Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00490

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021             03            02                                                 183/ШШ2021/00490

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Орбитын 00 гудамж, 00 тоотод оршин суух О овогт П.М /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Буянт-Ухаа 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух Ө овогт Б.Х /РД:00000/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Миний бие Халиунбаяртай 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж 2009 оны 06 дугаар 12-нд гэрлэлтээ бүртгүүлж амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас хүү М.Г 0000 оны 0 дугаар сарын 00-нд төрсөн, охин М.А 0000 оны 00 дугаар сарын 00-нд төрсөн, 2014 оны 00 дугаар сарын 00-нд охин М.Б төрсөн. Одоо хүү Г насанд хүрсэн. Бид таарамжгүй харилцааны улмаас 2014 оны 10 сараас тусдаа амьдарсан, салах үед том хүү 14 настай, охин А 0 настай, охин Б 0 сартай байсан. Х нь хүүхдүүдээ орхин явснаас хойш 6 жил болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэхэд аав, ээж, эгч нар маань туслаж байгаа. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Х нь 0 хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд зориулаагүй зөвхөн өөртөө авч байсаныг анхааралдаа авч цаашид 2 хүүхдийн мөнгийг Х биш эцэг М надад олгох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.М, Б.Х нар нь 1998 онд танилцаад 0000 онд хүү М.Г, 0000 онд охин М.*********, 000 онд охин М.Б нар мэндэлсэн. Миний хувьд П.М, Б.Х нарыг яагаад тус тусын амьдралтай болсон талаар нь сайн мэдэхгүй, одоо тусдаа амьдраад 6 жил болж байна. П.М, Б.Х нарыг салснаас хойш би Б.Хтай уулзаад миний дүү одоо үр хүүхдүүд дээрээ оч, үр хүүхдүүд чинь чамайг санаж байгаа гэж хэлсэн байсан боловч Б.Х нь миний үгийг сонсоогүй. Түүнээс хойш 6 жил өнгөрөхөд хүүхдүүд дээрээ нэг ч удаа ирээгүй, утсаар ч залгаад ярьж байгаагүй. Манай дүү П.М нь хөдөө орон нутагт тээврийн жолооч хийдэг учраас хүүхдүүдээ байнга харж хандаад байж чаддаггүй учраас би аргагүйн эрхэнд дүүгийнхээ бага хоёр хүүхэд болох М.А, М.Б нарыг өөрийн асрамжид авсан. М.А, М.Б нар нь зуны амралтаар зуслан руу манай аав ээж рүү явж тэндээ амардаг. Мөн Б.Х нь үр хүүхэдтэйгээ уулзаагүйгээр барахгүй хүүхдэд сар бүр олгодог хүүхдийн мөнгийг өгдөггүй өөртөө авч хэрэглэдэг. Хүүхдүүдийг өсгөж бойжуулна гэдэг асар их хариуцлага, цаг хугацаа шаарддаг зүйл, ялангуяа охин хүүхдүүд, одоо энэ цар тахалтай цаг үе хэцүү байхад олон хүүхэд өсгөнө гэдэг хэцүү зүйл. М.******г нэгдүгээр ангид ороход нь манай хорооны сургууль харъяалын бус гээд авахгүй байхаар нь хүн амьтнаас гуйж гуйж, сургуульд нь оруулж байсан. Мөн би Б.Хтай нэг зүйлийг ярьж тохирсон байсан. Энэ нь 2020 оны 11 дүгээр сараас шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгө авахгүй, тэгээд шүүх хуралдаанаар ямар шийдвэр гарах эсэхээс хамаарч хүүхдийн мөнгийг авна гэж ярьсан. Тэгэхэд хариуцагч нь сая шүүх хуралдааны өмнө 530 000 төгрөгийг өгсөн. Тиймээс цаашид хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд нь зарцуулах бодолтой байна. Иймд гэрлэлтийг цуцлуулж, хариуцагч Б.Хаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, М.А, М.Б нарыг нэхэмжлэгч П.М асрамжид үлдээж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан хариуу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаа. П.Мтэй 1998 онд танилцаад, 1999 онд хамтран амьдарч эхэлсэн. Ингээд 1999 онд хүү М.Г, 2009 онд охин М.А, 2014 онд охин М.Б нар мэндэлсэн. П.М нь хөдөө тээвэрт их явдаг, тээвэрт явж байх хугацаандаа ааш зан нь их өөрчлөгдөж, хоёулаа салъя гэж удаа дараа хэлж байсан. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нэг хүүхэнтэй холбоотой болоход нь би юм хэлээгүй, сүүлдээ намайг зоддог болсон. Тэгээд салъя гэж хэлээд явсан. Дараа нь хадамтайгаа таагүй харилцаанаас болоод хүүхдүүд дээрээ очиж чадаагүй юм. Тэгээд дараа нь хүүхдүүдээ авахаар хадам аавындаа очиход аав ээж хоёр “...чамд хүүхдүүдээ өгөхгүй, хүүхдүүдээ авах юм бол П.М амиа хорлоно гэж ярьдаг” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл тань дээр хүн болж хүмүүжиг дээ” гэж хадам ээжид хэлж байсан. Дараа нь хэсэг хугацаа өнгөрөөд би гурван хүүхдээ өөр дээрээ авмаар байна гэхэд “одоо өгч чадахгүй, хүүхдүүд эндээ дасчихсан, хүүхдүүдийн сэтгэл санаа битгий үймүүл” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа хүүхдийн мөнгийн хувьд бол би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бас бие өвдөөд эм тарианы мөнгөгүй байсан болохоор хүүхдүүдийнхээ мөнгийг авч хэрэглэсэн нь үнэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын хүүхдийн мөнгө болох 800 000 төгрөгийн 270 000 төгрөгийг нь байрныхаа түрээсийн төлбөрт өгөөд үлдэгдэл болох 530 000 төгрөгийг нь сая шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгчид өгсөн, авч хэрэглэсэн 270 000 төгрөгийг нь ажил хийгээд цалин авахаараа өгнө. Цаашид хүүхдүүдийнхээ мөнгийг авахгүй, хүүхдүүдэд зарцуулна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ П.М асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Б.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

П.М, Б.Х нар нь 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр том хүү М.Г, 0000 оны 05 дугаар сарын 23-ны өдөр том охин М.А, 0000 оны 0 дугаар сарын 0000-ний өдөр бага охин М.Б нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдррийн 1581 гэрлэлтийн баталгааны хуулбар, ***** Г-***** дугаарт бүртгэгдсэн гэх М.А, ********* дугаарт бүртгэгдсэн гэх М.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна /хэргийн 7, 13-14-р хуудас/

Нэхэмжлэгч П.М нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №272 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 15-р хуудас/

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй 2015 оноос тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин М.*********, М.****** нар нь эцгийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эцгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.Ам, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Б нарыг эцэг П.М асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Ам 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин М.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх Б.Хаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгж эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх Б.Хт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг П.Мд тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тайлбарласан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 83 695 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  овогт П Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.А, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Бнарыг эцэг П.М асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар зааснаар 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Б тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.А 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх Б.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эцэг П.Мд даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч П.М нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргийг биелүүлэхийг эх Б.Хт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг П.Мд тус тус даалгасугай.

 

7.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 83 695 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН