Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00545

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00545

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С С ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19.914.099,57 төгрөг, цалингийн алдангид 5.483.401,61 төгрөг, Засгийн газраас олгосон дэмжлэг 600.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 18.710.466,18 төгрөг, 2020 оны 9 сарын 10-наас 2021 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 10 614 043,58 төгрөг, алданги 1 967 985,59 төгрөг, нийт 59 113 660,46 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 8 дугаар сар 10,11,12 дугаар сар, 2020 оны 1 сараас 3 дугаар саруудын жирэмсэн амаржсаны чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 он, 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 840 000 төгрөгөөр тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдөр С С ХХК-д тушаал 00/000-аар уурхайн нягтлан бодогчоор томилогдон өдийг хүртэл санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэсдээ төлбөр, тооцоо, авлагын нягтлан бодогч ажил үүргүүдийг идэвхи санаачлагатай, нягт нямбай, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамт олноо манлайлан ажиллаж ирсэн билээ. 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр авлагын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралтаа авч дараа сард нь амаржсан. Тухайн үед жирэмсний амралт авахдаа ажилд буцаж орох өргөдлөө 2020 оны 3 дугаар сарын 01 гэж өгч байсан хэдий ч ар гэрийн асуудлаар 4 дүгээр сарын 01 гэж хойшлуулж байсан. Ийнхүү 2020 оны 04 дүгээр сарын 01-нд хүүхдээ харах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтээ илэрхийлж өргөдлөө өгөн шийдүүлэхээр удаа дараа хандсан боловч чирэгдүүлэн санаатайгаар хойшлуулсаар 2020 оны 9 дүгээр сарын 10-нд ажилд буцаан томилох 00/000 дугаар тушаал гарч сул зогсолтод оруулсан гэж мэдэгдсэн. Авлагын нягтлан бодогчийн ажил үүрэг тасралтгүй явагдаж байгаа бөгөөд энэ ажлын байр нь сул зогсолтонд ороогүй гэж үзэж байгаа ба сул зогсолтод оруулсан гэж ажил хийлгээгүй 60 хувиар цалин олгож байсан тул энэ хугацааны цалингийн зөрүү 40 хувийг гаргуулна. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 19 914 099.57 төгрөг, 2020 оны 4 сарын 01-нээс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлсний алданги 5 483 401.61 төгрөг, Монгол улсын засгийн газрын дэмжлэг 4,5,6 дугаар саруудад ажилчдад олгосон 600 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 18 710 466.18 төгрөг, 2020 оны 9 сарын 10-ны өдрөөс 2021 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 10 614 043,58 төгрөг, алданги 1 967 985.59 төгрөг, нийт 59 113 660.46 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх мөн  2019 оны 8 дугаар сар 10,11,12 дугаар сар, 2020 оны 1 сараас 3 дугаар саруудын жирэмсэн амаржсаны чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 840 000 төгрөгөөр тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч С С ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид авлагын нягтлан бодогч ажилтай Б.Ц нь 2019.7.24-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан бөгөөд 2019.10.26-ны өдрөөс 2020.03.01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ өгсөн байна. Түүний хүсэлтийн дагуу дурдсан хугацаанд хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалыг 2019.9.16-ны өдөр гаргасан. Мөн Б.Ц нь 2020.03.02-ны өдөр хүүхэд асрах чөлөөг 2020.4.16-ны өдөр хүртэл сунгах хүсэлтээ өгсөн тул чөлөөг сунгасан. С С ХХК-ийн хувьд 2020 он гарснаар компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжиж, 2020.04 .01-ний өдрөөс 2020.6.01-ний өдөр хүртэл албан ёсоор сул зогсолт зарласан. Энэ хугацааг дараа нь 2020.8.03-ны өдөр хүртэл сунгасан. Б.Ц нь дээрх сул зогсолтын хугацаатай давхцан ажилдаа орох хүсэлтээ өгсөн тул сул зогсолтын хугацаанд түүний хүсэлтийг хүлээн авч, ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй талаар түүнтэй уулзаж тайлбарласан. Ингээд Б.Ц нь сул зогсолтын хугацаа дууссаны дараа буюу 2020.9 сард өөрийн биеэрээ ирж ажилдаа орох хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг 2020.9.10-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн тогтоосон. Дэлхий нийтээр COVID-19 өвчин гарсантай холбогдуулан компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, 470 орчим ажилтнаа 230 хүртэл багасгаж ажлаас чөлөөлсөн, түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу 0-12 настай хүүхэдтэй эхийг гэрээс нь ажиллуулах шийдвэр гарсантай холбогдуулан бага насны хүүхэдтэй эх Б.Ц-ыг 60 хувиар цалинжуулж, сул зогсолтод оруулсан. Энэ талаар танилцаж гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгчийн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х тус компанид хяналт шалгалтыг 2020.9.14-ний өдөр явуулсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт бус шалгалтыг 2020.9.14-ний өдрөөс эхлэн тус тус хэрэгжүүлсэн. Дээрх хоёр шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн гомдлыг давхар хянаж шалгалтыг хийсэн боловч С С ХХК-ийг хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй болохыг тогтоосон. Мөн 2019 оны 8 дугаар сар 10,11,12 дугаар сар, 2020 оны 1 сараас 3 дугаар саруудын жирэмсэн амаржсаны чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 840 000 төгрөгөөр тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг заалтыг Б.Цын тухайд хамааралгүй заалт юм. Бас Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг 4,5,6 дугаар саруудад ажилчдад олгосон 600 000 төгрөг гаргуулна гэх шаардлага үндэслэлгүй бөгөөд ажил хөдөлмөрөө эрхлээгүй хүнд хамаарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн цалингийн алданги гаргуулах, сэтгэл санааны хохирол гаргуулах, цалингийн зөрүү гаргуулахаар шаардсан шаардлагууд бүгд үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааныг нарийвчлан заасан байдаг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дээрх заалтад хамаарахгүй тул энэхүү нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш юм. Мөн нэхэмжлэгч тал 2020.4 сараас 2020.9.10-ны өдөр хүртэл ажил олгогч талтай хөдөлмөрийн харилцаанд ороогүй тул энэ хугацааны цалин хөлсийг юунд үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид 2020 оны 9 сарын 10-ны өдрийн 00/000 дугаар тушаалаар Б.Цыг ажилд нь томилсон, одоо ч энэ ажлын байрандаа сул зогсолтод ороод цалингаа 60 хувиар авч байгаа гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч С С ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19 914 099,57 төгрөг, цалингийн алдангид 5 483 401,61 төгрөг, Засгийн газраас олгосон дэмжлэг 600 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 18 710 466,18 төгрөг, 2020 оны 9 сарын 10-наас 2021 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 10 614 043.58 төгрөг, алданги 1 967 985.59 төгрөг, нийт 59 113 660.46 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 8 дугаар сар 10,11,12 дугаар сар, 2020 оны 1 сараас 3 дугаар саруудын жирэмсэн амаржсаны чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 он, 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 840 000 төгрөгөөр тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг даалгахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын 2020 оны 4 сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорт 19 914 100 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг  даалгах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь С С ХХК-д 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 00/000 тоот тушаалаар уурхайн нягтлан бодогчоор 3 сарын туршилтын хугацаагаар томилогдон  ажиллаж байгаад авлагын нягтлан бодогч болсон байх ба 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 01/392 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 10 сарын 26-ны өдрөөс 2020 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөг олгосон болох нь, түүнчлэн уг хугацааг 2020 оны 04 сарын 01-нийг хүртэл сунгасан болох нь зохигчдын тайлбар болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 01/392 тоот гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-9/

2020 оны 4 сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговор гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020.04.01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ илэрхийлж өргөдлөө өгөн шийдүүлэхээр удаа дараа хандсан боловч чирэгдүүлэн санаатайгаар хойшлуулсаар 2020 оны 9 дүгээр сарын 10-нд ажилд буцаан томилох 00/000 дугаар тушаал гарсан боловч ажлыг эрхлүүлэлгүйгээр сул зогсолтод оруулсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж, улмаар ажилдаа орох тухай хүсэлтийг хариуцагч байгууллагын хүний нөөцийн хэлтэст 2020.04.01-ний өдөр бичгээр гаргаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч С С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00/000 дугаар тушаалаар Б.Цыг ажилд нь эргүүлэн томилсон болох нь тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч тал ...2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00/000 дугаар тушаалаар Б.Цыг ажилд нь томилсон бөгөөд COVID-19 өвчинтэй холбогдуулан компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу 0-12 настай хүүхэдтэй эхийг гэрээс нь ажиллуулах шийдвэр гарсантай холбогдуулан бага насны хүүхэдтэй эх Б.Цыг 60 хувиар цалинжуулж, сул зогсолтод оруулсан. гэж тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж зааснаар хариуцагч С С ХХК нь 2020 оны 04 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Цыг Авлагын нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Б.Ц-ыг 2020 оны 9 сарын 10-ны өдрийн 00/000 дугаар тушаал гаргаж ажилд нь томилсон нь түүнийг ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр 5 сар 7 хоног болсон байх ба энэ хугацааны цалин, хөлсний олговрыг шаардах эрхтэй.

 

Иймд Б.Ц-т ажилгүй байсан 5 сар 7 хоногийн олговорт 19 914 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц-ын цалинг түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 3 744 503 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 5 сар 7 хоногийн /3 744 503:21,5= 174 163 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 19 914 100 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Бусад шаардлагуудын тухайд:

а/ Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 18 710 466,18 төгрөг, цалинг хугацаандаа олгоогүйн алданги 7 451 388 төгрөг гаргуулах, шаардлагын үндэслэлээ ...Монгол Улсын Засгийн газраас 4,5,6 дугаар саруудад ажилчдад сарын 200 000 төгрөгийн дэмжлэг олгосон ба нийт 600 000 төгрөгийг гаргуулна. Мөн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлэхгүй байснаас сэтгэл санааны дарамтад орж их хохирсон. Энэ хохирлоо ажилгүй байсан хугацааны цалингаар тооцож, нэхэмжилсэн. Сул зогсолтод оруулсан гэж байгаа боловч энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй, миний ажлын байр болох авлагын нягтлан бодогчийн ажил үүрэг тасралтгүй явагдаж байгаа бөгөөд энэ ажлын байр нь сул зогсолтонд ороогүй гэж үзэж байгаа ба сул зогсолтод оруулсан гэж ажил хийлгээгүй 60 хувиар цалин олгож байсан тул энэ хугацааны цалин зөрүү 40 хувийг гаргуулна. гэж тайлбарласныг хариуцагч тал Б.Ц нь ажил үүргээ гүйцэтгээгүй байсан бөгөөд энэ дэмжлэгт хамаарахгүй, сэтгэл санааны хохирол болон цалингийн зөрүү гаргуулах шаардлага үндэслэлгүй. Манай байгууллага COVID-19 өвчинтэй холбогдуулан компанийн ажилчидыг сул зогсолтод оруулж ажиллуулж байгаа бөгөөд үүнийг Б.Ц-т танилцуулж, гарын үсэг зурсан гэж тайлбар гаргаж, маргаж байна.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн цалинг хугацаандаа олгоогүйгээс алданги тооцож гаргуулна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4.-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно. гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь ажлын байрандаа ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа ажилтны цалинг тогтоосон хугацаанд олгоогүйгээс хариуцлага тооцох зохицуулалт байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд алданги 7 451 388 төгрөг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй юм.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийг ажилд нь авч ажиллуулаагүйгээс түүний сэтгэл санаа болон бусад байдлаар хохирсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, энэ талаараа нотлоогүй тул сэтгэл санааны хохиролд 18 710 466,18 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

б/ Нэхэмжлэгч Б.Ц нь Засгийн газраас олгосон дэмжлэг 600 000 төгрөг гаргуулах болон 2020 оны 9 сарын 10-наас 2021 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 10 614 043,58 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 8 сараас 2020 оны 4 сар хүртэлх жирэмсэн амаржсаны чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 он, 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 840 000 төгрөгөөр тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагуудынхаа үндэслэл болгож Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 он, 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг холбогдох байгууллагуудаас гаргуулж ирүүлсэн байх ба уг хэлэлцээрүүдийн 3.2-т Уул уурхай, хүнд үйлдвэрүүдийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. гэж заасан байх ба энэ нь тухайн ажил олгогч ажилтандаа олгох цалингийн хэмжээг дээрхээс багагүй байхаар тогтоосон заалт гэж үзэхээр байх ба нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. /хх-ийн 143-159/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн З дугаар зүйлийн З, Монгол улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Журам батлах тухай 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам 2-ийн в-д хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө гэж зааснаар ажил олгогч С С ХХК нь дээрх журамд заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Б.Цын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд тухайн үед мөрдүүлж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалыг төлж, дэвтэрт бичилт хийсэн болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх ба үүнийг ажил олгогчийг хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн дэлхий нийтээр тархсан COVID-19 цар тахалтай холбогдуулан Засгийн газар болон Улсын Онцгой комиссын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ...жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирлагад даалгасугай. гэж шийдвэрлэсэн ба дээрх байдал нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Дээрх нөхцөл байдлуудаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон, хязгаарласан, эсхүл хөл хорио тогтоосонтой холбоотойгоор борлуулалт огцом буурсан зэргээр ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар компанийн үйл ажиллагаа доголдсон, ажилтан ажиллах боломжгүй болсон бол үүнийг сул зогсолтод хамааруулж,  уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, эсвэл түүнээс дээш байхаар тооцож сул зогсолтын олговрыг тооцон олгосон С С ХХК-ийг ажилтны эрхийг хязгаарласан, зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, ажил олгогч нь эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль тогтоомжид нийцүүлэн ажилчидаа сул зогсолтод хамруулсныг буруутгах боломжгүй бөгөөд Б.Ц нь бага насны хүүхэдтэй эх байх тул уг арга хэмжээнд хамааруулж, сул зогсолтод оруулсныг түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

 

Мөн хариуцагч тал ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааныг нарийвчилан заасан байдаг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дээрх заалтад хамаарахгүй тул энэхүү нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш. гэх тайлбар гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ., мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Цын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь урьд эрхэлж байсан ажилд нь авч ажиллуулаагүйгээс үүссэн маргаан байх тул шүүх дээрх хуульд заасан үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Б.Цт ажилгүй байсан хугацааны цалинд 19 914 100 төгрөгийг хариуцагч С С ХХК-иас гаргуулан олгож, Б.Цын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг С С ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын Засгийн газраас олгосон дэмжлэг 600 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 18 710 466,18 төгрөг, 2020 оны 9 сарын 10-наас 2021 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 10 614 043,58 төгрөг, алдангийн нийт 7 451 388 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 4 сарыг хүртэлх жирэмсэн амаржсаны чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 он, 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн дагуу 840 000 төгрөгөөр тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 294 045 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Ж.СЭМЖИД

Д.ЭНХЦЭЦЭГ