Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 50

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэд холбогдох 201615000191 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг “Арцын” 1-45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэ. /РД: ЙД93042515/.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ч.Баярмэдтэй “үл таних хүмүүст зодуулах гээд байхад гар утасныхаа дуудлагыг аваагүй” хэмээн маргалдаж, улмаар түүнийг тонгорч унаган бие махбодид нь баруун атгаал ясны хүзүү хэсгийн хөндлөн хугарал, мөр, бугалганы зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баярмэд бид хоёр Богд сумаас ирсэн. Тэгээд 24-нөөс 25-нд шилжих шөнө айлаас гараад явж байтал хэдэн согтуу залуучууд дуудахаар нь айсан. Хөдөөний бид нар аймагт орж ирээд хүмүүст дээрэмдүүлэх, зодуулах асуудал их гардаг учраас би айгаад Баярмэд рүү утсаар залгаад хүмүүс зодох гээд байна, чи хүрээд ирээч гэхэд за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд дахиад залгатал утас нь холбогдохгүй байхаар нь зам дагаад алхаж байгаад таксинд суугаад Улаанбаатар хот руу явах байсан болохоор хот руу явах унаа хайж явсан. Унаа хайгаад байж байтал Баярмэд залгаад чи хаана байна, би Борын гэрт ирчихсэн байна гэхээр нь би Баярмэдийг чи ямар онцгүй зантай юм бэ, би хүнд зодуулчихсан бол яах юм, очлоо гэж хэлчихээд алга болчих юм гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй би тухайн такситайгаа Борын гэрийн гадаа очтол Баярмэд гараад ирсэн. Тэгээд Баярмэдийг тэр таксинд суулгаад хөдөлж яваад уур хүрээд Баярмэдийг нэг удаа ёвроод авсан. Тэгтэл Баярмэд тэр таксины жолоочийг зогс гэсэн чинь зогссон. Машинаас бууж ирээд миний хамар руу цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгтэл Баярмэд шууд зугтаад явах гэхээр нь би араас нь барьж аваад, дахиад хаяж явах гэж байгаа юм уу гээд тонгороод унагаасан чинь Баярмэд гэмтэл авсан. Тэгээд бид хоёр буцаад Борын гэрт оччихоод эмнэлэг орсон. Би найзынхаа биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Манай эхнэр төрөөд 2 сар гарантай нялх хүүхэдтэй, мөн манай эхнэр оюутан тул би хүүхдээ хардаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Биечлэн эдлүүлэхгүй ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ч.Баярмэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Богд сумаас Арвайхээр сум хүртэл 42-22 ӨВА улсын дугаартай автобусаар хүн тээвэр хийдэг юм. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Богд сумаас Арвайхээр сум руу хүн тээвэр хийж ирсэн. Тэгэхэд манай сумын Г.Мөнх-Эрдэнэ надтай хамт сумаас ирсэн. Тухайн үед Г.Мөнх-Эрдэнэ Улаанбаатар хот руу явах гэж ирсэн юм. Бид хоёр аймагт орж ирээд миний автобусыг 2 дугаар хороонд засварын газарт өгсөн. Миний автобус гийдрийн трүп нь хугарсан байсан болохоор засварт өгчихөөд тэндээсээ такси аваад бид хоёр гэр гэртээ харьсан. Маргааш өдөр нь би зах дээр ачаа ачиж байхад 14 цагийн орчимд Г.Мөнх-Эрдэнэ над дээр ирээд бид хоёр биллъярд тоголчихоод 9 дүгээр хороонд Бор гэдэг айлд очсон. Бор архи ууж байсан юм. Г.Мөнх-Эрдэнэ тэнд үлдээд би ягаан толгой руу айлд очихоор явсан. Би 6 дугаар хороонд айлд байж байсан чинь миний утасны цэнэг дуусчихсан юм. Тэгэхээр нь би машиндаа утсаа цэнэглээд Борынд шөнө 24 цагийн орчимд очсон. Миний утасны цэнэг дуусахаас өмнө Г.Мөнх-Эрдэнэ чи хаана байна гэж нэг удаа утсаар ярьсан. Тэгэхээр нь би ягаан толгойд байна гэж хэлсэн. Тэгээд миний утас цэнэг нь дууссан юм. Тэгээд машинд утсаа цэнэглэчихээд Борынд очиход Г.Мөнх-Эрдэнэ дахиад утсаар залгаад 1 дүгээр хорооны буудлын хажууд хүнд зодуулчихлаа, Чи хаана байна гэсэн. Би тэгэхээр нь Борынд байна шүү дээ амрах гэж байна гэж хэлсэн. Г.Мөнх-Эрдэнэ хүрээд очъё гэж хэлсэн. Нэг их удалгүй Борын гадаа такси барьчихсан Г.Мөнх-Эрдэнэ хүрээд ирсэн. Намайг Борын хашаанд машинаа оруулж тавих гэж байхад Г.Мөнх-Эрдэнэ ирчихээд намайг тэр таксинд суучих гэхээр нь би суусан. Гэтэл тэр такси хөдлөөд явсан. Машинд сууж явсан чинь Г.Мөнх-Эрдэнэ утсаа унтраагаад алга болчих юм, яасан том болсон юм би хүнд зодуулчихлаа чамайг зодохоос гэж байснаа нүүр лүү цохиод авсан. Тэгээд машинаа зогсоо гэсэн чинь тэр такси зогссон. Би тэгэхээр нь чи бид хоёр яасан гэж маргадаг юм гэж хэлчихээд машинаас буусан чинь араас цохиод авахаар нь би Мөнх-Эрдэнийг яаж байгаа пизда вэ гэж хэлчихээд цохиод авсан чинь Г.Мөнх-Эрдэнийн хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирээд намайг тонгороод унагаасан. Гэтэл миний баруун гар гэмтчихсэн байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг бугалгаараа хугарсан байна гэж хэлсэн. Г.Мөнх-Эрдэнэ согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч А.Баярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр би аймгийн төвөөр таксинд явж байсан. Тэгээд шөнө 24 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 9 дүгээр хороонд хүн хүргэж өгчихөөд буцаад талбай руу явж байсан чинь 1 дүгээр хорооны аюулгүйн тойргийн цаанаас зам дагаад явган явж байсан эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан чинь тэр хүн согтуу байсан. Тэгээд хот руу явах гэсэн юм, унаа байгаа болов уу гээд байсан. Би тэгэхээр нь “одоо ямар унаа байх вэ дээ гэж хэлсэн чинь нөгөө залуу “Магнай Трейд” шатахуун түгээх станц хүргээд өгөөч” гэхээр нь тухайн шатахуун түгээх станц дээр хүргэж өгсөн чинь хамт зогсож байгаад унаанд суулгаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би хамт зогсож байгаад унаа ерөөсөө олдохгүй байсан чинь нөгөө хүн пост хүргээд өгөөч хэдээр явах уу гэхээр нь 15000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Гэтэл тэр залуу арай үнэтэй байна гээд 9000 төгрөгөөр явахаар болсон. Тэгээд тэр залууг пост хүргэж өгсөн чинь дахиад унаа олдоогүй, буцаад тэр залуутай хамт аймагт ирсэн. Ирэх замдаа тэр залуу нэг хүнтэй утсаар яриад хэрэлдээд байгаа бололтой байсан. Тэгээд 9 дүгээр хороонд айлын гадна очоод нэг хүн миний машинд суулгасан. Тэгээд хөдөл гэхээр нь хөдөлсөн чинь тэр машинд суусан хүнтэй нөгөө залуу маргалдаад байсан. Мөн нэг удаа тэр залууг нөгөө согтуу залуу цохиод авч байгаа бололтой байсан. Тэгээд жаахан явж байгаад Гарьд гэдэг дэлгүүрийн урдхан талд буусан. Тэр хоёр буухдаа маргалдаад буусан. Би танихгүй хүмүүс болохоор хөдлөөд явсан. Миний машинаар таксидсан халамцуу залуу нөгөө сүүлд нь суусан залуугаа машинд суусан хойно нь лав нэг удаа цохиод авч байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч А.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багын 1-15 тоотод байдаг юм. Манай гэрээр Богд сумаас ирсэн хүмүүс байнга орж гардаг юм. Тэгээд 2016 оны 05 сарын 25-ны өдөр 18 цагийн орчим байх намайг гэртээ байж байхад Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр орж ирсэн. Тэгээд удалгүй Ч.Баярмэд нь манайхаас яваад өгсөн. Харин Г.Мөнх-Эрдэнэ манайд үлдээд 1 шил архи уучихаад жаахан байж байгаад явсан. Тэгээд шөнө 24 цагийн орчимд намайг гэртээ унтаж байсан чинь хаалга дуугараад хүн ороод ирсэн чинь Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр хамт манайд орж ирсэн. Ч.Баярмэд мөрөө мулталчихлаа гээд орж ирсэн. Яасан юм гэж тэр хоёроос асуусан чинь Г.Мөнх-Эрдэнэ Ч.Баярмэд хоёр хоорондоо ноцолдож байгаад ингэчихлээ гэж байсан. Тэгээд мөрийг нь барьж үзэхэд мөр нь мултраагүй, яс нь хугарсан юм шиг байсан. Тэгээд Г.Мөнх-Эрдэнэ манайд жоохон байж байгаад яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манайд үлдсэн. Өглөө нь би Ч.Баярмэдийг дагуулаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв орж үзүүлсэн чинь Баярмэдийн баруун гарын яс нь хугарсан байна гэж  \байсан. Тэгээд Баярмэд хот руу явж мөрөө хадуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Гэрч С.Мягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Арвайхээр сумын 9 дүгээр багийн 1-15 тоотод байдаг юм. Манайхаар Богдын хүмүүс байнга орж гардаг юм. 2016 оны 05 сарын 25 ны өдөр 18 цагийн орчим нөхөр бид хоёрыг гэртээ байж байхад Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр орж ирсэн. Тэгээд удалгүй Ч.Баярмэд нь  манайхаас яваад өгсөн. Г.Мөнх-Эрдэнэ манайд үлдээд 1 шил архи уучихаад жаахан байж байгаад явсан. Тэгээд шөнө 24 цаг 30 минутын орчимд унтаж байсан чинь гэрт хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Ч.Баярмэд мөр мултарчихлаа гээд манайд ороод ирсэн байсан. Манай хүн мөрийг барьж үзчихээд мултраагүй байна хугарсан байх гээд байсан. Тэгээд удалгүй Г.Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манай гэрт хоноод маргааш нь эмнэлэг орж үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гэж байсан.Тэгээд Ч.Баярмэд хот явж хугарсан гараа хадуулж ирсэн. Тэр хоёр манай гэрт лав ноцолдоогүй гаднаас л гар нь хугарчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 05 сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад 14 цаг 30 минутын орчимд Ч.Баярмэд гэж залуу баруун гараа гэмтээсэн, мөрөө гэмтээсэн гэж үзүүлсэн. Тэгээд рентген зурагт харахад баруун гарын атгаал чөмөг “Буглаганы яс” нь хүзүү хэсгээрээ хугарч зөрсөн байсан. Тэгээд тухайн хүнд шинжилгээ хийлгэх бичиг хийж өгсөн. Ч.Баярмэдийн гар хугарсан гэмтэл нь наад зах нь 3-6 сарын хугацаанд эрүүл мэндийг алдагдуулах гэмтэл байсан. Цаашаа ямар хугацаанд эдгэхийг мэдэхгүй эмчилгээнээс шалтгаалах байх. Тухайн

хугарсан гараар юм хийж болохгүй. Гар нь хэзээ эдгэхийг тодорхой хэлж мэдэхгүй,
эмчилгээнээс шалтгаалах байх. Ч.Баярмэдийн баруун гарын хугарал нь шинэ гэмтэл
байсан, ямар нэгэн хуучин гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Богд сумаас Арвайхээр сум руу сумынхаа найз Баярмэдтэй автобусаар нь ирсэн. Аймгийн төвд орж ирээд бид хоёр Баярмэдийн автобусыг гидр нь болохгүй байхаар нь ахынх нь хашаанд тавьчихаад такси аваад гэр гэр рүүгээ явсан. Маргааш нь би зах дээр очиход Баярмэд автобусаа янзалчихсан захын хажууд дэлгүүрээс бараа ачиж байсан. Би очиж бараанаас нь ачилцаад дууссаны дараа бид хоёр биллъярд тоголсон. Тэгээд Баярмэд 9 дүгээр хороонд айлд очье гэхээр нь хамт яваад Бор гэдэг айлд очсон. Бор эхнэртэйгээ архи ууж байсан юм. Тэгтэл Баярмэд бараагаа өөр машинд шилжүүлж аччихаад ирье гээд намайг хаячихаад яваад өгсөн. Баярмэдийг явахаас нь өмнө намайг хот явах унаанд суулгаж өгөөрэй гэж хэлсэн юм. Би тухайн үед хот руу явах гэж байсан. Тэгээд 40 орчим минутын дараа залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд Борынхоос гараад хот явах унаа хайхаар явж байтал 9 дүгээр хороонд хэдэн согтуу залуучууд дуудаад байхаар нь Баярмэд рүү дахиад залгатал утсаа авсан. Утсаа авангуут нь би 9 дүгээр хороонд алхаад явж байна. Хэдэн согтуу залуучууд зодох гээд байна, чи намайг хурдан ирээд аваадах гэж хэлсэн. Тэгтэл Баярмэд за гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй дахиад залгатал утас нь холбогдохоо больсон. Би зам дагуу алхаж байгаад такси аваад “Шунхлай ШТС” дээр ирж зам дагуу хот руу явж байгаа унаа хайсан юм. Тэндээс унаа олдохгүй байхаар нь аймгийн зүүн талын пост руу явж мөн хот руу явах унаа хайсан боловч олдохгүй байхаар нь буцаад аймгийн төв рүү орж ирж явтал Баярмэд залгаад би машинаа тавих гээд Борынд ирчихсэн байна, чи хаана байна гээд залгахаар нь би пост орчихоод унаа олдохгүй болохоор нь буцаад ирж байна, чи түрүүн яагаад утсаа салгаж байгаа юм. Би хүнд зодуулахаа алдсан гэж хэлсэн. Тэгээд Борын гадаа очтол Баярмэд гараад ирсэн. Миний сууж явсан таксинд Баярмэд суусан. Би тэгэхээр нь Баярмэдэд чи ирэхгүй байсан юм бол яах гэж за гэж хэлсэн юм. Би тэр залуучуудад чамайг хүлээж байгаад зодуулчихвал яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд Баярмэдэд гомдоод бие рүү нь ёворсон юм. Тэр үед миний сууж явсан машиныг би хөдөл гээд бид хоёр явж байсан юм. Гэтэл Баярмэд бууя гэхээр нь бууж яах гээд байгаа юм яасан хөгийн залуу вэ, ахиад намайг хаяж явах гээд байгаа юм уу гээд дахиад ёворсон чинь Баярмэд машинаас буунгаа миний нүүр лүү цохиод авсан чинь хамраас цус гоожсон. Тэгээд Баярмэд цаашаа явахаар нь араас нь барьж аваад тонгороод унагаасан чинь Баярмэд гар эвгүй болчихлоо гэхээр нь би түшээд босгосон чинь Баярмэдийн гар эвгүй болсон байсан. Би Баярмэдэд гомдоод цохиод авсан чинь зөрүүлээд намайг цохиж аваад хамраас цус гаргасан. Тэгэхээр нь барьж аваад тонгорч унагаасан чинь гар нь хугарсан. Би халамцуу байсан, Баярмэд эрүүл байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

            Гэрч Н.Далайцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Мөнх-Эрдэнэ бид хоёр арван жилдээ нэг ангид сурч байсан юм. Г.Мөнх-Эрдэнэ нь төлөв даруу зантай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Хааяа найз нөхөдтэйгөө л жаахан уудаг, архи уухаараа агсам согтуу тавиад, хүнтэй маргаад байдаггүй. Нийтэч зантай, яриа хөөрөө сайтай, найз нөхөд, нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, даруухан, хөөрхөн ааштай залуу байгаа юм. Хүнд тусархуу, жаахан цочмог түргэн ууртай залуу байгаа юм. Гэхдээ хэрэг төвөгт холбогдож байгаагүй, ухаантай залуу. Сургуульд сурдаг байхдаа сурлага сайтай, анги хамт олноо манлайлдаг, ааш зан нь хувираагүй сайн залуу байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна, хүн зодоод байх залуу биш...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

            Гэрч Д.Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Мөнх-Эрдэнэ нь манай хүргэн Ганболдын хүүхэд байгаа юм. Саяхан тусдаа гарсан. Г.Мөнх-Эрдэнэ уул нь хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй, зан ааш нь хувираагүй, хүнтэй яриа хөөрөө сайтай, инээж хөхөрөөд явж байдаг сайн хүүхэд байгаа юм. Архи дарс миний хажууд хэрэглэж байгаагүй, гадуур тэнээд танхайраад байдаггүй, хүнтэй мараад зодоон цохион хийгээд байхаар хүүхэд биш. Хүүхдээрээ зантай, хүнтэй маргаад гэр орондоо элдэв зан гаргаад байдаггүй сайн хүүхэд байгаа юм. Хүнд тусархуу, гайгүй хэдэн малтай болохоор ажил гээд л явдаг юм. Аав, ээж нь ч гэсэн ааш зан сайтай, нутаг орондоо нэр хүнд сайтай хүмүүс байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

            Гэрч Ц.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүү Г.Мөнх-Эрдэнэ нь төлөв даруу зантай, хүний үгийг авамтгай, цайлган сэтгэлтэй, хүнтэй нөхөрсөг, юм л бол найз нөхөд болчихсон явдаг, элдэв хүнтэй маргаад хэрэг зөрчил гаргаад байдаггүй. Хүнд тусархуу ажилсаг хүн байгаа юм. Гэр орон, найз нөхөд, нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, сумын заан цолтой хүн байгаа юм. Миний хажууд бол огт архи, дарс хэлэглээд байдаггүй. Хувиараа наймаа хийдэг юм. Эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг, эхнэр нь оюутан. Яагаад ийм зүйл болсон талаар ойлгохгүй байна. Уг нь хүнтэй маргаад зодоон цохион хийгээд танхайраад байхаар хүүхэд биш байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дугаартай “...Өвөрхангай аймгийн ШША-ны шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан №187 тоот шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Баярмэдийн биед баруун атгаал ясны толгойн үен доторх хугарал, гэмтэл, атгаалын мөрний үенд доторх тасарсан хугарал гэмтэл нь нэг ойлголт юм. Баярмэдийн биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн хөндлөн хугарал, мөр бугалганы зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 191 хуудас/,

            Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хохирогч Ч.Баярмэдийн 2016 оны 05 дугаар сарын 28, 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 2 ширхэг рентген зургийг уншиж тайлбарыг миний бие бичиж өгсөн. Уг зураг нь баруун мөрний үеийн 2 байрлалын рентген зураг бйсан. Дээрх зурган дээр баруун бугалга ясны дээр хүзүү хэсгийн зөрүү багатай хөндлөн хугарал байсан. Бугалга ясны толгойн үен доторх тасарсан хугарал биш байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 198 хуудас/

            Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

            Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/,

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 65-66/,

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ¹06/61 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 68-69/,

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/, хүү М.Балжиннямын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59/,

            Хохирогч Ч.Баярмэдийн шүүхэд ирүүлсэн “Миний бие Г.Мөнх-Эрдэнээс хохиролд 5950000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Мөнх-Эрдэнэд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ч.Баярмэдтэй “үл таних хүмүүст зодуулах гээд байхад гар утасныхаа дуудлагыг аваагүй” хэмээн маргалдаж, улмаар түүнийг тонгорч унаган бие махбодид нь баруун атгаал ясны хүзүү хэсгийн хөндлөн хугарал, мөр, бугалганы зөөлйн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Баярмэдийн “...Намайг Борын хашаанд машинаа оруулж тавих гэж байхад Г.Мөнх-Эрдэнэ ирчихээд намайг тэр таксинд суучих гэхээр нь би суусан. Гэтэл тэр такси хөдлөөд явсан. Машинд сууж явсан чинь Г.Мөнх-Эрдэнэ утсаа унтраагаад алга болчих юм, яасан том болсон юм би хүнд зодуулчихлаа чамайг зодохоос гэж байснаа намайг нүүр лүү цохиод авсан. Тэгээд машинаа зогсоо гэсэн чинь тэр такси зогссон. Би тэгэхээр нь чи бид хоёр яасан гэж маргадаг юм гэж хэлчихээд машинаас буусан чинь араас цохиод авахаар нь би Мөнх-Эрдэнийг яаж байгаа пизда вэ гэж хэлчихээд цохиод авсан чинь Г.Мөнх-Эрдэнийн хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирээд намайг тонгороод унагаасан. Гэтэл миний баруун гар гэмтчихсэн байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг бугалгаараа хугарсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 12-13/, гэрч А.Баярын “...9 дүгээр хороонд айлын гадна очоод нэг хүн миний машинд суулгасан. Тэгээд хөдөл гэхээр нь хөдөлсөн чинь тэр машинд суусан хүнтэй нөгөө залуу маргалдаад байсан. Мөн нэг удаа тэр залууг нөгөө согтуу залуу цохиод авч байгаа бололтой байсан. Тэр хоёр буухдаа маргалдаад буусан. Би танихгүй хүмүүс болохоор хөдлөөд явсан. Миний машинаар таксидсан халамцуу залуу нөгөө сүүлд нь суусан залуугаа машинд суусан хойно нь лав нэг удаа цохиод авч байгаа бололтой байсан...” /хх-ийн 16/, гэрч А.Батзоригийн “...Шөнө 24 цагийн орчимд намайг гэртээ унтаж байсан чинь хаалга дуугараад хүн ороод ирсэн чинь Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр хамт манайд орж ирсэн. Ч.Баярмэд мөрөө мулталчихлаа гээд орж ирсэн. Яасан юм гэж тэр хоёроос асуусан чинь Г.Мөнх-Эрдэнэ Ч.Баярмэд хоёр хоорондоо ноцолдож байгаад ингэчихлээ гэж байсан. Тэгээд мөрийг нь барьж үзэхэд мөр нь мултраагүй, яс нь хугарсан юм шиг байсан. Өглөө нь би Ч.Баярмэдийг дагуулаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв орж үзүүлсэн чинь Баярмэдийн баруун гарын яс нь хугарсан байна гэж байсан...” /хх-ийн 21/, гэрч С.Мягмарын “...Шөнө 24 цаг 30 минутын орчимд унтаж байсан чинь гэрт хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Ч.Баярмэд мөр мултарчихлаа гээд манайд ороод ирсэн байсан. Манай хүн мөрийг барьж үзчихээд мултраагүй байна хугарсан байх гээд байсан. Тэгээд удалгүй Г.Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манай гэрт хоноод маргааш нь эмнэлэг орж үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гэж байсан. Тэр хоёр манай гэрт лав ноцолдоогүй гаднаас л гар нь хугарчихсан орж ирсэн...” /хх-ийн 22/, гэрч Б.Оюунбилэгийн “...2016 оны 05 сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад 14 цаг 30 минутын орчимд Ч.Баярмэд гэж залуу баруун гараа гэмтээсэн, мөрөө гэмтээсэн гэж үзүүлсэн. Тэгээд рентген зурагт харахад баруун гарын атгаал чөмөг “Бугалганы яс” нь хүзүү хэсгээрээ хугарч зөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Хохирогч Ч.Баярмэдийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дугаар дүгнэлт /хх-ийн 191/, шинжээч эмч Ц.Халтархүү, С.Чулуунсүх нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Ч.Баярмэдэд 5941000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх,  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдлууд болон түүний  хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг томографийн зургийг хохирогч Ч.Баярмэдэд буцаан олгож,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 2 толгой нас гүйцсэн тэмээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 113 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

            Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтанд өгсөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 113 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хохирогчид 5941000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг томографийн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Баярмэдэд буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 2 толгой тэмээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ