Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 12

 

Л-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шийдвэртэй,

Л-ийн нэхэмжлэлтэй, У-д холбогдох

эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 13.537.643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийгнэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдах гомдлоор 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жолооч У нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр араас ирж дайрч миний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Дайрсны орой эмнэлэгт 103 дуудаж үзүүлж бүх шинжилгээгээ өгсөн. Бүх биеийн доргилт, нурууны гулсалт гэж эмч хэлсэн. Үүнээс болж бие өвдөж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтсэн, 12 дугаар сарын 13-нд бүтэн сайн өдөр У, Т гуай 2 нэг хүнтэй гэрийн гадаа ирж хэмжилт хийнэ гээд намайг авч явж, хэмжилт хийсэн. Маргааш нь намайг утсаар дуудсан. Яваад очиход Т гуай таны гэмтлийг хөнгөн гэсэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, одоо хэрэг хаана, та гарын үсэг зур гэсэн. Би миний бие өвддөггүй байсан, одоо бие өвдөөд байна, би гомдолтой, гарын үсэг зурахгүй гээд зураагүй. 2015 оны 12 дугаар сарын 16-нд эмнэлэгт хэвтсэний дараа У утсаар ярьж, та хэрэг хаах гэтэл гарын үсэг зурж хаагаагүй байна, хоёулаа хэрүүлгүй салъя, манай нөхөр салаад хот явсан, би хот явах гэсэн юм, би хүүхдийн 20.000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би миний амь 20.000 төгрөгийн үнэтэй амь биш гэхэд хохь чинь, муу авгай миний нэр төрийг цэвэрлэж өг гээд орилж чарлаад утсаа тасалсан. Нөхөр нь дайруулсны орой өгдөг газраа өг, би танил талтай гэж уурласан. Тэгээд би маргааш нь өргөдөл өгсөн.

 

Эмнэлэгт байх хугацаанд эмч орж ирж үзэх болгондоо та мөнгө төгрөгийн боломжтой бол даруйхан хот явж бүх шинжилгээгээ өг, тэгээд нурууны хагалгаанд ор, тэгэхгүй бол нэг мэдэхэд суугаа болно гэдэг байсан. Үүнээс болж ууц нуруу, толгой зүүн тал руу хатгахаар чих рүү өвддөг, баруун тал руу өвдөхөөр хүзүү рүү өвддөг болсон. Эмч одоо эмчилгээ хийлгээд тухайн үедээ намдаад дахиад л өвдөнө, хот явж бүх шинжилгээгээ өг гэж олон удаа хэлсэн, миний боломж болохгүй, үүнээс болж зунжин даралт ихдэж, даралтны эм ууж явсан. Тэгээд 9 дүгээр сарын 7-ны өдөр эмчээс бичиг аваад 9 дүгээр сарын 8-ны өдөр хот явсан. Очоод гэмтэл согогийн тасагт очиж бүх өг гэсэн шинжилгээ, зураг авахуулаад очиход шууд хагалгаанд ор гэсэн. Тэгээд 09 дүгээр сарын 23-нд эмнэлэгт хэвтэж, 9 дүгээр сарын 28-нд төлөвлөгөөт хагалгаанд орсон. Эмч таны энэ бол маш хүнд хагалгаа, нэг дор 3 хагалгаа хийж байгаа, зүрх уушгинд маш их ачаалалтай, маш их цус гардаг. Тэгээд цус алдах юм бол цус тогтоогч маш үнэтэй, 1.600.000-1.900.000 төгрөг бэлэн байлга гэсэн. Гэтэл сайхан эмч нарын буянд цус алдаагүй. Хагалгаа 3 цаг орсон. Энэ үед би 2 сахиултай байсан. 3 сар гэр нойл хоёрын хооронд байж байгаад эмч маань машины доргио болохгүй гэсэн тул 4 сарын дараа гэртээ ирсэн. Одоо би 2.5 кг юм өргөж болохгүй, ажил хийх чадвараа алдсан. 2015 оны 02 дугаар сард бас уламжлалд хэвтсэн. Би 4 өнчин хүүхэд тэжээж, хүний дор орохгүй банкны мөнгөөр хүүхдүүдээ сургаж, ажлаа хийж, урсгалаараа мөнгөө төлөөд, идэж уух, өмсөх зүүх, түлэх түлээ юм болгоноор тасрахгүй амьдарч байсан. Үүнээс болж 9 дүгээр сараас ажил хийх чадваргүй болж банкны мөнгөө зарим үед хийж чадахгүйд хүрч маш хэцүү байна. 2014 онд том хүүгээ айл болгосон, ажилгүй 2 гэр тэжээгээд болдог байсан. Энэ хүүхнээс болж би эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хүнд дарамтанд орж, биеэ ганд нь хаяж, банкны зээлээ төлөх гэсээр байгаад бие маань өөд гарахгүй байна. Одоо дахин хүзүү толгой өвдөж, гар мэдээгүй болж байна. 28-нд уламжлалд хэвт, тэгээд болохгүй бол дахин хүзүү толгойны зураг авахуул гэсэн. Эвлэрүүлэн зуучлахаар ороход энэ хүүхэн мөн л худал хэлж, мөнгө байхгүй, миний эрхтэнг авдаггүй юм бол гэж байна. Би мөн өвчтэй ээжийгээ асраад ажлаа хийгээд явдаг байсан. Ээж маань харах хүнгүй хэцүү байдалд байсан тул аргаа бараад би галыг нь түлж, хоолыг нь хийж өгөөд байж байвал гээд иртэл ээжийгээ босгож чадахгүй, зарим үед өөрийгөө асруулах шахаж байна. Намайг ямар хүн болгосноо наад хүн чинь мэдэхгүй байна. Уламжлалын эмчид үзүүлсэн хэвтэж эмчлүүл гэсэн, тэгээд болохгүй бол бас л хот явж бүх шинжилгээ өгөх байх. Хотын эмч та эхний ээлжинд нуруундаа арга хэмжээ авахуул, дараа нь ер нь бүх шинжилгээ өгвөл таарах хүн байна гэсэн. Миний нурууны яс одоо болтол өвдөж, шаналгаатай байна. Үүнээс болж надад учирсан гэм хорын хохирол 2016 оны 9 дүгээр сарын 8-нд хот явсан замын зардал 46.800 төгрөг, замд хоол идсэн 6.000 төгрөг, замын хүнс 10.000 төгрөг, 9 дүгээр сарын 9-нд хот ороод такси 10.000 төгрөг, 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 12-нд автобус болон таксинд 65.500 төгрөг, углаа дэвсгэр 25.000 төгрөг, подволк 8.000 төгрөг, дотоож 7.000 төгрөг, өмд 28.000+8.000 төгрөг, нурууны бүс 85.000 төгрөг, солонгос өвчин намдаах шингэн 80.000 төгрөг, дэвсгэр памперс 7.500 төгрөг, өмсдөг памперс 17.500 төгрөг, наалт 13.000 төгрөг, өвчин намдаагч лаа 2 хайрцаг 36.000 төгрөг, банкны бүх мөнгө 4.305.555 төгрөг. Би өдөрт 50.000-60.000 төгрөгийн ашигтай ажилладаг. Хамгийн багаар бодоход өдөрт 32.000 төгрөг, үүнийг 9 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал зөвхөн 8 сараар бодоод ажлын 26 хоногоор бодоход 208 хоног. Үүнийг 32.000 бодоход 6.656.000 төгрөг, түрээсийн 8 сар*70.000=560.000 төгрөг. Энэ бүх хохирлыг барагдуулж өгөөч. Энэ хугацаанд 4 сар болоход өөрөө явахдаа зарж байсан махнаасаа 100.000 төгрөгийн мах авч явсан. Хүүдээ үлдсэн мах, дээрээс нь 1 хонины мах өгөөд мөнгө үлдээж явсан. Дараа нь 10 сард 25 кг, 11 сард 26 кг, 12 сард 28 кг мах захиулж, тендерээр явуулсан. 4 ширхэг мах 406.500 төгрөг болсон. Би энд байсан бол ийм мах идэхгүй, ашигнаасаа л хэрэглэдэг. Нийт 13.537.643 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр сургалтад хамрагдаж байгаад Ентүм зочид буудлын доод талд явган хүн замын голд явж байсан. Би тулаад ирэхээр нь дээшээ чигтэй дарсан машин зогссон ч гэсэн гулгаж яваад энэ хүний тахим дээр хүрэхэд өөрөө мөсөн дээр хальтирч унасан. Би машинаа зогсоогоод эргээд та зүгээр үү? эмнэлэг явах уу? гэж хэлэхэд зүгээр, зүгээр жаахан сандарчихлаа гэж хэлсэн. Тэгээд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв дээр очоод хувцсыг тайлж үзэхэд шалбархай байхгүй байсан. Хичээл дээр энэ хүн хэдэн хүнтэй юм яриад сууж байсан би хамгийн гол нь энэ хүнийг ажиглаад байсан. Бас хичээл тарангуут эмнэлэг явъя гэж хэлэхэд өнөөдөр амралтын өдөр гэж хэлсэн тэгэхээр нь би манай нөхөр эмч би таныг хүн дуудаад үзүүлээд өгье гэж хэлэхэд эгч нь ажилтай явлаа гээд яваад өгсөн. Тэгээд тэр орой унтах гээд байж байтал манай нөхөр рүү 103-аас залгаад манай нөхөр очиж уулзсан эмнэлэг дээр юу болсон талаар мэдэхгүй. Ямар ч гэсэн энэ хүний бүх эмчилгээг бүгдийг хийлгээд эм тариаг нь авч өгөөд явуулсан байсан. Тэгээд манай нөхөр гэртээ ирсний дараа нэг эрэгтэй хүн залгаад 2.000.000 /хоёр сая/ төгрөг өг тэгвэл чимээгүй өнгөрье гэж хэлэхээр нь манай нөхөр зүгээр байгаа хүнд юу гэж 2.000.000 төгрөг өгөх юм бэ? үзүүлж харуулхад гайгүй байсан гэж хэлсэн. Маргаашнаас нь энэ хүн цагдаад мэдэгдсэн байсан. Тэгээд надаас байцаалт авсан. Т цагдаа дээр байцаагдаж байхдаа камер хайсан тэгэхэд камер байхгүй байна гэж Т цагдаа хэлсэн .Тэгээд намайг энэ хүнийг олоод ир хэмжилт хийе гэж хэлсэн. Би гэрт нь таксигаар очиж авсан. Гэтэл энэ хүн Т цагдаатай очиж авсан гэж худал хэлж байна. Тухайн газарт хэмжилт хийхэд энэ хүн цагдаатай муудалцаад байсан. Дараа нь прокуророос дуудсан. Энэ хүн шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаад явсан байсан тэр талаар би мэдэхгүй байна. Би нийгмийн даатгалаас лавлагаа авч үзэхэд энэ хүн 2015 оноос өмнө эмчилгэээ хийлгэж байсан нь жагсаалтаар гарч ирсэн тэр кодыг тайлуулахын тулд гэрч оролцуулж байна. Энэ хүн өөрөө болохоор өмнө нь эмнэлэгт үзүүлж байгаагүй гэдэг тэгэхээр бусад нарийн зүйлийг гэрч нар хэлэх байх, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 13.537.643 /арван гурван сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун дөчин гурван/ төгрөгийг хариуцагч У гаргуулахыг хүссэн Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Л нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 133/ШШ2018/00087 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Л-д холбогдох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 13.537.643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ шууд хэт нэг талыг барьж хийсвэр байдлаар логик дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Учир нь гэм хорын хохиролд холбогдуулан гаргах нотлох баримт болох зам тээврийн ослын тухай прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 391дугаартай прокурорын тогтоол удаа дараа өвчний түүхэнд дурдагдсан байсан гэм хорын улсаас учирсан гэмтлийн өвчний түүх, хуулбар зэрэг хангалттай нотлох баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133/шш2018/00087 дугаартай шийдвэрийг дахин магадлан, миний үйлчлүүлэгч Л-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л нь хариуцагч У-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 13.537.643 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Лхагвасүрэн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч Б.Уянга машинтай ирж мөргөж миний эрүүл мэндэд хохирол учруулснаас миний бие эмнэлэгт хэвтэж, бүх биеийн доргилт, нурууны гулсалт болсон гэж эмч хэлж, улмаар хагалгаа хийлгэсэн, эм тариа, замын зардал, ажлаа хийж байсан бол олох байсан орлого, банкны зээл, түрээсийн төлбөр зэрэгт гарсан хохирол гэж дээрх мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 10 цагийн орчимд хариуцагч Б.Уянга нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг Амар-Алтай зочид буудлын ойролцоо 6497 УНТ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.Е дэх хэсэг, 9 дүгээр бүлгийн 9.2.Д дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс Ж.Лхагвасүрэнг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тус аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Үүнийг аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас хүлээн авч шалгасан баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн хариуцагч Б.Уянгад холбогдох гомдол мэдээлэлд аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтууд нь түүний биед дээрх ослын улмаас буюу хариуцагч Б.Уянгын хууль зөрчсөн үйлдлийн улмаас болсон гэдгийг шууд нотлох баримт байхгүй байна. Осол болон гэмтлийн хооронд шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нийгмийн даатгалын бүртгэлд S30 буюу нурууны өвчний улмаас осол болохоос өмнөх цаг хугацаанд үзлэг, эмчилгээнд хамрагдаж байсан байдал тогтоогдсон, ослын хэвтэн эмчлүүлсэн үндсэн онош нь өөр байгаа нь эргэлзээ бүхий шинжтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2018/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийндавж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.638 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж .БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Т.ЖАРГАЛСАЙХАН