Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

2024        03          12                                   2024/ШЦТ/195

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа,

хохирогч П.Г, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт С.С холбогдох эрүүгийн 2211 01406 1726 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дархан овогт С.С, регистрийн дугаар .......................................,

Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер  мэргэжилтэй, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхэлдэг гэх, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар .............................................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................................ оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь хохирогч П.Гтай 2 кг 600 гр алтыг 428.318.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа байхдаа хохирогч П.Ггийн хүү Б.Тэлмэнгээс 2 кг 600 гр алтыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийг хохирогч П.Ггийн Голомт банкны 1605127546 дансанд шилжүүлж “үлдэгдэл мөнгийг 1 цагийн дараа шилжүүлье” гэж хуурч, хохирогч П.Гд 100.007.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 814 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд,

Улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож,  хавтаст хэргээс хохирогч П.Ггийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрч Б.Тэлмэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, гэрч Б.Батдэлгэрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, яллагдагчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дугаар тал/, С.Сын Хаан банк дахь 5018503464 дугаартай дансны хуулга, Хаан банк ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 29/7302 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 83 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаагаас: “гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууринаас оролцож, Аз хур” ХХК-ны ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаа зэргийг шинээр шүүхэд гаргаж, хавтаст хэргээс яллагдагчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дугаар тал/, гэрч Б.Тэлмэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлана гэсэн бол,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдоос: “Хохирогч П.Ггийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцоно. Хавтаст хэргээс /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, /хавтаст хэргийн 50-52 дугаар тал/, /хавтаст хэргийн 78-80 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт, дансны хуулга /хавтаст хэргийн 88-104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

Мөн хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд ...хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоож өгнө үү... гэсэн хүсэлт шүүх хуралдаанд гаргасан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.С нь:

хохирогч П.Гтай 2 кг 600 гр алтыг 428.318.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа байхдаа хохирогч П.Ггийн хүү Б.Тэлмэнгээс 2 кг 600 гр алтыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийг хохирогч П.Ггийн Голомт банкны 1605127546 дансанд шилжүүлж “үлдэгдэл мөнгийг 1 цагийн дараа шилжүүлье” гэж хуурч, хохирогч П.Гд 100.007.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

   Шүүгдэгч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний нөхөр 2007 оноос эхлэн алтны үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Хохирогч П.Г нь алтны уурхайтай учраас миний нөхөртэй 2007 оноос хойш харилцсан байдаг. Би 4 хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. “Ковид-19” тархдаг жил миний нөхөр Сингапур яваад 2 жил хөл хорионд орсон. Тухайн үед миний нөхөр “Бат-Ундрам мандах” ББСБ-тай байсан ба оффис нь 8 шаргын 8 давхарт байдаг байсан. Алтныхан ямар нэг зар тавихгүйгээр таньдаг, итгэдэг байсан хүмүүс нь миний нөхөрт ирж өгдөг байсан. П.Ггийн зараар очсон гэдэг нь худлаа мэдүүлэг. Миний нөхөр алтыг аваад сорьцлоод, хайлуулдаг ажилтантай байсан. Би нөхрийгөө байхгүй байх хооронд нь алт хайлуулдаг ажлыг нь хянах маягаар оффис дээр очдог байсан. Тухайн өдөр П.Ггийн хүү нь над руу ярьсан. Алт хайлуулах ажилтан нь ирээгүй байсан ба манай нөхрийн ах дээр хайлуулаад, сорьцлуулсан, өгөхөд бэлэн гэсэн учраас би өглөө эрт очоод авсан. Манай нөхөр их мөнгөтэй байсан учраас худалдах, худалдан авах ажиллагаа шууд явуулдаг байсан бол ББСБ нь дампуурах байдалд орсон байсан. Өөрт бэлэн мөнгө байхгүй байсан. Алт нь олон жил харьцсан итгэлтэй хүмүүс байдаг учраас алт өгөөд эргүүлээд ашиг аваад явдаг байсан. Тиймээс Б.Тэлмэнгийн өгсөн алтыг алтаа өгдөг хүндээ өгөөд эргүүлээд мөнгөө авна гэж өгсөн. Тухайн үед манай нөхөр гадаад улсаас ирсэн миний араас ирж байсан. Нөгөө хүн нь манай нөхрөөс авлагатай байсан учраас миний мөнгийг өгч чадахгүй гээд надад 100.000.000 гаруй төгрөг дутуу өгсөн. Тиймээс би өөрийн боломжоор мөнгийг нь цувуулаад өгсөн ...” гэв.

Эцсийн үгэндээ:

Анхнаасаа залилая гэж бодоогүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна.Торгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хохирогч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Петровистой 300.000.000 төгрөгийн гэрээтэй үйл ажиллагаа явуулдаг байж байгаад наадмаар амраад 7 дугаар сарын 02-ны өдөр цуглаад Петровис руу би 300.000.000 төгрөг тушаах ёстой байсан учраас би өөрийн хүүгээ тухайн алтыг өгөөрэй гээд өгөөд явуулсан. Тэгээд манай хүү өгсөн гэж хэлээд 200.000.000 гаруй төгрөг миний данс руу орж ирсэн. Үлдэгдэл мөнгө нь орж ирэхгүй байсаар байгаад мессеж бичилцэж байгаад 100.000.000 гаруй төгрөг орж ирсэн. Мөнгийг нь тушаахгүй байхаар Петровис надад түлшээ өгөхгүй байсан. Улмаар би өөрөө явж очоод бичиг хийлгэсэн. Гэтэл Петровистой хийсэн байсан гэрээ нь мөнгөө өгөөгүйн улмаас цуцлагдсан. Шүүгдэгч С.С нь надад 52.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 48.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2012 оны машиныг 80.000.000 төгрөгт бодож өгье гэхээр нь би аваагүй ба өөрсдөө зараад надад мөнгийг нь өгчих гэж хэлсэн, Хохиролоо л авмаар байна, ” гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч П.Ггийн “...Би тэр үедээ 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд байдаг “Капитал авто сервис” ХХК-нд түлш худалдан борлуулаад тэрнийхээ мөнгөний оронд байгалийн алт авч байсан. Тэгээд тэр алтаа хүүхэд хүүгээ өгөөд явуулж байсан. Тэгсэн чинь манай хүүхэд зарын дагуу алт авна гэсэн газарт нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөртөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валютын захын хажуудах өндөр байшингийн оффист Соёлзул гэх нэгэн эмэгтэйд алтаа аваачиж өгсөн байдаг. Тэгээд тэр өдөртөө 2,6 кг алт өгсөн тэгээд тэр эмэгтэй мөнгийг нь өгөхдөө яг тэр өдөртөө эхлээд 128.311.000 төгрөг өгсөн. Тэрнийхээ дараагаар нь мөн тэр өдөртөө 100.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн байдаг. Харин тэрнийхээ дараагаар нь үлдсэн мөнгөө өгөхгүй байхаар нь бид нар танайд мэдүүлэг гомдлоо гаргаж өгч байсан тул тэр эмэгтэй Соёлзул нь 2022 оны 09 дүгээр сард 90.000.000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд тэрнийхээ дараагаар нь 2022 оны 09 дүгээр сард 90.000.000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд тэрнийхээ дараагаар нь 2022 оны 12 дугаар сард дахиад 10.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 100.000.000 төгрөг үлдэгдэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч Б.Тэлмэнгийн “...Манай ээж Пүрэв овогтой Гүндэгмаа нь хувиараа шатахуун түлшний тээвэр, худалдаа, мөн алтны уурхайтай бөгөөд үйл ажиллагаа явуулдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай ээж болох П.Г нь надад хандаж 2 килограмм 600 грамм алтыг Соёлзул эгчид аваачаад өгчих гэж хэлсэн  юм. Тэгээд би тухайн алтыг нь аваад Соёлзул эгчийн ажил буюу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн хажуу талд байрлах ажлын байран дээр нь авчирч өгсөн. Тухайн үедээ 1 килограмм алтыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны ханшаар харилцан тохиролцож 428.318.000 мянган төгрөгөөр зарж борлуулахаар болсон. Тэр үед манай ээж хөдөө орон нутаг ажилтай байсан учир би явж очиж зарахаар болсон юмаа. Тэр үедээ алтаа тушаагаад 128.311.000 мянган төгрөгийг ээжийн эзэмшлийн Голомт банкны 1605127546 дугаартай данс руу хийлгэсэн. Үлдэгдэл болох 300.000.000 сая төгрөгийг 1 цагийн дараа шилжүүлье гээд надад хэлэхээр нь би итгээд яваад өгсөн. За тэгээд товлосон цаг нь өнгөрчихөөд байхаар нь би залгасан бөгөөд 100.000.000 сая төгрөгийг манай эхнэр болох Ачитмаагийн Хаан банкны 5000791834 дугаартай данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл мөнгөө авах гээд манай ээж хэд хэдэн удаа залгасан байсан бөгөөд мөнгийг нь тэгэж байгаад өгье гэх мэтээр хойшлуулсаар яваад байгаа юм байна лээ. Сүүлд манай ээжийн данс руу 90.000.000 сая төгрөгийг 3-4 удаагийн гүйлгээгээр хувааж төлсөн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Гэрч Б.Батдэлгэрийн “...Тэр өдөр би ажил дээрээ байж байсан. Тэгээд тэр хүүхэд “Гүндэгмаагийн хүүхэд нь байна” гэж хэлээд над дээр ороод ирсэн. Тэгээд “алт хайлуулах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр алтыг нь аваад үзэж байгаад хайлж өгсөн. Анхандаа тэр алт нь нунтгаараа буюу /байгалиараа/ авчирч байсан юм. Эхнийх гулдмай 918 грамм, сорьц нь 945, цэвэр шижир нь 867.72 болж байсан. Хоёрдугаар гулдмай нь 786.04 грамм болсон бөгөөд сорьц нь 945 цэвэр шижир нь 742.80 болж байсан. Гуравдугаар гулдмай нь 918.55 грамм болсон сорьц нь 942, шижрийн цэвэр грамм нь 865,27 болсон. Тэгээд би түүнийг нь хайлж өгөөд гурван өөр уутанд хийгээд бичгийг нь бичээд граммлаж, савлаж, сорьцолж өгөөд явуулж байсан. Нэг гулдмай нь 5000 төгрөгөөр хайлж өгдөг юм. Мөнгөн дүнг нь би болохоор мэдэхгүй байна надаар зөвхөн алтаа хайлуулаад аваад явж байсан юм. Алтыг хайлуулж байхад нэгдүгээр гулдмайны 918,25 грамм хоёрдугаар гулдмайны 786,04 грамм, гуравдугаар гулдмайны 918,55 грамм бүгдээрээ нийлээд нийтдээ 2,622,84 грамм хайлаад гарсан бохир жин нь байсан юм. Тэгээд цэвэр шижир нь нэгдүгээр гулдмайны шижир нь 867,72 грамм, хоёрдугаар гулдмайны шижир нь 742.80 грамм, гуравдугаар гулдмайны цэвэр шижир нь 865,27 грамм болж байсан байна. Ингээд нийт цэвэр шижир нь 2,475,83 грамм болж байна. Энэ нь мөнгөн дүнг тодорхойлно. Чухам хэдэн төгрөгөөр энэ цэвэр алтаа дарж  борлуулж өгч авалцсан эсэхийг нь миний бие мэдэхгүй байна. Тухайн өдрийн монгол банкны алт авдаг ханш нь 182,174 төгрөгийн ханштай байсан бөгөөд Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5%-ийг хасахаар 173.000 төгрөг болж байгаа ингээд нэг грамм алт нь 173,000 төгрөг гэж болно. Тэгээд нөгөө 2,475,83 грамм цэвэр шижир алтаа 173,000 төгрөгөөр үржүүлэхэд 428,318,000 төгрөг болж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

С.Сын Хаан банк дахь 5018503464 дугаарын дансны хуулга, Хаан банк ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29/7302 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Шүүгдэгч С.Сын “...Манай нөхөр Бат-Эрдэнэ хувиараа алт авч зардаг байсан. Гүндэгмаа гэдэг хүн нь алт манай нөхөрт өгч тушаадаг байсан ба бөгөөд 2022 оны 07 сарын 20-ны өдөр санагдаж байна 2 кг гаран хайлуулсан алт Гүндэгмаагийн хүү гэх залуу ирээд яаралтай мөнгөний хэрэг байгаа болохоор зарна гээд ороод ирсэн тэр алтаа хайлуулчихсан гулууз болгочихсон жижиг тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр граммыг нь сорьцтой нь бичсэн байсан тэгээд надад 428.311.000 төгрөг өгөх ёстой байсан түүнээсээ яг тухайн өдөр нь эхлээд 128,311,000 төгрөг би өөрийнхөө Голомт банкны 3015104923 дугаартай данснаасаа Гүндэгмаа руу Голомт банкны 1605127546 дугаартай данс руу нь шилжүүлэн өгч байсан юм, тэгээд тэр өдөртөө дараагаар нь 100.000.000 төгрөгөө би өөрийнхөө Хаан банкны 5018503464 дугаартай данснаасаа Гүндэгмаагийн хүүхдийнх нь Хаан банкны 5000791834 дугаартай данс руу нь шилжүүлэн өгч байсан юм, тэгээд тэрнийхээ дараагаар нь 2022 оны 09 дүгээр сард 90.000.000 төгрөг хувааж өгч байсан юм, тэрнийхээ дараагаар нь 2022 оны 12 дугаар сард 10.000.000 төгрөг, эдгээрийг ямар данснаас яаж өгсөн эсэхийг нь одоо сайн санахгүй байна, данс хуулгаа харж байгаад эргээд хэлье, тэгээд одоо яг үлдэгдэл 100.000.000 төгрөг өгөх ёстой байгаа юм, тухайн өдөр алтны ханш ямар үнэ ханштай байсныг нь мэдэхгүй байна одоо мартчихсан байна, алт нь сорьцоосоо хамаарч үнийн өөрчлөлттэй байдаг юм жишээ нь 950 сорьцоос 970 хүртэл сорьцтой байдаг юм, тэр үед Гүндэгмаагийн алт нь 90 сорьцтой байсан санагдаж байна түүнийг болохоор манай нөхрийн ах нь болох Б.Батдэлгэр дээр орж хүүхэд нь граммлуулж сорьцлуулж, хайлуулж бэлэн болгоод орж ирж байсан юм тийм болохоор тэр хүү болон Б.Батдэлгэр нар ямар сорьцтой алт байсан гэдгийг нь сайн мэдэж байгаа байхаа гэж бодож байна, алтыг ер нь бол нунтгаар нь граммлаад тэгээд хайлуулаад дараагаар нь тэгээд хорогдлыг нь анхны граммаас нь хасаж тооцно тэгээд сольцолдог, өөрөөр хэлбэл сорьц өндөр бол үнэлгээ нь өндөр болдог юм. Тухайн үедээ тэдний алтны сорьц өндөр 900 гарантаа сорьцтой байсан санагдаж байна ... Гүндэгмаагаас нийт 420.000.000 төгрөгийн алт аваад 320.000.000 төгрөгийг өгсөн байгаа үлдэгдэл 100.000.000 хувааж төлж байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

шүүгдэгч С.С нь хохирогч П.Гтай 2 кг 600 гр алтыг 428.318.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа байхдаа хохирогч П.Ггийн хүү Б.Тэлмэнгээс 2 кг 600 гр алтыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийг хохирогч П.Ггийн Голомт банкны 1605127546 дансанд шилжүүлж “үлдэгдэл мөнгийг 1 цагийн дараа шилжүүлье” гэж хуурч, хохирогч П.Гд 100.007.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч С.С нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хохирогч П.Ггийн өмч болох 2кг 600гр алтыг түүний хүү Тэлмэнгээс 428.318.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож тухайн өдөртөө 228.311.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хохирогч П.Г нь тухайн өдөр бусадтай арилжаа хийдэг тооцоо төлбөрийг хийх шаардлагатай байсан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж алтны мөнгийг дараа өгье гэж цаг хугацаа хожих байдлаар хохирогчийг залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогч П.Гд 52.000.000 төгрөгийг шилжүүлсэн тухай мэдүүлсэн учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 48.007.000 төгрөгийг шүүгдэгч С.Саас гаргуулан хохирогчид оногдуулах саналтай ...” гэх дүгнэлт,

Хохирогчийн  өмгөөлөгч Ганболд шүүх хуралдаанд: хохирол төлбөр барагдсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ үүсээгүй, бичгээр зээлийн гэрээ байгуулах, хүү тогтоох ёстой байсан гэсэн дүгнэлт,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...2.6 кг алтйг шилжүүлж аваад өөр хүнд дамжуулсан байдаг.Өөрөө бол алтаа худалдах хүсэл сонирхол байсан байна.Алт худалдан борлуулах эрхтэй субьектэд хандаад хийгдсэн гэрээ юмаа.Гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.Уг гэрээний 75 хувийг төлчихсөн байна.Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа юм.Энэ үүргээ биелүүлээгүй л харилцаа юм.Тэнгисээс дамжуулж авсан, яг хохирогч нь хэн юм бэ.Хэнд хохирол учруулсан юм.100 сая төгрөг төлөөгүй үйлдлийг залилан гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн шинжгүй, үлдэгдлээ төлнө...гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгчөөс цагаатгах  байр сууринаас оролцсон болно.

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч П.Гтай худалдах худалдан авах гэрээг байгуулсан, албан ёсны тохиролцоо хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар аливаа гэрээ байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өмгөөлөгч баримтаар няцааж мэтгэлцээгүй болно.

Мөн хохирогч П.Г нь ямар нэгэн гэрээг бичгээр үйлдээгүй, утсаар  тохиролцон алтыг шууд шүүгдэгч С.С өгсөн байна. Энэ тохиолдолд хохирогч шүүгдэгч нарыг хөрөнгө худалдан авахаар харилцан тохиролцсон, албан ёсоор гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй, хэт анхааралгүй, гэнэн байдлаар С.С шууд итгэж, 1 жил 8 сарын хугацаагаар хохирсон, шүүгдэгч нь уг хугацаанд хангалттай хэмжээний орлого, зарлага дансаар хийгдэж байсан зэргээс мөнгийг төлөх боломжтой байсан байна гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг цагаатгах санал гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн баримтаас авч үзвэл шүүгдэгч С.Сын үйлдсэн үйлдэл, учруулсан хохирол зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийг цагаатгах тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгч хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Журам, хүснэгт батлах тухай” тушаал, тогтоолууд тус тус батлагдсан.

Шүүх Шинжилгээний хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн байна.

Энэ гэмт хэрэг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт дээрх тушаал, тогтоолууд хамаарч байх тул хохирогчийн өмгөөлөгчийн “... сэтгэцэд учирсан хохирол гаргуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон болно.

Иймд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон гэж дүгнэн,

 улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ... Шүүгдэгч С.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй ...” гэсэн болно.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн хэлсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбоотой хэлэх зүйл байхгүй ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг ба нийгмийн даатгалын ерөнхий газарт засвар орсон учраас нийгмийн даатгал төлдөг гэдэг нь харагдахгүй байгаа. Тиймээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэв. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд, шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Гд 100.007.000 төгрөгийн хохирол учруулснаас 52.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол 48.007.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирол төлөх талаар хүсэлт гаргасан.

Шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь бусдад учруулсан 100.007.000 төгрөгийн хохирлоос үлдэгдэл хохирол болох 48.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж хохирлыг бүрэн барагдуулсан болох нь Хаан банкны Шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байх тул,

шүүгдэгч С.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Сыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ