Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 112/ШШ2022/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Ө З ХХК-ийн Ерөнхий захирал Ц.М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.З нарын хооронд үүссэн Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байгаа  ******* О.Ат эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байгаа Аймгийн ******* О.Ат эс үйлдэхүй тогтоолгох, Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

1.2  Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байгаа Аймгийн ******* О.Ат эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгуулахаар эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Нэхэмжлэгч Ө З ХХК нь Оргил багийн нутаг дэвсгэрт 9 айлын 2 блок орон сууцны барилга барьж байна.

 2.2. Ө З ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ............ дугаар .........регистрийн дугаартайгаар Барилгын засварын ажил эрхлэх чиглэлээр авсан.

2.3. Улмаар тус компани нь ...........улсын бүртгэлийн дугаар бүхий ......... дугаар регистрийн дугаартай БА-2.1, БА-6.4, БА-7.1 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас авсан байна.

2.4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт 450м2  талбайтай                .................... дугаартай газрыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр  худалдан авсан байна.   

2.5. Тус компаниас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсч 2021 оны 09 дүгээр  сарын 16-ны өдрийн 18 дугаар,  2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар албан бичгүүдийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж байсан байна.

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс ... Баригдаж дууссан барилгаа төрийн албаны хүнд суртлаас болж ашиглалтанд хүлээлгэн өгч чадахгүй байсны улмаас цаг хугацаа алдаж, тэр хугацаанд банкны зээлийн хүү болон бусад урсгал зардлууд тасралтгүй гарч байдаг нь бидний хувьд маш их санхүүгийн дарамт болдог. Говь-Алтай аймгийн *******ар 2015 онд ажиллаж байсан мөн 2021 оноос дахин үүрэг гүйцэтгэж байгаа О.А, орлогч дарга Г.Ч /2021 оноос/, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын түр орлон гүйцэтгэгч Д.А /одоо Орлогч дарга/, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын хзлтсийн дарга Ерөнхий архитектор Б.Б нар нь бидний ажлыг тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлуулж хохирол учруулсаар байна. Иймд Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байгаа Аймгийн ******* О.Ат эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгуулах... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс ... Ө З ХХК-д өгсөн албан бичгийн агуулга нь Барилгын тухай хуулийн 40.1.16 дугаар заалт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх.  Мөн Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай тогтоолд заасан баримт бичгийн бүрдэл дутуу эсхүл хуурамчаар үйлдсэн байх холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангуулах мөн 7.2-т заасан барилгын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй бол барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэхийг хориглох мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд нөхөж олгохыг хориглоно гэсэн заалтуудын дагуу зөвшөөрөл олгоогүй.... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ө З ХХК-ийн ерөнхий захирал Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байгаа Аймгийн ******* О.Ат эс үйлдэхүйг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгах, Тухайн орон сууцыг барихын тулд бид 1 223 480 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Хаан банкнаас 1 жилийн 14.4%-ийн хүүтэй 300 000 000 төгрөгийн зээл, хувь хүмүүсээс 1 сарын 3%-ийн хүүтэй 680 480 000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд 5-р сарын 22-ны өдрийн байдлаар банкны зээлийн хүүнд 30 064 521 төгрөг төлж, хувь хүмүүст 91 319 800 төгрөгийн хүүгийн өглөгтэй байна. Мөн ажилчдын цалин хөлс, тээврийн зардал, бусад дагалдах зардлуудад 91 790 000 төгрөг, Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 10 000 000 төгрөгийн тус тус өглөгтэй байгааг захиргааны хэргийн шүүхэд хандаж бичлээ.  Ө З ХХК /РД:............/ нь 2007 оноос хойш барилга угсралт, засварын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

2014 оны 10-р сард тус аймгийн Баянхайрхан багт баригдаж дууссан 20 айлын орон сууц-ны барилгыг барилга хүлээлгэж өгөх албан хүсэлт өгснөөс хойш 3 сарын дараа буюу 2015 оны 1 сард, 2020 оны 12 сард мөн Баянхайрхан багт баригдаж дууссан Солонго хорооллын 30 айлын орон сууц-ны барилгыг барилга хүлээлгэж өгөх албан хүсэлт өгснөөс хойш мөн 3 сарын дараа буюу 2021 оны 03-р сарын 05-нд хүлээж авсан. Баригдаж дууссан барилгаа төрийн албаны хүнд суртлаас болж ашиглалтанд хүлээлгэн өгч чадахгүй байсны улмаас цаг хугацаа алдаж, тэр хугацаанд банкны зээлийн хүү болон бусад урсгал зардлууд тасралтгүй гарч байдаг нь бидний хувьд маш их санхүүгийн дарамт болдог. Говь-Алтай аймгийн *******ар 2015 онд ажиллаж байсан мөн 2021 оноос дахин үүрэг гүйцэтгэж байгаа О.А, орлогч дарга Г.Ч /2021 оноос/, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын түр орлон гүйцэтгэгч Д.А /одоо Орлогч дарга/, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын хзлтсийн дарга Ерөнхий архитектор Б.Б нар нь бидний ажлыг тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хойшлуулж хохирол учруулсаар байна.

Үүний нэг жишээ нь: Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06-р сард зарласан ГААЦЭСЗДТГ/202101024 дугаартай Шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил-ын тендерт манай байгууллага оролцож шалгарсан бөгөөд ГААОНӨГазраас 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 2/336 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгосон. Уг албан бичгийн дагуу гэрээ байгуулах хүсэлтээ 2021 оны 10-р сарын 18-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Засаг даргын захирамж гараагүй гэсэн шалтгаанаар хойшилсоор байна. Мөн Есөнбулаг сумын Оргил багт 9 айлын 24 блок орон сууц-ны барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг 2021 оны 09-р сар болон 11-р сар, 2022 оны 01, 03-р саруудад удаа дараа гаргасан боловч зөвшөөрөл олгоогүй /жич: барилгын иж бүрэн зураг, төсөв, холбогдох бичиг баримтууд бүгд бүрэн/, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Монголын барилгын үндэсний ассоциаци Төрийн бус байгууллагад тус аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн болох талаар тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөхөөс татгалзсан юм.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа аймаг орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, 100 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 70 айлын орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгсөн. Мөн манай компани 2015 онд Говь-Алтай аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч байсан бөгөөд 2021 онд улсын төсөвт 182,918,803 төгрөгийн татвар шимтгэлийг төлсөн байна. Дээр дурдсан Оргил багт баригдаж буй 9 айлын 2 блок орон сууцны барилгын ажлын явц 95%-тай буюу гадна тохижилтын ажлаас бусад ажлууд иж бүрэн хийгдэж дууссан бөгөөд одоог хүртэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоогүйн улмаас барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх болон борлуулалт хийх боломжгүйд хүрч байна. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй удах тусам хүүгийн болон бусад зардлууд нэмэлтээр гарч манай компани санхүүгийн хувьд маш ихээр хохирч байна.

Манай аймагт төрийн албан хаагчдын эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхаж, аймаг орон нутагтаа үйл ажиллагаа явуулахад санаатайгаар саад учруулж байгааг дээрх шалтгаануудаар мэдүүлж байна. Мөн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоогүйн улмаас орон сууцны борлуулалт хийх боломжгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор татварын өр болох 29 806 094.81 төгрөгийг төлж чадаагүй тул аймгийн татварын хэлтэс манай байгууллагын дансыг хаасан. 2020 онд барьж ашиглалтанд оруулсан Солонго хорооллын 30 айлын орон сууц-ны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хойшлуулснаас үүдэн гарсан 800 000 000 төгрөгийн банкны зээлийн хүү болох 33 138 291.34 төгрөгийн хохирлыг бид иргэний шүүхэд хандан мэдүүлэх болно.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ө З ХХК нь Говь-Алтай аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж хэд хэдэн орон сууцыг ашиглалтад оруулсан компани байгаа. Миний бие нь энэ компанийг төлөөлөөд 2019 оноос хойш явж байгаа. Нэхэмжлэлдээ мөн  дурдсан байдаг. Солонго хороололд 30 айлын орон сууц бариад үүнтэй холбоотой асуудал шүүхээр явж байсан. Төрийн албаны хүнд суртлаас болоод Алтай хотын орон сууц корпораци зөвхөн Ц.Мтэй холбоотой үнээ багасга, орон сууцыг ашиглалтад авахгүй гэдэг байдлаар эдийн засагт нь хохиролтой байдал үүсгэж байсан. Энэ нь шүүхээр шийдэгдэж өөрийнхөө тогтоосон үнээр зарж борлуулах боломжтой болсон. Тэгээд маргаан бүхий орон сууц баригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотой удаа дараа шаардлага өгсөн. Хамтарсан хүн ч гэсэн,  орон нутгийн удирдлагуудаас ч гэсэн олон саадтай тулгарсан. Зураг төслийг магадланд оруулдаг асуудал байгаа. Урд нь энэ асуудал зөвшөөрөл өгөгдөөд явчихдаг магадлалын зураг хийгдээд зөвшөөрөл өгөгдөөд барилгын ажил явагдаж байх явцад магадлан итгэмжлэлдээ ороод батлагдаад ирдэг. Тэрэнтэй холбоотойгоор 2 өөр барилгын зургийг гаргаж өгсөн байгаа. Зөвшөөрлийн гэрчилгээ өмнө нь олгогдсон. Магадлалын зураг нь 6 сарын дараа гарч ирж байгаагаас харахад энэ жишиг тогтсон байсан. Гэтэл ганцхан над дээр энэ асуудал яригдаад байна гэж Ц.М хэлдэг. Мөн улсын төсвөөр хийгдэж байгаа ажил дээр огт зураг төсөлгүй ажлуудыг тендерт оруулдаг. Гэтэл ганцхан намайг ингээд байна гэдэг зүйлийг ярьдаг. Ялгаварлан гадуурхал байдаг юм уу, над дээр ийм юм явагдаад байгаа гэж тайлбарладаг. Зөвшөөрөл авах асуудал дээр барилга хот байгуулалтын яаманд хүртэл хандаж байсан. 18 айлын орон сууц одоо баригдаад ашиглалтад ороход бэлэн болсон байгаа. Гэтэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгөөгүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй бол нөхөж олгогдох боломжтой. Хувиараа өөрөө өөрийгөө цалинжуулаад явж байгаа, нэгэнт хөрөнгөө өөрөө гаргаад барилга барьсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил багийн нутаг дэвсгэрт “Ө з” ХХК нь 9 айлын 2 блок барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд тус барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн талаар Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж тус газраас албан тоотоор зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариуг хүргүүлж байсан байна.  Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нутаг дэвсгэрийн газрын харилцаа, түүнтэй холбогдох бусад харилцааг чиг үүргийн хүрээнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар эрхлэн явуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ө З ХХК нь 2021 онд барилгын ажил эхлүүлсэн байдаг. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай холбогдох хүсэлтүүдээ өгөөд зөвшөөрлөө аваад явдаг эрх зүйн зохицуулалттай. Энэ төрлийн үйл ажиллагааг тухайлсан чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэдэг бүтэцтэй төрийн байгууллага байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ө З ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 17-нд 542 дугаар албан бичгээр Ө З ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг албан тоот хүргүүлж байсан. 2022 оны 03 дугаар сарын 07-нд мөн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг албан тоот ирүүлсэн. Энэ хугацаанд *******д удаа дараа хүсэлтүүд ирүүлж байсан. Үүнийг харьяаллын дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Ө З ХХК-д өгсөн албан бичгийн агуулга нь Барилгын тухай хуулийн 40.1.16 дугаар заалт  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх. Мөн Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай тогтоолд заасан баримт бичгийн бүрдэл дутуу эсхүл хуурамчаар үйлдсэн байх холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангуулах мөн 7.2-т заасан барилгын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй бол барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэхийг хориглох мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд нөхөж олгохыг хориглоно гэсэн заалт байгаа. Тэгэхээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тухайн үед ирүүлж байсан албан тоот, холбогдох баримтыг үндэслэж гаргасан албан бичиг байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ө З ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Говь-Алтай аймгийн Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “9 айлын 2 блок” орон сууцны барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргаж өгөхгүй байгаа Аймгийн ******* О.Аын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахын тулд 2021 оны 09 дүгээр сар, 11 дүгээр сар, 2022 оны 02, 03 дугаар саруудад тус тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж хүсэлт гаргаж байсан байна. Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар албан тоотын хариуг бичиг баримт дутуу техникийн нөхцөлгүй, магадлал хийгдсэн зураг төсөл байхгүй гэсэн шалтгааныг дурдаж зөвшөөрөл олгох боломжгүй тухай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 557 дугаар албан бичиг хүргүүлсэн байна. Хариу татгалзал хуульд нийцсэн эсэхийг нягтлан үзвэл тухайн үед Ө З ХХК-ийнорон сууцны барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй байсан болох нь тогтоогддог.

4.2. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 717 дугаар албан бичгээр хүйтний улирал эхэлсэн тул зөвшөөрөл олгохгүй, барилгыг хамгаалалтын горимд шилжүүлэхийг анхааруулсан хариуг хүргүүлсэн байна.

4.3. Нэхэмжлэгч Ө З ХХК-ийнорон сууцны барилгын зураг төсөл 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иж бүрэн магадлал хийгдсэн тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өгч байсан хариу татгалзлуудыг хуульд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй.

4.4. Нэхэмжлэгч нь техникийн зөвшөөрлүүдийнхээ хугацааг сунгуулж, орон сууцны барилгын зураг төсөлд магадлал хийлгэсний дараа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн хариуд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын 5.1.1, 7.2-т зааснаар зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу хүргүүлжээ.

Мөн нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 26 тоотоор дахин хүсэлт хүргүүлсэн байх ба 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөн л татгалзсан хариу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хүргүүлсэн байна.

4.5. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг байх боловч Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах;” бүрэн эрх аймгийн *******д олгогдсон байна. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан журам болох Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 2.1.2, 3.1.2-т зааснаар аймгийн ******* шийдвэрлэж холбогдох хариуг өгөхөөр тусгасан байна. Гэтэл хариуцагч Аймгийн *******ас энэ асуудлаар өөрийн гарын үсэг бүхий  хариу өгч байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь тухайн асуудлаар хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх нөхцөл байдлыг үүсгэж байна.

Тодруулбал, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8-д “энэ хуулийн 35.1.3, 35.1.4, 35.1.6-д заасан үйл ажиллагаатай холбоотой хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэн, нэг цэгийн үйлчилгээгээр зохион байгуулах.” гэж зааснаар Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хүлээн авах ажиллагааг түүний агентлаг зохион байгуулж болох боловч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд зохих ёсоор хариу өгөх нь түүний өөрийн чиг үүрэгт хамаарч байна.

Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч хүсэлтээ Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж байсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа Аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.

5. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “9 айлын 2 блок” орон сууцны барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 5.1. Нэхэмжлэгч “Ө з” ХХК нь орон сууцны барилгын зураг төсөл 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иж бүрэн магадлал хийлгэжээ. Магадлал хийлгэхийн тулд техникийн нөхцөлүүд, бусад баримт бичгийн бүрдлийн хангасан байх шаардлага тавигддаг байна. Энэ талаар Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5-д  Барилгын тухай хуулийн 25.1, 25.2-т тус тус заасан эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зургийг дараахь байгууллагаар хянуулж, зөвшилцсөн байна: 5.1.1. онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гал түймэртэй тэмцэх нэгж;, 5.1.2. мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгж; 5.1.3. инженерийн хангамжийн байгууллага; 5.1.4. авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  холбогдох нэгж (шаардлагатай тохиолдолд).” гэж заажээ. Мөн тус дүрмийн 6.20-д “Магадлалын дүгнэлт Барилгын тухай хуулийн 25.6-д заасны дагуу зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хэлбэртэй байна.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн зураг төсөлд 6 эксперт бүгд зөвшөөрсөн дүгнэлт өгсөн талаар Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191/2022 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”-д тусгагдсан байна. Эдгээр нөхцөл байдал нь зураг төсөл, техникийн нөхцөлүүд хангагдсан байсан болохыг нотолж байна.

 

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн болон тусгай зарчмуудыг хуульчилсан байх ба уг зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” тусгай зарчимтай байна. Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн иргэдийн орон сууцны хэрэгцээг хангах чиглэлээр барилгын үйл ажиллагааг тасралтгүй эрхэлжээ. Говь-Алтай аймгийн алслагдмал нөхцөл байдалд ийнхүү ажиллаж байгааг захиргааны байгууллагын зүгээс харгалзан үзэх нь захиргааны үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцэх учиртай.

5.3. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг заасан байна.

“Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг “...нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч ...хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэж тайлбарлажээ. Тодруулбал, “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь захиргааны үйл ажиллагааны улмаас чиглэсэн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай итгэл үүссэн тохиолдолд уг үйл ажиллагааны хууль бус байдал хожим тогтоогдсон ч нэгэнт үүссэн итгэлийг хамгаалах ерөнхий агуулгатай байна.

Иймээс энэ зарчмын хүрээнд нэхэмжлэгч компани аймаг орон нутагт олон жил үйл ажиллагаа явуулсан, барилгын үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт,  барилгын ажлын улирлын шинж чанараас шалтгаалан үйл ажиллагаагаа шуурхай гүйцэтгэхээр ажиллаж байгааг буруутган дүгнэх боломжгүй байна. 

5.4. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол; 7.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол; 7.1.3.энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх.” гэж заажээ. Энэхүү орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл нэгэнт 95 орчим хувьд хүрсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. Дээр дүгнэсэнчлэн орон сууцны барилгын зураг төсөлд иж бүрэн магадлал хийгдсэн тул барилга байгууламжийг зохих журмын дагуу бариулан ашиглалтад хүлээн авч, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 5.5. Дээр дурдсан үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “9 айлын 2 блок” орон сууцны барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг зохих журмын шийдвэрлэхийг даалгав.

  

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 106.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.8-д заасныг баримтлан Ө З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийг олгохгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “9 айлын 2 блок” орон сууцны барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Говь-Алтай Аймгийн ******* О.Ат даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН