Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /0261/

Шүүгдэгч С.Ууганбаяр нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийг 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Тайж нар овгийн Самданнямын Ууганбаярт холбогдох эрүүгийн 201626022781 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Монтэдийн 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Тайж нар овогт Самданнямын Ууганбаяр /РД:ИЮ75050474/ гэв.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Ууганбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр байранд байрлах ломбарднаас Ариунтуул гэх хүний эд зүйлийг авах гэж ирсэн Г.Батбаярт “...Ариунтуулын иргэний үнэмлэхгүйгээр өгөхгүй” гэж маргалдаж, улмаар Г.Батбаярын өмгөөлөгчийн үнэмлэхийг булаацалдах үедээ баруун гарын сарвууг нь мушгин дарж баруун гарын сарвууны хугарал гэмтэл буюу бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ууганбаяр мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь яллах дүгнэлтэд миний үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр бичигдсэн байх тул мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.  

 

Хохирогч Г.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гараад Ариун туул гэж хүнтэй таарсан ба хороолол ороод миний ломбарданд тавьсан эд зүйлийг авчихаач гэсэн. Тэгээд ломбарданд очоод бичиг баримт нэхсэн тул өөрт байгаа өмгөөлөгчийн үнэмлэхээ өгсөн чинь өө өмгөөлөгчийн үнэмлэх байна. нөгөө хүний бичиг баримт байна уу эзэн нь авах ёстой гэхээр нь би наад бичиг дээрээ эзэн нь авах ёстой гэж бичихгүй яасан юм гэсэн. Тэгтэл эхнэр нь чи юу юм, аль тойргын хуульч вэ би бас хуульч гээд хэл амаар дайрсан. Би үнэмлэхээ авая гэхэд өгөөгүй хурааж авна гэж хэлсэн. Би тухайн үед 102 дуудсан. Тэгээд үнэмлэх өгөхгүй болохоор нь хаалгаар нь ороход зөөлөн материалаар хийсэн тул дуугарсан. Тэгээд би үнэмлэхээ авах гэхэд миний гарыг атгаад мушгисан. Тэгээд би нөгөө гараараа үнэмлэх өг гээд нэхээд байсан.

Тухайн үед цагдаагийн хүний нэр хэлээд чамайг гөлөг болгоно гээд байсан. Тэр үед камерын бичлэгтэй гэхээр нь хэл ам хийгээгүй ба тухайн үед үзэхэд миний гарыг мушгисан нь гарсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд цагдаад өргөдөл гаргасан. Маргааш нь шүүх хуралтай байсан тул гипсээ авчихсан юм. Харин шүүх эмнэлгийн эмч миний гарыг үзээгүй гипстэй гар хараад явуулсан. Шинжээч рентген зургаа ч хараагүй дүгнэлт гаргасан ба би сүүлд хэрэгт хавсаргаж өгсөн.

Надад 300.000 төгрөгийн хохирол гарсныг шүүгдэгчээс төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэв.

 

Хохирогч Г.Батбаяр мэдүүлэхдээ: “...ломбардны хаалгаар явж ороод авах гэхэд эрэгтэй нь миний үнэмлэхийг өгөхгүй гээд гартаа атгаад байсан, авах гээд гарнаас зуурахад миний үнэмлэх барьсан гараа зайлуулаад миний баруун гарыг хүчтэй атгаад тэрүүхэн тэндээ бугуй хэсгээр доош нь хагас нь мушгиад л дарах шиг болсон. Энэ үйлдэл их удаагүй, тэрхэн зуур маш хурдан болсон. Тэр үед миний гар хүчтэй өвдөөд эвгүй болсон ба тухайн үедээ гараа хугарч гэмтсэнг мэдээгүй, өвдөлт их мэдрэгдээд байсан болохоор гараад гадаа нь байж байхдаа эргэж цонхоор нь гараа оруулаад чи миний гарыг яачихаваа, нэг л эвгүй болгочихлоо гэж камер бичлэгтэй гэсэн зүйл хэлж байсан. Гар их өвдөж байсан болохоор би нилээн уурлаж, бухимдсан... гэртээ очоод хүйтэн жин тавихад хавдаад эхлэхээр нь 2-3 цагийн дараа ГССҮТ-д 22 цаг өнгөрч байхад очиж үзүүлтэл хугарсан байна гэсэн юм. Хугарсанг нь мэдсэн тул тэр шөнөдөө ирж өргөдөл гомдлоо гаргасан юм...” гэжээ. /хх 14-15 хуу/

 

Гэрч Ц.Бодьцэцэг мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 05-нд орой 18 цагийн орчимд юм болов уу даа гадаа бүрэнхий болж байсан манай хажуугийн ломбардад хүмүүс хэрэлдэж маргах сонсогдсон. Ломбардны хүн бичиг баримтаараа үйлчлүүл гэсэн шаардлага тавихаар нөгөө хүн нь би Монгол улсын иргэн, өмгөөлөгч хүн гээд дайрч давшлаад чанга чанга дугараад байсан. Тэд хэл амаараа хоорондоо маргалдаад байсан болохоос биш барьцалдаж зууралдаж аваад зодолдоод байгаагүй...” гэжээ. /хх 17 хуудас/

 

Гэрч С.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “..тэдний ярианаас би бичиг баримт яриад л цагдаа дуудна гэсэн юм яриад байсан. Би өөрөө ажилтай байсан болохоор яг юу болсонг яасанг нь анзаараагүй, маргаан 20-30 минут болсон ба би сүүлдээ бүр төвөгшөөгөөд та болиоч ээ гэсэн шаардлага тавихад аан за за гээд л яахаараа надад өгдөггүй юм гээд л ломбардны хүнтэй маргаад байсан. ... хэрэв үнэхээр зодоон, зууралдаан болсон бол надад мэдэгдэхээр, ерөөс тийм зүйл болоогүй” гэжээ. /хх 18 хуу/

 

Гэрч П.Баяржавхлан мэдүүлэхдээ: “...18 цагийн орчимд Батбаяр гэдэг хүн ирээд Ариунтуулын тавьсан зүйлийг авъя гэхээр бичиг баримтаа өөрийнхийгээ болон тэр хүнийхийгээ өгөөрэй гэхэд шууд л чам шиг нохойн гөлөг, чам шиг пизда миний бичиг баримтыг үздэггүй юм, та нар шалгадаг хэн бэ гээд л орилоод эхэлсэн. Би тухайн үед маш их гайхаж шоконд орсон. Баримт бичиг шаардахад шууд л чам шиг нохойн гөлөг, чам шиг пизда миний бичиг баримтыг үздэггүй юм, та нар шалгадаг хэн бэ гээд л эхэлсэн. ...тэр хүнийг өмнө нь гараа гэмтээсэн байсан гэж хэлнэ. Хуулийн нэрийн дор Батбаяр гэдэг хүн их муухай зүйл хийж байна гэж хэлмээр байна. Ам хэлээр маргаан бол болсон, тэр хүний биед огт гар хүрээгүй. Явахдаа хүртэл уучлаарай, би стресс ихтэй явсан юм гээд уучлалт гуйгаад гараад явсан. Ер нь бол энэ хүн юу юу л бол юуг яаж хийж мэдэхээр хүн юм билээ...Мөн цагдаагаас яахаараа 14 хоногийн дараа биднийг дууддаг юм, цаг алдалгүй дуудаж ийм юм боллоо гэдгийг мэдсэн бол бичлэгээ ч хадгалчих боломжтой байсан....” гэжээ. /хх 19-20 хуу/

 

Гэрч Б.Ариунтуул мэдүүлэхдээ: “...надруу Батбаяр 30 орчим минутын дараа иргэний үнэмлэх чинь хэрэгтэй болдог гэж байна, энэ хүмүүстэй чинь маргаан боллоо, намайг муухай хэрүүлд оруулчих юм гэж утсаар хэлэхээр нь яанаа би ломбардад юмаа тавьж мэддэггүй болохоор тийм учиртайг нь мэдсэнгүй, манай хүүхдийг харах хүн ирэнгүүт нь яваад очъё гэсэн ба хадам ээжийгээ ирэхийг хүлээгээд бараг цагийн дараа ломбард дээр явж очиход миний эд зүйлийг өгч авахаар болчихсон байж байсан. Намайг явж ороход иргэний үнэмлэхээ өгч явуулахад яадаг юм бэ, гараа мушгиулаад, одоо бараг авахаар болж байх шиг байна гээд нилээн бухимдангуй байж байсан. Ломбарднаас гараад Батбаяр машинаа бариад явж байхдаа миний гар эвгүй оргиод байна гэхээр нь мушгиулсан гэж байсан болохоор түүнээс болж эвгүй болж дээ гээд бодоод өнгөрсөн. Гэтэл нилээн орой надруу утсаар би гэмтэл дээр ирж байна, миний гар эвгүй болчихсон байна гэхээр нь санаа зовоод яваад очсон ба зургийг нь оочерлож байгаад авахуулахад хугаралтай байна гэсэн тул гипсдээд эм тариа бичиж өгсөн юм. Батбаяр ломбард руу очихоос өмнө гараа гэмтээж бэртээгүй байсан. Намайг ломбард руу очоод хамтдаа гарч ирээд машинаа жолоодоод явахдаа миний гар эвгүй боллоо гэсэн ба тэр үед гарыг нь харахад бугуйндаа улаан утас зүүгээгүй байсан...” гэжээ. /хх 21-22 хуу/

 

Гэрч Б.Хатанчулуун мэдүүлэхдээ: “...Даваа гаригт Батбаяр гараа гипсдсэн ороод ирэхээр нь яав юу болов гэж асуухад Ариунтуулын юмыг ломбарднаас нь авах гэж байгаад гараа гэмтээлгэчихлээ, гарыг маань мушгиад гэж хэлсэн юм...” гэжээ. /хх 23 хуу/

 

Гэрч А.Туул мэдүүлэхдээ: “...Батбаяртай ажил дээрээ ирээд гар барьж мэндлээд хэргийнхээ шийдэл, гаргалгааны талаар ярилцаж байсан ба гар нь гэмтээгүй, улаан утас уяагүй байсан юм. Учир нь би ажил ярихаараа хуулиа гаргаад хуудсаар нь эргүүлээд л, компьютер дээрээ ойр зуурын бичиж шивэх зүйлээ сууж бичээд л жирийн ажил хэрэг явагдаж байсан. Энэ өдөр ажил дээр ямар нэг хэрүүл маргаан зодоон огт болоогүй ба ажлаа амжуулчихаад 14 цагийн орчимд гэр лүүгээ явсан юм. Даваа гарагийн өглөө ажил дээрээ ирээд гар барьж мэндлэх гэтэл баруун гараа гипсдсэн байсан ба гараа яасан бэ гэж асуухад миний гарыг мушгиад гэмтээчихлээ гэж хэлж байсан, юунаас яагаад ийм болов гэж нарийн асуугаагүй. Хэзээ гэмтээсэнг нь ч мэдээгүй, юу болсныг нь асуух ч зав гараагүй юм...” гэжээ. /хх 24 хуу/

 

Гэрч Ц.Цэцэгсүрэн мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 15-нд өглөө ажил дээрээ ирээд ... ажил төрлөө ярьж байхад Батбаярын гар зүв зүгээр бэртэж гэмтээгүй бугуйгаараа улаан утас боосон зүйл огт байгаагүй. Үдээс өмнө өрөөндөө уулзаж ярилцаж байсан болохоор Батбаярын гар гэмтээгүй зүгээр байсан гэдгийг нь сайн мэдэж байна..” гэжээ. /хх 25 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0022 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “CUPOR A1004NS” маркийн 20151000001079 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2016-10-05 00:00:00 цагаас 2016-10-06 00:00:00 цаг хүртэл хугацааны дүрс бичлэг байхгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу диск нь хоёр өдөр тутамд бүрэн дүүрч дүрс бичлэгийн мэдээлэл шинэчлэгдэж байх ба хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь /embedded systems/ зөвхөн өөрт зориулагдсан үйлдлийн системтэй байдаг тул дүрс бичлэгийг сэргээх боломжгүй байна” гэжээ. /хх 27 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14320 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Г.Батбаярын биед баруун гарын сарвууны хугарал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх 31 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 417 дугаартай дүгнэлтэд: “1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14320 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Г.Батбаярын биед баруун гарын сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой байна” гэжээ. /хх 110 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41, 51 хуу/

Гэмтэл Согог судлалын Үндэсний Төв “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” /хх 44 хуу/

245.800 төгрөгийн хохирлын баримт /хх 73 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Ууганбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр байранд байрлах ломбарднаас Ариунтуул гэх хүний эд зүйлийг авах гэж ирсэн Г.Батбаяртай маргалдан түүний өмгөөлөгчийн үнэмлэхийг булаацалдах үедээ баруун гарын сарвууг нь мушгин дарж баруун гарын сарвууны хугарал гэмтэл буюу бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батбаяр /хх 14-15/, гэрч Ц.Бодьцэцэг /хх 17/, С.Оюунцэцэг /хх 18/, П.Баяржавхлан /хх 19-20/, Б.Ариунтуул /хх 21-22/, А.Туул /хх 24/, Б.Хатанчулуун /хх 23/, Ц.Цэцэгсүрэн /хх 25/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0022 /хх 27/, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14320 /хх 31/, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 417 /хх 110/ дугаартай дүгнэлтүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41, 51/, гэмтэл Согог судлалын Үндэсний Төв “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” /хх 44/, 245.800 төгрөгийн хохирлын баримт /хх 73/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч С.Ууганбаяр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ууганбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилгасан, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Батбаярын гарын рентген зураг авахуулсан рентген 1 ширхэг зургийг хэрэгт хавсаргах, хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч С.Ууганбаяр нь анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилсан болон хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч нь Тайж нар овгийн Самданнямын Ууганбаяр нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж нар овгийн Самданнямын Ууганбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Ууганбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гарын рентген зургийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч С.Ууганбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ууганбаярын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ