| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Г.Ганбагана,
хохирогч О.*******,
хохирогчийн өмгөөлөгч Д.Батдорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407000000039 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, *******д ******* ажилтай, ам бүл 7, хадам аав, нөхөр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой 18 цаг 10 минутад ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийг хэрэгслийн жолооч Г.******* нь ухрах үйлдэл хийх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчиж Тоёота приус улсын дугаартай тээврийн хэрэгслээсээ ачаагаа авах гээд зогсож байсан О.*******ыг тээврийн хэрэгслийн хаалгатай нь хавсран мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн: “...Би оос 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 450 спартак, 10 торт ачаад шууд Багахангай алгасаад ордог юм. Яг 18 цаг гэхэд Хур-ын үүдэнд ирсэн. Тэгэхэд тэнд нэг зогсоол байсан. Тэр зогсоолын хувьд приус машины хажууд машинаа тавих гэхээр машины хаалга бүтэн онгойлгогдохгүй, тулаад байсан тул машинаа тэр чигт нь хөндлөн тавьсан. Тэнд зогсоод падаанаа бичээд, сагсаа бэлдээд 10-аад минут болж байсан. Тортоо ачаад байж байсан чинь хойноос ирж мөргөөд, хаалга онгойгдоход сагстайгаа цуг уначихсан. Юу болсноо мэдэхгүй сөхрөөд байж байтал хүүхэдтэй хүүхэн машинаасаа бууж ирээд, хүүхдэдээ хандаж “чи ард хүн байсан үгүйг харахгүй яасан юм бэ” “би хүн мөргөчихлөө шүү дээ” гэсэн. Тэгээд би “та яаж байгаа юм бэ” гээд босож чадахгүй байхад надад хандаж “эгчийн дүү битгий цагдаа дуудаарай, эгчийг нь аччихна шүү дээ” гэж хэлсэн. Тэндээс 18:00-20:00 цаг хүртэл суусан. Тэр үедээ өвдөлт нь гайгүй байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ, нялх 3 хүүхдүүдтэйгээ амьдардаг өрх толгойлсон хүний амьдралын ийм болгочихсон. Ээж минь хэлгүй дүлий байдаг. Тэгээд тохиролцъё гэхээр нь тэрхэн үед мөргүүлчхээд адилхан эх хүн гэдэг утгаар өдий хүртэл зөв харьцсан. Тэгэхэд тэрнээс хойш над руу залгаж, миний биеийг асуугаагүй. Эмчилгээ хийлгээд шар ус хурчхаад, хавдсан. Юм болгонд өөрөө гүйдэг, ээжийнхээ дэргэд уйлчхаж чадахгүй. Тэгэхэд чи “би машинаа холдуулчихъя, одоо цагдаа хүрээд ирнэ” гэж хэлээд надад 1 сая төгрөг шилжүүлсэн. Сагсаа бариад хүүхдийг нь дагуулаад дэлгүүр ортол тэр дэлгүүрийн эгч надад хандаж “Миний дүү авто ослын үр дагавар одоо гардаггүй юм. Дараа нь гардаг юм, машиндаа суу ингэж явж болдоггүй юм” гэж хэлсэн. Тэгэхэд би “Багахангай бол жижигхэн газар. Бүгд бие биеийгээ таньдаг. Цагдаа нарыг ч гэсэн таньдаг байх. Цагдаагаа өөрсдөө дуудсан, би дуудаагүй. Тэгээд QR кодгүй баримтыг баримт биш гээд цагдаа нар илт шүүгдэгчийн талд үйлчилсэн. Ер нь бол чамаас үнэртэж байсан. Цагдаа дагуулж яваад чамайг үлээлгэсэн. Гэхдээ надад ирж энэ хүн согтуу байна, үгүйг надад үзүүлээгүй. Коридорт харсан Өвөр Монгол ах цагдаагийн байгууллагын ажилтан Г.*******ийн согтолтын хэмжээг драгер багажаар шалгасан ба гэрэл зургаар баталгаажуулж байсныг нь харсан гэсэн. Одоогийн байдлаар миний хөлийн хавдар нь буухгүй, жаахан ачаалал авахаар л хавдчихаад байгаа. Өглөө би 3 шинжилгээ өгсөн. Хөлийн үен дээр цагаан юм үүсчхээд байгаа. Үрэвсэл юм уу сайн мэдэхгүй байна. Тэр дарагдаж байж дараагийн хагалгаандаа шилжих ёстой. Зүгээр явж байгаад хөл маань сонин болоод, уначих гээд байна. Цагаан сарын өмнө нөхөр лүү нь залгаад эмчилгээ хийлгэж байгаагаа хэлсэн. Эд нар дандаа над руу залгахдаа эмчилгээ хийлгэж байна уу гээд хардаад байгаа юм шиг байдаг. Миний бие тааруу байна. Хагалгаанд орно гэхээр 6-7 сая төгрөг болохоор байна. Нэг оёдол нь 500.000 төгрөгөөр тавигддаг. Эхлээд 500.000, 400. 000, 560.000 гээд мөнгө шилжүүлчхээд цагдаа дээр мэдүүлэг өгөх гээд очиход “Би мөнгө өгч чадахгүй” гэж хэлээд надтай нэг ч удаа яриагүй. Би өрх толгойлсон, 3 хүүхэдтэй ээж, гэтэл та нар болон цагдаа нар ажил хийдэг нотолгоогоо гаргаад ир гэсэн. Би нэг спартакаас 1000 төгрөгийн ашиг олдог. , луу 450-500, шинэ жилийн үеэр би нэг явалт дээрээ 1.000.000, 950.000 төгрөгийн орлого олсон. Одоо би цаашид ажил хийж чадахааргүй боллоо. Миний ээж даралттай хүн байдаг. Цалингийн дундаж хэмжээ сардаа 4 сая, хагалгаанд 6-7 сая, физик, нөхөн сэргээх эмчилгээ гээд хийнэ, цаашлаад хэд гарахыг мэдэхгүй. Надад дараа нь шүүх хурал болохоос өмнөх өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Одоо 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт эмчилгээгээ бодоод үзэхээр 15.000.000 төгрөг болоод байгаа юм. 5 сая нь дараа нь Өвөрхангай аймаг руу шавран эмчилгээгээ хийлгэхдээ авъя гэж хэлсэн. Нэг оёдол нь 500.000 төгрөг, нэг хөдөлгөөнт засал 50.000-60.000 төгрөг, физик эмчилгээ 30.000-50.000 төгрөгийн хооронд байдаг. Одоогийн байдлаар надаас гарсан зардал гэвэл 5.067.240 төгрөг гарсан. Үүнээс Г.******* нь 3.610.000 төгрөгийг өгөн. Надад одоогийн байдлаар 1.457.240 төгрөг нь надаас гарсан зардал. Үүний QR кодгүй гэсэн 150.000, 335.000 төгрөг бүхий баримтыг цагдаа хурааж авсан. Би такси барьдаг ч тэрний баримт байхгүй, бариач дээр 100.000 төгрөгийн үнэ бүхий бариагаар 5 удаа бариулсан. Хөл маань хааз, тормосдоо хүрэхгүй байсан болохоор хүний машин гуйгаад шатахуун хийж хүргүүлж, нэг аяга хоол авч өгөх юм. Энэ бүгд зардал шүү дээ. Би эрүүл байсан бол эдгээр мөнгөө хүүхдүүддээ зарцуулах байсан. Чи миний гурван хүүхдийг юу гэж бодож байна. Та нар намайг байнга хардаж байсан. Надад эмчилгээ хийлгэсэн бичлэгүүд байгаа. Би худлаа яриад хүнээс мөнгө салгадаг хүн биш” гэв.
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Би 18 цагийн алдад ажлаасаа тараад гэртээ харьсан. Гэртээ ирэхэд манай нөхөр машинаа түлхүүтэй нь хамт гэртээ үлдээгээд, өөрөө гадуур ажилтай байж таарсан. Машиныг нь аваад хүнсний зүйл авах гээд Аз хур дэлгүүр ороод зогсоол дээр нь машинаа байрлуулаад хүүтэйгээ хүнс аваад гараад ухарч байхдаа энэ хүний мөргөчихсөн. Жолооны үнэмлэхгүй машин барьсан нь миний буруу. Гарсан хохирлыг чадлаараа бүрэн төлнө. Дэлгүүр манай гэрээс 300 метрийн зайтай байдаг. Би 12 настай хүүхэдтэйгээ цуг явж байсан. Жолооны үнэмлэх авч байгаагүй. Тухайн үед юм мөргөчихсөн шиг болохоор нь буцаж урагшлаад машинаасаа гараад л гүйсэн чинь хүн дошоо суучихсан байсан. Хүн алчихсан юм бол яана гэж бодтол орилоод юм шидэхээр нь эмнэлэг явъя гээд суудал дээр нь суулгасан. Тэгэхэд эмнэлэг явахгүй гээд байсан. Тээврийн хэрэгсэл нөхөр бид хоёрынх. Хохирлын хувьд сая гаргаж ирсэн баримтуудаас бусад баримтын хохирлыг бүгдийг нь төлсөн. Зогсоолд хангалттай зай байсан. Тэр зогсоолд жижигхэн 3 машин орохоор зайтай. Би н.*******ын ирэхийг харсан. Дэлгүүр орохдоо энэ зогсоол руу орж зогсох нь дээ гээд гялс сүү, 2 кг төмс аваад эргээд гарсан. Гадаа харахуй болчихсон болохоор машины эргэн тойронд машин тавьсан эсэхийг анзаарахгүй яарч сандарсан нь миний буруу.” гэв.
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 03-09 дэх тал/,
- осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтас хэргийн 10 дахь тал/,
- зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтас хэргийн 11-12 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.*******ын өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагт гэрээсээ гараад өөрийнхөө улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад “” ХХК-ийн үйлдвэр ороод бэлдсэн байсан гурвалжин торт 450 ширхгийг аваад 06 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос аймаг руу хөдөлсөн. Тэгээд аймагт түгээлтээ хийгээд буцах замдаа Багахангай дүүрэгт 18 цагийн үед орж ирээд Аз хур хүнсний дэлгүүрийн урд тээврийн хэрэгслээ урд нь тавиад буугаад баруун хойд хаалгаа онгойлгоод тонгойгоод юм авч байсан чинь гэнэт хаалга хавсраад юм мөргөх шиг болсон. Тэгээд хөлөөрөө газар сөхрөөд унасан. Нэг хүүхэн ирээд намайг уучлаарай битгий цагдаад дуудаач гээд гуйгаад би 2 жил хоригдоно, би 4 нялх хүүхэдтэй гээд гуйгаад байсан. Тэгээд боссон чинь гайгүй юм шиг байхаар нь за тэгье гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн миний дансыг аваад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөөд Аз хур дэлгүүрийн өмнөх авто зогсоол руу орж зогсоосон. Нөгөө хүүхэн дүүгээ дуудаад өөрийнхөө тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан. Удалгүй нөгөө хүүхний нөхөр ирсэн. Би дүүтэйгээ утсаар ярьсан чинь биеэ бодоорой гэсэн. Манай дүү нөгөө хүүхний нөхөртэй утсаар яриад уурлаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 20 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Д.ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө ажилдаа явахдаа тээврийн хэрэгслээ ажлын авахдаа тээврийн хэрэгслээ онгорхой үлдээгээд түлхүүрээ гэртээ оруулж тавиад ажилдаа явсан. Тэгээд орой 19 цагийн үед ганцаараа гэр хороололд байдаг ажлынхаа хүнээс юм авах гээд цэнхэр өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан чинь манай эхнэр Аз хур хүнсний дэлгүүрийн өмнө миний тээврийн хэрэгсэлтэй зогсож байхаар нь яваад очтол манай эхнэр машин унаж яваад хүн мөргөчихсөн гээд хэлсэн. Нөгөө мөргүүлсэн хүүхнийг эмнэлэг явъя гэсэн чинь явахгүй гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 24 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №69 дугаартай:
1. “О.*******ын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, дотор холбоос, тойгийн шөрмөсний шаант ясанд бэхлэгдсэн хэсгийн, гуяны гадна дотор өргөн булчингуудын дистал хэсгээр булчингийн, хагас хальслаг булчингийн шөрмөсний дистал хэсгийн суналт, урд чагтан холбоос, гуяны гадна дотор өргөн булчингуудын дистал хэсгээр булчингийн урагдалт, дунд чөмөгний гадна булууны сэлтэрсэн хугарал, тойгийн цөмөрч, шахагдсан хугарал, дунд чөмөгний дотор булууны урд хэсгийн няцарсан хугарал, зүүн тахим, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 33-34 дэх тал/,
-“Хөрөнгө Эстимэйнт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт “ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд бус зардал 208.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтас хэргийн 40-41 дэх тал/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаартай:
1. “ Хэргийн материалтай танилцахад тухайн осол болсон гэх газарт замын хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, тэмдэглэл тусгагдаагүй байна.
2. Зам тээврийн ослын материалтай танилцахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Г.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркийн улсын дугаартай авто машины жолооч О.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 49-50 дахь тал/,
-Жолоочийн лавлагаа -Г.******* нь жолооч биш /хавтаст хэргийн 25 дахь тал/
-согтуурал шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/
-хохирол төлсөн баримтууд /хавтас хэргийн 44, 53-58, 95-102 дахь тал/,
-ны Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 72 дахь тал/,
-Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн даргын тодорхойлолт /хавтас хэргийн 73 дахь тал/,
-Г.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 74-75 дахь тал/,
-хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтас хэргийн 76-78 дахь тал/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 79 дэх тал/,
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 80 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Зам тээврийн осол болсон цаг хугацааг яллах дүгнэлтэд 22 цаг 50 минут гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримтаар ирсэн Си Ди бичлэг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ зэргээр осол 18 цаг 10 минутад болсон болох нь тогтоогдож байна.
Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 49-50 дахь тал/-ээр Тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Г.******* нь Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон зам тээврийн осол гарахад “Зам тээврийн ослын материалтай танилцахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Г.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.
Шүүгдэгч Г.*******ийн жолоодон явсан Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийг хэрэгсэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна: “B-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин” гэж зааснаар “В” ангиллын тээврийн хэрэгсэл байна.
Тээврийн хэрэгслийн жолооч Г.*******ийн жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/-гаар жолооч биш болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.******* нь “ард зогсож байсан тээврийн хэрэгслийг хөдөлсөн байх гэж бодоод хөдөлсөн” гэж мэдүүлсэн байх тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөн байх үндэстэй байна.
Иймд Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан, талууд дүгнэлэд гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байх тул дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй.
Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой байсан байна.
2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой 18 цаг 10 минутад ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийг хэрэгслийн жолооч Г.*******ийн хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчин гаргасан ослын улмаас хохирогч О.*******ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №69 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” мөн зүйлийн 2 дахь хэсэг “Энэ гэмт хэргийг” 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын Г.*******ид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэрэг болох үед шүүгдэгч согтуу байсан гэж хохирогч хэлсэн, мөн яллагдагч урьд согтуу гэж хоёр удаа арга хэмжээ авхуулж байсан учир үүнийг шалгуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд осол болсон 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 50 минутад Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүр, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Э. нь согтуурал хэмжих багажаар Г.*******ийг шалгаж 0.00 хувьтай байсан болохыг тэмдэглэн фото зургаар баталгаажуулсан байна. Энэ эрх бүхий албан тушаалтны бүрдүүлсэн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчөөгүй байна. Мөн урьд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
1.4. Хохирол, хор уршиг.
Зам тээврийн ослын улмаас хохирогч О.*******ын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, дотор холбоос, тойгийн шөрмөсний шаант ясанд бэхлэгдсэн хэсгийн, гуяны гадна дотор өргөн булчингуудын дистал хэсгээр булчингийн, хагас хальслаг булчингийн шөрмөсний дистал хэсгийн суналт, урд чагтан холбоос, гуяны гадна дотор өргөн булчингуудын дистал хэсгээр булчингийн урагдалт, дунд чөмөгний гадна булууны сэлтэрсэн хугарал, тойгийн цөмөрч, шахагдсан хугарал, дунд чөмөгний дотор булууны урд хэсгийн няцарсан хугарал, зүүн тахим, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтэл учирсан байна.
Хохирогч учирсан гэмтлийн хувьд маргаагүй. Харин тус гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” өвдөгний үе 105б, 107г-д хамаарах гэмтэл тул хүнд зэргийн гэмтэл болох ёстой гэж маргажээ.
Дээрх “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 105-ийн 2-т, 107-ийн 1-т дугаар өвдөгний үе, Өвдөгний үений хөдөлгөөн хязгаарлагдах гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршиг нь хөдөлмөрийн чадвар алдалтын 10-30 хувь байна гэж тогтоожээ.
Мөн журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан”, 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан.” гэж журамлажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №69 дугаартай дүгнэлтийн 2-т “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....”, 3-т “Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэж дүгнэсэн байна.
Иймд шинжээч хорирогчид учирсан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэж эдгэрэх хугацаагаар гэмтлийн зэрэг тогтоосон нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч үндэслэлтэй тул шүүх дахин шинжээч томилох хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.******* хохирогч О.*******д 3.848.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч О.******* эмчлүүлсэн эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 11,457,244 төгрөг нэхэмжилж, дахин эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир шүүгдэгч Г.*******аас 11,457,244 төгрөгийг гаргуулж хохирогч О.*******д олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын 335,000 төгрөгийн баримт, 150,000 төгрөгийн тэмдэгтэй баримтуудыг мөрдөгчид өгөхөд тухайн үед QR кодтой биш бол нотлох баримт болохгүй гэж хэлээд хэрэгт хавсаргаагүй байна. Нийт 485,000 төгрөгийн 2 ширхэг баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна.” гэжээ.
Хохирогч дээрх хэрэгт хавсаргаагүй баримтын 485,000 төгрөгийг нэмж нийт 11.457.244 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн.
Хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардал бүхий хохирлыг нэхэмжлэх эрхгүй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарлах саналтай байна..” гэх дүгнэлтийг танилцуулсан.
Хохирогчийн өмгөөлөгч: “....Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Төлбөр төлөх асуудал дээр шүүгдэгч нь ажлаа хийж байж хохирлоо төлнө шүү дээ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд 4 хүүхэдтэй, хүүхдүүд нь өвдөх асуудал байна. Мөн Улаанбаатар төмөр зам нь босоо удирдлагатай, зам дагаж ажилладаг. Мэдээж Багахангай дүүрэгт ажиллана. Хүүхэд өвдөөд эмнэлэг орох гэтэл боломжгүй, хугацаа алдах эрсдэлтэй. Энэ хэрэг нь өөрөө болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг учраас шүүгдэгчийн хийсэн үйлдэлд арай хүнд ял шийтгэл юм болов уу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн 7.1.1-ийг хэрэглэн тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлт, санал гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг судлах” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /сиди/-г хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.*******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг судлах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 3,848,000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс 11,457,244 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох, хохирогч нь цаашид эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН