Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2021/00009/И |
Дугаар | 134/ШШ2021/00054 |
Огноо | 2021-03-03 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 134/ШШ2021/00054
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Холбооны ................. тоотод байрлах Койот трейд ХХК /РД:2037971, улсын бүртгэлийн ....................../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын байрны 204 тоотод байрлах, Говьсүмбэр аймгийн ..................-т холбогдох
Гэрээний үлдэгдэл төлбөр 6 269 296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, Б.Хишигжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Койот трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани 2017 онд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас зарласан тендерт оролцон шалгарч, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Р2016000502-00 дугаартай, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын гэрээ-г Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай байгуулан гэрээний дагуу Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Бидний хооронд байгуулсан дээрх гэрээний 1.2.1-т гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэж заасан боловч гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад захиалагч талаас тодорхой санал гаргаж, нэмэлтээр авто зогсоолын хавтангийн доор 0,5 хайргыг цементтэй багсарч, технологийн дагуу гүйцэтгэх болсон тул гэрээний хугацааг 1 сараар буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Ийнхүү манай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусган 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авч, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Мөн гэрээний 1.2, 1.3-т зааснаар гэрээний нийт үнийн дүн 125 385 923 төгрөг ба гэрээний 2.1.7-д зааснаар ажил эхлэхэд урьдчилан дээрх үнийн дүнгийн 30 хувь, ажлыг гүйцэтгэх явцад 40 хувь, ажил хүлээн авах комисс ажлыг хүлээн авсны дараа 25 хувийг гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулж, 1 жилийн дараа ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд манай компанид буцаан олгохоор харилцан тохиролцож, гэрээний 3.1.9-д баталгаат хугацааг 3 жил байхаар заасан. Манай компанийн зүгээс гэрээ болон хариуцагч талтай харилцан тохиролцсоны дагуу үүргээ бүрэн биелүүлж, манай гүйцэтгэсэн ажлын чанартай холбоогүй, эдэлгээний явцад гарсан эвдрэл гэмтэл болон бусад засвар үйлчилгээг баталгаат хугацааны тухай бүрд нь засварлаж, сэргээж өгч ажилласан. Гэтэл дээрх харилцан тохиролцсоны дагуу 5 хувийн төлбөрийг байршуулах хугацаа дуусаж, үлдэгдэл төлбөр 6 269 296 төгрөгөө авахаар шаардсан боловч элдэв шалтаг ярьж, төлбөрийг өгөхгүй, төлөхөөс зайлсхийсээр өдийг хүрсний зэрэгцээ гэрээнд заасан 3 жилийн баталгаат хугацаа ч дууссан байхад ийнхүү үлдэгдэл төлбөрийг маань өдийг хүртэл төлөхгүй байгаа нь манай компанид хохирол учруулж байна.
Иймд, гэрээний үлдэгдэл төлбөр 6 269 296 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгопүрэв, М.Бодьгэрэл нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Койот трейд ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр /Р2016000502-00/ дугаартай, гэрээний нийт дүн 125 385 923 төгрөгийн төсөвтэй, 3 жилийн баталгаат хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд гэрээнд нэг удаа сунгалт хийсэн. Сунгалт хийсэн учир нь гүйцэтгэгч болон ашиглагч байгууллагатай зөвшилцөн нэмэлтээр авто зогсоолыг талбайн хавтангийн дор 0,5 хайргыг цементтэй багсарч технологийн дагуу хийх болсон тул гэрээ дуусах хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгасан байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад өгсөн. Барилгын тухай хуулийн 14.3-д заасны дагуу энэ өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд зүгшрүүлэх, тохируулах ажлын баталгаа гаргасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зүгшрүүлэх, тохижуулах хугацаанд гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн зөрчил, доголдол илэрвэл хуулийн 14.6-ийн дагуу зөрчлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж гүйцэтгэгч байгууллагын баталгаан дээр заагаад өгсөн. 2017 оны ОНХС-аар хийгдсэн ажлыг 2018 онд Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас жил бүр нийцлийн аудит хийдэг бөгөөд нийцлийн аудитын дүгнэлтээр Сумын 152-р байрны өмнөх тоглоомын талбайг тохижуулах 125 864 000 төгрөгийн ажлыг Койот трейд ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэсэн боловч ажлууд үр дүнгүй хийгдснээс суурилуулсан тоглоом нь унаж эвдэрсэн, сагсны талбайн шийдний хаалга салсан гэсэн зөрчил гарч албан шаардлага, зөвлөмж ирүүлсэн. Мөн жилийн бүрийн нийцлийн аудитаас энэ зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй, жил бүр давтагдаж гаргаж байгаа тул арилгах арга хэмжээ зохион байгуулан ажиллах талаар албан шаардлага ирүүлсээр байна. Үүнтэй холбогдуулан уг ажлыг гүйцэтгэгч Койот трейд ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 албан тоот, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110 мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотуудыг тус тус хүргүүлсэн байна. Гэрээнд заасан баталгааны хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засварлаж сэргээж өгнө гэсэн боловч одоог хүртэл засварлаж, сэргээж өгөөгүй байна. Мөн дээрх хугацаанд захиалагч тал болох Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас Койот трейд ХХК-д удаа дараа албан тоотуудыг хүргүүлэн ажилласан боловч танай байгууллага албан тоотын хариуг ирүүлээгүй болно.
Иймд, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсний дараа баталгааны барьцаа хөрөнгийг гаргаж өгөхөд асуудалгүй. Баталгааны барьцаа хөрөнгө болох гэрээний 5% болох 6 269 296 төгрөг төрийн сангийн 100220452300 хөрөнгө орлогын барьцаа дансанд байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Барилгын тухай хууль болоод гэрээнд харилцан тохиролцсон баталгаа баримт зэрэгт зааснаар бол ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүн буюу чанартай холбоотой гарсан асуудлыг энэхүү 3-н жилийн баталгаат хугацаанд хариуцаж засварлаж, сэргээж өгөх үүрэгтэй. Гэхдээ 2018, 2019, 2020 онуудад 3 удаа энэ тоглоом чинь эврээд уначихлаа засаж өг гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2018 болон 2019 онуудад тус тус очиж салаад унасан болон эдэлгээний явцад гарсан эвдрэлийн 2 жил дараалан засаж өгсөн байдаг. Тэгэхээр эдэлгээний явцад гарсан гэмтлийг хуульд зааснаараа эзэмшигч, ашиглагч буюу өмчлөгч нь тухай бүр засвар үйлчилгээг хийх, жил болгон урсгал засварыг хийх гэх мэт арчлалт хамгаалалтыг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. 2020 онд өгсөн мэдэгдлүүдийг харах юм бол бас л ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлүүдийг зас, тэгвэл үлдэгдэл мөнгийг чинь өгнө гэсэн зүйл ярьдаг. Нэхэмжлэгч, хариуцагч зохигчдын дунд байгуулсан гэрээг дордуулсан зүйл байхгүй. Хэрэв дордуулсан байсан бол тухайн үед улсын комисс хүлээж авахгүй байсан. Салхинд хийссэн асуудлыг анх гэрээ байгуулахад яриагүй биш яригдаж байсан асуудал юм. Захирал Ж.Мэндбаяр нь тухайн үед танай Говьсүмбэр аймаг салхи ихтэй учраас тоглоом болон саравч зэргийг төмрөөр хийх шаардлагатай гэдэг зүйлийг хэлсэн боловч өөрсдөө хүлээж аваагүй. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Чанарын шаардлага хангахгүй муу байсан гэдэг бол өнөөдөр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа болохоор заавал тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Гэрээнд чанарыг нарийвчлан тусгаагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс чанартай хийж гүйцэтгэсэн гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт дээр хэрэв чанарын талаар заагаагүй бол дунджаас доошгүй чанарын шаардлага хангасан материалаар гүйцэтгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Анхнаасаа чанаргүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нотлох баримт шинжлэн судлахаар тодорхой болох байх. Тухай бүрд засвар үйлчилгээгээ хийж өгөөд явж байсан. Хууль зүйн үүднээс тайлбар хийхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ тал дээр маргаан байхгүй. Тэгэхээр гэрээ байгуулагдсанаар мөн хуулийн 346 дугаар зүйлд хөлс төлөх хугацааг зохицуулсан байдаг. Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө гэж, харин 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт ажлыг тодорхой хэсгээр, үе шатаар тохиролцож ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол хэсгийн үр дүнд хүрээгүй үед зохих хэсгийг төлнө гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ажлаа бүрэн гүйцэтгээд хүлээлгээд өгсөн. Тухайн ажилд тохирсон хөлсийг 100 хувь төлөх нь хууль зүйн хувьд тодорхойлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар чанарын шаардлага хангахгүй, эвдэрсэн зүйлээ засаад өгчих гээд байна. Энэ асуудал нь яг нарийн ярих юм бол иргэний хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 100 хувь хийсэн ажлын хөлсийг хариуцагчийн зүгээс 100 хувь төлөх нь үүрэг байна. Тэгээд тэр нь эвдэрч гэмтсэн чанар муутай гэх юм бол тэрнийхээ гарсан зардлыг буцаагаад нэхэмжлэх эрх нь хууль зүйн хувьд байгаа. Хэрэгт ямар хэмжээний зардал гарах, яаж эвдэрсэн гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна. Энэ гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл 5 хувь болох энэхүү 6 269 296 төгрөгийг жилийн дараа олгохоор заасан энэ хугацаа нь дууссан мөн гэрээнд заасан, баталгаат 3 жилийн хугацаа дууссан учраас энэ мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын тоглоомын талбайн ажлыг чанартай сайн хийсэн гэж үзэж байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга В.Гантуяа, Койот трейд ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр нар хэлэлцээр хурал маягийн юм хийгээд, төсөвт тусгаагүй ажлыг хийлгүүлсэн байгаа. Тэгээд элс биш элсний оронд 0,5-ын хайргаар цементээ багсарч хийх, хийх ажилд тусгагдаагүй талбай тэгшлэх ажлыг бульдозероор ажлыг чанартай сайн хийсэн. В.Гантуяа хэлэхдээ огт тусгагдаагүй ажлыг батлагдсан хөрөнгийн үлдэгдлээр дахин гэрээ байгуулна гэж хэлээд хийлгүүлсэн. Тухайн ажлыг Эм энд инженеринг компаниар хяналтын төсөв хийлгээд, 18 792 040 төгрөг гаргаж байсан. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэмж ажлын гэрээ хийгээд 4 000 000 төгрөг өгөх боломжтой гээд бид нар 4 000 000 төгрөгөөр тухайн ажлыг хийсэн. Тухайн үед 17 000 000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. 2018, 2019 онуудад 2 удаа манайх очиж засвар үйлчилгээ хийсэн. Тухайн үед хүлээгээд ав гэхэд авдаггүй. В.Гантуяа дарга нь болсон гээд амаар хэлээд яваад өгдөг. Амаар хэлсэн зүйлээ бичгээр өгдөггүй. Бид нар очоод хонох ч газар байхгүй, ажлаа хийчихээд буцаад явдаг. Манай талаас 2 удаа очиж засвар үйлчилгээ хийсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрээн дээр 3 жилийн баталгаа гээд заагаад өгсөн байхад 1 жил гэж яриад байх юм. Анх тоглоомын тайлбай 2017 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон. Аудитын байгууллага жил болгон орон нутаг хөгжлийн санд шалгалт хийдэг. Тэр үед хүлээлгэн өгчихөөд удаагүй байхад шуурга шуурсан чинь тоглоом нь эвдэрчихсэн. Тухайн үед танай байгууллагад хэлэхэд янзалсан. Тэрнээс биш бид нараас болж унаагүй, зөвхөн салхи шуурахад унаад өгснийг танайх нэг удаа ирж янзалж өгсөн. 2018 оноос хойш танай байгууллагад албан тоот 3 удаа хүргүүлсэн. Тухай бүрд нь ирж янзалж өгөөгүй. Комисс хүлээж авахад эрэг боолт нь муу байна гэж анхааруулж байсан. 2 удаа Говьсүмбэр аймгийн Аудитын газраас манай байгууллагад зөвлөмж өгсөн. Албан шаардлага зөвлөмжийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэж манай байгууллага танай байгууллагад хэлэхээр засаж өгөхгүй, жил нь дууссан гэсэн хариу өгдөг. Бид нар шүүхэд холбогдох баримтуудыг нотариатаар батлуулаад өгсөн байгаа, та нар танилцсан байх, 1 жил биш 3 жил шүү. Тийм учраас танайх засвараа хийгээд өгчих юм бол манайхаас мөнгийг нь гаргаад өгнө гэж тухай бүрд нь албан бичиг явуулж байсан. Танайх ажлаа хийгээд өгчих юм бол манайх мөнгийг чинь гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй. Танайх 3 жилийн хугацаанд эвдрэл гэмтэл гаргахгүй байхаар манай Төрийн сангийн дансанд барьцаа хөрөнгө байршуулсан байгаа. 5 хувь авна гэж Барилгын тухай хуульд заасан. Чанар баталгаажуулалтын хугацаа 3 жилийн дотор өгнө гээд 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт байна. Барьцаа гаргах, буцааж олгох, баталгаат хэмжээг тогтоох гээд 2011 оны 52 дугаар журам байгаа. Энэ журмыг та хэд үзээрэй 3 жил дотроо багтаагаад янз бүрийн эвдрэл гэмтэл гарах юм бол засаж өгнө гэж, та нар барьцаа гаргаж, энэ мөнгөө үлдээсэн болохоор манайх энэ хөрөнгийг чинь өгөхийн тулд эвдэрсэн зүйлээ зассаны дараа өгөхөөс биш, засаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг гаргаж өгөхгүй. Тэгэх юм бол тухайн хяналт шалгалтын байгууллагууд бид нар дээр хариуцлага тооцдог юм. Энэ утгаараа манай талаас хяналт шалгалтаа тавьж байна. Тухайн үед Засаг дарга Гантуяа дарга байгаагүй, өөрөө жаахан андуурч яриад байх шиг байна. Манай Тамгын дарга В.Гантуяа гэж хүн байгаа. Тэгээд яг аль хүнтэй нь гэрээ байгуулсан талаар баримтжуулах баримт шүүхэд ирүүлээгүй. Тийм учраас үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Баримттай бол баримтаараа тайлбарлаад та нар өөрсдөө хуралд орох гээд ирсэн тэр үедээ баримтаа шүүхэд ирүүлэхгүй яасан юм бэ, хяналт шалгалтын байгууллагаас бид нарыг шалгаад гаргаад ирж байгаа. Та нар 2 жил заслаа гэж яриад байна, 2018 онд нэг зассан. Би 2019 оноос хойш ажиллаж байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ танайхаас нэг удаа засвар үйлчилгээ хийх гэж байна гээд ирээгүй. Тухайн байгууллагад би өөрөө албан бичиг бичиж явуулсан. Яагаад гэвэл хариуцлага нь бид нар дээр ирдэг учраас хууль журмын дагуу ажиллаж байгаа. Тэгээд ч нийцлийн Аудитын газар жил болгон орон нутгийн санд хяналт шалгалт хийдэг. Хуулийн дагуу шалгаад зөрчилтэй бол тухайн байгууллагуудаараа барьцаа хөрөнгө нь байгаа юм чинь засуулж ав гэсэн шаардлага тавьж зөвлөмж, албан шаардлага өгдөг. Түүний дагуу албан хариу өгөх юм бол засаж янзална. Засаагүй байхад бид нар мөнгийг нь өгчих юм бол тухайн байгууллагын шаардлагыг яаж биелүүлэх юм бэ, танай байгууллага руу тухай бүрд албан тоот явуулж байхад хариу ирүүлээгүй. Манай албан тоотод өгсөн хариу нэг ч байхгүй. Бид нарын зүгээс танайхтай албан тоотоор харьцаж байгаа. Өөрийн чинь яриад байгаа зүйл ямар ч нотлох баримт алга, баримтаа үзүүлээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. 1 жил биш 3 жил гээд бичсэн байхад танайх өөрсдөө гэрээгээ өгөхдөө хавсаргасан баталгаат хуудсаа өгөөгүй байсан. Гэрээ болон хуульд 3 жил барьцаа хөрөнгийг барьцаална гээд заасан байхад 1 жил гэж яриад байхын хаанаас нэг жил гаргаад байгаа юм бэ, тэгвэл нэг жил гэж гаргаж ирээд байгаа баримтаа гаргаад ир, манайх нотариатаар баталгаажуулаад өгсөн байгаа, та нар уншихгүй байгаа юм уу, манайх сумандаа Тамгын даргаар батлуулахгүй, ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд Говьсүмбэр аймаг руу явж батлуулсан. Өндөр дүнтэй барьцаа хөрөнгөд дандаа 3 жилийн баталгаа өгдөг байсан. Одоо шинэ хуулиараа барьцаа хөрөнгө авах, авахгүйг өөрсдөө шийдэж, гэрээндээ тусгадаг болсон байсан. Урьд нь бол мөнгөн дүнгээсээ шалтгаалаад 5 хувийг авч үлддэг байсан. Энэ бол барьцаа хөрөнгө, түүнээс биш та нарын мөнгөнөөс авч үлдсэн мөнгө гэж ойлгоод байх юм. Барьцаа хөрөнгө гэдэг чинь тухайн байгууллага тэр хөрөнгийг засварлаад, хяналт хийгээд зөрчил гараагүй тохиолдолд тэрийгээ янзалж өгнө гэж үлдээж байгаа мөнгө юм. Танай байгууллагаас 3 жилийн хугацаа дуусангуут нь шүүхэд өгсөн байна. Манай талаас хоорондоо зохицъё гээд хэд хэдэн удаа албан тоот өгсөн. Мөнгө нь байхгүй гэж бодоод байх шиг байна. Тухайн шаардлагаа биелүүлчихээд хэдүүлээ асуудлаа шийдвэл яасан юм бэ гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Койот трейд ХХК нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 6 269 296 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Манай компани 2018, 2019 онуудад засвар үйлчилгээ хийж өгсөн, Барилгын тухай хуульд заасан 5 хувь гэдэг зохицуулалт нь тендертэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болохоос нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, харин хэрэгт авагдсан баталгаа нь ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүн буюу чанартай холбоотой гарсан асуудлыг хариуцаж, засварлаж, сэргээх үүрэгтэй 3 жилийн баталгаат хугацаа, баталгаат 1 жил болон 3 жилийн хугацаа дууссан гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Аудитын байгууллага жил болгон орон нутгийг хөгжүүлэх санд хяналт шалгалт хийдэг, зөрчилтэй бол тухайн байгууллагаараа барьцаа хөрөнгө нь байгаа тул засуулж ав гэсэн албан шаардлага, зөвлөмж өгдөг, ... 3 жилийн дотор эвдрэл гэмтэл гарвал засаж өгөхөөр барьцаа мөнгө үлдээсэн, эвдэрсэн зүйлийг засаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг гаргаж өгөх боломжгүй, засвараа хийсэн тохиолдолд 6 269 296 төгрөгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргана.
Нэхэмжлэгч Койот трейд ХХК нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152-р байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажил-ын Р2016000502-00 тоот гэрээ байгуулж, уг ажлыг 125 385 923 төгрөгийн төсөвтэй, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож, улмаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын дүгнэлт гарч улсын комисс хүлээж авснаар байнгын ашиглалтад өгсөн байна.
Зохигчид Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152-р байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажил хийж гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Гэрээний 2-р зүйлд төлбөр төлөх хугацааг тусгасан байх ба 2.1.7-д гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр 30 хувь олгох, ажлын гүйцэтгэлээс хамаарч 40 хувь, улсын комисс хүлээн авсны дараа 25 хувийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон ба нийт гэрээний төлбөрийн 95 хувийг олгожээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 хувь буюу 6 269 296 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөр гэдэгт маргадаггүй.
Р2016000502-00 тоот гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч Койот трейд ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу захиалагч байгууллага болох Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, баталгаа, комиссын дүгнэлт, фото зураг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч дараах үүрэг хүлээнэ, 351.1.1-д захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь гэрээний үр дүнг хүлээж авсанд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул гэрээний үлдэгдэл төлбөр 6 269 296 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.
Иймд, шүүх гэрээний үлдэгдэл төлбөр 6 269 296 төгрөгийг хариуцагч нь төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэв хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 260 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115 260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас гэрээний үлдэгдэл төлбөр 6 269 296 /зургаан сая хоёр зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Койот трейд ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Койот трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 260 /нэг зуун арван таван мянга хоёр зуун жаран/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 115 260 /нэг зуун арван таван мянга хоёр зуун жаран/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Койот трейд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА