Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

 

   2024        02         26                                   2024/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Э.Оргилбат,

  шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Б.Бид холбогдох эрүүгийн 2311 00721 1704 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овогт Б.Б, регистрийн дугаар ......................................................,

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......................... тоотод оршин суух,

Урьд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хугацаанаас өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 9-36 тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Мтай маргалдаж, улмаар тохойн тус газар заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

“Хэлэх зүйл байхгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Мын “...би 2023 оны 03 дугаар сарын эхээр /яг хэдэнд гэдгээ одоо санахгүй байна/ 20-21 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан байранд амьдардаг танил эрэгтэйгийнхээ /нэрийг нь мэдэхгүй/ гэрээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Даавка гэдэг настай ахынд /гэрийн хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй, зааж мэднэ/ танил ах Мягмардоржтой /утасны дугаарыг нь мэдэхгүй/ хамт очсон. Мягмардорж бид 2 Давка ахын гэрт очихоосоо өмнө хүн тус бүр 4 лааз пиво уусан байсан. Давка ахын гэрт ороход Давка ах, ээж нь гэх хөгшин, үл таних 2 эрэгтэй байсан ба архи уугаад сууцгааж байсан. Тэгээд Мягмардорж бид 2 нийлээд бид 5, Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Архиа уугаад би нэлээн муудчихсан байхад гаднаас 2-3 үл таних эрэгтэй /өмнө нь харж байсан ч нэрийг нь сайн мэдэхгүй/ орж ирсэн. Тэгээд тэр залуучууд орж ирчихээд юм ярьж байгаад хүмүүстэй муудалцах гээд байхаар нь би дундуур нь ороод салгах гээд Цоож гэдэг нэртэй эрэгтэйг нь цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй ширээний ард сууж байгаад над руу муухай хараад байсан. Тэгээд би хүмүүстэй юм яриад ширээний ард сууж байсан чинь Цоож босоод гал тогооны хэсэгт байдаг шургуулганы хажууд очоод зогссон. Би ерөнхийдөө Цоожийг ажиглаад сууж байсан чинь Цоож миний баруун гар талаас дайрах шиг болохоор нь зүүн гараараа хамгаалаад гараа өргөсөн чинь зүүн тохой хэсэг заазуурны ир хэсгээр нь 2 удаа цохиод хойш болсон. Цус гараад байхаар нь би цамцаа тайлаад хартал арьс нь ярагдчихсан, мах нь салбайчихсан юм шиг харагдаад байсан. Тэгээд би шууд гэрээс гараад Бааска гэдэг найзыгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй/ дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Эмнэлэг рүү Цоож, Эрдэнэбат гэх эрэгтэй хамт явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод миний зүүн тохойны яс орчимд 5 орчим оёо тавьж өгсөн. Эмнэлэг явах замд Цоож “Би саяхан шоронгоос гарсан болохоор дахиад асуудалд ормооргүй байна, өндөр настай ээжтэйгээ амьдардаг. “Хэцүү байна” гээд байхаар нь би эмнэлэг дээр очоод өөрөө шатан дээрээс тохойгоороо унасан гээд хэлчихсэн юм. Рентгенд харуулахад ясанд жижиг гэмтэл байна гэсэн болохоор гипсдүүлсэн ба 2 хоногийн өмнө гипсээ авахуулсан. Тэгээд зүүн гараа гипсдүүлчихсэн байсан бөгөөд 2 хоногийн өмнө гипсээ авахуулсан. Би Цоожийн цээж хэсэг рүү нь гараараа ганц нэг л түлхсэн. Тэрнээс биш цохиж, зодсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 3646 тоот дүгнэлтэд: “Г.Мын биед зүүн тохойд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...иргэн Г.М нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулан, заазуураар хатгуулж, эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ЙИ86021217 регистрийн дугаартай Г.М нь 2023 оны 02 сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/1617 дугаартай албан бичиг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Бийн “... хохирогч Мэндбаяр нь надтай хамт гэрт орсон хүмүүсийг танихгүй гэж ярьсан байна. Надтай орсон Батмөнхийг таньдаг байсан. Батмөнх таньдаг болоод л гэрт нь орсон. Нэг шил архи авч ороод ууж дуусаад Батмөнх намайг сууж бай гэж тэр айлд үлдээгээд дэлгүүр орохоор гарсан бөгөөд Жижгээ найз маань тасарсан байсан бөгөөд энэ найз нарыг маань нэг нь тасарчихсан нөгөөх нь гарсан байх хойгуур намайг дээрэлхээд байсан бөгөөд Батмөнх орж ирээд Мэндбаярыг “чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм. Уучлалт гуй” гэхэд дуугарахгүй суугаад байхаар нь миний уур хүрээд заазуур аваад иргүй талаар нь цохъё гэж бодож байгаад андуураад иртэй талаар нь цохиод тохойнд нь зүссэн. Тэгээд хамт гэмтлийн эмнэлэг орж оёдол энэ тэр тавиулсан. Энэ хүн тухайн үед гомдол санал байхгүй. Надад эмчилгээний мөнгө өгчихөөрэй гэхээр нь би өгье гэсэн. Тэгээд би 20.000 төгрөг өгч байсан. Надад данс байхгүй болохоор дэлгүүрийн дансаар өгсөн санагдаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-48 дугаар тал/, хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 88 дугаар тал/, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги ялын тооцооны хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр тал/, Баривчлах, Цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэл /хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 9-36 тоотод үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Мтай маргалдаж, улмаар тохойн тус газар заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 3646 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанд хохирогч Г.Мыг оролцуулахаар хавтаст хэрэгт авагдсан хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхийн бичиг хүргэгчээс “ ... гэрт нь хүнгүй байсан ...” гэсэн тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан 90111492 гэсэн дугаар луу нь холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч “...тийм  хүн байхгүй, энэ дугаарыг аваад удаж байна ...” гэсэн хариу өгсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчдоос /шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч/ ирцийн талаар тусгайлан гаргах санал байхгүй гэцгээсэн тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу маргаагүй, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан нь маргалдсаны улмаас түүний биед зүүн тохойд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бөгөөд гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 161,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан төлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэгт баримтаар авагдаагүй ч гэсэн хохирогчийн эрүүл мэндтэй холбоотойгоор 80,000 төгрөгийг өгсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулж, түүний цагдан хоригдсон 40 хоногийг нийт эдлэх ялаас хасч тооцож өгнө үү ...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал болон урьд шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялд шилжүүлэн 75 хоногийн хорих ялд урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай захирамжаар Б.Бид шийтгэсэн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн биечлэн эдлэх ялыг 10 жил 09 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үлдэгдэл ял болох 2 жил 29 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 104 /нэг зуун дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэснийг,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн Б.Бийн биечлэн эдлэх ялыг 10 жил 09 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд түүний ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үлдэгдэл 2 жил 29 хоногийн ялтай болох нь хавтаст хэрэгт авагдсан хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 88 дугаар тал/, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги ялын тооцооны хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр тал/, Баривчлах, Цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэл /хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилсан тул,

шүүгдэгч Б.Бид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялд шилжүүлэн 75 хоногийн хорих ялд урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үлдэгдэл ял болох 2 жил 29 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн нийт бичлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “ шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан байх тул,

Шүүгдэгч Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулаагүй байх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хохирогчийг  байлцуулахгүйгээр явуулсан болно.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас “...иргэн Г.М нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулан, заазуураар хатгуулж, эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ЙИ86021217 регистрийн дугаартай Г.М нь 2023 оны 02 сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/1617 дугаартай албан бичиг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан байх тул,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.Боос 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялд шилжүүлэн 75 хоногийн хорих ялд урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай захирамжаар Б.Бид шийтгэсэн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн биечлэн эдлэх ялыг 10 жил 09 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үлдэгдэл ял болох 2 жил 29 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 104 /нэг зуун дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 2 жил 104 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Боос 161.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ