Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/00297

 

 

 

 

 

 

 

 

 

    2021                02              03 

                                    183/ШШ2021/00297

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                               

 

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш овогт Н.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У овогт Г.Б-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

                       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М миний бие 2004 онд Г.Б-тэй танилцаж, 2009 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 6 сарын 09-ны өдөр охин Б.А төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан ч охиноо төрсөн эцгээр буюу Г.Б-ээр овоглосон. Бид 2011 онд БНСУ-д очиж амьдрахаар болж 2013 онд би ганцаараа Монголд буцаж ирсэн. Энэ хооронд буюу 2014 оноос Г.Б БНСУ-д ажиллаж байхдаа Т.О гэх эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн бөгөөд бид үүнээс болж цаашид хамтран амьдрах, гэрлэлтээ батлуулах боломжгүй болсон. Тусдаа амьдрах 5 жилийн хугацаанд Г.Б эцэг хүний үүргээ нэг ч удаа биелүүлээгүй. Иймд энэ хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, охиноо өөрийн асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сургууль болон эмчилгээний зардлыг хамтран хариуцах, охинтойгоо доод тал нь сардаа 1 удаа уулзаж, охины төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баярын өдрүүдэд өдөр товлож уулзах, тэмдэглэх, охины сургуулиас авч буй арга хэмжээнд жилд 2-оос доошгүй удаа оролцож байх зэргийг даалгаж өгнө үү” гэв.

 

             Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эцэг хүний үүргээ хүлээх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Сард нэг удаа уулзах бодолтой байгаа. Нөхөх хугацааны төлбөрийн асуудал дээр ярилцаад тохирч, шийдэж чадахгүй байна. Би өмнө хэдэн жил ажилгүй байсан. Хүүхдийн тэтгэмжийн тал дээр миний зүгээс одоохондоо боломжгүй байгаа. Саяхан л ажиллаж эхэлсэн. Би өөрөө 3 хүүхэдтэй. Иймд тэтгэмжийн хэмжээг 50 хувиар багасгаж төлбөл болно, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрнө” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Г.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Тусдаа амьдрах 5 жилийн хугацаанд Г.Б эцэг хүний үүргээ нэг ч удаа биелүүлээгүй тул энэ хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, охиноо өөрийн асрамжид авна” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт, Н.М, Г.Б нарын дундаас 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А-ыг эцэг Г.Б-ээр овоглож, 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон төрсний гэрчилгээ авагдсанаас үзвэл хүүхдийн эцгийг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг, эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар захиргааны журмаар тогтоосон байхаас гадна хариуцагч уг асуудлаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Иймд талуудын тохиролцсоноор, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А-ыг эх Н.М-ын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх асуудлаар хууль зохицуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангахгүй орхив.

 

Мөн нэхэмжлэгч нь “...хариуцагч ...сургууль болон эмчилгээний зардлыг хамтран хариуцах, охинтойгоо доод тал нь сардаа 1 удаа уулзаж, охины төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баярын өдрүүдэд өдөр товлож уулзах, тэмдэглэх, охины сургуулиас авч буй арга хэмжээнд жилд 2-оос доошгүй удаа оролцож байх зэргийг даалгаж өгнө үү” гэж,

Хариуцагч “...Эцэг хүний үүргээ хүлээх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Сард нэг удаа уулзах бодолтой байгаа” гэж тайлбарласан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь хүүхдийн нэмэлт зардлыг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Б-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /119 350х12/ 1 432 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 37 865 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.А-ыг эх Н.Мын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Б-ээр тэжээн тэтгүүлж, хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М нарт тус тус даалгасугай. 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 37 865 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ