| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/00425/И |
| Дугаар | 183/ШШ2021/00520 |
| Огноо | 2021-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2021/00520
| 2021 03 05 | 183/ШШ2021/00520 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Т-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Э.Т, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд гэр бүл болж, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин Т.Н, 2017 онд охин Т.С нар төрсөн. 2 дахь охиноо төрсний дараагаас нөхрийн ааш авир шал өөр болж намайг байнга зодох болсон. Уурлахаараа гартаа таарсан гэрийн эд зүйлээ эвдэнэ, намайг цохиж зоддог. Ажилд орсон боловч цалингаа огт гэр бүлдээ зарцуулдаггүй байсан ба намайг мөнгө гэх юм бол зодно, хэл амаар байнга доромжилдог. Төрөх дөхсөн байхад намайг хүүхдийн хуванцар сандлаар хугартал цохьсон. Цагдаад хэлье гэхээр айгаад хэлж чаддаггүй бүх хүмүүсээс нуугаад хэлдэггүй байсан. Дараа нь 2019 онд охин Т.У-г гэдсэнд байхад өөрөө л нэг өдөр яваад өгсөн, урьд өдөр нь намайг их зодож байсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр охин Т.У төрсөн, сүүлдээ бүр утсаар ч хүүхдүүдээ асуухаа больсон. 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Т.У-гийн 1 насны төрсөн өдөр болоход бид гайгүй харилцаатай болж хэд хоног хамт амьдарсан. Энэ хугацаанд дахиад л намайг зодож, уурлаж дарамтлаад эхэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр их зодсон. Ингээд би цагдаад анх удаа өргөдөл гаргасан. Цагдаад шалгуулаад хуулийн хариуцлага хүлээсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Б.Н-тэй танилцаж, 2015.02.10-ны өдөр охин Т.Н, 2017.01.02-ны өдөр Т.С, 2019 онд охин Т.У нар төрсөн. 2017 оноос эхлэн миний ааш зан эвдэрсэн нь үнэн болно. Гэвч үүний шалтгаан Б.Н-ийн гэр бүлийн гадуурх харилцаа, архидан согтууралт байсан. Эхэндээ дуугүй тэсдэг байсан ч өөрийн мэдэлгүй уурладаг уцаарладаг болсон. 2018 оны 9 сард сургуульд сурахаар болж 10 сараас эхлэн гадуур хонож, архидах болсон. Хоёр тийшээ болохоор шийдсэн боловч хүүхдийн асуудлаас болж салах өргөдлийг өнөөдрийг хүртэл өгч чадаагүй. Иймд нэхэмжлэгч талын хүслэтийг зөвшөөрч байгаа тул гэрлэлт цуцлуулж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Мөн хүүхдийн асрамжинд маргалдах зүйл байхгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Э.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Н Э.Т нар 2014 онд танилцаж, гэр бүл болж 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Н, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т.С, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.У нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь охин Т.Н Т.С Т.У нарыг эх Б.Н-ийн асрамжинд үлдээх, хариуцагч Э.Т нь хуульд засан хэмжээгээр тэтгэлэг төлөх талаар харилцан зөвшөөрсөн байх ба энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, лавлагаанд: ...2020.07.10-ны өдөр эхнэр Б.Нийг...цохиж зодсон гэх мэдээлэл, дуудлага, мэдээлэл авагджээ. /хх-ийн 14/
Шүүх дээрх байдлуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээс дүгнэхэд гэрлэгчид нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эцэг, эх хэдийд ч хүүхэдтэйгээ уулзахад хэн алиндаа саад хийхгүй байх үүрэгтэй байна.
Дээрхийг нэгтгээд охин Т.Н, Т.С, Т.У нарыг эх Б.Н-ийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн байх зохигчид эд хөрөнгийн асуудлаар маргаангүй гэснийг дурдаж, хэргийг шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Т, Тугч овогт Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Н, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т.С, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.У нарыг эх Б.Н-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Н, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т.С, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.У нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Т-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Т.Н, охин Т.С, охин Т.У нарыг эцэгтэй Э.Т-тай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Н-т даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, хариуцагч Э.Т-аас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 81 190 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 1304. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ