Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0196/З |
Дугаар | 128/ШШ2022/0507 |
Огноо | 2022-06-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0507
2022 06 22 128/ШШ2022/0507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УБ******** НҮТББ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б************, Ш.Ц
Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О*************, Э.У************
Гуравдагч этгээд: Т************* ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.А********** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О************, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*********, нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч УБ**************** НҮТББнь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан “...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар “**********” ХХК-иас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19223 метр квадрат газрыг Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуульд шилжүүлж, сургалтын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.
3. Улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 тоот захирамжаар Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуульд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 20900 метр квадрат газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байна.
4. Маргаан бүхий Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/1487 тоот албан бичгийг Т******* ХХК-д явуулсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, үйлчилгээтэй 880 айлын орон сууцны хотхоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу урд талд болон зүүн талд орц, гарц гаргах зөвшөөрлийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийж гүйцэтгэх нөхцөлтэйгөөр олгосон байна.
5. Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/59942 тоот албан бичгээр “...танайхаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг авсны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд хандсан байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б********, Ш.Ц********* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Таван богд проперти” ХХК Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл аван У*************НҮТББ-ийн төв хаалга руу чиглэсэн зүүн талын орц гарч нь сургуулийн хичээл тарах үеийн замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, бөөгнөрөл үүсгэж, сургуулийн хүүхдүүд болон багш нарын эрүүл аюулгүй орчинд ажиллаж суралцах эрхийг зөрчиж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тус сургууль нь 1992 онд Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр үүсгэн байгуулагдсан Олон Улсын сургуулийн зөвлөл, шинэ Английн сургууль ба Коллежийн холбооноос магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол Улс дахь гадаад улсын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүдийн хүүхдүүд нийт 20 гаруй улсын 224 суралцагч, 62 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн онцлогоос шалтгаалж үүсээд буй асуудлын талаар холбогдох Олон Улсын болон Дипломат албадаас удаа дараа санал, гомдол ирсээр байна. Сургуулийн нийт сурагч, ажилчдын эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаатай холбоотой уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён М**********Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.*********** хандан 2021 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн бөгөөд дээрх асуудалтай холбоотойгоор албаны шийдвэрүүд дээрээ харгалзан үзэж ажиллахыг хүссэн. Түүнчлэн Канад Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдаас энэхүү Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажил нь Сургуулийн нийт суралцагч, ажилтны эрх ашгийг зөрчиж байгаа талаар албан бичиг ирүүлээд байна. Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой байдаг. Энэхүү орц, гарц гаргах ажил нь Сургуулийн зуны амралтын үеэр шийдвэрлэгдэн, хийгдсэн байсан бөгөөд өмнө нь дурдсанчлан Сургуульд буюу батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гарах гэж байгаа талаар мэдэгдээгүй, захиргааны актыг батлахын өмнө тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Иймд Сургууль нь энэхүү захиргааны актыг гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна. Гэвч Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны зүгээс ийнхүү боловсролын байгууллагын буюу Сургуулийн эрх ашиг хөндөгдөж буй 01/1487 дугаар "Гарц гаргах тухай" шийдвэрийг гаргаж, "Т************" ХХК-д зөвшөөрлийг олгохдоо манай сургуульд албан ёсоор мэдэгдэж, санал, тайлбар авч, хуульд заасан сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй. Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Сургуулийн зүгээс энэ асуудалтай холбоотойгоор 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус энэхүү асуудалтай холбоотойгоор "Т*********" ХХК-д олгосон орц, гарц гаргах ажлын зөвшөөрлийг дахин хянан шалгаж, тус компанийн гүйцэтгэж буй барилгын орц, гарцын байршлыг өөр тийш шилжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Засаг Дарга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг болох Авто замын Хөгжлийн Газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/2206 дугаар албан бичгээр "Т********" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/926 захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан "Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам"-ын дагуу гарц гаргах зөвшөөрлийг олгосон тухай тодруулсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/5942 тоот албан бичгээр "Таван Богд Проперти" ХХК-д дээрх зөвшөөрлийг олгохдоо Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 захирамжийн 2 дугаар хавсралтын дагуу мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шийдвэрээр орц, гарц гаргах зөвшөөрлийг холбогдох дүрэм журмуудын дагуу олгосон тул сургуулийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн. Гэвч эдгээр хариу албан бичгээс үзэхэд Сургуулийн гаргасан хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүй, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна. Т******* ХХК-ийн гүйцэтгэсэн орц, гарцын ажил нь дээр дурдсанчлан манай сургуулийн нийт суралцагч, ажилчдын аюулгүй орчин амьдрах эрхийг зөрчиж, хичээл эхлэх, тарах үед замын хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлж, хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/1487 дугаар "Гарц гаргах тухай" шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, Э.У*********** нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гарц гаргах тухай зөвшөөрлийн эрх зүйн үндэслэлийн тухайд: Нийслэлийн Засаг Даргын 2017 оны А/300 дугаар захирамжаар байгуулагдсан "Авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрөл олгох үүрэг бүхий ажлын хэсэг (ажлын хэсэг) нь жил бүрийн 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний хооронд 7 хоног бүрийн Мягмар гариг бүр авто зам сэтлэх болон орц гарц гаргах хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар захирамжаар баталсан "Авто зам тохижилт, ногоон байгууламж ашиглах, хамгаалах (журам) журмын 2.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж мөн журмын 2.3-т заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер баталгаажуулж хариу өгдөг. Иймд холбогдох журмын дагуу "Гарц гаргах тухай" зөвшөөрөл олгосон албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу захиргааны шийдвэр тул нэхэмжлэгчийн "Зөвшөөрөл” албан бичгээр гарсан тул хүчингүй болгуулах шаардлага үүгээр үгүйсгэгдэж байна.
Зөвшөөрөл олгосон эрх зүйн үндэслэлийн тухайд: Т****** ХХК нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 5 орц гарц гаргуулахаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 35/А42 тоот албан бичгээр Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүсэлт ирүүлсэн.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ашиглалтын мэргэжилтэн буюу ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хүсэлтийг ажлын хэсгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн гишүүд шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зорилгоор хүсэлтэд дурдсан байршлыг газар дээр нь үзэж танилцаад батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд туссан 5 орц, гарцын барилгын урд болон зүүн талын 2 орц, гарцын зөвшөөрлийг олгож, бусад 3 орц, гарцыг барилгажилт дууссаны дараа ажлын хэсгийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн "захиргааны шийдвэр гаргахдаа холбогдох журмын дагуу явуулаагүй" гэх шаардлага нь үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөл байдалд нийцээгүй байна. Зөвшөөрлийн үйлчлэл, агуулгын тухайд: Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн гарц гаргах зөвшөөрлийг баталгаажуулсан 2021 оны 01/1487 тоот албан бичигт дурдсан гарц гаргах хугацаа заасан зохицуулалт нь тухайн гарц гаргах үйл ажиллагааг энэ хугацаанд хийж дуусгахыг үүрэгжүүлсэн зохицуулалт юм. Мөн гарц гаргахдаа холбогдох байгууллагуудын зааварчилгаа дор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу гүйцэтгэхийг дээрх маргаан бүхий актад байна. Түүнчлэн, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар Т********** ХХК-д эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр 49.3-т эрх зүйн зөрчилгүй эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах нөхцөлүүдийг заасан бөгөөд энэхүү зохицуулалтад маргаан бүхий акт хамаарахгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/300 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь “Т*********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №А/1176 тоот захирамжаар олгосон орон сууц, үйлчилгээний зориулалттай газарт барилгын үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй болно. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад зааснаар барилгын зураг төсөлд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц-гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байхыг шаарддаг. Бид энэ шаардлагын дагуу эскиз зураг боловсруулж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулсан. Уг батлагдсан эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зурагт зааснаар уг төсөлд нийт 5 орц, гарц байхаар зөвшөөрсөн. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны 01/1487 тоот зөвшөөрлийн дагуу төслийн талбайн урд болон зүүн талд нийт 2 орц-гарц гаргах зөвшөөрөл одоогоор олгоод байна. Бид барилгын ажил гүйцэтгэхдээ хүрээлэн байгаа орчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд өдөр тутам анхаарал хандуулж, хангаж ажилладаг бөгөөд дээрх орц, гарцыг гаргахдаа чанарын шаардлагуудыг хангаж, нөхөн сэргээлтийг хийсэн. Түүнчлэн барилгын талбайн зохион байгуулалтыг сайжруулж, машин механизм орж гарах урсгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн талбайн баруун хойд хэсэгт орц-гарц нэмж гаргахаар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газарт хүсэлт гаргасан боловч одоогоор зөвшөөрөөгүй байна. Хэрэв төслийн талбайн зүүн талын орц-гарцыг хаасан тохиолдолд барилгын талбайн зохион байгуулалт, үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломжгүй нөхцөлд байдалд хүрэх буюу талбайд ажиллагсад болон машин механизмын бөөгнөрөл үүсч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага алдагдах эрсдэлтэй. Бидний хувьд хөдөлмөр, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр орц гарц гаргасан нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйлдэл биш болно. Бид батлагдсан эскиз зураг, анхны төлөвлөгөөнд заасны дагуу бусад орц-гарцыг нээлгэх хүсэлтэй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
4. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна”, 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэж заажээ.
5. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГБМЗХ2020/**** дугаар бүхий Архитектур, төлөвлөлтийн даалгаврыг баталсан байх бөгөөд уг даалгавраар гуравдагч этгээд Т********* ХХК-д Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 11990.7 м2 талбайд барилга барих зөвшөөрлийг олгосон байна.
6. Дээрх архитектур, төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд гуравдагч этгээд Т ХХК-ийн 880 айлын үйлчилгээтэй, орон сууцны хотхоны орц гарц нь 5 байхаар төлөвлөгдсөн байна.
7. Улмаар тус компанийн зүгээс Улаанбаатар хотын Захирагчийн албанд хүсэлт гарган эхний ээлжид хотхоны урд болон зүүн талын орц гарцыг нээх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 300 дугаар захирамжаар байгуулагдсан Орц, гарц гаргах зөвшөөрөл олгох ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж гуравдагч этгээдэд зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/926 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын 2 дугаар зүйлд заасан “Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа”-нд нийцсэн байна.
8. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Иргэд хүлээн авах төвд ирсэн материалыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хүлээн авч Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт хэлэлцүүлнэ”, 2.3-д “Ажлын хэсэг долоо хоногт нэгээс доошгүй удаа хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэн, байгууллагын материалыг судлан газар дээр нь үзэж танилцан шийдвэр гаргаж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга баталгаажуулан хариу өгнө” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” албан бичгээр зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргах хэдий ч дээрх журам болон талуудын тайлбараас дүгнэхэд тухайн төслийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зурагт маргаан бүхий орц, гарц төлөвлөгдсөн байх тул тэр дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах, мэдэгдэх шаардлагагүй байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус зааснаас үзэхэд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зургийн дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон ажлын хэсгийн шийдвэртэй маргаагүй.
12. Түүнчлэн тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2907 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоол нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасны дагуу хүчин төгөлдөр байх тул энэхүү шүүхийн шийдвэрийг гаргасныг дурдах нь зүйтэй.
13. Дээр дурдсан нөхцлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг тус тус баримтлан У**************НҮТББ-иас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан гаргасан “...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/1487 дугаар “Гарц гаргах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА