| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/04459/И |
| Дугаар | 183/ШШ2021/00147 |
| Огноо | 2021-01-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2021/00147
| 2021 01 21 | 183/ШШ2021/00147 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЖГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О овогт Д.Х-д холбогдох,
50 000 000 төгрөгийн үнэ бүхий ХХХ дүүргийн Х дугаар хороо, Х дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоот 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЖГ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ЖГ ХХК нь Д.Х-тэй 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан тус гэрээний дагуу Д.Х- нь ЖГ ХХК-ийн барьж буй Наран хотхоны барилгад нийт 53 764 ам.долларын хөрөнгө оруулах, үүний хариуд ЖГ ХХК нь тус барьж буй барилгаас 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг гараашийн хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу Д.Х- нь 12 000 ам.долларт өөрийн өмчлөлийн автомашиныг компанид шилжүүлэн өгч, 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт гэрээг байгуулан үлдэх 41 764 ам.долларын дүнд Д.Х- өөрийн өмчлөлийн ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоот хаягт байрлах, 18 м.кв, 1 нэг өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, тус орон сууцны түлхүүрийг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тус байранд манай компанийн ажилтан гэр бүлээрээ амьдарч байна. ЖГ ХХК нь Д.Х-д Наран хотхоноос эрхийн болон биет байдлын доголдолгүй 86.6 м2 орон сууцыг гараашийн хамт хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн атал Д.Х- гэрээгээр тохиролцсон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Манай компанийн зүгээс байрны өмчлөх эрх шилжээгүй болохыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “...Д.Х- гэх хүний өмч байна, тийм учир албадан гүйцэтгэх журмаар битүүмжилнэ” гэж ирэхэд нь мэдсэн. Ингээд манай компани бүх баримт бичгээ шалган үзэхэд гэрээнүүд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч ирсэн. Иймд 50 000 000 төгрөгийн үнэ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Хариуцагч Д.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед гэрээ хийгдээд бүх бичиг баримт холбогдох материалыг өгсөн. Түүнийг захирал нь өөртөө хадгалж байгаад саяхан олж авсан юм байна. Байрыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЖГ ХХК нь хариуцагч Д.Х-д холбогдуулан ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоотод байрлах, 50 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан боловч гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байхыг шаарддаг тул шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Тус компани Д.Х-тэй 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, Д.Х-д Наран хотхоноос эрхийн болон биет байдлын доголдолгүй 86.6 м2 орон сууцыг гараашийн хамт хүлээлгэн өгсөн атал Д.Х гэрээгээр тохиролцсон орон сууцны өмчлөх эрхийг өнөөдөр хүртэл манайд шилжүүлэхгүй, гэрээний үүргээ зөрчсөн” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан, ЖГ ХХК болон Д.Х нарын хооронд 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр Д.Х- нь ЖГ ХХК-ийн барьж буй ХХХХ хотхоны барилгад нийт 53 764 ам.долларын хөрөнгө оруулах, ЖГ ХХК нь тус барьж буй барилгаас 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг гараашийн хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Улмаар Д.Х нь 12 000 ам.долларын төлбөрт өөрийн өмчлөлийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгч, 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр талууд нэмэлт гэрээ байгуулан, үлдэгдэл төлбөр болох 41 764 ам.долларт Д.Х- нь мөн өөрийн өмчлөлийн ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоотод байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулж байна.
Худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд худалдагч ЖГ ХХК нь Д.Х-д эрхийн болон биет байдлын доголдолгүй 86.6 м2 орон сууцыг гараашийн хамт хүлээлгэн өгснөөр хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэрээний үүргийн зөрчилгүй байна.
Харин худалдан авагч Д.Х- нь дээрх гэрээ болон арилжааны гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх, тодорхой хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, “...тухайн үед гэрээ болон холбогдох бичиг баримтыг өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захирал нь өөртөө хадгалж байсан” гэж тайлбарласан боловч гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө атал Иргэний хуулийн 110 дугаар зүйл 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй боловч маргаан бүхий орон сууц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1997 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20290160/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тогтоогдох тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар 50 000 000 төгрөгийн үнэ бүхий ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ЖГ ХХК-д шилжүүлж өгөхийг Д.Х-д даалгаж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1ХХ 18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус заасныг баримтлан 50 000 000 төгрөгийн үнэ бүхий ХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ЖГ ХХК-д шилжүүлж өгөхийг Д.Х-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ