| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/242 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/242
2024 03 27 2024/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Б.Ад холбогдох эрүүгийн 2311 00034 1509 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдийн хамт .................................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Цагаан гэрүүд овогт Б.А /РД:............................................/.
Холбогдсон хэргийн товч агуулга;
Шүүгдэгч Б.А нь фэйсбүүк цахим орчинд “Сувдан Сондор” гэх хаягнаас “...бараа захиалж өгнө ...” гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар тус зарын дагуу бичиг хэргийн бараа захиалахаар холбогдсон хохирогч Т.М 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын 225 дугаар гудамж 102 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.500.000 төгрөг, мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алфа кидс” өдөр өнжүүлэх төв дээр байхдаа шилжүүлсэн 1.950.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Ариг банкны 2101023419 дугаартай дансыг ашиглаж хоёр удаагийн үйлдлээр нийт 3.450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчоос гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А нь:
фэйсбүүк цахим орчинд “Сувдан Сондор” гэх хаягнаас “...бараа захиалж өгнө ...” гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар тус зарын дагуу бичиг хэргийн бараа захиалахаар холбогдсон хохирогч Т.М 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын 225 дугаар гудамж 102 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.500.000 төгрөг, мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алфа кидс” өдөр өнжүүлэх төв дээр байхдаа шилжүүлсэн 1.950.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Ариг банкны 2101023419 дугаартай дансыг ашиглаж хоёр удаагийн үйлдлээр нийт 3.450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй, Хохирогч Маралмаагаас бичиг хэргийн захиалга авсан нь үнэн, цааш нь дамжуулаад л өгчихсөн, энэ талаарх баримт надад байхгүй, хохирол төлж чадаагүй байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, одоо ажилд орчихсон байгаа, зээл авах боломжтой, бага насны хүүхэдтэй, дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Т.М “...2022 оны 7 дугаар сард Альфа кидс өдөр өнжүүлэх төвд ажилладаг бөгөөд тухайн үед зуны амралт эхэлсэн тул ажиллахгүй байсан юм. Тэгээд би тухайн үедээ онлайнаар бичиг хэргийн бараа худалдах зорилготой байсан болохоор “Сувдан сондор” гэх нэртэй групп чатанд нэгдэж орсон юм. Тэр группээс бичиг хэргийн барааг бөөндөж аваад цаашаагаа өөрсдөө зарахаар төлөвлөж байсан юм ... Тухайн группээс их хэмжээний бараа бөөнд нь захиалахаар болоод “Сувдан сондор” группийн админы “Зулаака Зулаака” гэх нэртэй фэйсбүүк хаяг руу хувь чат анх бичсэн юм. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би Зулаака Зулаака гэх хаяг руу чат бичих үед “Сувдан сондор” группийн админ нь бараа захиалахдаа барааны үнийг бүтнээр буюу 100 хувь шилжүүлэх ёстой гээд байхаар нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр би нөхөр Бөхбаярын 5031554242 дугаарын данснаас “Зулаака Зулаака” гэх хүний явуулсан Ариг банкны 2101023419 /данс эзэмшигчийн нэр нь Батбаяр Алтанзул гэх нэр гарч байсан/ дугаартай данс руу захиалж байгаа барааны урьдчилгаа 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн юм ...Зулаака Зулаака гэх хаягтай Алтанзул гэх админ нь над руу бараа чинь Хятадын Гуанжу хотоос нааш ачигдаад ирж байгаа үлдэгдэл төлбөрөө хийгээрэй гээд байсан тул би өөрийнхөө Хаан банкны 5033171642 дугаартай данснаас “Зулаака Зулаака” гэх хүний явуулсан Ариг банкны 2101023419 дугаартай данс руу захиалж байгаа барааны үлдэгдэл 1.950.000 /сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг 2022 оны 07 сарын 27-ны өдөр гүйцээж шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Хохирогч Т.М дахин өгсөн: “...Зулаака Зулаака гэх хүний явуулсан Ариг банкны 2101023419 дугаартай данс руу захиалж байгаа барааны урьдчилгаа 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур 225 гудамж 102 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм ... Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Сургуулийн гудамжинд байрлах “Алфа кидс” өдөр өнжүүлэх төв дээр байхдаа би өөрийн Хаан банкны 5033171642 дугаартай данснаас ... Сувдан Сондор группийн админ Зулаака Зулаака гэх хүний явуулсан Ариг банкны 2101023419 дугаартай Б.А гэгчийн данс руу барааны үлдэгдэл төлбөр 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гар утасны интернет банкаараа шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Алтанзул гэж манай эхнэр байгаа юм ... би Хаан банкны 5083211486 дугаартай дансыг эзэмшдэг. Тухайн дансыг ашиглаад 10 жил орчим болж байгаа санагдаж байна. Миний дансыг хамтран эзэмшдэг хүн байдаггүй. Би өөрөө эзэмшдэг манай эхнэр Б.А болохоор интернет банкны нууц үг дугаарыг мэддэг болохоор миний данс руу гүйлгээ хийдэг. Миний утсанд мессеж ирдэг мөн би интернет банкаар орлого зарлагын гүйлгээг хянадаг. Тухайн мөнгийг би ашиглаагүй. Б.А миний дансыг ашигладаг байсан болохоор дансанд мөнгө ороод эхнэр буцаагаад авдаг байсан. Тухайн үед манай эхнэр Б.Аын банкны дансанд барилт хийчихсэн байсан. Тэгээд миний дансыг байнгын ашигладаг Б.Аын дансанд барилт хийгээд олон жил болж байгаа гэж хэлсэн. Надын данс руу мөнгө шилжүүлэхдээ хэлж ярьж байгаагүй. Би эхнэрээс ямар учиртай мөнгө ороод байгаа юм гэхээр надад юм хэлдэггүй байсан. Тэгээд тэр асуудлаас болж хэрүүл маргаан үүсдэг байсан. Миний дансыг ашигладаг болоод зөндөө удаж байна. Манай эхнэр Б.А нь нэг жилийн өмнөөс утсаа авч ярихаа байсан. Залгахаар утас нь дуудаад авдаггүй. Би өөрөө 9 настай хүүхэдтэйгээ Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд амьдарч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
Ариг банкны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай албан тоот түүний хавсралтууд, Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29/7350 дугаартай албан тоот, хавсралтууд, Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42-56 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Аын гэрчээр өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор хохирлыг нь төлөөгүй байгаа юм. Би хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө хохирлыг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.А нь фэйсбүүк цахим орчинд “Сувдан Сондор” гэх хаягнаас “...бараа захиалж өгнө ...” гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар тус зарын дагуу бичиг хэргийн бараа захиалахаар холбогдсон хохирогч Т.М 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын 225 дугаар гудамж 102 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.500.000 төгрөг, мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алфа кидс” өдөр өнжүүлэх төв дээр байхдаа шилжүүлсэн 1.950.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Ариг банкны 2101023419 дугаартай дансыг ашиглаж хоёр удаагийн үйлдлээр нийт 3.450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон түүний мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон бол түүний өмгөөлөгчөөс хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “ ...Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Түүний хувийн байдал, хохирол төлбөр төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...: Миний үйлчлүүлэгч өдрийн цагийн ажил хийгээд тухайн мөнгөөрөө ар гэрээ тэжээдэг. Тиймээс түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү ...” гэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь гэм буруутайд тооцогдсоны дараа хохирол, төлбөр барагдуулах талаар санал, хүсэлт гаргаагүй тул шүүх эрүүгийн харицлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөөгүй/ нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Маралмаад 3.450.000 төгрөгийн хохирол учирснаас,
шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс Иргэний хуулинд заасан гэм хорын болон эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Мөн уг хохирлыг 6 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ааас хохирлын 3.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Маралмаад олгож, уг хохирлыг 6 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ