Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00544

 

 

2021 03 09

183/ШШ2021/00544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х С СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:А.А-д холбогдох

 

СӨХ-ийн төлбөрт 1 898 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ХС СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сууц өмчлөгчдийн холбоо нь 200 оноос нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд 00 А,Б байрны засвар үйлчилгээг хариуцан, оршин суугчдын эрх, ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Орон сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.3-т заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлөх үүрэгтэй. Хариуцагч А.А нь тус байрны 10, 11 тоотыг эзэмшин оршин суудаг боловч дээрх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 10 тоот дээр 939 600 төгрөг, 11 тоот дээр 955 200 төгрөг нийт 1 898 300 төгрөгийн өр төлбөртэй байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь ТҮК, лифтний компани, жижүүр болон цэвэрлэгчийн цалин, засвар үйлчилгээний хуримтлал гэх мэт зардалд ордог тул холбооны үйл ажиллагаа тогтвортой явагдахад хүндрэл учруулж байгаа хариуцагчаас яаралтай төлбөрийг гаргуулах шаардлагатай байна. Иймд хариуцагчаас ХС СӨХ-ны төлбөрт 1 894 800, нотариатын зардал 3 500 төгрөг нийт 1 898 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргаж ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХС СӨХ хариуцагч А.А-т холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 1 898 300 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ХС СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... А.А нь Хан-Уул дүүргийн 0 хороонд байрлах 00 дугаар байрны 00 болон 00 тоотын өмчлөгч бөгөөд 2018 оны 10 сараас 2020 оны 12 сарыг дуустал 26 сарын хугацааны СӨХ-ны дундын өмчлөлийн хуримтлалын мөнгө болох 1 898 300 төгрөгийг төлөөгүй, төлөхийг шаардсан боловч удаа дараа биелүүлээгүй... гэж тайлбарлаж, СӨХ-ны үнэ батлах тухай Удирдах зөвлөлийн тогтоол, СӨХ-ны задаргаа, Төрийн банкны нэхэмжлэх зэрэг баримтуудыг ирүүлжээ./хх-ийн 6-16/

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ХС СӨХ нь 200 онд үүсгэн байгуулагдаж, 2018 оны 06 сарын 28-ний өдөр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба 2019 оны 07 сарын 04-ний өдөр шинэчлэн бүртгэж, тус дүүргийн Засаг даргаас 18/134 дугаар гэрчилгээ олгогдсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан хуулийн дагуу байгуулагдсан СӨХ болох нь тогтоогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 100 дугаар зүйлийн 100.2.3-д зааснаар ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас хариуцагч А.А нь Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00Б байр, 00, 00 тоотод байрлах орон сууцны өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба сууц өмчлөгч нь ХС СӨХ-ны удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр 00б байрны 00 тоотын засвар үйлчилгээний зардалд 939 600 төгрөг /хх-ийн 7-11/, 11 тоотын засвар үйлчилгээний зардалд 955 200 төгрөг/хх-ийн 12-14/, нийт 1 894 800 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан ба хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх хэсэг хамаарч байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч А.А 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0014 дугаар итгэмжлэлийг Б.Х-д олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-д шүүх хуралдааны товыг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэх хэсэгт хамаарч байх тул эзгүйгээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч А.А нь СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 100 дугаар зүйлийн 100.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А-ээс 1 898 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХС СӨХ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХС СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45 322 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.А-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 45 322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХС СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ