| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03856/И |
| Дугаар | 183/ШШ2021/00030 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2021/00030
| 2021 01 11 | 183/ШШ2021/00030 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б - д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г- болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр Б.Г- нь нөхөр Ц.Б-тэй 2006 оны 7 дугаар сард танилцаж, 2007 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор бүрттгүүлсэн. Том охин Б.Н- 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, дунд охин Б.Н 2009 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн, бага хүү Б.Б- 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Анх ХХХ дүүгийн Х дугаар хороо, ХХ тоотод хоосон газар авч амьдралаа эхлүүлж байсан ба 2007 онд 8х12 хэмжээтэй хашаа, байшинтай болсон. Амьдрах хугацаандаа 2008 онд болон 2018 оны 5 сард салаад эргэж нийлсэн, 2019 онд 2 удаа, нийт 4 удаа салж тусдаа амьдарч байсан удаатай. Б.Г- нь хамт амьдарч эхэлсэн жилээсээ хийж байсан ажлаасаа гарсан. Учир нөхөр Ц.Б нь түүнийг ажилдаа явахад үргэлж дагаж мөрдөж, хардаж, хэрүүл үүсгэж, аль болох ажилд оруулахгүй нийгмээс тусгаарлаж өөрийнхөө дэргэд ажилгүй суулгах хүсэлттэй байдаг байсан болохоор арга буюу ажлаасаа гарсан байна. Нөхөр Ц.Б нь эхнэр Б.Г-ийг сэтгэл санааны дарамтанд байнга байлгасаар ирсэн ба 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш дүүгийнхээ гэрт амьдарч байгаад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс БУ-1 хороололд байр түрээслэн хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Эхнэр Б.Г нь ямар ч байгууллагад ажилд орсон байнга дагаж, утас, цүнх түрүүвч шалгадаг, цалингийн тооцоо хийдэг, авах хүсэлтэй зүйлийг нь хүртэл хориглодог. 2019 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэртээ агсан согтуу тавьж эхнэр Ганжуурмядагийг айлган сүрдүүлж, гарах гэхээр хувцасыг нь өмсүүлэхгүй, утас руу нь ойртуулахгүй тусламж дуудах боломж өгөхгүй байхад том охин Б.Н нь нууцаар ээжийнхээ төрсөн дүү Б.Ө-тай холбогдож дүү нь цагдаад мэдэгдэж баривчлуулсан байна. Нөхөр Ц.Б нь эхнэр Б.Г-тай хамт амьдрах хугацаандаа байнга эхнэрээ дагаж мөрдөж, утас шалгаж, сэтгэл санааны дарамтанд байлгадаг, гэртээ танхайрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул захиргааны арга хэмжээ авч байсан. Иймд нөхөр Ц.Б-гээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжинд авч, эцэг Ц.Б-гээс гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулах, ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ тоот хаягт байрлах хашаа байшингаас өөрт болон гурван хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би 3 хүүхдээ өөрийн асрамжидаа авахаас өөр арга байхгүй. Хариуцагч 1 400 000 төгрөгийн ажил хийдэг гэдэг нь эргэлзээтэй. Цалин гэж ярьдаггүй, цалин авч байхыг хараагүй. Угаасаа хүүхдүүдтэй сайн харьцдаггүй. Ц.Б- архи уудаг, архинд орчихсон байсан. Энэ хүнийг засаж авья гэж хэлээд том охин нь гараад тод хэмжээгээр архинаас татгалзаад явсан байдаг. Чамаас болоод найз нөхөдгүй боллоо гэж ярьдаг. Жирэмсэн байхад нь хүртэл өвлийн хүйтэнд тэргэ түрээд усанд явдаг байсан. Б-г дуудаад усаа авхуулсан энэ ажилгүй авгай гэж ярьдаг. Маш их харддаг. Ажлын газар дээр нь дайрч орж ирдэг нэгэн. Гэр бүлийн хүчирхийлл тус өдөр яах аргагүй үйлдэгдсэн байгаа юм. 2 3 хүүхдээ гаргавал гайгүй болох байх гээд найдаад байсан. Охин нь эцгийгээ дагаад ээж рүү нь явуулдаггүй. Том охин нь үлдсэн эцэгтэйгээ байдаг. Өглөөнөөс орой хүртэл гэр орондоо байдаггүй. Нэг удаа явж очиход охин нь ганцаараа хоол ундгуй байж байсан. том охиныг нь хүртэл буруу хүмүүжүүлээд эрүүгийн эрх зүйн асуудал бол 2 гаруй жил тусдаа амьдарсан. Буцаад эвлэрэх ямар ч боломж байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг талууд 40 000 000 төгрөг гэж үнэлсэн талаар маргах зүйлгүй” гэв.
Хариуцагч Ц.Б- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:”... Би агсан тавьж, хутга шүвэг гэсэн асуудал байхгүй. Зодож байгаагүй. Хардаж сэрдэж байсан нь бол үнэн. Би өөрөө засарсан. 2018 оны 02 сард тийм явдал болсон талаар би архи уугаад өглөө нь цагдаагийн газар сэрсэн. Анх удаа цагдаагийн газар очсон. Тусдаа амьдраад бараг 2 жил болж байна. Би өөрөө өөртөө дүгнэлт хийх гээд байгаа. Буцааж авчрах, эвлэрэх бодолтой байсан ч зориг хүрээгүй. Тиймээс очиж уулзаж чадаагүй. Би утас руу залгахаар миний утсыг авдаггүй байсан. Би охинтойгоо амьдарч байгаа. Хүүхдүүдээ авмаар байна. Хоол ундгүй гэж яагаад худлаа яриад байгаа юм. Би хүүхдүүдээ тэгэж дарамтлаагүй. Айж цочсон гэж худлаа яриад байна. 6 сар авч явчихаад айж зочсон гэж яриад байна. Хүүхдүүд орхиж тавьчихаад өөрөө буцаж ирээд аваад явсан. Би өөрөө орой 6 цаг гэж ирдэг. Манай 2 жоохон орой болтол хоёуулаа байдаг байсан. Манай дунд охин хоолыг нь хийдэг байсан” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Г, Ц.Б нар 2006 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Н, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Б нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид Б.Г, Ц.Б нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Н, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Б нарыг эх Б.Г-ийн асрамжид үлдээж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Н, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Б-гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Ц.Б- хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ тоот үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэдгийг зөвшөөрч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүн бүрт ногдох хэсэг болох 8 000 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Г болон охин Б.Н, Б.Н, хүү Б.Б нарт ногдох хэсэг буюу нийт 32 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 230 00 төгрөгөөр тооцож .......төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Б.Г, хариуцагч Б овогт Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Н, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Б нарыг эх Б.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Н, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 40 000 000 төгрөгийн үнэлгээтэй ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ тоот үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.Г, охин Б.Н, Б.Н, хүү Б.Б нарт ногдох хэсэг болох 32 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б-гээс гаргуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Б-, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Г- нар тус тус даалгасугай. .
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид .......... төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ