| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
2024 03 21 2024/ШЦТ/57
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд
хохирогч В.Хишигсүрэн нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарт холбогдох эрүүгийн 2415000000017 дугаартай, 163/2024/0059/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б*******гийн Цэрэнханд, 1976 оны 02 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын Хүйшийн 3-02 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 48 настай, эмэгтэй /РД:*******/.
Монгол Улсын иргэн, И*******гийн Хишигсүрэн, 1963 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын Хүйшийн 3-01 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг,
урьд Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Орхон аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 61 настай, эрэгтэй /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Хишигсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг 3-1 тоотод байх өөрийн гэртээ хохирогч О.Б*******гийн толгойн тус газарт сандлаар цохих, зүүн гарын булчин хэсэгт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Цэрэнханд нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байх В.Хишигсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж.улмаар нөхөр О.Б*******тэй маргалдаж маргааны үйл явцыг болиулсан иргэн В.Хишигсүрэнгийн толгойн тус газарт сандлаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч В.Хишигсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг 3-1 тоотод байх өөрийн гэртээ хохирогч О.Б*******гийн толгойн тус газарт сандлаар цохих, зүүн гарын булчин хэсэгт хутгалж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Цэрэнханд нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байх В.Хишигсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж улмаар нөхөр О.Б*******тэй маргалдаж маргааны үйл явцыг болиулсан В.Хишигсүрэнгийн толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Хишигсүрэнгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэнхандын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Б*******гийн өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг Хүүшийн 2 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Цэрэнхандын хамт байж байгаад ******* сумын 3 дугаар багт байдаг хуурай ах Хишигсүрэнгийн гэрт эхнэр Цэрэнхандын хамт очсон.Тэгээд Хишигсүрэн ахын гэрт очоод байж байгаад би Агар нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаж өгөөд тухайн архийг Хишигсүрэн ах миний эхнэр Цэрэнханд бид гурав хувааж уусан. Тэгээд тухайн Агар нэртэй архийг хувааж уугаад дуусахад Хишигсүрэн ах дэлгүүр орж Хараа нэртэй 2 шил архи олж ирсэн.Тэгээд хуурай ах Хишигсүрэн, эхнэр Цэрэнханд бид гурав хувааж уугаад 23 цагийн орчимд дуусах гэж байхад би эхнэр Цэрэнхандыг гэр рүүгээ явъя гэхэд эхнэр Цэрэнханд явахгүй гэсэн.Тэгэхээр нь би эхнэр Цэрэнхандыг 1 удаа алгадахад Хишигсүрэн ах та хоёр боль юу? болж байгаа юм гээд салгахад миний эхнэр Цэрэнханд уурлаад сууж байсан модон сандлыг шидэхэд тухайн сандал нь Хишигсүрэн ахын толгой хэсэгт оносон.Тэгээд эхнэр Цэрэнханд бид хоёр Хишигсүрэн ахын гэрээс гараад хашаан дотор нь явж байхад Хишигсүрэн ах араас гарч ирээд миний толгойны ар хэсэгт 1 удаа сандлаар цохисон.Тэгээд би газарт уначхаад босож ирээд Хишигсүрэн ахыг та яаж байгаа юм гэхэд Хишигсүрэн ах миний зүүн гарын булчингийн ар хэсэгт цохиод авах шиг болсон.Тэгээд би Хишигсүрэн ахын гар руу харахад хутга барьчихсан байсан.Тэгээд би өөрийн гэр рүүгээ гараад явсан. Тэгээд би гэртээ очоод толгойноос гарч байгаа цусаа тогтоох гэхэд тогтохгүй байсан.Тэгээд би Хишигсүрэн ах руу утсаар залгаж дуудахад Хишигсүрэн ах ирсэн. Тэгээд маргааш нь Хишигсүрэн ах эхнэр Цэрэнханд бид хоёрыг дуудаж цай хоол ид гэсэн.Тэгээд Хишигсүрэн ахын гэрт очоод байж байхад Хишигсүрэн ахын эгч орж ирээд эхнэр бид хоёр руу уурлахад миний эхнэр Цэрэнханд уурлаж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Б*******гийн өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг 3-1 тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад 2023 оны намар танилцсан Б******* түүний эхнэр Цэрэнханд нар манай гэрт ирсэн. Тэгээд Б*******, Цэрэнханд хоёр Агар нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаж ирээд тухайн архийг Б*******, Цэрэнханд бид гурав хувааж уусан.Тэгээд ууж дуусахад нь би дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи аваад тухайн 2 шил архийг Б******* түүний эхнэр Цэрэнханд бид гурав хувааж уугаад дуусах гэж байхад хуурай дүү Б******* нь өөрийн эхнэр Цэрэнхандыг 1 удаа алгадаад авсан.Тэгэхээр нь би дундуур нь ороод Б*******г яаж байгаа юм гээд болиулж байхад Б.Цэрэнханд гэдэг эмэгтэй миний хойноос манай гэрт байдаг модон тавцантай төмөр сандлыг аваад шидэхэд тухайн сандал нь миний толгойны орой хэсэгт оносон. Тэгэхэд миний толгойны орой хэсгээс цус гарсан. Тэгээд би цусаа гоожуулаад байж байхад Б******* нь эхнэр Цэрэнхандтайгаа хэрэлдэж маргалдаад манай гэрээс гарч Б*******, Цэрэнханд хоёр манай хашаанд маргалдаад байхаар нь өөрийн гэрээсээ гар тэр хоёрыг та хоёр болиоч гээд байж байхдаа хэсэг ухаанаа алдаад юу болсон талаар санахгүй байж байхдаа өөрийн өмдний хормойнд хоол идэхдээ хэрэглээд явж байдаг эвхдэг төмөр иштэй хутгыг гаргаж ирээд Б*******гийн зүүн гарын булчингийн ар хэсэгт нэгудаа хутгалсан. Тэгэхэд Б******* намайг Хишигсүрэн ах та намайг хутгалчихлаа гэхэд би ухаан орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
5. Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 24 дугаартай “...Магадлуулагч В.Хишигсүрэнгийн биед зулайн шарх тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
6. Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 25 дугаартай “...Магадлуулагч О.Б*******гийн биед толгойн ар дагз, дагзны дээд хэсэг, зүүн гарын буглагны ар дунд хэсэгт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
7. Хохирогч О.Б*******гийн дахин өгсөн: “...эхнэр Цэрэнханд бид хоёр Хишигсүрэн ахын гэрээс гараад хашаан дотор нь явж байхад Хишигсүрэн ах араас гарч ирээд миний толгойны ар хэсэгт 1 удаа сандлаар цохисон.Тэгээд би газарт уначихаад босож ирээд Хишигсүрэн ахыг та яаж байгаа юм гэхэд Хишигсүрэн ах миний зүүн гарын булчингийн ар хэсэгт цохиод авах шиг болсон.Тэгээд би Хишигсүрэн ахын гар руу харахад хутга барьчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/, хохирогч В.Хишигсүрэнгийн “...Цэрэнханд гэдэг эмэгтэй миний хойноос манай гэрт байдаг модон тавцантай төмөр сандлыг аваад шидэхэд тухайн сандал нь миний толгойны орой хэсэгт оносон. Тэгэхэд миний толгойны орой хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Б*******, В.Хишигсүрэн нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 24 дугаартай дүгнэлт, Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 25 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч В.Хишигсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг 3-1 тоотод байх өөрийн гэртээ хохирогч О.Б*******гийн толгойн тус газарт сандлаар цохих, зүүн гарын булчин хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Цэрэнханд нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байх В.Хишигсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж.улмаар нөхөр О.Б*******тэй маргалдаж маргааны үйл явцыг болиулсан иргэн В.Хишигсүрэнгийн толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 24 дугаартай “...Магадлуулагч В.Хишигсүрэнгийн биед зулайн шарх тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт,
Булган аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Энхбатын гаргасан 25 дугаартай “...Магадлуулагч О.Б*******гийн биед толгойн ар дагз, дагзны дээд хэсэг, зүүн гарын буглагны ар дунд хэсэгт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр В.Хишигсүрэн,Б.Цэрэнханд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.
Мөн В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч В.Хишигсүрэн Б.Цэрэнханд нар нь гэм буруугийн талаар маргаагүй оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.Хишигсүрэн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч О.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Цэрэнхандын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч В.Хишигсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялыг ялгамчтай байдлаар оногдуулах санал гаргаж,
Шүүгдэгч В.Хишигсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Б.Цэрэнхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус,
Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нар нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч В.Хишигсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Б.Цэрэнхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч В.Хишигсүрэнгийн хувьд хавтаст хэргийн 56-77 дугаар талд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэхтогтоол, Орхон аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоол, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч В.Хишигсүрэн нь Булган аймгийн ******* сумын Хүйшийн 3-01 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Цэрэнхандын хувьд хавтаст хэргийн 55, 75-76 дугаар талд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Цэрэнханд нь Булган аймгийн ******* сумын Хүйшийн 3-02 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******гийн Цэрэнханд, И*******гийн Хишигсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Хишигсүрэнг 800 нэгж буюу 800.000 /найман зуу мянган/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Цэрэнхандыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч В.Хишигсүрэн, Б.Цэрэнханд нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ