| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03134/И |
| Дугаар | 183/ШШ2021/00608 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/00608
| 2021 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2021/00608 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Э.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө овогт Н.М-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Бид 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болон дундаасаа 5 настай болон 10 настай хоёр охинтой. Гэр бүлийн харилцаа хөндийрч нэгэн лүүгээ турхирч уурлах, ээлж дараалан удаа дараа нэгнийгээ хөөх тохиолдлууд гарсан. Улмаар 2020 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлахаас үйлчилгээ авсан боловч амжилтгүй болсон тул гэрлэлт цуцлуулах хүсэлтийг гаргаж байна. Уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 20 минутад зарлагдсан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргах зүйлгүй” гэжээ.
Хариуцагч Н.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэр бүл цуцлуулах шүүх хуралд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орсноос хойш нөхөр Э.Э-тэй огт уулзаагүй, салах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн охин Э.ЭС, Э.Б нарыг өөрийн асрамжид үлдээнэ. Нэхэмжлэгчийн зүгээс хүүхдийн тэтгэлэг төлөхөөр харилцан тохиролцсон” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч Н.М-т нь уг шаардлагыг зөвшөрч, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр Э.Э, Н.М нар нь 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Э, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Э.Бнар төрсөн болох нь тогтоогдож байна.
Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, мөн шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13570 тоот шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч зохигчдын хүсэлтээр уг ажиллагаа дуусгавар болсон байна. Иймд Эрдэнэбилэг, Н.М нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Э.Э 11 настай, охин Э.Б 6 настай тус тус эхийн асрамжид байх бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Б нарыг эх Н.Мын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Э, Э.Б нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Э.Э-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Э.Э хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасаныг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э хариуцагч М/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э /рд:ХХХХХХХ/, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Б /рд:ХХХХХХХ/ нарыг эх Н.М-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг охин Э.Э, Э.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг Э.Эээр сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Э, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М нарт тус тус даалгаж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан гэрлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 60 819 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугЕай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ