Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч М.Нэргүй, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Харнууд овогт Мижиддоржийн Нэргүйд холбогдох эрүүгийн 201724000007 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-366 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Харнууд овогт Мижиддоржийн Нэргүй /РД:ЦЕ82103171/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч М.Нэргүй нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төвийн баруун талын /зогсоол/ замд Хьюндай Верна маркийн 06-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6  Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Королла маркийн 66-55 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ч.Мягмарсүрэнд 810.000 төгрөгийн шууд 921.500 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг холбогджээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нэргүй мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаараа мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн бөгөөд миний үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд өөрийнхөө эзэмшилийн 66-55 УНЭ улсын дугаартай Т.Королла маркийн автомашиныг Эх нялхасын эмнэлгийн баруун талын зогсоол дээр ертөнцийн зүгээр урагшаагаа харуулж зогсоогоод машины урд талын салхины шилийг нимгэн даавуугаар хучаад хүүхдээ сахих гээд эмнэлэг рүү орчихсон байсан. ...тэгээд би тухайн үед гар утасныхаа дууг хаачихаад хэсэг хугацаанд зүйрмэглэчихээд сэрэхэд 88114987 дугаарын утаснаас над руу 4 удаа залгаад мессеж үлдээсэн байсан. Тэгээд би уг дугаар луу залгахад миний 66-55 УНЭ дугаартай автомашиныг 06-00 дугаартай Х.Верна маркийн автомашин мөргөчихөөд яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би гараад ирэхэд машинд эвдрэл гэмтэл учирсан байсан болохоор 102 дугаар луу залгаж дуудлага өгч хэмжилт хийлгэсэн байгаа...” гэжээ. /хх 17 хуу/

 

Гэрч Б.Гомбожав мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой ...би өөрийнхөө машиныг байрлуулчихаад машинаасаа буугаад эмнэлэг рүү орох гээд явж байхад эмнэлгийн хүлээн авахын баруун хойд талын зогсоол дээр Т.Королла маркийн автомашин нь ертөнцийн зүгээр урагшаагаа хараад зогсож байсан. Тэгсэн тэр машины урд талд ойролцоогоор 5-6 орчим метрийн зайтай цагаан өнгийн Х.Верна маркийн 06-00 УБЕ дугаартай автомашин нь ертөнцийн зүгээр хойшоогоо хараад зогсож байх шиг байсан. Тэгсэн гэнэт ухасхийгээд урдаа зогсож байсан цагаан өнгийн Т.Королла маркийн автомашины баруун урд хэсгийг Х.Верна маркийн автомашин нь баруун урд хэсгээрээ маш хүчтэй мөргөчихсөн. Тэгсэн Х.Верна маркийн автомашины жолооч нь машинаасаа огт бууж ирэлгүйгээр машинтайгаа зүүн зүгрүүгээ яваад өгсөн. ...автомашин дээр явж очиход урд талынхаа салхины шилийг бүтээчихсэн байхаар нь бүтээлгийг нь авч байгаад машиных нь цонхон дээр байсан 88991212 гэсэн дугаарлуу залгахад утсаа авахгүй болохоор нь ослын талаар мессеж бичээд үлдээсэн байгаа. ...осол гаргачихаад огт машинаасаа бууж ирээгүй зугтаагаад яваад өгсөн...” гэжээ. /хх 21 хуу/

 

Гэрч Л.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Х.Верна маркийн 06-00 УБЕ улсын дугаартай автомашиныг манай нөхөр Нэргүй жолоодон би хүү Төгөлдөрийг Эх нялхаст үзүүлэх гээд эмнэлэг рүү орчихсон. Тэгээд удаагүй гараад ирэхэд манай нөхөр Нэргүй нь зогсож байсан машиныг мөргөчихлөө гэж хэлэхээр нь би хүн амьтанаас орж асуусан юм уу гэхэд нөхөр Нэргүй нь эмнэлэг рүү орж асуулаа хүн амьтан мэдэхгүй байна гэсэн. ...Баяаха гээд хуурай ахаас манай нөхөр түр гуйж авсан байсан юм...” гэжээ. /хх 23 хуу/

 

Гэрч Г.Алтансүх мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Нэргүй нь Х.Верна маркийн 06-00 улсын УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр, хүү хоёрыгоо Эх нялхасын эмнэлэгт үзүүлж байна гээд гадаа Эх нялхасын баруун талын хаалганы урд ертөнцийн зүгээр машин хойшоогоо хараад зогсчихсон Нэргүй ганцаараа сууж байсан. Харин эхнэр, хүүхэд 2 нь эмнэлэг рүү яваад орчихсон байсан. Тэгээд бид хоёр машин дотор юм яриад сууж байхад өөдөөс машин гарах гэхээр нь Нэргүй машинаа ухарааж өөдөөс ирсэн машиныг гаргачихаад тэгээд тэндээ хэсэг зогсож байгаад урагшлахдаа ертөнцийн зүгээр урагшаагаа хараад зогсож байсан цагаан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй машины баруун урд хэсгийг Х.Верна маркийн автомашин нь машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөчихсөн. Тэгээд бид хоёр машинаасаа бууж нөгөө мөргөсөн машинаа харчихаад шууд машиндаа суугаад тэндээсээ зүүн зүгрүүгээ чиглээд хөдлөөд яваад өгсөн. Тэгээд дараа нь Нэргүй эхнэр, хүү хоёрыгоо авчихаад дүүргийн эмнэлэг орно гээд бид нар яваад өгсөн байгаа. ...бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...” гэжээ. /хх 25 хуу/

 

Иргэний хариуцагч Л.Баянмөнх мэдүүлэхдээ: “...манай Атом жолооны курсэд дээрх автомашин байдаг. Уг машиныг Нэргүй надаас 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой Буяны ажилд явах хэрэгтэй байна гээд машиныг гуйгаад авсан. Тэгсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр машиныг авах гэхэд манай байгууллагын  автомашины баруун урд талын их гэрэл хагарч, баруун урд талын буферын булан хагарчихсан байсан. Тэр даруй Нэргүй засварлаж өгсөн байгаа. ..Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 43-45 хуу/

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5, 6 хуу/

66-55 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 20 хуу/

Хохирлын үнэлгээ /хх 29-30 хуу/

 

Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэд: 1.Хавтас хэргийн материалтай уншиж танилцахад 06-00 УБЕ улсын дугаартай Х.Верна маркийн автомашины жолооч М.Нэргүй нь Монгол улсын ЗХД-н 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: үүнд: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Зогсоол дээр зогсож байсан 66-55 УНЭ улсын дугаартай Т.Королла маркийн автомашины жолооч Ч.Мягмарсүрэн нь Монгол Улсын ЗХД-н ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх 35-36 хуу/

 

06-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 46 хуу/

Шүүгдэгч М.Нэргүйгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63, 64, 67, 68 хуу/

Хохирол төлбөр барагдуулсан гэх баримт /хх 78 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Нэргүй нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төвийн баруун талын /зогсоол/ замд Хьюндай Верна маркийн 06-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6  Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Королла маркийн 66-55 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ч.Мягмарсүрэнд 810.000 төгрөгийн шууд 921.500 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн /хх 17/, гэрч Б.Гомбожав /хх 21/, Л.Мягмарсүрэн /хх 23/, Г.Алтансүх /хх 25/, иргэний хариуцагч Л.Баянмөнх /хх 43-45/ нарын мэдүүлгүүдээр нотлогджээ.

Дээрх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг нь Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5, 6/, 66-55 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 20/, хохирлын үнэлгээ /хх 29-30/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/, 06-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 46/, шүүгдэгч М.Нэргүйгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63, 64, 67, 68/, хохирол төлбөр барагдуулсан гэх баримт /хх 78/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Нэргүйд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Нэргүй нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдлаа.

 

            Шүүгдэгч М.Нэргүйн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч гомдол, саналгүй гэх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид 736.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 349795 тоот үнэмлэхийг шүүгдэгч М.Нэргүйд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харнууд овогт Мижиддоржийн Нэргүйг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Харнууд овогт Мижиддоржийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Нэргүйд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид 736.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 349795 тоот үнэмлэхийг шүүгдэгч М.Нэргүйд буцаан олгосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэргүйд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.           

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Нэргүйн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ