Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00215

 

 

 

 

 

 

 

 

2021 01 27

183/ШШ2021/00215

 

 

 

 

 

 

 
           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т овогт Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ф сургууль БСБ-д холбогдох,

 

Сургалтын төлбөр 5 066 635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бүгд Найрамдах Франц Улсын иргэн, М.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, орчуулагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Б нь өөрийн 4 настай охин О.Б-г  Ф сургууль БСБ-ын цэцэрлэгт сургахаар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу 180 хоног буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус цэцэрлэгт явуулахаар 9 600 000 төгрөгийн төлбөр төлсөн. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, хүүхдээ  Ф сургууль БСБ-ын цэцэрлэгт явуулах боломжгүй болсон. Тус сургууль 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс цахимаар хичээл орж эхэлсэн боловч хүүхдийн нас бага учир ядрах, тогтвортой сууж хичээж сонсох боломжгүй байсан тул эхний 7 хоног суулгаад цааш явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Н.Б сургуулийн эцэг эхийн удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар сургалтын төлбөрийн 50 хувийг буцаан гаргуулах тухай санал гарсан боловч олонхын саналаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан. Ингээд 2020 оны 9 дүгээр сард тус сургуульд сургалтын төлбөрийн үлдэгдлийг буцаан гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаагүй учир шүүхэд хандсан. Хариуцагч байгууллага цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгагдаагүй тул тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаас гадна үзлэгээр бэхжүүлсэн бичлэгт Н.Б-ийн охин оролцсон байх боловч тус бичлэгийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн бичлэг гэж үзэх боломжгүй, мөн цахим сургалтыг ямар хугацаанд явуулсныг тодорхойлох боломжгүй зөвхөн нэг өдрийн сургалтын бичлэг байна. Мөн нэхэмжлэгч нь тус сургуультай байгуулсан гэрээ болон гэрээний хавсралт болох санхүүгийн дүрэмд заасан бүх шаардлагыг зөвшөөрч гарын үсэг зурсан, ямар ч тохиолдолд төлбөр буцаахгүй гэсэн нөхцөлийг зөвшөөрсөн боловч хүүхдээ явуулахын тулд зөвшөөрөхөөс аргагүй болсон тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасан үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан хэлцэл юм. Иймд нэхэмжлэгч нь хичээлийн жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үйлчилгээ, сургалтыг авч чадаагүй тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т зааснаар тус сургуулиас цэцэрлэгт хамрагдаагүй 95 хоногийн сургалтын төлбөр 5 066 635 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч  Ф сургууль БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ф сургууль нь олон улсын стандартын дагуу хичээл сургалтыг явуулдаг бөгөөд Улсын онцгой комиссын 30 дугаар тогтоолоор бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч тус сургууль нь онлайн буюу цахим хөтөлбөрийн хэлбэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сургалт явуулсан, Н.Б-ийн хүүхэд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цахим сургалтад хамрагдсан, энэ нь хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч Н.Б нь тус сургуулийн эцэг, эхийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд Н.Б үзэл, санаа бодлоо хэлэх эрхтэйгээр оролцсон нь тус хүүхэд сургалтад хамрагдаж байсныг нотолно. Талуудын хооронд хөлсөөр ажиллаж гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тус гэрээнээс татгалзах, тухайн хүүхэд ямар шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй байгаа зэргээ тодорхойлоод гэрээг цуцалж болох байсан. Гэтэл хичээл дууссанаас 3 сарын дараа буюу 2020 оны 9 дүгээр сард гэрээнээс татгалзаж, мөнгө төлөхийг шаардсан байдаг. Тус сургууль нь олон улсын агентлагаас, францын боловсролыг олгохоор Монгол улсад байгуулагдсан Франц улсын сургууль бөгөөд 1-9 дүгээр анги, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн тусгай зөвшөөрөлтэй, олон улсын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ зөвшөөрөл болон олон улсын хөтөлбөр гэдэг утгаараа энгийн сургуулиас илүү их зардал гардаг, франц, англи хэл заах сургагч багш нарыг гадаадаас оруулж ирдэг, суралцаж буй сурагчдаа даатгалд хамруулдаг, ажилчдын цалин хөлс, сургуулийн байрны түрээс зэргийг цар тахлын үеийн нөхцөл байдал үүссэн ч гэсэн төлөөд явсан. Төлөвлөгдсөн засварын үйл ажиллагааг явуулсан. Онлайн хичээл заахтай холбоотой хичээл зааж буй багш нар зэрэг бүх зардлыг 6 сарыг дуустал төлсөн байдаг. Иймд тус сургууль гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ямар нэг үүргийн зөрчилгүй, хүүхэд нь 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сургалтад хамрагдсан, санхүүгийн дүрмээр сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэж тусгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч  Ф сургууль БСБ-д холбогдуулан сургалтын төлбөрт төлсөн 5 066 635 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин О.Б-гийн төрсөн эх болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар уг шаардлагыг гаргах эрхтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар, нэхэмжлэгч Н.Б нь 2020 оны хичээлийн жилийг дуустал буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн төрсөн хүүхэд О.Б-г  Франц сургуулийн цэцэрлэгт суралцуулахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь тогтоогдох бөгөөд сургалтын төлбөрт 9 600 000 төгрөг төлсөн, хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь ...дэлхийн хэмжээнд цар тахал шинэ коронавирусийн халдвар гарч улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан охин О.Б цэцэрлэгт яваагүй, жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үйлчилгээ, сургалтыг авч чадаагүй тул үлдэх хугацааны төлбөр 5 066 635 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

 Ф сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр олгосон Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн дагуу гэрчилгээний хавсралтад заасан нөхцөл шаардлагыг ханган тухайн түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэх эрхтэй байх бөгөөд хавсралтад, Сургуулийн өмнөх боловсрол /элсэгчдийн боловсролын түвшин-сургуулийн өмнөх, бага, суурь/ гэснээс үзвэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

 

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар тус сургууль нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллага байх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.7, 8.8, 8.9, 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болно гэж зохицуулснаас үзвэл талуудын хооронд үүссэн дээрх гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны хувьд, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаанд хамаарна.

 

Хөлсөөр ажиллах гэрээний талууд буюу ажиллагч, ажиллуулагч нь хуулийн этгээд, иргэн, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болох бөгөөд тус гэрээгээр ажиллагч буюу  Ф сургууль нь хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ гүйцэтгэх үүрэг, ажиллуулагч буюу Н.Б нь дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэсний хариуд хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, Н.Б төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, үүргийн зөрчилгүй.

 

Харин хариуцагч нь ...тус сургууль гэрээгээр хүлээсэн сургалт явуулах үүргээ биелүүлсэн, ямар нэг үүргийн зөрчилгүй, Н.Б-ийн охин 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сургалтад хамрагдсан, санхүүгийн дүрэмд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэж тусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Бүртгэлийн маягт-д нэхэмжлэгч нь ...Хавсралт 1-ийн хичээлийн хуанли, хавсралт 2-ын дотоод дүрэм, хавсралт 3-ын санхүүгийн дүрэмтэй танилцсан ба тэдгээрийг дагаж мөрдөх болно гэж гарын үсэг зурсан байх бөгөөд Хавсралт-2 Дотоод журам-ын 2.3 дахь заалтаар ...Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нөхцөл болон багш эсвэл байранд урьдчилан төлөвлөөгүй шалтгаанаар хичээл явуулах боломжгүй болсон тохиолдолд хичээл цуцлагдаж болно. МУФС-ийн зүгээс хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээнүүдийг авч, хичээлийг хэвийн явуулах нөхцөлөөр хангана гэж талууд тохиролцсон тул хариуцагч байгууллагыг цахимаар сургалт явуулах байдлаар хууль болон гэрээгээр хүлээсэн хүүхдийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн Хавсралт-3 Санхүүгийн дүрэм-ийн 1.2-т ...Жилийн төлбөр, энэ нь хүүхэд бүртгэсний төлбөр юм. Жилийн төлбөрийн хэмжээ хүүхдийн сурах ангийн түвшнээс хамаарна 1.4-т Энэ дүрмийн ...1.2-т заасан төлбөрийг ямар ч тохиолдолд буцаан олгохгүй гэж, мөн дүрмийн 6.2-т Хүүхэд ямар ч шалтгаан, хугацаагаар хичээлд суугаагүй байсан сургалтын төлбөрийг хөнгөлөхгүй, мөн буцаан олгохгүй гэж тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ...цахимаар хичээл орж эхэлсэн боловч хүүхдийн нас бага учир ядрах, тогтвортой сууж хичээж сонсох боломжгүй байсны улмаас эхний 7 хоног суулгаад цааш явуулахгүй гэдгээ мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа нотлоогүй, энэ тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдаагүй гэж үзэхээс гадна тус сургуулийн явуулсан цахим сургалтад Н.Б нь хүүхдээ хамруулаагүй, талууд Санхүүгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтаар Тус сургуулиас хүүхэд хичээлийн жил дуусахаас өмнө түрүүлж явах бол шалтгаан нь ямар ч байсан мөнгийг эргүүлэн олгохгүй байх-аар тохиролцсон тул нэхэмжлэгч сургалтад хамрагдаагүй гэх үндэслэлээр, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т зааснаар үлдэх төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Иймд дээрх баримтуудаар, хариуцагч  Ф сургуулийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул сургалтын төлбөр 5 066 635 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улсын иргэн оролцсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, монгол хэл мэдэхгүй оролцогчид өөрийн эх хэлээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх эрхийг нь эдлүүлж, хариуцагчийн сонгосон Э.О-г орчуулагчаар оролцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасныг баримтлан хариуцагч  Ф сургууль БСБ-иас сургалтын төлбөрт төлсөн 5 066 635 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ