| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
2024 02 21 2024/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,
хохирогч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Өт холбогдох эрүүгийн 2411 00000 0031 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Ц.Ө, регистрийн дугаар .....................................
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ...................................................................... гэх,
Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 22-23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвд иргэн П.Бтай үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, үүдэн зүүн дээд 1, 3 дугаар шүдний булгаралт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэртээ байж байхад Давааням ах ярих зүйл байна гэсэн. Яваад очсон чинь Баасанжав хамт байсан. Тэгэхээр нь энд дуу чимээ ихтэй байна өөр газар очиж ажлаа яръя гэж хэлээд Баасанжавын яваарай гэсэн чинь жаахан байж байгаад явна гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд явахгүй байхаар нь яваарай гээд хэлтэл намайг “Чи ямар шалчигнасан банди вэ? Хамт шоронд байсан хүмүүстэй чинь” гээд маргаан гарсан. Тэгээд маргаан дуусаад Баасанжав гараад явахаар нь явчихлаа гэж бодоод тамхи татах гээд гарсан чинь гадаа байсан. Тэгээд маргаан болсон” гэв.
Хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч худал мэдүүлэг өгч байна. Би тухайн өдөр хамт ажилладаг дүү Даваанямтай хамт “Дуулга” гэх караоке орсон. Сууж байсан чинь Өнөрбаяр гаднаас өөрөө согтуу байсан ба 2 эмэгтэй хүнтэй хамт орж ирхээр нь мэнд мэдээд сууцгаагаад согтууруулах ундаа уусан. Гэтэл гэнэт намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь явлаа гэж хэлтэл Давааням хамт байя гээд явуулаагүй. Би шоронд явж байгаагүй. Харин Өнөрбаяр өөрийгөө шоронд явж байсан, намайг хэн нэгэн барахгүй гэж хэлээд байсан. Тэгээд гарч ирээд өөр тийшээ явъя гэхээр нь би халъя гэж хэлсэн чинь Давааням намайг хамт явъя гэсэн. Би явсан байсан бол Давааням, Өнөрбаяр 2 маргалдах байсан гэж ойлгосон. Даваанямыг найз охин нь ирж авах үед би хамт явъя гэж хэлээд гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь Өнөрбаяр араас ирээд намайг мөргөөд, цохьсон, дэвссэн. Хэрэг болсноос хойш над руу нэг ч удаа яриагүй. Би 2 хоног гэртээ хэвтсэн, хүлээсэн. Гэтэл ирээгүй учраас би Даваанямтай холбоо бариад Өнөрбаярын дугаарыг авсан. Тэгээд 2 хоногийн дараа би Өнөрбаяртай очиж уулзаад “Ахын дүү адилхан эр хүн байна. Ах нь ажлаа 14 хоног алдах болчихлоо. Эмчилгээний зардал гаргаад өгөөрэй” гэж хэлсэн чинь за гэсэн. Энэ тухай баримтжуулъя гэж бодоод бичлэг хийгээд авсан. Гэтэл над руу нэг ч удаа яриагүй. Тэгээд би түүн рүү холбоо бариад шүд хийлгэх тухайгаа хэлээд 3,000,000 орчим төгрөг болох юм байна, үүнийг гаргаад өгөөч, хэн хэндээ амар гэж хэлтэл за гэж хэлсэн. Улмаар над руу нэг ч удаа холбоо барихгүйгээр 15 хоносон учраас би цагдаад гомдол гаргасан” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч П.Бын “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт ажилладаг Давааням гэгчийн хамт хоёулаа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эбо төв нэртэй караокед оройны 20-21 цагийн орчимд орсон. Тухайн караокед ороод нэг их удаагүй байх үед Даваанямын танил гэх Өнөрбаяр /86119390, 88679390/ гэх хүн орж ирсэн юм. Өнөрбаяр нь бага зэрэг халамцуу байдалтай байсан бөгөөд над руу дотор байх хугацаанд үг хаяад байсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад би гадна гарч тамхи татаж байсан бөгөөд Өнөрбаяр нь миний араас гарч ирсэн. Харин тэр үед Давааням дотор суугаад байж байсан юм. Би гадна тамхи татаад ганцаараа зогсож байхад Өнөрбаяр нь миний баруун гараараа миний баруун шанааны хэсэгт 1 удаа цохисон. Би тэр үед халтирч унасан бөгөөд эргээд босох гээд өндийж байхад амны хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөх үед миний 2 шүд унасан бөгөөд би газарт хэвтэж байх үед миний дээрээс олон удаа гараараа цохисон юм. Тэр үед миний нүүр амнаас их цус гарсан бөгөөд Өнөрбаяр намайг зодохоо болиод байж байхад Давааням дотроос гарч ирээд болсон зүйлсийг харсан. Би тэндээсээ шууд таксинд суугаад явсан. Тэгээд Өнөрбаяр гэх хүнтэй би хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа холбогдож уулзахад Өнөрбаяр нь “цагдаад битгий хандаарай, би таны эмчилгээний зардлыг хэд гарна тэрийг чинь төлөөд өгье” гэж яриад өнгөрсөн болохоор би цагдаагийн байгууллагад үзүүлсэн. Тэгээд олон хоног хүлээхэд хариу өгөхгүй болсон тул шалгуулахаар хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтэнд: “...П.Бын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, үүдэн зүүн дээд 1, 3 дугаар шүдний булгарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэжээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...иргэн П.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эбо төвд оройны 22-23 цагийн орчимд зүс мэдэх Өнөрбаяр гэгчид зодуулсан 2 шүд унасан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.Бын эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 330.500 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтас хэрэгт хавсаргасан болно ... Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 32 дугаар тал/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 78 дугаар тал/, Хохирлын баримт /хавтаст хэргийн 84 дугаар тал/, эмчилгээтэй холбоотой зардлын баримт /хавтаст хэргийн 79-83 дугаар тал/ з
Шүүгдэгч Б.Өнөрбаярын “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Шинэчлэл хороолол” 801-87 тоотод байсан. Тэгэж байхад оройн 20 цагийн орчимд намайг танил Давааням нь утсаар яриад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” бааранд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би очиход Давааням нь Баасанжав болон өөр нэг үл таних эмэгтэй хүнтэй хамт гурвуулаа байсан. Тэнд очсоны дараагаар бид дөрөв 1 цаг гаруй сууж 0.75 литрийн архи 1 шил, хүний 3 шил пиво ууж сууж байгаад “Дуулга” баарнаас гарсан. Дуулга баарнаас Давааням бид хоёр явахаар гарсан бөгөөд нөгөө үл таних эмэгтэй яваад өгсөн. Давааням бид хоёр Дуулга баарнаас хойш яваад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Эбо” төвд нийтийн караокед 21 цаг өнгөрч байхад орсон. Тэр караокед 2 цагаар авсан. “Эбо” төвд ороход би Даваанямтай тусдаа ажил ярих гэж байсан болохоор Баасанжавыг ингэсгээд явчих гэх зэргээр ярихад Баасанжав миний урдаас шоронтой холбоотойгоор ярианы сэдэв нь хэрүүл маргаан үүсгэхээр харилцаа үүсгээд байсан. Тэгээд Баасанжав нь “Эбо” төвөөс гараад явсан бөгөөд удалгүй Даваанямын найз охин болох нэг эмэгтэй ирээд бид хэсэг суусан. Давааням нь найз охинтойгоо сууж үлдээд би гадагшаа тамхи татахаар гарахад “Эбо” төвийн гадна Баасанжав нь яваагүй зогсож байсан. Тэгээд би ганцаараа тамхи татаад зогсож Баасанжав над руу хүрч ирээд янз бүрээр над руу үг хаяад надтай маргаан үүсгээд байхаар нь бид хоёр хоорондоо заамдалцаж авсан. Тэгэхэд Баасанжав намайг тавихгүй байхаар нь би нэг удаа баруун гараараа Баасанжавын нүүрний хэсэгт нь цохиод дараа нь би зулайн хэсгээрээ нүүрнийх нь хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Би Баасанжавыг мөргөх үедээ саравчтай малгай өмссөн байсан бөгөөд малгайн орой хэсгийн хатуу бондгор хэсэг нь таарсан байсан. Тэгээд Баасанжав тэндээсээ шууд яваад өгсөн, тэр өдөртөө цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэр өдрөөс хойш 2 өдрийн дараа буюу нөгөөдөр нь над руу Баасанжав нь утсаар яриад бид хоёр уулзахаар болсон. Тэгэхэд уулзаад ярихад эмчилгээний мөнгө төгрөг өгөөрэй гэж яриад бид хоёр хоорондоо ярилцсан. Тэр өдрийн дараагаар над руу Баасанжав яриад “3.000.000 төгрөг энэ долоо хоногт багтааж олж өг” гэж байсан. Тэрнээс хойш Баасанжавтай дахин уулзаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 46 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/, автотээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74-77 дугаар тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан бичиг /хавтаст хэргийн 72 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эбо төвд иргэн Баасанжавтай маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Өаас 49.300 төгрөгийг гаргуулан хохирогч П.Бд олгох саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна ...” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ ... Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Улсын яллагчийн гаргасан хохирлын саналыг дэмжиж байна ...” ...” гэсэн болно.
Шүүгдэгч Ц.Өт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ө нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, түүний өмгөөлөгчөөс хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх гэм буруугийн талаар няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирол төлүүлэхээр шүүх хуралдааныг 10 минут завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 10 минут хүртэл завсарлуулав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Түүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч бага насны 5 хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Өмнө ял шийтгэл эдлэж байсан боловч энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн түүний холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг. Хохирол төлбөр төлсөн. Миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулбал түүний ар гэрт нь хэцүү байх болно. Тиймээс шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол /хх 84/-ын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч нь шүүх хуралдааныг 10 минут хүртэл завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан болно.
Мөн хохирогч П.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч П.Б нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 330.500 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 17/-р нотлогдож байх ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хохирогч П.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 49.300 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ