам ХХК-нд Худалдааны төлөөлөгчөөр ажилладаг, ял шийтгэлгүй, Тавин лан Өлзий овогт Ганхуягийн Дэмчигдорж /РД:ИЮ89102272/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь бусадтай бүлэглэж Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны  18 дугаар байрны гадна 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрээр 07 цагийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа иргэн Б.Мөнх-Эрдэнийг зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

Шүүгдэгч Г.Дэмчигдорж нь бусадтай бүлэглэж Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 18 дугаар байрны гадна 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрээр 07 цагийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа иргэн Б.Мөнх-Эрдэнийг зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дэмчигдорж мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...тухайн үед хамгаалагч Жавхлантөгс гэх залуутай хамт Алтай хотхоны 16 дугаар байрны урд талбай дээр явж байтал нэг залуу нэг эмэгтэйг үсдээд чирээд Алтай хотхоны 14 дүгээр байр луу явж байсан. Эрэгтэй нь эхнэрээ үсдээд дагз руу нь цохиод нөгөө эмэгтэйгийн дуу нь гарч чадахгүй явж харагдахаар нь би эхлээд хамгаалагч Жавхлантөгсийг явуулж салгах гэтэл манай хамгаалагч руу чамд ямар хамаатай юм гэж хэлэхээр нь би очоод “чи хөгшөөн эмэгтэй хүнийг болиоч, ядаж цохихгүй аятайхан аваад явчих” гэж хэлэхэд тухайн залуу нь надаас биеэрээ том залуу байсан учраас намайг “чи тэгээд яах гээд байгаан” гээд миний баруун шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг барьж аваад хавсарч газар унагаад дээр нь гараад гарыг нь өчсөн. Тэгээд би тэр залууд “хэрүүл маргаанаа гэртээ очиж хий” гээд нөгөө залууг тавиад босгосон. Тэгтэл нөгөө эрэгтэй утсаа гаргаж ирээд найзуудаа дуудсан. Тэгээд би буцаад явж байтал цаанаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гүйж ирсэн. Тэгтэл нөгөө эхнэрээ зодсон гэх залуу шууд намайг цохиж газар унагаасан. Тэгтэл нэг махлаг залуу нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд нүүрээ гараараа дарсан чинь дээрээс нилээн цохиод байсан. Харанхуй байсан нүүрээ дараад хэвтсэн учраас хэн хэн нь намайг яаж цохисон талаар сайн бол санахгүй байна. Тэгээд манай хамгаалагч Батхишиг, Жавхлантөгс, Мөнхтулга нар ирээд намайг тэр 2 залуугаас салгасан. Тэгээд би босож ирээд сууж байтал нөгөө эхнэрээ зодож байсан гэх залуу ирээд миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. ...тэгээд цагдаа иртэл надруу нөгөө 2 залуу Мөнхтулга бид 2-луу дайраад байсан. ..намайг 2 залуу зодсон. Нэг нь өндөр, нөгөө нь тарган залуу байсан. Харвал тэр хоёр залууг танина. ..манай хамгаалагч болон би тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ. /хх 8-10 хуу/

 

Гэрч Г.Батхишиг мэдүүлэхдээ: “..2016 оны 10 дугаар сарын 22-ны ...06 цагийн орчимд хамгаалагч Жавхлантөгс над руу залгаад Мөнх-Эрдэнэ менежерийг хэдэн согтуу хүмүүс зодоод байна гэхээр нь би ганцаараа очиход Мөнх-Эрдэнэ менежер, хамгаалагч Мөнхтулга, Жавхлантөгс нар нь 3 эрэгтэй, 2 эмэгтэй нар байсан. Тэд нарын 2 залуу нь Мөнх-Эрдэнэрүү –чамд бид 2-ын амьдрал хамаагүй гээд өндөр шар залуу, дунд зэргийн биетэй залуу дайраад байсан. Намайг очих үед Мөнх-Эрдэнийн хацарнаас нь цус гарчихсан, баруун шанаа нь бага зэргийн хөхөрсөн байсан. Мөнх-Эрдэнэ рүү дайраад байхаар нь бид нар дундуур нь ороод салгах үед бид нар луу дайраад цохиод байсан...” гэжээ. /хх 11 хуу/

 

Гэрч Г.Чинбат мэдүүлэхдээ: “.. Би 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 18 дугаар байрны гадна очиход 10 гаран хүн байсан. Тэрнээс 4-5 хамгаалагч, 4-5 эрэгтэй, 2 эмэгтэй гээд хүмүүс байсан. Тэр үед хамгаалагч Мөнх-Эрдэнэ гэх залуу нэг эрэгтэйг зуураад барьчихсан зогсож байсан. Бид 2-ыг очиход Мөнх-Эрдэнэ гэх хамгаалагч нь “энэ залуу намайг зодсон” гээд бариад зогсож байсан. Хажууд нь 4-5 согтуу залуучууд “тавиачээ, энэ хамгаалагч залуу манай найзыг зодсон” гээд хэлж байсан. Тэгээд манай офицер Энхтөр нэрийг нь бичээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тайшир 10 гэх жижүүр дээр хүргэж өгсөн...” гэжээ. /хх 14 хуу/

 

Гэрч О.Энхтөр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 13 минутад Тайшир 10-аас ирүүлсэн дуудлагын дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 18 дугаар байрны гадна очиход хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ нь “намайг энэ залуу зодчихлоо би гомдолтой байна” гэж хэлж байсан. “...би дуудлага өгсөн” гэх Мөнх-Эрдэнэ гэх залуу болон зодсон гэх залуугийн овог нэр утасны дугаарыг өөрийнхөө тэмдэглэл дээр бичсэн. Зодсон гэх залууг Ганбаатарын Бат-Эрдэнэ РД:ЧК85122013 гэсэн хүн байсан. ...хамгаалагч залуу архи уугаагүй эрүүл байсан. Эхнэрээ зодсон гэх эрэгтэй согтуу, согтол нь дунд зэрэг байсан…” гэжээ.  /хх 15 хуу/

 

Гэрч Б.Жавхлантөгс мэдүүлэхдээ: “...би 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 06 цагийн орчимд менежер Мөнх-Эрдэнийн хамт постуудаа тойроод явж байхад Алтай хотхоны 18 дугаар байрны урд нэг эрэгтэй хамт явсан эмэгтэйгээ үсдсэн байдалтай гараараа цохиж алгадаад байхаар нь болиулахаар Мөнх-Эрдэнийн хамт очсон. Мөнх-Эрдэнэ нь “чи эмэгтэй хүн зодохоо болиоч” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй нь “чамд ямар хамаатай юм” гээд Мөнх-Эрдэнийг заамдаж авсан. Тэр үед би граш орж хамгаалагч Мөнхтулга гэх залууг дуудаад буцаад тэр 2-ыг заамдалцсан байхаар нь салгасан. Тэгтэл нөгөө залуу цаашаа явж байгаад гар утсаараа хүмүүс дуудаад байсан. Тэгтэл удаагүй 1 минут болоогүй байхад 2 залуу 1 эмэгтэйгийн хамт 3-лаа ирсэн. ...сүүлд ирсэн гэх 2 залуу нь Мөнх-Эрдэнэ ахыг 2 талаас нь заамдаад махлаг залуу нь Мөнх-Эрдэнэ менежерийг нүүр лүү нь цохиод хөл рүү нь өшиглөөд байсан. Тэр үед хамгаалагч Батхишиг, Загир, Шинэбасан нар ирээд Мөнх-Эрдэнэ менежерийг тэр 2-оос салгасан. Мөнх-Эрдэнийг замын хажуу талын боржуур дээр сууж байхад хажууд нь эхнэрээ зодсон гэх залуу ирж хажууд суугаад хэл амаар маргалдаж байгаад шууд босоод Мөнх-Эрдэнэ хамгаалагчийн нүүрлүү нь 1 удаа өшиглөхөөр нь бид нар салгасан...” гэжээ. /хх 19-21 хуу/

 

Гэрч Я.Уранчимэг мэдүүлэхдээ: “…намайг манай нөхөр зодож цохисон зүйл байхгүй. Миний бодлоор нээх сүртэй зодоон болоогүй, манай нөхөр хамгаалагч нарыг цохиж байхыг би хараагүй” гэжээ. /хх 25-27 хуу/

 

Гэрч А.Билгүүтэй мэдүүлэхдээ: “.. машинаас буугаад Дрийм гэх дэлгүүрийн тэнд ганцаараа очиход Бат-Эрдэнэ нэг хамгаалагч залуутай замдалцаад зогсож байсан. Дэмчигдорж нь салгах гээд очиход тэнд байсан 4-5 хамгаалагч нар ойртуулахгүй байсан. Би очоод салгах гэтэл намайг ойртуулахгүй зууралдаад байсан. ...нилээн удаан зууралдсан ойролцоогоор 20-30 минут зууралдсан, бид нар явах гэхээр явуулахгүй зууралдаад байсан. Тэгээд цагдаа нар ирээд хамгаалагч залуу, Бат-Эрдэнэ, Уранчимэг нарыг суулгаад аваад явсан. Тэгээд би эхнэртэйгээ гэрлүүгээ явсан.

Бат-Эрдэнэ Уранчимэг нар машинд хэрэлдэж байгаад гараад явсан. Бат-Эрдэнэ эхнэрээ зодож цохисон талаар би хараагүй. Машин дотор ямарч байсан зодолдоогүй...” гэжээ. /хх 28-30 хуу/

 

Гэрч Э.Мөнхтулга мэдүүлэхдээ: “…гараад очиход Мөнх-Эрдэнэ менежер, хамгаалагч Жавхлантөгс, 2 залуу нэг эмэгтэйгийн хамт байсан. Байрны урд талын боржуур дээр Мөнх-Эрдэнэ суугаад тэр 2 залуугийн өндөр залуутай хэл амаар маргалдаж байсан. Өндөр нуруутай залууг хамт явсан эрэгтэй нь хориод зогсож байсан. Мөнх-Эрдэнэ менежер доошоо тонгойгоод гутлынхаа үдээсийг янзлаж байхад нөгөө өндөр залуугийн нөгөө залуугийн хажуугаар нь гараад Мөнх-Эрдэнэ менежерийн нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Мөнх-Эрдэнэ нь нүүрээ бариад босож ирээд нөгөө өндөр залуутай барьцалдаж авахаар нь Жавхлантөгс бид 2 дундуур нь орж салгасан. Тэгтэл цаанаас нэг машинтай махлаг залуу нэг эмэгтэйгийн хамт гүйгээд ирсэн. Тэр махлаг залуу шууд Мөнх-Эрдэнийг барьж авсан. Тэгтэл нөгөө 2 залуу нь тэр залуугаа харж онгироод бид нар луу дайраад байхаар нь би туранхай намхан залууг нь цаашаа аваад холдуулаад эргээд харахад Мөнх-Эрдэнэ нөгөө өндөр залуу, махлаг залуу нар нь 2 машины голд оруулаад махлаг залуу нь Мөнх-Эрдэнийг тэвэрчихсэн. Нөгөө өндөр залуу нь Мөнх-Эрдэнийн хацар луу нь хэд хэдэн удаа гараараа алгадаж байсан. ...Мөнх-Эрдэнийг махлаг залуу, өндөр залуу 2 зодсон. Нөгөө залуу нь нөгөө 2 залуугаа салгаад явсан” гэжээ. /хх 32-33 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14599 тоот дүгнэлтэд: 1.Б.Мөнх-Эрдэнийн биед баруун шанаа, 2 нүдний зовхи, хөмсөг, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх 38 хуу/

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62, 64/

Шүүгдэгч Г.Дэмчигдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, түр оршин суух хаягын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69, 71, 72-79, 82/ зэрэг болон хавтаст хэрэгт дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

             Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нар бүлэглэж Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 18 дугаар байрны гадна 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрээр 07 цагийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа иргэн Б.Мөнх-Эрдэнийг зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэ /хх 8-10/, гэрч Г.Батхишиг /хх 11/, Г.Чинбат /хх 14/, О.Энхтөр /хх 15/, Б.Жавхлантөгс /хх 19-21/, Я.Уранчимэг /хх 25-27/, А.Билгүүтэй /хх 28-30/, Э.Мөнхтулга /хх 32-33/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14599 тоот дүгнэлт /хх 38/, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 62,64/ шүүгдэгч Г.Дэмчигдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, түр оршин суух хаягын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 69, 71,72-79, 82/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

  

   Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, шүүгдэгч нарын хувийн байдал, баримтаар төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ, Тавин лан Өлзий овогт Ганхуягийн Дэмчигдорж нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Боржгон овогт Ганбаатарын Бат-Эрдэнийг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Тавин лан Өлзий овогт Ганхуягийн Дэмчигдоржийг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нарын тус бүрт оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нар нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нарын тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, шүүгдэгч тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрт хяналт тавихыг Баянгол, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бат-Эрдэнэ, Г.Дэмчигдорж нарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ

           ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ