Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

 

 

 

2024         03             19                                    2024/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал,

шүүгдэгч Э.Наранбаатар нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Наранбаатарт холбогдох эрүүгийн 2415000000023 дугаартай, 163/2024/0054/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигин овогтой Эрдэнэцогтын Наранбаатар, 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, Хонхорын 7-1 тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эрэгтэй, 20 настай, /РД:МК04240412/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Э.Наранбаатар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан даваа” гэх газраас иргэн Х.Баасансүрэнгийн халиун зүсмийн соёолон насны 1 тооны морийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой бэлчээр дээрээс нь хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2415000000023 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Э.Наранбаатар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан даваа” гэх газраас иргэн Х.Баасансүрэнгийн халиун зүсмийн соёолон насны 1 тооны морийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой бэлчээр дээрээс нь хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Наранбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Баасансүрэнгийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Цагаан давааны ар гэх газар байрлах гэрийн гадна ирж тэжээл иддэг халиун зүсмийн соёолон үрээндээ тэжээлийг нь өгч дуусаад бэлчээрт нь гаргасан. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд адуун дээрээ очиход адуун дотроос тэжээл иддэг халиун зүсмийн соёолон үрээ маань байхгүй байсан. Тэгээд би халиун үрээгээ хэд хоног ойр орчмоороо хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би халиун зүсмийн үрээгээ 4 сая төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл хурдан удмын угшилтай. Би халиун зүсмийн үрээгээ олохгүй хэдэн өдөр машинтай хайж явсан болохоор бензин, тосны мөнгө гаргуулж авах хүсэлтэй байна. Ойролцоогоор 300.000 төгрөг халиун зүсмийн морио хайхад зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 22 дахь тал/,

3. Иргэний нэхэмжлэгч Н.Сормоогийн өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байдаг хүү Залуу хүүгийн гэрт байж байхад миний 99556760 дугаарын утас руу хуурай дүү Батжаргал залгасан. Тэгээд Батжаргал би нэг адуу нядлах гэсэн юм та нядлаад өгөөч гэсэн тэгэхээр нь би Батжаргалын гэрт очиход халиун зүсмийн нэг морь хашаан дотор нь байсан. Тэгээд Батжаргал энэ халиун зүсмийн морийг нядлах гэж байгаа юм гэхээр нь би энэ тохомны хөлстэй унагдчихсан морийг нядалж яах юм би орны адуугаар сольж авъя гэхэд Батжаргал тэг тэг гэсэн. Тэгээд би тухайн халиун зүсмийн морийг үзчихээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт өөрийн гэртээ очиж хэд хоночихоод хуурай дүү Батжаргалыг дуудаж өөрийн адуунаасаа халиун зүсмийн морины оронд бор зүсмийн адуу нядалж өгөөд явуулсан. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр Орхон аймагт орж ирээд хуурай дүү Батжаргалаас халиун зүсмийн морио очиж аваад хүү Залуухүүгийн хашаанд ирээд өвс тавьж өгөөд 2 хонуулчхаад байж байхад өнөөдөр буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр хүү Залуухүүгийн хашаанд халиун морины эзэн байна би хулгайд алдчихсан юм гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Х.Батжаргалын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой Орхон аймгийн Эрдэнэ баг, Сархиагын 16-4-1 тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад 23 цагийн орчимд өмнө надаар алдсан адуу малаа мэргэлүүлж байсан Наранбаатар гэдэг залуу миний 99526243 дугаарын залгаж, би морь зарах гэсэн юм. Банкинд мөнгө хийх гээд та энэ морийг худалдаад авчихаач гэсэн. Тэгээд би Наранбаатар гэдэг залууг хүрээд ир морийг чинь харъя гэхэд Наранбаатар гэдэг залуу манай хашааны гадаа хонгор морь уначихсан сартай халиун зүсмийн морь хөтөлчихсөн ирсэн. Тэгээд би тухайн сартай халиун зүсмийн морийг ямар үнээр зарах юм гэхэд 1 сая төгрөгөөр зарна гэхэд би Наранбаатар гэдэг залууд 750.000 төгрөгөөр зарвал худалдаж авна гэхэд тэг тэг гээд би Наранбаатарт 500.000 төгрөгийг өөрийн 5093107256 дугаарын данснаасаа шилжүүлж үлдэгдэл 250.000 төгрөгийг бэлэн өгсөн. Тэгээд би тухайн залуугаас энэ морины гарал үүслийн бичиг баримт нь хаана байгаа юм гэж асуухад Булган аймгийн Орхон сумын адуу байгаа юм би маргааш гарал үүслийн бичиг баримтыг нь аваад өгье гэсэн. Тэгээд би худалдаж авсан сартай халиун зүсмийн морио өөрийн хашаандаа оруулж уяж, хоноод маргааш нь буюу 12 дугаар сарын 24-ний өдөр нутгийн ах Сормоог дуудаж сартай халиун зүсмийн морийг нядлуулах гэж дуудсан тэгээд Сормоо ах манай гэрт ирээд тухайн сартай халиун зүсмийн морийг хараад энэ туранхай юм байна би чамд орны адуу өгөөд энэ сартай халиун зүсмийн морийг чинь худалдаж авъя гэсэн. Тэгээд би Сормоо ахтай өөр нэг адуугаар солих болоод Сормоо ах надад бор зүсмийн адуу оронд нь өгсөн тэгээд би тухайн бор зүсмийн адууг өөрийн гэртээ идшиндээ хэрэглэсэн. Би өөрийн 5093107256 дугаарын данснаас 5104069152 дугаарын Э.Наранбаатар гэдэг нэртэй данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримтаа Хаан банкнаас гаргуулж авсан.Үлдэгдэл 250.000 төгрөгийг би тухайн Наранбаатар гэдэг залууд бэлэн өгсөн юм. Тэгээд 01 дүгээр сарын 05-ны өдөр сартай халиун зүсмийн морины эзэн нь над руу ярьж, би тухайн морийг хулгайн морь юм байна гэдгийг мэдсэн. Би нутгийн ах Сормоод бор зүсмийн идшиндээ хэрэглэсэн адууны мөнгө гэж 1.300.000 төгрөгийг өгчихсөн болохоор одоо Наранбаатар гэдэг залуугаас 750.000 төгрөгийг авчихвал надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

5. Гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай аавын адуунаас зүүн талын гуяан дээрээ тамгатай хамар цагаан, духан дээрээ сартай хар голтой халиун морь алга болсон. Тэгээд манай аав над руу залгаад халиун морь алга боллоо гэж хэлэхээр нь би хөдөө очоод тэр хавиар зөндөө хайсан. Тэгээд олж чадахгүй байж байгаад Эрдэнэт хотын хамгийн том фейсбүүк зарын групп болох “Эрдэнэтийн хамгийн том зар гэх нэршилтэй группэд адуугаа алдсанаас хойш 5-6 хоногийн дараа өөрийн фейсбүүк хаягаас алдсан мориныхоо зургийг нь тавиад хайж байгаа талаар пост оруулсан. Тэгсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн үед танихгүй хүн холбогдоод наад морь чинь Эрдэнэтийн Дэнж гэх газарт байх Батжаргал гэх хүний хашаан дотор байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд хайж байгаа талаараа хэлэхэд миний хариуд Батжаргал би тухайн морийг 12 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн үед хүнээс худалдаж авсан. Надад Наранбаатар гэх залуу зарсан. Би буцаагаад манай ар талын хашаанд байх хүнд зарсан гэж хэлсэн. Тэгээд зарсан гэх айлд нь яваад очиход манай аавын алдсан гэх халиун морь хашаанд нь өвс идээд байж байсан. Тэгээд би Эрдэнэтийн цагдаад дуудлага өгөөд манай морийг зарсан гэх Наранбаатар гэх залууг олж бариулаад байж байхад Бугат сумын цагдаа ирсэн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

6. Гэрч Г.Ганбатын өгсөн: “... Наранбаатар гэдэг залуу 2023 оны 12 дугаар сарын 23- ны өдөр Бугат сумын 1 дүгээр баг Тариа бригад гэх газарт байрлах манай гэрийн хажуу талын гэрт адуунд яваад байж байсан. Надад 12 дугаар 23-ны өдөр Наранбаатар гэдэг залуу би Орхон аймаг явчхаад ирье гэсэн. Тэгээд би хэзээ явах юм гэхэд орой явна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 24-ний өглөө босоход Наранбаатар гэдэг залуу байхгүй байсан. Тэгээд Наранбаатар Орхон аймаг явж 2 хоночхоод ирсэн. Наранбаатар гэх залуу миний хонгор зүсмийн 7 настай морьтой Орхон аймаг явсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа ирэхдээ хонгор морийг адуун дээр очиж тавиад өөр морь уначихсан ирсэн. Тэгээд Наранбаатар маргааш нь адуунд яваад ирэхдээ хонгор морийг олж ирсэн муудаад байна гэсэн. Тэгээд адууны хашаанд хийгээд хонгор моринд шингэн хийж, тэжээл өгөхөд дээрдэхгүй байж байгаад миний хонгор зүсмийн морь 2 хоноод адууны хашаан дотор үхчихсэн байсан. Тэгээд Наранбаатар гэдэг залуу манайд дахиж ирэхгүй ямар нэгэн холбоогүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

7. Эд зүйл /моринд/үзлэг хийсэн “...Үзлэгийг үргэлжлүүлэн Б.Мягмарсүрэн гэдэг хүнийг оролцуулж, халиун зүсмийн моринд үзлэг хийхээр тогтов. Уг халиун зүсмийн морь нь хамар цагаан сартай, хар өнгийн дэл, сүүлтэй засмал дэлтэй морь байх бөгөөд зөв талын гуя хэсэгтээ хятад ба нэртэй X тамгатай халиун зүсмийн морь байсныг оролцогч Б.Мягмарсүрэнгээс хулгайд алдсан морь нь мөн эсэхийг асуухад миний аав Баасансүрэнгийн хулгайд алдсан соёолон насны морь мөн гэснийг Б.Мягмарсүрэнд халиун зүсмийн морийг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

8. “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №8692 дугаартай “..соёолон эр адуу 1.500.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Э.Наранбаатар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан даваа” гэх газраас иргэн Х.Баасансүрэнгийн халиун зүсмийн соёолон насны 1 тооны морийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой бэлчээр дээрээс нь хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох  нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Наранбаатарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эд хөрөнгөд учирсан 1 тооны соёолон насны адуу буюу 1.500.000 төгрөгийн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.Наранбаатарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.Наранбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Баасансүрэнгийн  1 тооны соёолон насны адуу буюу 1.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэхүү хохиролыг Э.Наранбаатар нь төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдыг төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Харин Э.Наранбаатараас 750.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Батжаргалд олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Наранбаатарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Э.Наранбаатарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Наранбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоолгоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 96-100 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Наранбаатар нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, Хонхорын 7-1 тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч Э.Наранбаатарыг Э.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдоогүйг дурдаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаарыг устгах саналтай байна гэх саналыг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Э.Наранбаатар нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн, аав, 5 дүүгийн хамт амьдардаг ба, аавдаа мал маллахад тусалдаг гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгч Э.Наранбаатар нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

  Шүүгдэгч Э.Наранбаатарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж  шүүх үзэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Наранбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогтой Эрдэнэцогтын Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наранбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Э.Наранбаатарт оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Наранбаатарт  сануулсугай.  

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг  дурдаж, эд мөрийн баримтаар хураан авсан хуучин эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Наранбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Э.Наранбаатараас 750.000 төгрөгийг  гаргуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Сархайгийн 4-01 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Хольдог овогт Хүрэлбаатарын Батжаргал /РД:ОМ84022613/-д олгож, шүүгдэгч Э.Наранбаатараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ