Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00037

 

Х-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00553 дугаар шийдвэр,

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 206/МА2022/00034 дүгээр магадлалтай,

 Х-н нэхэмжлэлтэй

Б.А, Ш.Ч нарт холбогдох

 Төрд учирсан хохиролд Ш.ЧаЧ-с цалхүүгээс 5,353,838 төгрөгийг, Б.А-с 583,208 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Х-с хариуцагч Б.А, Ш.Ч нарт холбогдуулан төрд учирсан хохиролд Ш.Ч-с 5,353,838 төгрөгийг, Б.А-с 583,208 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00553 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар төрд учирсан хохирол 5,353,838 (Таван сая гурван зуун тавин гурван мянга найман зуун гучин найм) төгрөгийг хариуцагч Ш.Ч-с, 583,208 (Таван зуун наян гурван мянга хоёр зуун найм) төгрөгийг хариуцагч Б.А нараас тус тус гаргуулан Т-т нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Х-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Ш.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 100,611 төгрөг, хариуцагч Б.А-с улсын тэмдэгтийн хураамжид 18,146 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 206/МА2022/00034 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00553 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст нөхөн төлүүлж гэснийг ... дансанд нөхөн төлүүлж гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ч түүний өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,616 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э нар журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т заасан эрхийн дагуу дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан эрхийн дагуу дараах анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 12 дугаар сард ... санхүүгийн хяналт шалгалт хийж, 2021.03.09-ний өдрийн 35-01/44 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай, 2021.03.09-ний өдрийн 35-01-45 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн акт тавьсан, хариуцагч Ш.Ч дээрх актуудыг эс зөвшөөрч маргасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.23-ны өдрийн 20 дугаартай шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д, 42 дугаар зүйлийн 42.4-д, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021.01.11-ний өдрийн ... шалгалтын дүнг батлах тухай тогтоолын Ш.Ч-д холбогдох хэсгийг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актыг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021.03.09-ний өдрийн 35-01-45 дугаар Үргүй зардал төлүүлэх тухай актын Ш.Ч-д холбогдох хэсгийг төлбөрийн хэмжээг 929,727 төгрөгөөр багасгасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 688 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021.03.09-ний өдрийн 35-01/44 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36.төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг, 69 дүгээр зүйлийн 69.1.Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.

4.2. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021.03.31-ний өдрийн 53 дугаартай, 2021.03.31-ний өдрийн 55 дугаартай шүүхэд нэхэмжлэл гаргуулах тухай албан тоотыг тус Х-т өгчээ.

Х-н 2021.04.06-ны өдрийн 1/318 дугаартай албан тоотоор иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд прокурорын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр С-ийг оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. С нь Х-г төлөөлж нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэх итгэмжлэл олгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. 35.2. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Мөн 36 дугаар зүйлийн 36.2. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2. Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино, 64.2.1. итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарыг үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, 64.2.3. олгосон он, сар, өдрийг заах, 64.2.4. хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, 64.2.5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах, 64.3. Энэ хуулийн 64.2.-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.

4.3. Хариуцагч Ш.Ч нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй, төрд хохирол учруулаагүй, хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан, жил бүрийн үр дүнгийн гэрээгээр хангалттай үнэлгээгээр үнэлүүлж байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

4.4. Шийдвэр, магадлалд ...гэрч асуулгах болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээ урьд нь гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна....

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 38.6.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. 40.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг зөрчсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдаагүй нотлох баримт, асуугдаагүй гэрч Ц-н мэдүүлгийг урьдчилж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр авагдсан гэж үзэн, нотлох баримт бүрдүүлэхээс татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд гомдолтой байна.

4.5. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ... Санхүүгийн хяналт шалгалт хийж, Улсын ахлах байцаагчийн 2021.03.09-ний өдрийн 35-01/44 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай акт, 2021.03.09-ний өдрийн 35-01-45 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн акт тавьсан. Хариуцагч Ш.Ч нь нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно.

Гэтэл хавтаст хэрэгт санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөх шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй, анхан шатны баримтуудыг гаргаж өгөх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ш.Ч-д холбогдох хэргийг гэм хорын хохирол гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00147 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 7. Х Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төрд учирсан хохиролд 5,353,838 төгрөгийг Ш.Ч-с , 583,208 төгрөгийг Б.А-с тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас ...ийн 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд шалгалтаар нийт 1,340,900 төгрөгийг хүүхдийн хоолны зардлаас зориулалт бусаар зарцуулж, Төсвийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр дээрх төлбөрийг эрхлэгч Ш.Ч-р төлүүлэхээр 2021.03.09-ний өдрийн 35-01/44 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, ...мөн 2018, 2019 онд цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг хэтрүүлэн 5,525,872 төгрөгийг удирдах дээр байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолыг зөрчсөн үндэслэлээр цэцэрлэгийн эрхлэгч Ш.Ч-р 4,942,665 төгрөгийг, нягтлан бодогч Б.А-р 538,208 төгрөгийг төлүүлэхээр 2021.03.09-ний өдрийн 53-01-45 тоот акт тус тус тавигдсан. Дээрх улсын байцаагчийн акт биелэгдээгүй, улсын төсөвт хохирол учирсан хэвээр байгаа тул нэр бүхий этгээдээс төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэж тайлбарласан,

 Хариуцагч Ш.Ч тайлбартаа: ...Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн шалгалтын дүн болон тогтоосон актыг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ асуудал шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа. ...Төсвийн хэмнэлтийг сайн ойлгож байгаа, ганц манай цэцэрлэг дээр биш бүх цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны хэмнэгдсэн төсөв гардаг. Үүнийг оны эцэст цэцэрлэгтээ дутагдсан эд зүйл болоод ахмадуудаа хүлээн авах зэрэгт зарцуулдаг. Хууль зөрчиж хувьдаа зарцуулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 Хариуцагч Б.А тайлбартаа: ...Миний бие ажиллах хугацаандаа нярав, тогооч нарын бичиж өгсөн хоолны талоны дагуу санхүүгийн гүйлгээ, тооцоог хийж байсан, уг шалгалт хэтэрхий нэг талыг барьсан, төрийн доод шатны албан хаагчдад дарамт, шахалт үзүүлсэн гэж үзэж байна. Норматив хэтрүүлсэн талаар нэг хүүхдэд 1,650 төгрөгийн төсөвтэй, энэ нь зах зээлийн бараа материалын үнийн өсөлттэй холбоотой хүрэлцдэггүй. Иймд актыг зөвшөөрөхгүй, ...хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэж тус тус мэтгэлцжээ.

 8. Хэрэгт цугларсан баримтаар Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021.03.09-ний өдрийн Үргүй зардал төлүүлэх тухай 35-01/44 актаар ...цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлаас 2018 оны 6 сард эх үрсийн баяраар ажилтны нэг хүүхдэд 22,300 төгрөгийн бэлэг, 12 сард ажилтан бүрд 18,000 төгрөгийн нэг торт, 2019 оны 12 сард ажилтан бүрд 18,000 төгрөгийн нэг торт бүгд 1,340,900 төгрөгийг нормативт зардал болох хүүхдийн хоолны зардлаас зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.6 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр эрхлэгч Ш.Ч-р 1,340,900 төгрөгийг төлүүлэх...-ээр,

35-01-45 актаар ...цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 2018 онд 1,913,555 төгрөг, 2019 онд 6,006,464 төгрөг, бүгд 7,920,019 төгрөгөөр хэтрүүлэн зарцуулснаас ...2,394,147 төгрөгийг баримтаар хасч, үлдэх 5,525,872 төгрөгийг удирдах дээд байгууллагын тушаал шийдвэргүйгээр, зориулалт бусаар зарцуулж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.6 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын 4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр, Үргүй зардлын 5,525,872 төгрөгийн 4,942,666 төгрөгийг эрхлэгч Ш.Ч-р, 583,208 төгрөгийг нягтлан бодогч Б.А-р тус тус төлүүлэх...-ээр шийдвэрлэжээ.

 9. Актыг эс зөвшөөрч эрхлэгч Ш.Ч Сангийн сайдад гомдол гаргасанд гомдлыг хянаад актыг хэвээр үлдээсэн тул хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.23-ны өдрийн 20 дугаартай шийдвэрээр ...2021.03.09-ний өдрийн 35-01/44 дугаар Үргүй зардал төлүүлэх тухай актыг хүчингүй болгож, ...35-01-45 дугаар актын Ш.Ч-д холбогдох хэсгийн төлбөрийн хэмжээг 929,727 төгрөгөөр багасгаж... шийдвэрлэсэн,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 688 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ...35-01-45 дугаар актын Ш.Ч-д холбогдох төлбөрийн хэмжээг 929,727 төгрөгөөр багасгаж, ...35-01/44 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ.

 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.16-ны өдрийн 221 дугаартай Тогтоолоор хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлүүдэд хамаарахгүй гэж дүгнэн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 10. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн акт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нарын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулснаар төрд хохирол учруулсан гэм буруу тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 12. Иймд төрд учирсан хохирлыг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Энэ үндэслэлээр ...хариуцагч Г.Ч нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй, төрд хохирол учруулаагүй, хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан байхад шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... талаарх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 13. Хариуцагч гомдолдоо ...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй, ...нэхэмжлэл гаргасан прокурорын итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй... гэжээ.

 13.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.

 Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь төрийн байгууллага бөгөөд тус байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж, төрд учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан Улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулахаар Аймгийн Прокурорын байгууллагад төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасныг үндэслэн Аймгийн Прокурорын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.

 Харин Улсын байцаагчийн актын хүчин төгөлдөр байдал, эрх зүйн үндэслэлтэй холбоотой маргаан харьяаллын хувьд иргэний хэргийн шүүхэд хамаарахгүй боловч нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй улсын байцаагчийн акттай холбогдох маргаан Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр шүүх актын үр дагаврыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд хамаарахгүй.

 13.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч ...гэрчээс мэдүүлэг авхуулах, нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй, ...шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй боловч хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Үргүй зардал төлүүлэх тухай 35-01/44, 35-01-45 дугаартай актын хүчин төгөлдөр байдлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан тул тухайн акттай холбогдуулан гэрч асуулгах, санхүүгийн анхан шатны шүүхийн баримтыг гаргуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн дээрх заалтад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э нарын гомдлыг хангахгүй орхино, хариуцагч Б.А гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагч нараас төлөх төлбөрийг ... дансанд төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

 15. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 206/МА2022/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Ч-с 2023.01.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Д.ЦОЛМОН

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД           Н.БАЯРМАА

                                              П.ЗОЛЗАЯА

                                                      Х.ЭРДЭНЭСУВД