| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/04314/И |
| Дугаар | 183/ШШ2021/00540 |
| Огноо | 2021-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2021/00540
| 2021 03 05 | 183/ШШ2021/00540 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.С-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.С, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С-тай 2011 онд танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2016 оны 9 сарын 15-нд хүү С.Т, 2018 оны 8 сарын 9-нд охин С.О нар төрсөн. Нөхөр Б.С бид хоёр 2018 оноос хойш хамтран амьдраагүй. Хамт байх хугацаанд Б.Сгийн зан авирын доголдол, архины хамаарал, мөрийтэй тоглоомын дон, гэр орноо авч явах ямар ч хариуцлагагүй байдал, үргэлж гэр бүлийхэнтэйгээ нийлж бие давхар, нялх биетэй надруу дайрч доромжилж байсан үйлдлүүд надад маш их сэтгэл санааны хохирол учруулсан. Б.С-гийн гэр бүлээс гадуурх олон удаагийн явдал, согтуугаар үйлддэг бүх танхайн хэрэг, байнга бусдыг зодож танхайрдаг агсам зан, согтуугаар бусдыг дээрэлхэж хэрэгт холбогддог авир, биеэ хянах чадваргүй болтлоо уудаг зуршил, түүний эцэг эхээс надад болон хүүхдүүдэд учруулдаг дарамт зэргийг би цаашид тэсвэрлэх ямар ч тэнхээгүй болсон. Цаашид ийм байдалтай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүү С.Т, охин С.О нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна, цаашдаа гарах хүүхдүүдийн зардлыг мөн гаргуулмаар байна гэв.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийг эхэд нь өгч, хуульд заасны дагуу 2 хүүхэддээ тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би ирээдүйд гарах зардлын талаар амлах боломжгүй, гэхдээ хүүхдүүдээ өөрийн боломжоороо харж хандана гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б хариуцагч Б.С-д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
М.Б, Б.С нар 2011 онд танилцаж, гэр бүл болж 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Т, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин С.О нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0000/0000 дугаар шийтгэх тогтоолоор Б.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. /хх-12/
Гэрлэгчид нь хүү С.Т, охин С.О эх М.Б-ы асрамжинд үлдээх, хариуцагч Б.С нь хуульд засан хэмжээгээр тэтгэлэг төлөх талаар харилцан зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эцэг, эх хэдийд ч хүүхэдтэйгээ уулзахад хэн алиндаа саад хийхгүй байх үүрэгтэй байна.
Шүүх дээрх байдлуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээс дүгнэхэд гэрлэгчид нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад хоёр гаруй хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах шаардлагаас татгалзсан тайлбар гаргаж байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, мөн нэхэмжлэгч нь хүүхдүүдийн нэмэлт зардлыг гаргуулах талаар тайлбар гаргасныг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд гэрлэлтийг цуцалж, хүү С.Т, охин С.О нарыг эх Д.Болорсайханы асрамжинд үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн байх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Б.С, Ц овогт М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Нэхэмжлэгч М.Б гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дураж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Т, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин С.О нарыг эх М.Б-ы асрамжинд үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү С.Т, охин С.О нарыг эцэг Б.Стай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Бд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 15-нд төрсөн хүү С.Т, 2018 оны 8 дугаар сарын 09-нд төрсөн охин С.О нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.С-гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, хариуцагч Б.С-гаас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 59 110 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ