Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 14

 

О-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар шийдвэртэй,

О-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд холбогдох,

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, тэтгэмж 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О нь Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд 37 жил ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сард тэтгэвэртээ гарсан бөгөөд захирлын хүсэлтээр ном зүйчийн ажилд үргэлжлүүлэн ажилласан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин хөдөлмөрийн гэрээ сунгаж ажиллаж байтал 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргаж ажлаас үндэслэлгүй халсан. Ингээд иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох материалыг өгсөн боловч намайг одоо болтол ажилд эгүүлэн авч ажиллуулахгүй өдий хүрсэн бөгөөд цалинг ч гаргаж өгөөгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны буюу 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгуулж, тухайн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэр зэрэгт холбогдох бичилтүүдийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд 37 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ 2016 оны 02 дугаар сард гарсан. Тухайн байгууллагын даргын саналаар хөдөлмөрийн гэрээгээ сунгаад ажиллаж байсан. Ингээд ажиллаж байх хугацаанд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүй цуцалсан байна гэсэн шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 47 хоногийн олговор олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр биелэгдэлгүй өнөөдрийг хүрсэн учраас уг нэхэмжлэлийг гаргасан. Хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан тул 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох өдөр хүртэл ажилд нь аваагүй, цалинг нь олгоогүй байгаа учраас шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн. Гэвч Нийтийн номын сангийн зүгээс О-ийн 2017 оны амралтын олговор, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөрийн талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд 112.1-д тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно, 112.2-т ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй зэргийг тодорхой журамласан байхад амралтын мөнгө, тэтгэмжийн мөнгө зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч байгууллагыг төлөөлж захирал О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: О нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Соёлын тухай хуулийн заалтын дагуу байгууллагаас 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөг Нийтийн номын сангийн төсвөөс гаргуулж авсан. Иймд дээрх 7.267.397 төгрөгийг О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 124 хоногийн олговорт 4.079.724 /дөрвөн сая далан есөн мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 41.1.3-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4.079.724 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 131.228 /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 133/ШШ2018/00151 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх О-тай холбоотой иргэний маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч О нь ажлаас чөлөөлөгдсөний дараа байгууллагын төсвийн мөнгөнөөс 7.267.397 /долоон сая хоёр зуун жаран долоо гурван зуун ерөн долоо/төгрөгийг гаргуулан авсан болно.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00151 дугаартай шийдвэрийг магадлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

Нэхэмжлэгч О ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс тэтгэмжийн 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг нийт 7.267.397 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

О нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгохоор заажээ.

О-г Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоосон нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаар шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихоод байхад түүнийг ажилд эгүүлэн авахгүй уг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

О нь ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан байх ба тэрээр дээрх бүх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор авах эрхтэй байжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч О-г 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 55 насандаа тэтгэврээ тогтоолгож, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон тэтгэлэг 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөг буцаан төлүүлнэ гэж сөрөг нэхэмжлэл гарган маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оис доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор заасны дагуу О нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэврээ тогтоолгон, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил олгогчийн хүсэлтээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын Б/07 тоот тушаалаар ном зүйчийн ажилд томилогдон ажилласнаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болохоор, 112.2-т ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан байгаа нь нэхэмжлэгчийг тэтгэлэгт олгосон 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг нийт 7.267.397 төгрөгийг буцаан төл гэж буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу бодсон байх тул хууль хэрэглээний болон зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2018/00151 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 112 дугаар зүйлийн 112.1, 112.2-т заасныг гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...131.228... гэснийг ...80.225... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш .БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Т.ЖАРГАЛСАЙХАН