Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             02            09                                                 183/ШШ2021/00371

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 00 дугээр байр, 00 давхар, 00000 тоот байрлах, “Ачб” улсын төсөвт үйлдвэрийн газрын /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, МШЧБ ХХК-нд /РД:00000/ холбогдох

Газар эзэмших гэрээний үүрэгт 2 833 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчАБЧБ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 12 дугаар сардМШ ХХК нь МШЧБ ХХК-нд эрхээ шилжүүлсны дагуу МШЧБ ХХК-ийн гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдөлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А/91 дугаартай МШЧБ ХХК-д Эрх шилжүүлэх тухай, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр МШЧБ ХХК-д Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/92 дугаартай захирамжаар 2 га газрыг худалдаа, үйлчилгээ үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17/13 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17/13 дугаартай “Аптанбулаг чөлөөт бүс”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан бөгөөд МШЧБ ХХК нь Газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д “газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх”, мөн 4.2.4-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” зэрэг үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Иймээс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А/97 дугаартай захирамжаар хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан.

Иймд МШЧБ ХХК-иас гэрээний үүргийг хангуулахын тулд газрын төлбөрийн хуваарийн дагуу 2019 оны 900 000 төгрөг, 2020 оны 1 933 150 төгрөг, нийт 2 833 150 төгрөг болж байх тул энэхүү газрын төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Бид газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, мэдэгдэж байсан. МШЧБ ХХК нь Газрын тухай хуулийн 7.1 “газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, мөн 35.3.3 “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх”, 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөх бүрэн үндэслэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 оны 12 дугаар сардМШ ХХК-ийн гаргасан газар эзэмших тухай өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дугаартайМШ ХХК эрх шилжүүлэх тухай захирамж, мөн өдрийн А/92 дугаартай газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжаар 2 га газрыг худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар баталгаажуулсан. Дээрх захирамжийг үндэслээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17/13 дугаартай газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэтэл МШЧБ ХХК нь газар эзэмшүүлэх нөхцөл болзолыг биелүүлээгүй тулАБЧБ-ийн захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан. Иймд “Монфрэш шүүс чөлөөт бүр” ХХК-иас гэрээний үүргийн хангуулахын тулд газрын төлбөр болох 2019 оны  900 000 төгрөг, 2020 оны 1 933 150 төгрөг нийт 2 833 150 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Бид удаа дараа төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан, мөн шүүхэд хандан өмнөх жилүүдийн төлбөрийг нь төлүүлж авсан, энэ бол үлдэгдэл төлбөр нь юм. Тухайн газарт дэд бүтэц байхгүй, үйл ажиллагаа явуулах нөхцөл байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Бусад компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа, 2012 оноос 2017 он хүртэл бохир усны ажил хийгдсэн. Хэдийгээр үйлдвэрлэл эрхлэх боломжгүй гэсэн боловч худалдаа үйлчилгээ, агуулахын зориулалтаар ашиглах боломжтой гэв.

 

Хариуцагч МЧБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 12 сарын 05-ны өдөрАБЧБ-ийн захирагчийн А/91 тоот захирамжаар МШЧБ ХХК-д 18252161607575 нэгж талбарын дугаар бүхий 20,000 м.кв газар эзэмших гэрээ, 17/13 тоот хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.АБЧБ-ийн захирагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 2019 оны 900 000 төгрөг, 2020 оны 1 933 150 төгрөгийн газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн уг нэхэмжпэлдээ тухайн газрыг ашиглах, эзэмших үеийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай огт дурьдаагүй байгаа бөгөөд захирагчийн ажлын албаны өмнөх гэрээний зүйл заалтыг өөрчлөн гэрээний үүрэг болох 3.1,3.2,3.3 заалтуудыг биелүүлэхээс татгалзан газрыг бодитоор ашиглаж, эзэмших боломжийг өнөөдрийг хүртэл олгохгүй 13 жил болж байгаа билээ. Учир нь үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бололцоог хангах дэд бүтцийн асуудлыг одоог хүртэл шийдвэрлээгүй байгаа тухай бидАБЧБ-тэй удаа дараалан уулзалт хийж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл газар ашиглах нөхцөл бололцоогоор хангах тухай 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүй гэж бид дүгнэсээр өдийг хүрч байна. 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А/97 тоот “Алтанбулаг худалдааны чөлөөт бүс”-ийн Захирагчийн захирамжаар МШЧБ ХХК-ийн газар эзэмших гэрээг цуцалсан байдаг. Энэ шийдвэрийг гаргахдаа газрын нөхцөл байдал, дэд бүтцийн тухай акт баримтыг огт бүрдүүлээгүй шийдвэрлэсэн байна гэж бид үзэж байна. Иймээс нэхэмжилсэн газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул “Алтанбулаг чөлөөт бүс’’-ийн захирагчийн гаргасан нэхэмжпэлийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани бол үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тэндээ зарж, борлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байсан, өнөөдрийг хүртэл тэр хүсэл эрмэлзэл минь байгаа болно. Манай компани нь архи, тамхи үйлдвэрлэдэггүй, бидний зорилго юунд оршдог вэ гэхээр сүү, сүүн бүтээгдэхүүн тэр тусмаа бяслаг гэдэг бүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэнэ гэсэн маш том зорилготой байсан боловч биднийг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр өнөөдрийг хангаагүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй байна. Гэрээгээ өөрсдөө биелүүлэхгүй, үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй байж нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу мөнгөө л нэхэмжилдэг, гэтэл бид тухайн газрыг ашиглаад тэндээсээ ашиг орлого олсон зүйл огт байхгүй. Манай компаниас 2015 ондАБЧБ-д албан бичиг өгсөн. Гэрээ байгуулсаны дараа 2018 ондАБЧБ-ийн захирагчтай очиж уулзаад дэд бүтцийн талаар тайлбарлаад манай үйлдвэр дээр ирж үзээч, үйлдвэрлэл явуулах боломжгүй байна гэж хүсэлт тавьсан боловч Ж.Амаржаргал захирагч ирээгүй. Гэрээ байгуулахад хоёр талаасаа харилцан ашигтай болоод гэрээ гэрээ байгуулдаг, тиймээс үйл ажиллагаа явуулснаас хойш төлбөр авах талаар гэрээндээ заалт нэмж оруулах хүсэлтийг өмнө нь удаа дараа тавьж байсан боловч хүлээн аваагүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, 2.1-т гэрээ дүгнэсэн актыг үйлдэх талаар байгаа боловч өнөөдрийг хүртэл хийгээгүй. Тиймээс ямар бүтэцтэй явж байгаа эсэх, хоёр талаас юу, юуг хийсэн талаар баримтжуулах акт үйлдэх байсан гэж дүгнэж байна. Иймд тухайн газрыг ашиглаагүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулаагүй, газрыг зохих ёсоор ашиглах нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүй байж газрын төлбөрийг нэхэмжлээд байгааг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчАБЧБ улсын төсөвт үйлдвэрийн газар нь МШЧБ ХХК-д холбогдуулан газар эзэмших гэрээний үүрэгт 2 833 150 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч МШЧБ ХХК-ийг газар эзэмших гэрээний үүргийг зөрчиж, газрын төлбөрөө төлөхгүй байгаа тул 2009 оны газрын төлбөр 900 000 төгрөг, 2020 оны газрын төлбөр 1 933 150 төгрөг, нийт 2 833 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчАБЧБ нь газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ зөрчиж, эзэмших эрх бүхий газарт үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй тул газрын төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

 

Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/92 тоот захирамжаар Алтанбулаг чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар МШЧБ ХХК-нд 20000 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж гарч, нэхэмжлэгчАБЧБ нь хариуцагч МШЧБ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/13 тоот “Алтанбулаг чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээ”, хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Алтанбулаг чөлөөт бүсэд худалдааны талбай 67-р байршилд 18252161607575 дугаар бүхий 20000 м.кв газрыг 7 жилийн хугацаатайгаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл агуулах зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/92 тоот захирамж, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Чөлөөт бүсэд газар эзэмших эрхийн №000000102 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 21-р хуудас/

Зохигч талууд газар эзэмших гэрээ байгуулсан болон Алтанбулаг чөлөөт бүсэд 20000 м.кв газрыг эзэмшиж байсан талаараа маргаагүй болно.

 

Хариуцагч гэрээг 7 жилийн хугацаатайгаар байгуулсан, бусад хуулийн этгээдтэй 15 жилийн хугацаатайгаар байгуулдаг гэж тайлбарласан боловчМШ ХХК 2008 оноос Алтанбулаг чөлөөт бүсэд үйлдвэрлэл худалдаа агуулахын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж ирсэн бөгөөд МШЧБ ХХК үүсгэн байгуулагдсан тул 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 69/17 тоотоор эрх шилжүүлэх хүсэлт, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшихийг хүссэн өргөдлийг гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/91 тоот Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар МШЧБ ХХК-д эрх шилжүүлэх захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг нэр дээр нь шилжүүлжээ. /хэргийн 8-р хуудас/

Зохигч талуудын байгуулсан “Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээний 2.3-ын 2-д “1 га 1 200 000 төгрөг”, 2.4-д “газрын төлбөрийн хэмжээ нь /долоон жил/ 15 400 000 төгрөг байна”, 2.5-д Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай” хуулинд заасан газрын төлбөрийн хөнгөлөлтийн хэмжээ 7 280 000 төгрөг байна”, 2.6-д “хөнгөлөлт хассан төлбөрийн нийт хэмжээ 8 120 000 төгрөг байна”, 2.7-д газрын төлбөрийн хэмжээ /нэг жилд / 2.400.000 төгрөг байна” гэж заасан байна.  

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар хариуцагчаас газрын эзэмшиж, ашигласны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан Алтанбулаг чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээний 2.8-д “газрын төлбөрийг гэрээ хийсэн өдрөөс тооцон “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 23.1-23.2-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулагчид эдлүүлж дараа жилүүдийн төлбөрийг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Төрийн сан банкны харилцах дансанд хийнэ” гэж харилцан тохиролцжээ.

Хариуцагч нь газар ашиглах нөхцөл боломжоор хангаагүй, үйл ажиллагаа явуулж эхлэснээс хойш төлбөрийг төлөх ёстой гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан Алтанбулаг чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээний 4.2.4-д “газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” талаар харилцан тохиролцсон, мөн хариуцагч нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн хуваарьт 2019 онд 2 400 000 төгрөг, 2020 онд 2 400 000 төгрөг гэж байгаа боловч нэхэмжлэгч 2019 оны газрын төлбөр 900 000 төгрөг, 2020 оны газрын төлбөр 1 933 150 төгрөгийг нэхэмжилсэн, өмнө нь газрын төлбөрийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн маргаангүй.

Гэвч нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан Алтанбулаг чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээний 3.2.1-д заасан “газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, протокол үйлдэх үүргээ биелүүлээгүй” байх бөгөөд хариуцагчийн газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломж олгоогүй, үйлдвэрлэл эрхлэх боломжгүй байгаа гэж тайлбарласныг баримтаар үгүйсгээгүй болно.   

            Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/97 тоот Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар МШЧБ ХХК-ийг чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, түүний эзэмшиж буй 67 дугаартай газрын байршил, 18252161607575 нэгж талбарын дугаар бүхий 20000 м.кв газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ./хэргийн 31-р хуудас/

            Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагчийн газар эзэмших эрх нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүчингүй болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох газрын төлбөрт 2019 оны 900 000 төгрөг, 2020 оны 1 993 150 төгрөг, нийт 2 833 150 төгрөг нэхэмжилсний 50 хувь болох 1 416 575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 416 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /900 000+1 993 150=2 833 150:2=1 416 575/

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь улсын төсөвт үйлдвэрийн газар тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээний буюу 1 416 575 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 37 615 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар хариуцагч МШЧБ ХХК-иас газар эзэмших гэрээний үүрэгт 1 416 575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчАБЧБ улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 416 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчАБЧБ улсын үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МЧБ ХХК-иас 37 615 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                                 

                        ДАРГАЛАГЧ                                  Д.ХУЛАН