| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрпүрэвийн Жаргалсайхан |
| Хэргийн индекс | 133/2018/0031/и |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 13
О-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар шийдвэртэй,
О-ийн нэхэмжлэлтэй, Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлоор 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газар жолооч, хүргэгч, харуулын ажилд орсон. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хүргэгч, жолооч болж 2017 оны 6 дугаар сарын 16-наас механик жолоочоор томилогдон ажилладаг болсон. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 5-нд Цээл сумруу хөлсөнд явсан. Яваад иртэл бензин, масло их зарцуулсан. Ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаагүй. Ажил ч завсардуулж үзээгүй. Би энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир Монгол шуудан ТӨХК-ний Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тушаалыг хүчингүй болгож, О намайг Монгол шуудан ТӨХК-ний Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү. Ажиллах хугацаанд би Цээл сум, Алтайн хүдэр рүү явсан. Тэгэхэд машин тэрэг эвдрээд цас ихтэй хүйтэн байсан. машин эвдэрэхээр нь Ж.Амартүвшин дарга руу утсаар хэлэхэд чи ямар арчаагүй новш вэ? засаад явж чадахгүй гэж над руу зандарсан. Миний унаж явдаг машин 08-42 ГАА улсын дугаартай пургон маркийн машин байгаа. 1998 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд орж ирсэн. Би 4 дэх жолооч нь байгаа юм. Энэ машин элэгдэлд орсон байх. Тэгээд би Цээл сумын Алтайн хүдэрт 3 сар ажиллах гээд очиход миний машин эндээс гараад Цээл сумын төв дээр очоод эвдэрч хувиарлах гол нь эвдэрсэн байсан. Би дарга руу ярьж тахир гол, хувиарлах гол захиж авч засаад Цээл сумын Алтайн хүдэрт хуваарийн дагуу ажилласан. Тэгэхэд дарга нь танай энэ машин тэнцэхгүй. Танайх ийм машин яаж явуулдаг юм гэхээр нь би 2 сар ч гэсэн явъя гэхэд манайх хувьд гарах гэж байна. Танай машиныг ажиллуулах боломжгүй болж байна гэсэн. Тэгэхэд миний машины бөгс нь эвдэрчихсэн байсан. Би бөгсийг нь захиж авхуулахад Ж.Амартүвшин дарга 37 шүдтэй араа өгч явуулсан байсан. Машиндаа тавихад тохироогүй. Тэгэхэд нь би хагас голоо сугалаад зөвхөн урд талаараа явсаар байгаад 11 сарын эхээр ирсэн. А дарга наадах чинь таарч тохирдог юм гэсэн. Би энд хүнээр засуулах гэтэл тохироогүй. Би өөрөө 250.000 төгрөгөөр хувиасаа бөгс авч тавьсан. Дараа нь Цээл сумын Алтайн хүдэр рүү жолооч нарыг нь авч явсан. Тэгээд Мааньтын хөтөл дээр цасанд суугаад 3 цаг ухаж байж машинаа цаснаас гаргаж аваад цаашаа Цээл рүү явсан. Цээл дээр очоод миний машины бензин дууссан. Би А дарга руу яриад бензин дуусчихлаа одоо яах вэ? гэхэд чи өөрөө наанаасаа хүн ол гэсэн. Би хүн олъё гэж бодоод 2 хоноход хүн олдоогүй. Тэгэхэд А дарга над руу буцааж яриад хойшоо Бугат руу Бор булаг гэдэг газар руу яв. Би тэндээс мал ачих гэж байна гэсэн. Тэндээс А дарга 35 литр бензин хийж өгөөд Бор булаг ороод Бор булгаас мал ачаад явсан. Миний машины нум аймагт орж ирэхэд хугарсан. Тэгээд намайг ажлаас халсан. Одоо би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилдаа эргэж ормоор байна. Манайх ам бүл тавуулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би ганцаараа ажил хийдэг. Манай эхнэр ажил хийдэггүй. Би Ховд аймгийн Мөст сум руу 2 хүнтэй явсан. Тэгээд миний машин газрын өөд явж байгаад цээж утас шатаж эхэлсэн. Тэгэхээр нь галын хор хайхад миний машинд галын хор байхгүй байсан. Би нягтлан, нярав хоёрт галын хор авъя гэхэд гражинд ажилладаггүй галын хорнууд байсан. Галын хоргүй юм байна гээд үзлэгээр ороход галын хор авч өгөөгүй. Мөн ослын зогсолтын тэмдэг байхгүй. Би өөрөө зогсоогоод буугаад бүх цээж утаснуудыг салгаад гал унтрааж утаснуудаа тасалсан. Тэгээд би даргад галаас болоод жанам нь шатчихжээ гэхэд чи чинь ямар арчаагүй пизда вэ? гэж намайг зэмэлсэн. Тэгэхэд нь би ийм, ийм зүйл боллоо. Би хоёр эмэгтэй хүнтэй явж байсан учраас тус болоогүй. Ховд аймгийн шуудангийн дарга руу ярьж цээж утас захиж авахуулсан. Ховд аймгийн Мөнх хайрхан сумаас жанамыг нь авлаа гэж хэлээд мөнгийг нь эндээс шилжүүлээд наашаа ирсэн. Цээл рүү явсан хоёр хүний зардлыг өөрсдөө очоод өгье гэсэн. Тэгээд Цээл сумын Алтайн хүдэрт хүргэж өгчихөөд хоёр хүний зардал 50.000 төгрөг авсан. Эндээс нэг хүнийг 25.000 төгрөгөөр авч явдаг. Цээл сум руу ороод машины маслоны улаан гэрэл ассан. Тэгээд яагаад маслоны гэрэл асчихав гээд масло үзээд тэндээс масло авч хийхээр болсон. Надад өөрт томилолтын мөнгө гаргаж өгөөгүй. Өөрт мөнгө байхгүй байсан болохоор тэр зардлын мөнгөнөөс авсан. Цээл сумын шууданчийг явуулаад 5 литр 8000 төгрөгийн үнэтэй масло, 3 литр тосол авхуулсан. Тэгээд ирээд хоёр хүний зардал ийм ийм зүйлд зарцууллаа гэж дарга, нягтланд хэлсэн. Надад сахилгын хариуцлагын талаар хэлж өгөөгүй. Би тэр болгон архи уугаад байдаггүй. Баяр ёслолын үеэр уудаг. 2017 оны 03 дугаар сарын 17-нд орилж янз бүрийн авир гаргаагүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд механик жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тайлагнуулах нэхэмжлэлийг хүргүүлсэн байна. О нь ажилдаа хайнга хандаж, удаа дараа ажлын цагаар ажлын байранд согтуу ирж жижгээр танхайрсан.
1. 2017 оны 03 дугаар сарын 17-нд 15 цагийн орчимд согтуу ирж агсам тавин орилж, хашгирч байсныг жолооч А.Баатараар гэрт нь хүргүүлсэн. Энэ зөрчилд нь 2017 оны 03 дугаар сарын 22-нд бүх ажилчдыг байлцуулан зөвлөмж өгч, аман сануулах арга хэмжээ авсан.
2.2017 оны 7 дугаар сард Ховд аймгийн Мөст сумруу 7 хоногоор хөлсөөр явуулсан боловч автомашины бүрэн бүтэн байдал, үзлэг үйлчилгээ хийгээгүйгээс олон хоног саатаж 230.000 төгрөгийн төлөвлөгдөөгүй сэлбэгийн зардал гаргасан.
3. 2017 оны 9 дүгээр сард Алтайн-Хүдэр ХХК-нд гэрээгээр явуулсан боловч урсгал засвар болон засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс олон хоног саатан байгууллагад их хэмжээний сэлбэгийн зардал хэтрүүлэн, Алтайн-Хүдэр ХХК-тай хийсэн гэрээг тасалдуулсан учир 2017 оны 9 дүгээр сарын 21-нд байгууллагын даргын 12 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан.
4. 2017 оны 12 дугаар сарын 21-нд 13 цаг өнгөрч байхад ажлын байранд согтуу ирсэн.
5. 2018 оны 01 дүгээр сарын 5-нд Цээл сум руу шууданд явуулсан. Шатахууны нормыг өвлийн цагийн байдлын норм болох 100 км 20 литр шатахуун зарцуулахаар тооцон 140 л бензин өгч явуулсан боловч 320 км буюу Цээл сумын төвд очоод бензин дууссан гэсэн шалтгаанаар 3 хоног саатаад байсныг буцах замд нь байх Бор булаг гэдэг газраас 60 ямааны махыг 150.000 төгрөгийн бензин хувиасаа өгч байж аймагт ирүүлсэн. Мөн эндээс явахдаа 11 хүнтэй явсан боловч 9 хүний зардал болох 225.000 төгрөгийг кассанд тушаасан. 2 хүний зардал болох 50.000 төгрөгийг тушаагаагүй. Энэхүү үйлдэлээ тайлбарлахдаа Цээл сумаас масло тосол авсан. Эндээс хийж явсан масло нь асгараад очсон гэсэн тайлбар өсгөн. Дээр дурдсан зөрчлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль 40.1.4, 38.1.2, Монгол шуудан ХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 13.2 д, к заалтуудыг зөрчиж, ноцтой алдаа дутагдал гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.к-д заасан үндэслэлүүдээр О.Одонхүүг ажлаас чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлөхдөө хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзсэн. Сэлбэг материал шатахууны тооцоог хэтрүүлэн хэрэглэсэн, ажил тасалсан, орлогын төлөвлөгөө биелүүлээгүй, зорчигчийн орлогыг дутуу тушаасан, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ хүн яагаад ажилдаа тэнцдэггүй. Тавилга угсар гэсэн чинь энэ хүн чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хойно
Ч байхгүй байгаа юм байна. Түүний оронд ачаа тараа гэхэд би чадахгүй гэж хэлээд гарсан. Гараад явахаар нь дахиж дуудаж оруулж ирээд нягтлан нярав хоёрыг байлцуулаад нягтлан, нярав хоёр чи ажлаас гарна гэж хэлж болохгүй. Дотор хүргэлтийн машин дээр сэлгэж ажилла гэдэг шаардлага тавьсан. Тэгэхэд би ажил хийхгүй гэсэн. Чи тухайн машины жолооч байхдаа шатахууныг дандаа хэтрүүлэн ашигладаг байсан. Шатахууныг хэтрүүлэхгүй явна гэдэг гарын үсгээ зурж өгчихөөд энэ машин дээр сэлгээд орчих гэж хэлэхэд үгүй би ажлаасаа гарна гээд хоёр хоног ажил тасалж явсан. Удаа дараа 6 удаагийн зөрчил гаргасан болохоор би ажлаас чөлөөлсөн. Эдгээр зөрчлүүд нь ноцтой бөгөөд Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байсан. Ажлын байрны тодорхойлолтод авто машины үйлчилгээ, тосолгоо, граж зэргийг хариуцна гээд заасан байгаа. Энэ хүн Ховд аймгийн Мөнх хайрхан сум руу явахдаа надтай өөрөө утсаар яриагүй. Хүнээр дамжуулж танай машин саатсан байна гэж яриулсан. Тэгээд би Ховд аймгийн Шуудангийн дарга руу ярьж байж тэр утсыг нь явуулсан байгаа. Галын хор, ослын зогсолтын тэмдэгийн хувьд над дээр тийм зүйл ярьж орж ирээгүй. Машины бүрэн бүтэн байдлыг энэ хүн хариуцах ёстой болохоор энэ хүний хариуцлага алдсан зүйл гэж үзэж байна гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О-г Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.209.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-д олгохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар О-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.209.874 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.587 төгрөг, нийт 103.787 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Монгол шуудан ТӨХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэт нэг талыг барьсан хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлэг, мөн нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар мэдүүлгийг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой үнэн бодит талаас нь үнэлээгүй шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О нь Монгол Шуудан хувьцаат компаний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын механик-жолоочийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж, тус газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол шуудан ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 13.2 д, к-д заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн гээд үүнийгээ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын хариуцлага алдаж, төсөвлөгдөөгүй зардал гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, эзэмшиж буй техник, хэрэгслийг өөрийн буруугаас эвдсэн, хувьдаа болон бусдад ашиглуулсан, машины эд анги, сэлбэг хэрэгслийг дутаасан, сольсон гэсэн үндэслэлээр буруутгаж ажлаас чөлөөлсөнөө хууль зүйн үндэстэй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар О нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан сахилгын зөрчил давтан гаргасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байна.
Хариуцагч байгууллага Монгол шуудан ХК-ний Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсноо нотолсон хэрэгт авагдсан баримтууд болох Монгол шуудан ХК-ний Хөдөлмөрийн дотоод журам, 0842 ГАА улсын дугаартай автомашинд 2017 онд авч тавьсан сэлбэг, дагалдах зардлын тооцоо, жагсаалт, О нарт 2017 оны 9 дүгээр сард сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалын хуулбар, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тус Шуудангийн үйлчилгээний газарт ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн судалгаа зэргийг гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгч О-г ажлаас чөлөөлөхүйц хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасаныг нотолж тогтоосон баримт байхгүй байна.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тодорхой нэрлэж заагаагүйгээс гадна нэхэмжлэгч нь эзэмшиж буй тээврийн хэрэгслээ өөрийн буруутай үйлдлээс эвдсэн, хувьдаа болон гадны хүнд ашиглуулсан, ташины эд анги, сэлбэг хэрэгслийг дутаасан, сольсон, зарцуулах ёстой шатахууны нормыг хэтрүүлсэн гэх зөрчил баримтаар тогтоогдоогүй тул сахилгын арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэлзохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш .БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Т.ЖАРГАЛСАЙХАН