| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/04339/И |
| Дугаар | 183/ШШ2021/00173 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/00173
| 2021 01 25 | 183/ШШ2021/00173 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Аовогт А.Ч-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТХТ ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ТХТ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хангамжийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчилгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч ажлаас хоцорч ирсэн гэсэн үндэслэлээр, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Үүний дараа, гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр б/68 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг би огт зөвшөөрөхгүй байна. Учир нь худалдан авалт нь эцсийн хэрэглэгч болон тухайн шат шатны удирдлагуудаар баталгаажсан захиалгаас хойш хийгдэх ба захиалах хугацаа хангамжийн хэлтсийн үүрэг биш юм. Баталгаажсан захиалгын барааг нийлүүлэх үйлдвэрлэгчийн хугацаанд 21-45 хоног байдаг. Мөн уг захиалгын үеэр Үндэсний баяр наадам тохиосон ба тушаалд хавсаргасан жагсаалтад байгаа зарим ажилчид компанитай бүртгэлгүй байсан. Мөн хувьчлан дүгнэсэн үзүүлэлттэй санал нийлэхгүй. Миний ажил үүргийн хуваарьт хөндлөнгөөс оролцох, зүй бусаар нөлөөлөх зэрэг сэтгэл зүйн дарамтуудыг үзүүлсээр 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ цахим хаяг, сүлжээний бүртгэлээс хасах, утасны дугаар хурааж ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Мөн өөр компани авлагыг олж ир, үүнийг биелүүлсний дараа цалин хөлсийг чинь ажлаас халсан тушаалын хамт өгнө гэж хэлсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас миний бие аргагүй эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас халагдсан тушаал 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болон сахилгын шийтгэл буруу ногдуулсныг тогтоож өгнө үү, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй гэв.
Хариуцагч ТХТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Ч-тэй 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа буюу 8 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хоцорсон нийт цагийг нь тооцож, 2020 оны 9 дүгээр сарын 01-нд сахилгын шийтгэл ноогдуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа А.Ч нь өөрийн ажил үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүйн улмаас компанийн үйл ажиллагаа алдагдаж, ажилчдын хувцас, хангамж хэрэгсэл зэрэг удаан хугацаагаар хангагдаагүйгээс үндэслэж 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар цалингийн 20 хувийг бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Энэ нь тухайн үед манайх Ө аймгийн Ц сум, Д аймаг гэсэн 2 салбартай ажилладаг, нийт 200 гаруй ажилчидтай, А.Ч-д үүрэг хүлээлгэж өгсөн боловч энэ үүргийн хүрээнд хангалтгүй ажилласан гэж үзэж ногдуулсан шийтгэл. Ингээд байж байтал 9 дүгээр сард дотоодын хяналт шалгалтаар А.Ч нь 2020 оны 6, 7 саруудад худалдан авалт хийхдээ эрхгүй газраас худалдан авалт хийсэн зөрчил илэрсэн тул мөн сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь тушаалыг танилцуулсан. Тэр үед нэхэмжлэгч А.Ч нь өөрийн хүсэлтээр, өргөдлөө бичиж ажлаас гарсан, дараа нь ажилд ороход нь хэрэгтэй болов уу гээд тушаалыг өөрчилсөн, сүүлд дахин бидэнд хандаж, өмнөх тушаалаар буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ хэвээр үлдээж өгнө үү гэсний дагуу тушаалыг хэвээр үлдээж гаргасан. Мөн энэ хугацаанд ажлыг цаг тухайд нь хийгээгүй гэж үздэг. Компанийн удирдлагуудын зүгээс ямар нэг дарамт шахалт үзүүлж байгаагүй, энгийн ажлын журмаар шаардлага тавьж байсан. Иймд хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтын дагуу байгуулсан, цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч ТХТ ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаар, ТХТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.Ч-ийг тус компанийн хангамжийн ажилтан албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилж, 2019 оны 12 дугаар сарыг 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б-02 тоот тушаалаар түүнийг Хангамжийн мэргэжилтнээр жинхлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь тус тус тогтоогдож байна.
Улмаар хавтаст хэрэгт, А.Ч-ийг 2020 оны 8 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас нийт 4 цаг 43 минут хоцорсон зөрчил гаргасан үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Компанийн ажлын цаг ашиглалт, амралт, чөлөө олголтыг зохицуулах журмын 11.1.3.1-д заасныг баримтлан түүний цалинг мөн өдрөөс 1 сарын хугацаанд 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ТХТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-64 дүгээр тушаал,
мөн А.Ч-ийг хоёрдугаар түвшний сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд ажил үүргийн гүйцэтгэлдээ хариуцлагагүй хандаж, төслийн үйл ажиллагааг хэрэгцээт бараа, материалаар батлагдсан төсвийн хүрээнд шуурхай хангах, худалдан авсан бараа нь захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь баримтаар нотлогдсон, ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийн хангамж хийгдээгүй, шаардлага хангахгүйгээс ажилчдын аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зөрчил гаргасан гэх үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн гэрээний 11.2, 13.3.2.1, 13.3.2.4-т заасныг тус тус баримтлан түүний цалинг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан мөн компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-68 дугаар тушаал,
А.Ч-ийг хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй компаниас 2020 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчлийг өмнөх сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд давтан гаргасан гэх үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.3-т дахь заалтыг үндэслэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс цуцалж, хөдөлмөрийн харилцаан дуусгавар болгосон мөн компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б-97 дугаарууд тус тус авагдсан.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалуудаас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалд маргахгүй, харин 2020 оны 9 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 22-ны өдрийн тушаалуудыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус заасантай нийцэж байна.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул хуульд нийцсэн, уг тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх учиртай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх явдал юм.
Гэтэл хариуцагч нь гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-68 дугаар тушаалаар А.Ч-д сахилгын шийтгэл ногдуулсан ийг ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар үндсэн зорилтын хүрээний 10-т ...Захиалсан бараа материал гэрээ болон хуваарийн дагуу бэлэн болгох явц байдлыг хангамжийн менежерийн өгсөн заавар, хуваарийн дагуу нийлүүлэгчээс асууж тодруулах үүргээ биелүүлээгүй, ажил үүргийн гүйцэтгэлдээ хариуцлагагүй хандаж, төслийн үйл ажиллагааг хэрэгцээт бараа, материалаар батлагдсан төсвийн хүрээнд шуурхай хангах, худалдан авсан бараа нь захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь баримтаар нотлогдсон, ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийн хангамж хийгдээгүй, шаардлага хангахгүйгээс ажилчдын аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буйгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул А.Ч сахилгын зөрчил гаргасан тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд дээрх тушаалд үндэслэж гарсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцалсан, ТХТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б-97 дугаар тушаал мөн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг тус компанийн хангамжийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох боломжтой юм.
Гэвч нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д тус тус заасныг баримтлан ажилтны 7 дугаар сарын цалин 2 205 000 төгрөг, 8 дугаар сарын цалин 2 118 571 төгрөг, 9 дүгээр сарын цалин 2 444 431 төгрөгөөс дундаж цалин хөлсийг 2 256 001 төгрөгөөр тодорхойлж, 1 өдрийн цалин 104 930 төгрөгийг ажилгүй байсан хугацааны 61 хоногоор тооцож, нийт 6 400 730 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 117 362 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 6 400 730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ч-д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 117 362 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ