| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/04021/И |
| Дугаар | 183/ШШ2021/00014 |
| Огноо | 2021-01-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2021/00014
| 2021 01 04 | 183/ШШ2021/00014 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: Д.О
Гэрээний үүрэгт 1 596 672 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д.О-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 68 дугаар байрны 1-10 тоот 64м2 орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 800 000 төгрөгийн хөлстэй, СӨХ болон цахилгаан, халуун хүйтэн ус зэрэг ашиглалтын төлбөрийг Д.О төлөхөөр тохиролцсон юм. Улмаар Д.О нь 2 сарын түрээсийн төлбөрийг төлнө, цаашид ипотекийн зээлд хамрагдаж байрыг зогсоолын хамт 135 000 000 төгрөгөөр худалдаж авна гээж 1 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр доод айлаас танайхаас ус алдаж байна гэж утасдсаны дагуу Д.О-тай холбогдоход худлаа ярьж байгаа юм гээд тоохгүй байсан. Тэгээд очтол халуун усны крантыг хаалгүй угаалгын машиныг аваад явсан тул халуун ус хоолой дагаж гоожоод доод айл руу ус алдсан байсан. Би Д.О-тай утсаар ярьж ашиглалтын болон СӨХ-ийн төлбөр төлөх, зогсоолын төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардахад хохирлыг чинь төлнө гэх хариу өгсөн. Иймд 6, 7 дугаар сарын усны төлбөр 482 672 төгрөг, 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 73 830 төгрөг, СӨХ-ийн төлбөр 100 150 төгрөг, зогсоолын төлбөр 200 000 төгрөг, 64м2 байрны бүх обойг хуулж сольсны зардалд 740 000 төгрөг, нийт 1596 672 төгрөгийг гаргуулна” гэв.
Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Би энэ байрыг худалдаж авна гэсэн бодолтой байсан учир сантехникийн тал дээр маш их зүйл хийсэн. Гэтэл крант нь задарсны улмаас миний тавилга, эд хөрөнгөд хохирол учруулсан. Г.Э ямар зорилготой нь тодорхойгүй өдөр болгон ирж үүд хаалга тогшиж, хүүхэд айлгадаг, хаалган дээр наасан СӨХ-ийн баримтыг хуулаад авчихдаг, ахуйн хов жив хөөцөлдөж төвөгтэй байдал үүсгэдэг байсан. Миний зүгээс өөрийн ашигласан 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 73 830 төгрөг, СӨХ-ийн төлбөр 100 150 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин усны мөнгө ийм өндөр гарах ёсгүй тул төлөхийг зөвшөөрөхгүй, мөн зогсоолыг би огт ашиглаагүй тул 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, Харин надад шаардлага хангахгүй байр түрээсэлж, би өөрийн эд хөрөнгөөр хохирсон, ус алдаж, “Б ” ОСНААК-ийг дуудах болгонд 20 000 төгрөг төлдөг байсан тул хохирол 740 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг мөн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.О-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 596 672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...6, 7 дугаар сарын усны төлбөр 482 672 төгрөг, 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 73 830 төгрөг, СӨХ-ийн төлбөр 100 150 төгрөг, зогсоолын төлбөр 200 000 төгрөг, 64 м2 байрны бүх обойг хуулж сольсны зардалд 740 000 төгрөг, нийт 1596 672 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч дээрх шаардлагаас 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 73 830 төгрөг, СӨХ-ийн төлбөр 100 150 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, “...усны мөнгө ийм өндөр гарах ёсгүй, зогсоолыг огт ашиглаагүй, шаардлага хангахгүй байр түрээсэлж өөрийн эд хөрөнгөөр хохирсон тул обой сольсон зардал 740 000 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Гэрээний зүйл болсон ...... дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ 68а байрны 10 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Б , Э.А , Б.А , Б.А нар байх бөгөөд Д.Б , Э.А нараас Г.Э-д 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх боловч дээрх түрээсийн гэх гэрээ нь Г.Э, Д.О нарын хооронд байгуулагдсан байх тул тус гэрээний үүргийг Г.Э шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Г.Э, Д.О нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр зохигчид........ дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ 68а байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 800 000 төгрөгөөр түрээслүүлэхээр, ашиглалтын зардлыг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэв.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл болсон орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд хүлээлгэж өгсөн эсэхэд маргаагүй, харин 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч хариуцагч тус орон сууцыг 2 сарын хугацаанд хөлсөлсөн, нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч хохирол 740 000 төгрөг гаргуулах үндэслэлээ “...хариуцагч засвар хийх гэж байна гээд манай байрны бүх обойг хуулаад хаячихсан байсан. Түүнийг наасан ажлын хөлсөнд 450 000 төгрөг, 1 боодол обой 250 000 төгрөг, цавуу 40 000 төгрөг нийт 740 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
Орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй, энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар өөрт учирсан хохирол, эд хөрөнгийг засварлахад гарсан зардлаа шаардах эрхтэй боловч тус орон сууцны бүх обойг хуулж солих шаардлага бий болсон талаараа нотлоогүй байна.
Мөн нэхэмжлэгч авто зогсоолын төлбөрт 200 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэхүү шаардлагаа, хариуцагч усны төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэхүү татгалзлаа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.
Иймд хэрэг авагдсан Б ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/24420 дугаар албан бичгийг үндэслэж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагчаас 2020 оны 6, 7 дугаар сарын усны төлбөрт 482 672 төгрөг, 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 73 830 төгрөг, СӨХ-ийн төлбөр 100 150 төгрөг нийт 656 672 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 940 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-гаас 656 672 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 940 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ