| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03990/И |
| Дугаар | 183/ШШ2021/00468 |
| Огноо | 2021-03-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2021/00468
| 2021 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2021/00468 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Л.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт П.Э-д холбогдох,
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Э-той 2015 онд танилцаж, дотно харьцаатай байсан. Бидний дундаас 2018 онд хүү Б.С- төрсөн. П.Э иргэний үнэмлэх байхгүй гэсэн шалтгаанаар миний хүүг өөрийн нэрээр овоглоогүй. Одоо хүү мань 2 настай. Иймд 2018 онд төрсөн хүү Б.С-ийн төрсөн эцэг нь П.Э мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хүү Б.С-ийн төрсөн эцэг мөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Хүүхдээ тэжээн тэтгэнэ гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч П.Эод холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хавтаст хэрэгт, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.С-ийг эх Л.Б-ээр овоглож, 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон төрсний гэрчилгээ авагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Э нь хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаар шинжээчийн дүгнэлтээр П.Э нь Б.С-ийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувь болохыг тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүү Б.С-ийн эцэг П.Э болохыг тогтоож, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.С-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Э-оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Л.Б нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй, хүүхэд одоо эхийн асрамжид байх боловч шүүх гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.С-ийг эх Л.Б-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг П.Э хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.С-ийг эцэг Х овогт П.Э болохыг тогтоож, хүүхдийг эх Л.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү Б.С-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг П.Эоос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Э, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Б нарт тус тус даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 37 846 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ