Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/233

 

 

 

 

   2024         03         25                                   2024/ШЦТ/233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

Улсын яллагч О.Багшбаяр,

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Эд холбогдох эрүүгийн 2411 00000 0129 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт С.Э, регистрийн дугаар .....................................,

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт .......................................................................... тоотод оршин суух,

Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 713 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 хороо, Сургуулийн 12-165б тоотод хамтран амьдрагч С.Э ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож, тархи доргилт, духанд шарх, баруун нүдний гадна булан, баруун шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өгзөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өгзөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай эхнэр намайг хардаад ажлаас удаа дараа гаргаад байдаг. Миний машины шилийг хагалж байсан ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Энхсаруулын...Би 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 12-165б тоотдоо унтаж амарч байхад шөнийн 04 цагийн орчим нөхөр Чимэдлувсан гэрийн хаалга гаднаас хүчтэй нүдээд эхэлсэн. Би хаалгаа нээж өгөхөд нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би нөхрийг гэртээ оруулчихаад шууд орондоо ороод унтах гээд хэвтэж байтал нөхөр гэнэт над руу агсраад би чамайг алчихмаар байна. Хэрвээ тэгвэл миний бах ханах гээд байна гээд үглэж байснаа шууд миний үснээс зулгаагаад босгож ирээд гэрч байсан модон сандлаар миний толгойн ар дагз хэсэг рүү 2 удаа, мөн нуруу хэсэг рүү сандлаараа нэг удаа хүчтэй цохичихсон. Тэгэхээр нь би холдоод гэрийнхээ үүдний наана очоод суутал хойноос ирээд миний нүүр хэсэг рүү олон тооны удаа цохичихсон. Тэгээд би арай гэж салаад сууж байтал миний зүүн нүдний дээр дух хэсэг рүү төмрөөр бүрсэн хуванцар аяга аваад шидсэн ба тэр нь миний дух руу оноод зүсчихсэн ба удалгүй тус газраас цус гараад эхэлсэн. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Цагдаагийн алба хаагч нарын хамт албаны алаг тэргэн дотор сууж явахад нөхөр Чимэдлувсан нь миний баруун нүдний орчим гараараа нэг удаа цохисон ба тэр цохисон нь хавдчихсан байна. Миний биед миний нөхөр болох Чимэдлувсан нь халдаж зодсон ба нөхөртөө зодуулсны улмаас одоогоор миний биед зүүн духны дээд хэсэгт зүсэгдсэн, мөн баруун нүдний гадна шанаа хэсэг хавдсан, нуруу, хүзүү толгойн ар дагз хэсэг хөндүүртэй байна. Манай гурван хүүхэд болох Шинэцэцэг, Шүрэнчимэг, Хатантуул нар байсан ба манай хүүхдүүд нь 3-13 насны хүүхдүүд байгаа юм. Маш олон удаа надад гар хүрч байсан. Би цагдаагийн байгууллагад сүүлийн 1 жилийн хугацаанд 5-6 удаа дуудлага өгч байсан. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард нөхөр мөн намайг зодсон ба одоо хорооны хэсгийн байцаагч дээр хэрэг нь шалгагдаж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 915 дугаартай дүгнэлтэнд: “С.Энхсаруулын биед тархи доргилт, духанд шарх, баруун нүдний гадна булан, баруун шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Чгийн “...би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга нэртэй шөнийн цэнгээний газарт өөрийн эхнэр Энхсаруулын үеэл ах Одсүрэн болон түүний найз гэх эрэгтэй нартай хамт 4-5 ширхэг Tiger нэртэй 0,5 литрийн багтаамжтай шар айраг болон 0,75 литрийн багтаамжтай архи хувааж ууцгаасан юм. Тэгээд тус шөнийн цэнгээний газраас гарцгаагаад намайг гэрийн гадаа хамт явж байсан хүмүүс хүргэж өгчихөөд манай гэр лүү оролгүй явцгаасан ба тухайн үед цаг үүрийн 04 цаг болж байсан бөгөөд би хашаа руугаа ороод байшингаа хаалгыг татаад үзсэн чинь цоожтой байхаар нь би хаалгаа тогшсон. Тэгсэн чинь хаалгаа нээж өгөхгүй байхаар нь би унтаад сонсохгүй байгаа юм байх гэж бодоод бага зэргийн чанга хаалгаа тогшсон чинь эхнэр Энхсаруул хаалгаа тайлж өгсөн. Тэгээд би гэртээ ороод байшингийнхаа том өрөө рүү ороод сандал дээр сууж байтал эхнэр намайг архи уулаа. Чи муу архичин. Шөнө орой хүн ч унтуулж амраахгүй. Зайлаад өг гэх зэрэг зүйл яриад үглээд байсан би өөдөөс нь зөрүүлж уурласан бөгөөд эхнэрийг орондоо ороод хэвтчихсэн байхаар нь хөнжлийг нь татаад эхнэртээ хандаад чи өөрөө ер нь зайл гээд хэлсэн чинь чи ямар ядаргаатай юм бэ гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр үед би том  өрөөний ширээн дээр байсан хүүхдийн аягыг аваад эхнэр лүү шидчихсэн юм. Тэгсэн чинь эхнэрийн дух хэсгийг оноод духыг шалбалчихсан юм. Тэгсэн духнаас нь бага зэргийн цус гараад эхэлсэн ба над руу чи муу намайг яаж байна. Ингэж байхаар нь намайг алчихаач гээд над руу дайраад эхлэхээр нь би эхнэрийг өөрөөсөө холдуулах гээд цаашаа нь түлхсэн чинь цаана нь байсан хүүхдийн модон сандал дээр унах шиг болсон ба би эхнэртэй дахин муудалцаад хэрэггүй гэж бодоод гэрийнхээ ариун цэврийн өрөө рүү ороод хаалгаа дотроос нь түгжээд цагдаагийн алба хаагч нарыг иртэл хүлээхээр шийдээд суучихсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд би эхнэрийнхээ хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс рүү албаны автомашины арын суудал дээр зэрэгцэж суугаад хөдөлсөн ба замд манай эхнэр намайг элдэв бусаар хүчтэй доромжлоод байхаар  нь би уур хүрээд дуугүй байгаач гээд баруун гараараа түүний баруун нүд хэсэг рүү нь нэг удаа цохичихсон ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 35-43 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 хороо, Сургуулийн 12-165б тоотод хамтран амьдрагч С.Э ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож, тархи доргилт, духанд шарх, баруун нүдний гадна булан, баруун шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өгзөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өгзөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Энхсаруулын мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 915 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй,  түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ч нь шалтаг шалтгаангүйгээр хохирогч /эхнэр/ зодон түүний биед тархи доргилт, духанд шарх, баруун нүдний гадна булан, баруун шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр өгзөгт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Чгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг аягыг утсгах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ар гэрээ тэжээдэг, банкны зээл их хэмжээгээр төлдөг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлж байсан болон улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Энхсаруул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй, тэрээр “... гэмтэл хөнгөн зэрэг тул гомдолгүй ...” гэх хүсэлт /хх 57/-ээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн төмөр дотортой, хуванцар хүүхдийн цайны “smile” гэх бичиглэлтэй цайны аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн төмөр дотортой, хуванцар хүүхдийн цайны “smile” гэх бичиглэлтэй цайны аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ