| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/04307/И |
| Дугаар | 183/ШШ2021/00122 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2021/00122
| 2021 01 20 | 183/ШШ2021/00122 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт Ө.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү овогт Б.С-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Т, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Т миний бие 2014 онд Б.С-той танилцаж, 2015 оны 6 дугаар сарын 04-нд хүү Т.Д төрсөн. Б.С-той 2017 оны 2 дугаар сард гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2019 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бидний дотно харилцаа үгүй болж одоог хүртэл тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүү Т.Д-ийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө, эд хөрөнгийн маргаангүй” гэв.
Хариуцагч Б.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2014 онд танилцаж, 2015 оны 6 дугаар сарын 04-нд хүү Т.Д төрүүлсэн, 2017 оны 2 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Ө.Т 2020 оны 5 дугаар сард гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, өөр хүнтэй хамтран амьдрах болсны улмаас бид дахин хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрнө. Хүү Т.Д өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна, эд хөрөнгийн маргаангүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч Б.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримт болон талуудын тайлбараар Ө.Т, Б.С нар 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Т.Д төрсөн, зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Улмаар гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Ө.Т , Б.С нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Т.Д- эх Б.С-ын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Т гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Ө.Т хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй болохыг гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 35864 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Ө.Т, Үхэрч овогт Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.Д эх Б.С-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан аар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Т.Д-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Т-ээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ө.Т , энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.С нар тус тус даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 35 864 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ