Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 15

 

С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ж.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 215 дугаар шийдвэртэй,

С-нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг, Н-д холбогдох,

Гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С миний бие Говь-Алтай аймгийн Цогт сумд 1992 онд төрсөн. 2013 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Н нь намайг мотоциклоор хүргэж өгөхөөр явах замдаа дүн өвлийн хүйтнээр хүнлэг сэтгэлгүйгээр хээр орхиж явснаас болж миний 4 мөч хөлдөж, эрхтнээ амьдаараа тайруулж, тахир дутуу болсон. Би болон манай эцэг, эх 2013 оны 3 дугаар сард Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тухайн үед Н нь гэм буруутайгаар миний биед хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэдгээр хэргийг хааж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн Прокурорын тогтоол гарсан. Би одоо 4 мөч байхгүй бусдын асаргаанд амьдарч залуу насандаа хийж бүтээх байсан юу ч хийж чадахгүй тахир дутуу болж группт орсон. Н болон түүний эцэг, эх нь хүн чанар гаргаад эргэж тойрох байх гэж бодсон ч ганц ч ирээгүй. Н нь одоо насанд хүрсэн. Иймд Н-аас миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээ сувилгааны зардал 7.441.500 төгрөг болон миний бие тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алданги хугацаагүй тогтоогдсон тул цалин хөлсний доод хэмжээгээр сар бүр нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийт 7.441.500 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн, үүнээс 1540 төгрөгийн зөрүү гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1540 төгрөгийг татгалзаж байна. ...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Тухайн үед энэ хүн мал малладаг байсан. Групп нь 140.000 төгрөг авдаг. Сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж нэхэх боломж нь байна. 240.000 төгрөгийн зөрүү 100.000 төгрөгийг сар бүр хариуцагчаас гаргуулж, амьдрах баталгааг нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 02 дугаар сарын 14-нд С манайд ирсэн. Намайг бие өвдөөд хэвтэж байхад ээж намайг С-н хамт Э гэдэг айлд оччихоод ир гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байгаад өврөөсөө архи гаргаж ирээд над руу шахсан. Тэгээд би уухгүй гэхэд ах нь чиний насан дээр архи ууж л явлаа гэж хэлсэн. Мотоцикль барь гэхээр би мотоцикль жолоодож чадахгүй гэж хэлсэн. Тэгээд миний чихэн дээр чулуугаар цохичихсон. Би айгаад гэр рүүгээ явахад мотоциклийн эд зүйл алга болвол чи хариуцлага хүлээгээрэй би эзэнд нь хэлэлгүй унаад ирсэн гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод ээждээ хэлээд ээж бид 2 эргэж ирж хайгаад олоогүй. Мотоциклийг нь би гэртээ аваачиж тавьсан. 7 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг төлөх чадвар байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Н-с эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, мөн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдолдоо: Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2018/00215 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Н нь С-д хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн шийтгэх тогтоолоор тооцоогүй байхад гэм буруутай үйлдлийн улмаас С-д хүнд гэмтэл учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эрэгэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлээгүй.

Хавтаст хэргийн материалаас харахад 2013 онб 4 дүгээр сарын 12-ны өдрийн 60 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолоор Н нь С-ыг хээр орхиж явснаас хүнд гэмтэл учирсан нь тогтоогдож байх боловч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Иймд тухайн хэргийг эрүүгийн хэргийн журмаар анхан шатны шүүх шийдвэрлэж Н-г гэм буруутай болохыг тогтоох боломжгүй. Мөн тухайн прокурорын тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурьдсан. Мөн анхан шатны шүүх хурал дээр хариуцагч болон түүний өмгөөлөгч гэм буруутай эсэх асуудал дээр маргадаггүй бөгөөд гэм хорын хохирлын хэмжээ нотлох баримт дээр мэтгэлцдэг. Үүнээс харахад Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас С-ын 4 мөч хөлдөж тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С нь хариуцагч Н-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 7.441.500 төгрөг, үүнтэй холбоотой сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: 2013 оны 02 дугаар сарын 14-ний шөнө хариуцагч Н намайг мотоциклоор айлд хүргэж өгөхөөр явах замдаа хээр орхиж явснаас миний дөрвөн мөч хөлдөж, миний эрүүл мэндэд хохирол учруулснаас тахир дутуу болж, бусдын асаргаа, групэд орсон. Иймд эмчилгээ сувилгааны зардал 7.441.500 төгрөг болон тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алданги хугацаагүй тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн нутагт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн С-г айлд хүргэж өгөхөөр мотоциклоор явах замдаа түүнийг архиар шахсан, хэл амаар доромжилсон, чихэн тус газар чулуугаар цохисон гэх шалтгаанаар хээр орхиж явсны улмаас С-ын бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 60 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолоор тогтоогдсон байна.

Тухайн үед буюу хэрэг учрал болсон 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй /15 нас/ байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж заасан нь тухайн гэм хорын хариуцлагыг гэм хор учруулагчид хүлээлгэхэд түүний санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хуулиар тогтоогдсон байхыг шаардаж байна.

Хариуцагч Н нь 2013 оны 02 дугаар сард Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан ...Насанд хүрээгүй буюу...иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай... өөрөөр хэлбэл энэ хүнийг хээр орхиод явбал хөлдөнө би хариуцлага хүлээх болно гэдгийг ойлгох чадваргүй, мөн Н-ийн ...намайг бие өвдөөд хэвтэж байхад ээж намайг С-н хамт Эрдэнэхуяг гэдэг айлд оччихоод ир гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байгаад өврөөсөө архи гаргаж ирээд над руу шахсан. Би уухгүй гэхэд ах чинь чиний насан дээр архи ууж л явлаа гэж хэлсэн. Мотоцикл барь гэхээр нь би мотоцикл жолоодож чадахгүй гэж хэлсэн. Тэгээд миний чихэн дээр чулуугаар цохичихсон... гэх тайлбар /х/х-ийн 133 дугаар тал/ зэргээс харахад С-ын буруутай үйлдэл байсан гэж үзэхээр байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.. гэж тус тус заасан байх тул Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас С-д хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн шийдвэрт хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.684 төгрөг нь тооцоолбол зохих хураамжийн хэмжээнээс 73.670 төгрөг илүү буруу тооцоолсон байх тул зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2018/00151 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...207.684... гэснийг 134.014 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 73.670 төгрөгийгшүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зурам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийг дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш .БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш .БАТТОГТОХ

Т.ЖАРГАЛСАЙХАН