| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
2024 02 21 2024/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
хохирогч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт БЭд холбогдох эрүүгийн 2311 00000 1800 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт БЭ /РД:.............................../,
Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............................. тоотод оршин суух хаягтай боловч одоо оршин суух тодорхой хаяггүй,
Урд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,
- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,
- Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 жил 11 сар 7 хоног хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 814 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 781 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 2 сар хорих ялаар тус тус 7 удаа ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18-169/б тоот иргэн А.Б гэрт хууль бусаар нэвтэрч 43 инчийн LCD зурагт, дунд гарын мөнгөн аяга, аяга тавагны ком эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2023 оны 12 дугаар сарын 12-ны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-24/в тоотод оршин суух иргэн Д.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-529 тоотод оршин суух хаягтай иргэн Э.Т эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хонины мах, үүргэвч 2 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18-169/б тоот иргэн А.Б гэрт хууль бусаар нэвтэрч 43 инчийн LCD зурагт, дунд гарын мөнгөн аяга, аяга тавагны ком эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2023 оны 12 дугаар сарын 12-ны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-24/в тоотод оршин суух иргэн Д.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-529 тоотод оршин суух хаягтай иргэн Э.Т эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хонины мах, үүргэвч 2 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Эцсийн үгэндээ:
“Надад бага хэмжээний ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Гантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 130.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Б “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18-169б тоот гэртээ очиж шалгахад манай өвлийн сууцны жижиг хаглаж хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрээс 43 инчийн Skyworth загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, хайрцагтай Luminarc аяга тавагны ком гэх эд зүйлс, алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Э "...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-703 тоотод оршин суудаг бөгөөд тус тоотдоо жижиг түргэн үйлчилгээний цэгийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллуулж хувиараа бизнес эрхэлж байгаа юм. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн оройны 21 цагийн орчим өөрийн дэлгүүртээ сууж байтал гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүн орж ирээд надад би жаахан уучихсан машин жолоодож явж байгаад цагдаад баригдчихлаа. Цагдаа нь намайг бэлэн мөнгө аваад ирвэл машиныг нь өгч явуулна гээд байна. Надад бэлэн мөнгө байхгүй байна. Тэгэхээр нь би өөрт байсан зурагтаа аваад ирлээ гээд надад 43 инчийн хар өнгийн SKYWORTH нэртэй зурагтыг 100.000 төгрөгөөр авчихаач гээд гуйгаад байсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Хохирогч Д.Г “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-24в тоот модны захын хашаанд түрээсээр 5 ханатай эсгий гэрт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед хашааныхаа үүдэнд зогсож байхад хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн куртик хар өнгийн өмд өмссөн өндөр нуруутай 40 орчим насны согтуу залуу ирээд ...би хөдөөнөөс сая орж ирлээ. Ээжийн бие муудаад байна. Мөнгөний хэрэг гараад байгаа юм. Та мах авах уу гээд хоёр тортой хонины мах барьчихсан байсан ... тортой махыг хартал жижиглээд хийчихсэн нийлээд хэдэн хэсэг мах байсан. Тэгээд худалдаж авч байсан хар өнгийн андройд гар утсаа гэртээ цэнэглээд орхисон юм. Би явахдаа гэрээ төмөр цоожоор цоожлоод явсан бөгөөд 1 цаг орчим болоод гэртээ иртэл манай гэрийн цоожийг эвдэлж гэрт ороод цэнэглээд орхисон байсан гар утас аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165-166 дугаар тал/,
Хохирогч Э.Т “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-529 тоот хашаа байшинг сарын өмнө худалдаж аваад эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 08 цагт эхнэртэйгээ ажилдаа яваад 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ иртэл байшингийн хаалганы цүүг эвдлэн хулгайч ороод хөргөгчний дотор байсан хонины жижиглээд тавьсан байсан бүтэн мах, 2 ширхэг үүргэвч цүнх, эрэгтэй хүний смарт цаг 2 ширхэг тус тус хулгайд алдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 198-199 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9, 157-161, 189-192 дугаар тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Хохирогч Д.Г гэрээс алдагдсан гэх гар утсыг тусгай мэдлэгийн хүрээнд үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 176-178 дугаар тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЧД2-24-19 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2023 оны 12 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,189,924 /нэг сая нэг зуун наян есөн мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг/-р үнэлэгдэв” гэжээ /хавтаст хэргийн 39-42 дугаар тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЧД2-23-836 дугаартай Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 138,500 /нэг зуун гучин найман мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдэв” гэжээ /хавтаст хэргийн 208-209 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Эын “...би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэдэн цагийн орчим гэдгээ санахгүй байна. Ямар ч гэсэн гадаа харанхуй байхад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн гудманд явж байхад 529 тоот гэсэн дугаартай хашаанд байсан жижиг цагаан өнгийн байшингийн үүдний амбаарын хаалганы цүүг хөшиж онгойлгоод дотогш нэвтэрч ороод хөргөгчнөөс нь мах аваад гэрт нь байсан хоёр үүргэвчинд хувааж хийгээд үүрээд гарсан юм. Тэгээд тэндээсээ гараад мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1 дүгээр гудамжны 24 тоот айл руу ороод үл таних хүнд 30.000 төгрөгөөр зарчихаад гараад явсан. Тэгээд тухайн айлын хүнийг гадагшаа гараад явсан хойгуур нь буцаад гэр лүү очоод хаалганы цүүг нь хөшиж ороод гэрийнх нь орон дээр цэнэглэж байсан загварыг нь мэдэхгүй гар утсыг аваад гарсан. Тэгээд тэр гар утсыг нь үл таних хүнд 20.000 төгрөгөөр зарчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 217 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 220 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 218 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 219 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 55-133 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18-169/б тоот иргэн А.Б гэрт хууль бусаар нэвтэрч 43 инчийн LCD зурагт, дунд гарын мөнгөн аяга, аяга тавагны ком эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2023 оны 12 дугаар сарын 12-ны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-24/в тоотод оршин суух иргэн Д.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-529 тоотод оршин суух хаягтай иргэн Э.Т эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хонины мах, үүргэвч 2 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Б мэдүүлэг / хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Г.Э мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, хохирогч Д.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 165-166 дугаар тал/, хохирогч Э.Т мэдүүлэг /хавтаст хэргийн 198-199 дүгээр тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9, 157-161, 189-192 дугаар тал/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, Хохирогч Д.Г гэрээс алдагдсан гэх гар утсыг тусгай мэдлэгийн хүрээнд үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 176-178 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЧД2-24-19 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2023 оны 12 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,189,924 /нэг сая нэг зуун наян есөн мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг/-р үнэлэгдэв” гэжээ /хавтаст хэргийн 39-42 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЧД2-23-836 дугаартай Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 138,500 /нэг зуун гучин найман мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдэв” гэжээ /хавтаст хэргийн 208-209 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч өөрийн нь холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Бадамхандын Энхбатын үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь эрүүгийн хуулинд заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт, гэм буруу маргаагүй, учирсан хохирлын талаар маргаагүй, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь “хулгайлах” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоногийг оруулан тооцоод нийт 71 хоног цагдан хоригдсон хоногийг нийт эдлэх ялаас нь хасч тооцох саналтай байна. Нийт 1.018.000 төгрөгийг бусдад төлөх төлбөртэй болно. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч өмнө 7 удаагийн ял шийтгэл эдлэж байсан боловч тухай бүрт нь өөрийн биеэр эдлэж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулна гэсэн шудрага ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Ял шийтгэлтэй байдлыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогдохгүй. Мөн анхнаасаа миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү ...” гэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн болон гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “ шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан байх тул,
Шүүгдэгч Б.Эын энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Баярзулд нийт 734.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Д.Гантуяад 130.000 төгрөгийн хохирлыг, иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгт 100.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Э.Тэмүүжинд 54.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулснаас,
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед дээрх хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс Иргэний хуулинд заасан гэм хорын болон эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт БЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эаас хохирлын нийт 1.018.000 төгрөгнөөс, хохирлын 734.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б, хохирлын 130.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Гд, хохирлын 100.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Эт, хохирлын 54.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т нарт тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ