Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 51

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Б.Борчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Буд овогт Бэхбатын Борчулуунд холбогдох эрүүгийн 201715000062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Соёлын төвийн дуу, хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоолт-1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буд овогт Бэхбатын Борчулуун, /РД:ЙН90070114/.

Шүүгдэгч Б.Борчулуун нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоол-1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Чинзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний шүд рүү гараараа 1 удаа цохиж, 1 ширхэг шүдний хугарал, 1 ширхэг шүдний булгарал, уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Б.Борчулуун шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Х.Чинзоригийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд Төгрөг сумын төв дээр өөрийн гэртээ байж байтал холбоонд ажилладаг манай найз Баатарчулуун манайд ганцаараа орж ирсэн. Бид хоёр манайд жаахан байж байгаад Баатарчулууны гэрт орчихоор болоод манайхаас гараад сумын төвийн урд байдаг колонк дээр очиж зогстол манай сумын Борчулуун, Үнэнбат, Агваан гурав Үнэнбатын цагаан өнгий, Королла маркын автомашинтай зогсож байсан. Архи ууж байгаа бололтой машиныхаа доторх гэрлийг асаачихсан сууцгааж байсан. Баатарчулуун бид хоёр машинаасаа буугаад тэд нарын машинд суусан. Би ар талын суудал дээр орж суусан, Борчулуун бас ард талын суудал дээр сууж байсан. Бид хоёрын дунд Агваан гэх залуу сууж байсан. Удалгүй Борчулуун надаас цагдаа нарт элдэв юм ярьж явдаг гэсэн гээд хэрүүл гуйгаад хэл амаар доромжлоод байхаар нь чи битгий тийм юм ярьж бай, надад тийм юм байхгүй гэсэн чинь намайг шууд гараараа нүүрэн хэсэгт шүд рүү цохичихсон юм. Тэгээд миний амнаас цус гараад байсан. Борчулуун эмнэлэгт очиж үзүүлье гээд эмнэлэг дээр очиж үзүүлж цэвэрлүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Намайг зодуулж байхад Баатарчулуун, Агваан, Үнэнбат гурав харсан. Тухайн үед Борчулуун халамцуу байсан. Гэхдээ ухаан мэдрэлтэйгээ байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Бид хоёр хоорондоо тохиролцож эмчилгээний зардалд 3500000 төгрөгийг төлж хохирлын маргаангүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/,

Шүүгдэгч Б.Борчулууны хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд Төгрөг сумын төвийн урд хороололд байрлах колонк дээр манай сумын Баатарчулуун, Үнэнбат, Агваан бид дөрөв Үнэнбатын машин дотор 0.5 литрийн, Улаанбаатар нэртэй архи задлаад тойруулаад ууж байтал манай сумын Алтанзул гэх залуу надтай уулзахаар колонк дээр ирсэн. Би Үнэнбатын машинаас буугаад уулзсан. Алтанзулын машинд суугаад нилээн юм ярьж сууж байгаад эргээд Үнэнбатын машинд суутал Чинзориг, Баатарчулуун нар хүрээд ирчихсэн машинд сууж байсан. Алтанзул машинтайгаа хөдлөөд явсан. Урьд өмнө нь Чинзориг бид хоёр хэрэглдсэн байсан юм. Тэгээд мэнд мэдээд тэр асуудлаа ярьж сууж байгаад л гэнэт дахиад маргалдаад би Чинзоригийн нүүрэн хэсэгт шүд рүү нь гараараа 1 удаа цохьчихсон юм. Тэгээд Чинзоригийг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмнэлэг дээр ирээд Чинзориг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд 4, 5 сарын өмнө хамт машинд нь явж байгаад чи сумын төвд гадуур машинтайгаа явахдаа хөгжим чангалж явдаг гэж хэлсэн чинь Чинзориг уурлаад би өөрийнхөө машиндаа яаж явахаа өөрөө мэдье гээд маргалдаад салсан. Сүүлд нь би согтуу машинтайгаа явж байгаад цагдаад баригдсан юм. Тэгэхээр нь би уурандаа Чинзориг руу утсаар яриад чи цагдаад хэлчихсэн юм бишүү, миний машиныг хураачихлаа гэхэд би тэгж хэлээгүй ш дээ, тийм юм байхгүй гэж байсан. Тэгээд сая таарахдаа урьдын асуудлаас болоод жаахан үг сөргөлдөж байгаад би уурандаа нүүрэнд нь нэг удаа цохиод авчихсан юм. Чинзориг бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 24 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн: “…Х.Чинзоригийн биед дээд үүдэн 1 ширхэг шүдний хугарал, 1 ширхэг шүдний булгарал, буйл уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “Б.Борчулууны эзэмшлийн I phone-5 маркийн, хар өнгийн, шилэн наалттай, хуучин гар утсыг битүүмжлэв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/,

Шүүгдэгч Б.Борчулууны хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/,иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх 45/,

Хохирогч Х.Чинзоригийн шүүхэд ирүүлсэн: “...Миний бие Б.Борчулуунаас хохиролд 3500000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Борчулуун бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Б.Борчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Борчулуун нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоол-1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Чинзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний шүд рүү гараараа 1 удаа цохиж, 1 ширхэг шүдний хугарал, 1 ширхэг шүдний булгарал, уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Чинзоригийн шүүгдэгч Б.Борчулуунд зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Чинзоригийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 88 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Борчулууны сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Борчулууны үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Буд овогт Бэхбатын Борчулуунд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Борчулуун нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Борчулуун нь согтуурсан үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Борчулуун нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Х.Чинзоригын шүүхэд ирүүлсэн “хохиролд 3500000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай” хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Борчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан хохирогч Х.Чинзоргийн амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, томографын зураг 1 ширхэг зэргийг хохирогч Х.Чинзоригт буцаан олгож, Б.Борчулууны эзэмшлийн I phone-5 маркийн, хар өнгийн, шилэн наалттай, хуучин гар утсыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Борчулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Борчулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Буд овогт Бэхбатын Борчулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Борчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Борчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй  болохыг тус тус дурьдаж, хэрэгт хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, томографийн зураг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Чинзоригт буцаан олгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Борчулууны эзэмшлийн I phone-5 маркийн, хар өнгийн, шилэн наалттай, хуучин гар утсыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Борчулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Борчулуунд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ