Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 112/ШШ2022/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: М.З /РД:********/

       Хариуцагч: ******* сумын ******* С.С нарын хооронд үүссэн сахилгын шийтгэл ногдуулах тухай  захирамжийг хүчингүй болгуулахтай  холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Байгалмаа, нэхэмжлэгч М.З /цахимаар/,  хариуцагч С.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

        1.1. Монгол Улсын иргэн М.З нь тус шүүхэд хандан ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

        Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

        2.1. ******* сумын Засаг даргын  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар  зүйлийн 123.2.3 дахь заалтуудыг үндэслэн  Ерөнхий боловсролын сургуулийн захирал Монхорын Золбаярыг улирлын ажлын тайлан ирүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, эцэг эхийн “Бидний ирээдүй” уулзалт арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт муу, ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 3 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

        2.2. Нэхэмжлэгчийн зүгээс: 1.Тушаалын үндэслэл нь улирлын тайлан ирүүлээгүй гэж байгаа буюу би тэр үед Улаанбаатар хотод Засаг даргын захирамжаар нутгийн золголтын ажлын хэсэгт орон явж байсан. Тэгээд сумандаа 04 дүгээр сарын 01-ний өдөр ирж улирлын тайлангаа явуулсан. 2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэл байсан буюу ямар алдаа дутагдал гаргасан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. 3. Бидний ирээдүй эцэг эхийн уулзалтын бэлтгэл ажил зохион байгуулалт муу гэж байгаа. энэ үйл ажиллагааг боломжийн зохион байгуулсан гэж бодож байна. Хөдөөгийн эцэг эхийг хангалтгүй оролцуулсан гэдэг үндэслэл байгаа буюу нийт оролцсон эцэг, эхийн ирцийн байдлыг нотлох баримтаар хавсаргасан байгаа. Нийт 56 эцэг, эх байгаа буюу нэмээд  манай сургуулийн 10 гаруй багш нар оролцон нийт 70 гаруй хүн оролцсон гэх зэрэг агуулгаар маргаж байна.

        2.3. Хариуцагчийн зүгээс ... Улирлын  тайлан ирүүлээгүй, “Бидний ирээдүй” эцэг эхийн уулзалтанд хариуцлагагүй хандсан,  Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан Б/11 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

       Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

       3.1. Нэхэмжлэгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж нь миний эрхийг зөрчсөн хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие улирлын тайланг тухай бүрд нь явуулж, сумаас болон сумын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилладаг гэв.

       3.2  Нэхэмжлэгч М.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тушаалын үндэслэл нь улирлын тайлан ирүүлээгүй гэж байгаа буюу би тэр үед Улаанбаатар хотод Засаг даргын захирамжаар нутгийн золголтын ажлын хэсэгт орон явж байсан. Тэгээд сумандаа 04 дүгээр сарын 01-ний өдөр ирж улирлын тайлангаа явуулсан ба тайланг явуулах тодорхой заасан хугацаа байдаггүй. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэл байсан буюу ямар алдаа дутагдал гаргасан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Манай байгууллага болон миний хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн хийж гүйцэтгэдгийг манай хамт олон болон нутгийн иргэд мэдэж байгаа. Дараагийн үндэслэл нь бидний ирээдүй эцэг эхийн уулзалтын бэлтгэл ажил зохион байгуулалт муу гэж байгаа. Би Улаанбаатар хотоос өмнөх өдөр нь ирээд энэ үйл ажиллагааг боломжийн зохион байгуулсан гэж бодож байна. Хөдөөгийн эцэг эхийг хангалтгүй оролцуулсан гэдэг үндэслэл байгаа буюу нийт оролцсон эцэг, эхийн ирцийн байдлыг нотлох баримтаар хавсаргасан байгаа. Нийт 56 эцэг, эх байгаа буюу нэмээд  манай сургуулийн 10 гаруй багш нар оролцон нийт 70 гаруй хүн оролцсон. Манай сургууль 250 хүүхэдтэй ба нэг эцэг, эх 2-3 хүүхдийг төлөөлж ирдэг. Тийм учраас манай хамт олон болон миний зүгээс хангалттай ирцтэй оролцсон гэж дүгнэж байгаа. Мөн энэ уулзалтанд ******* өөрийн биеэр ирж оролцох боломжтой байсан ч ирж оролцоогүй байж ийм дүгнэлт гарган хүний амнаас сонсож ажлаа хийдэг зүйл байгаа. Надад хариуцлага тооцож ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Тамгын газрын даргад ямар нэгэн хариуцлага тооцоогүйд миний хувьд гомдолтой байна гэв.  

        3.3 Хариуцагч С.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын ******* Соднойн Сүхбаатар миний бие 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  сумын Ерөнхий боловсролын сургуулийн  захирал М.Зт сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гаргасан бөгөөд тус захирамжинд:

        1. Улирлын  тайлан ирүүлээгүй

        2. “Бидний ирээдүй” эцэг эхийн уулзалтанд хариуцлагагүй хандсан

        3. Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан. М.З нь 2022 оны 01 дүгээр улирлын тайланг 2022 оны 03 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх байсан боловч ирүүлээгүй, сумын удирдлагын зүгээс эцэг эх, сургууль, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх,эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бидний ирээдүй” эцэг эхийн уулзалтыг тухайн улирлын хичээлийн сүүлийн өдөр хийсэн боловч  багш нартаа үүрэг чиглэл өгч, ач холбогдолыг таниулаагүйн улмаас уулзалтын өмнөх өдөр хөдөөгийн эцэг эхчүүдэд хүүхдийг өгч явуулснаас шалтгаалан эцэг эхчүүдйн оролцоо муу, зөвхөн төрийн албан хаагчид оролцсон уулзалт болсон ба жинхэнэ зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй юм. Тийм учир миний бие гаргасан шийдвэрээ зөв гэж үзэж байна гэв.

         3.4 Хариуцагч С.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний хувьд 3 үндэслэлээр М.Зт арга хэмжээ авсан. Энэ нь үүрэг даалгаврын биелэлт, бидний ирээдүй уулзалт, улирлын тайлан ирүүлээгүй гэдэг үндэслэл гаргасан. М.Зын хувьд би алдаа гаргаагүй арга хэмжээ авах ёстой бол ******* сумын Тамгын газрын даргад арга хэмжээ авах ёстой гэдэг үндэслэлийг ярьж байна. Энэ нь Тамгын газрын дарга биш сургуулийн захирлын зайлшгүй хариуцах ёстой ажлын нэг гэж би хувьдаа үзсэн. Улирлын тайлангийн хувьд тухайн улирлын ажлыг тайлангаар дүгнэн ажлын гүйцэтгэл дээр нь тааруулж урамшуулал олгодог. М.З бид хоёрын хувьд ганц энэ удаад биш 2021 онд энэ талаар ярилцаж бид хоёр хоорондоо маргалдаж байсан тохиолдол байдаг. Тухайн онд улирлын тайлан ирүүлээгүй учраас би танд урамшуулал олгохгүй гэдэг шаардлага тавьж байсан. Тэгэхэд төрөөс өгөх ёстой зүйлийг чи өгсөнгүй гэж надруу ярьж бид хоёр маргалдаж байсан. Бид хоёр нэг нутагт амьдардаг нэг үеийн залуус учраас цаашид энэ алдаагаа засаж залруулаад явах байх гэдэг үндэслэлээр тухайн маргалдсан улирлын урамшууллыг би захирамж гарган олгох ёстой хугацаанаас нэг сарын дараа олгуулсан. Бид нар 03 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот Дархан, Эрдэнэтээр нутгийн зөвлөлийн уулзалт хийж явсан. Энэ үед М.З ажлын хэсэгт багтан ажиллаж байгаад Улаанбаатар хотод нутгийн зөвлөл, үе үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн болж тэнд төлөөллүүдтэй бид уулзалт хийсэн. Нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр М.З талаас нь хаяж явсан. Би араас нь утсаар залгахад би хотын төвд түгжрэлд ажил гараад явж байна гэсэн тайлбарыг надад өгсөн. Дараа нь уулзалт дээр М.З өөрөө гар бөмбөгийн тэмцээнд оролцож шагнал аваад явсан. Тэгээд Дархан, Эрдэнэт явах гэтэл М.З миний бие өвдөж ханиад хүрсэн гэдэг асуудлыг надад тавьсан. Тэгэхэд нь би тэгвэл чи буцаад 04 дүгээр сарын 01-ний өдөр болох “Бидний ирээдүй” эцэг эхийн уулзалтын ажилд анхаарч ажиллаарай гэж хэлээд би цааш Дархан, Эрдэнэт явсан. Миний хувьд сумын төврүү энэ ажилд яаарсан хэдий ч 04 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн төв дээр ирсэн. Мөн энэ оны 06 дугаар сард 2,3 удаа албан тоот М.Зт өгсөн. Сургуулийн нөөц бололцоонд байдаг усан оргилуурыг янзал гэж өгсөн. Энэ нь ганц манай сум биш Монгол улс даяар байдаг Говь-Алтай аймгийн олон төгсөгчид уулзаж сум болон сургуульдаа юу хийх үү? гэдэг санал хүсэлт тавьдаг. Би сумын даргын хувьд төгсөгч нартай их уулздаг. Тэгэхэд сургуулийнхаа захиралтай уулзах  асуудлыг их ярьдаг. Тэр усан оргилуур нь 150,000 төгрөгөөр аймгийн төвөөс жанам авч тавихад ажиллах боломжтой байсан. Гэтэл олон удаа боломжгүй буюу төсвөөсөө мөнгө гаргаж өг гэсэн тайлбарыг бичгээр надад гаргаж өгсөн. Тэгэхээр бид төсвөөс мөнгө өгөх боломж байхгүй. Дотоод бусад нөөц бололцоогоор зохицуулаад хийчихвэл цаашид боломж бололцоотой үед төсвөөс гаргаж бид дэмжих бололцоотой гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл тэр ажил хийгдээгүй байгаа. Дараагийн асуудал нь манай сургуулийн харьяа нэг спорт заал байдаг. Гэтэл хаалга үүд дээврийн төмөр зэрэг нь салчихсан аюулгүй орчин хангагдахгүй байгаа тул дахин ашиглалтаар энэ хөрөнгөө тодорхой хэмжээнд янзлаад хаалгыг нь хадаж дээврийг нь соль гэдэг шаардлагуудыг тавьж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр ажлууд хийгдээгүй байна. Энэ нь хөрөнгө шаардахгүй хэдэн хадаас аваад хариуцаж байгаа ажилтнаа явуулаад янзлах боломжтой байсан. Тэгэхээр үүрэг даалгавар биелэлтэд хангалтгүй байна гэж үзэж байна. Мөн “Бидний ирээдүй” уулзалтын зорилго нь сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн дэмжлэгийг авъя хэдийгээр хүүхдүүд багш нар танхимаар хичээл заадаг хэдий ч эргээд эцэг, эх хүүхдээ анхаарахгүй байгаа гэдэг асуудал дээр би тамгын даргатай зөвшилцөөд сургалтын хоцрогдол арилгах гэсэн ажлын хэсэг байгуулсан. Миний бие өөрөө аймгийн төв дээр ажиллаж амьдарч байгаад сумандаа зориглож очиж өөрийнхөө санаж бодсон зүйлүүдийг хийж хүмүүсийн амьдралд тодорхой хэмжээгээр нэмэр болох зорилгоор очсон. Аймгийн төв дээр эцэг, эхчүүд хүүхдээ анхаарч байж хүүхдүүд сурч боловсорч багш нарт дэмжлэг болж байна гэж үзээд тэрийгээ сум дээр оруулъя гэж бодсон. Ер нь сумын төв дээр та хүүхдэдээ яаж анхаарал тавьж байж хүүхэд чинь амжилтад хүрэх ёстой юм бэ? гэдгийг ойлгуулах үндэснээс “Бидний ирээдүй” эцэг эхийн уулзалтыг зохион байгуулсан. Үүний гол чиглэсэн зорилтод бүлэг нь хөдөөний малчид буюу алба хашдаггүй хүмүүс байсан. М.З 56 хүн байсан гэж ярьж байна. Би хэргийн материалтай танилцаж байх үедээ харсан. Хөдөөний хүмүүс маш цөөхөн байсан буюу 10 дотор байсан. Бусад хүмүүс нь бүгд сургуулийн багш ажилчид бусад байгууллагын ажилтнууд байсан. Тэгэхээр  төрд алба хашиж байгаа тодорхой хэмжээний хараа хяналттай буюу учраа олчихсон үр хүүхдийнхээ сайн сайнхны төлөө хичээх боломжтой хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүс тэр уулзалтад суусан суугаагүй хүүхдээ цааш нь хөгжүүлээд аваад явах боломжтой. Мөн багш нар тэр уулзалтад суух ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Багшийн ажлыг дэмжиж байгаа учраас багш өөрөө идэвхтэй оролцох ёстой. Би 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ ирэхэд Тамгын дарга надад тайлан танилцуулсан. Бид нар энэ уулзалтыг анх товлохдоо хичээлийн сүүлийн өдөр буюу хичээл тарах өдөр энэхүү уулзалтыг зохион байгуулсан. Учир нь хөдөөнөөс эцэг, эхчүүд хүүхдээ авахаар ирэхэд энэ уулзалтыг зохион байгуулах юм бол илүү үр дүнтэй эцэг, эхэд хүрнэ гэж ойлгосон. Тэгээд яагаад бидний ярьж төлөвлөснөөс ийм бага болчихсон юм бэ? гэхээр хичээл тарахын өмнөх 4 дэх өдөр багш нар нь хүүхдүүддээ чөлөө өгөөд явуулчихсан байсан. Би багш нарт хариуцлага тооцох субъект биш буюу байгууллагын дарга, эрхлэгч нарыг хариуцлагажуулж үүрэг өгч ажилд нь анхаарал тавих хүн. Тэгэхээр би энэ хүнд эргээд өөрийнхөө доор байгаа албан тушаалтнуудад шаардлага тавих би М.Зт шаардлага тавих нөхцөл байдал үүссэн. Тэгээд “Бидний ирээдүй” уулзалтаас шалтгаалан сургуулийн захирал М.Зт цалингийн 10 хувийн арга хэмжээ авсан. Ер нь ажлын өдрүүдээр аймаг болон ийш тийшээ явдаг. Мөн нотлогдоогүй ч гэсэн янз бүрийн архи дарсны асуудал байдаг боловч тэр бүгдийг энд ярих шаардлагагүй. Би өмнө нь М.Зт хэлж байсан буюу ийм асуудлууд үүсэж цалингийн арга хэмжээ авсан. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд сэтгэл дундуур байна. Учир нь 07 дугаар сарын 04-ны өдөр энд та бүгд бүгдээрээ бэлэн байх ёстой гэдэг шаардлагыг шүүхийн зүгээс тавьсан. Миний хувьд цагтаа ирсэн боловч нэхэмжлэгч өөрөө ирээгүй. Гэхдээ эмзэглэж байгаа зүйл надад байдаг буюу удаа дараа ажиллах хугацаанд чинь шүүхийн хаалгыг сахиулна гэж надад хэлж байсан. Одоо надад тэрийгээ биелүүлээд явж байгаа юм болов уу? гэсэн бодол байна гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

        4. ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Монхорын Золбаярт үндсэн цалинг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

        5. ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг дурдаж, улирлын ажлын тайлан ирүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, эцэг эхийн “Бидний ирээдүй” уулзалт, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт муу, ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн нөхцөлөөр сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

       5.1 ******* сумын *******, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын хооронд хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө тус тус байгуулагдсан байна.

         Талуудын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1.12-т “Улирлын ажлын үр дүнгээр 2 ба түүнээс дээш удаа “Хангалтгүй үнэлгээ авсан” тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ. Харин хөдөлмөрийн гэрээнд улирлын ажлын тайланг хэзээ хүргүүлсэн байх тухай нарийвчлан тусгаагүй байна.

          Түүнчлэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд улирлын ажлын тайланг ирүүлэх хугацааг тодорхойлоогүй, энэ талаар сургуулийн захиралд үүрэг болгосон заалт тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

        Мөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг талууд баталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 54.2-т “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг Засгийн газар батална.”, Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.1-д “Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.”, 4.5. Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараахь хугацаанд харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ: 4.5.1-д “сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 1 дүгээр сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид;”, 4.7-д “Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж байгууллагын гүйцэтгэлийн тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төлөвлөгөөний биелэлтийн хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор, жилийн эцсийн тайланг төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнэлэх бөгөөд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллана.” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Сумын ******* төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд сургуулийн захирлын ажлын гүйцэтгэлийг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэхээр журамласан байна.

Дээрх журмын зохицуулалтаас харвал нэхэмжлэгчийг тайлан гаргах хугацааг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

        5.2. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна: 51.1.4. улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох.” гэж заасан байна.

        Энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан журам болох Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох  журам”-ын 1.1-д “Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө.”, 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно: 1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид; 2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно. 4.3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, бусад албан хаагчид олгоно. 4.7. Энэ журмын 4.3-т заасан нөхцөлийг хангасан багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана. гэж тус  тус зохицуулсан байна.

        Нэхэмжлэгч тайлан мэдээгээ хугацаандаа өгөөгүй нь нотлогддог. Гэвч энэхүү журам нь улирлын ажлын тайлан гаргаж дүгнүүлэх, хийсэн ажлын үр дүнг харгалзан үзэж урамшуулал олгож болох зохицуулалтыг агуулж байгаа бөгөөд тэрхүү тайланг зохих ёсоор гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн тухайн улиралд олгогдох урамшууллыг хасах үндэслэл болох боловч харин сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Учир нь: Дээр дурдсанчлан тайлан мэдээг жилд 2 удаа гаргаж дүгнүүлэх үүргийг төрийн албан хувьд нэхэмжлэгч хүлээхээр байна.

        6. Сумын ******* “Бидний ирээдүй” уулзалтад хариуцлагагүй хандсан, үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарладаг.

       6.1 Сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/33 дугаар захирамжаар боловсролын чанарыг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д авах дундаж оноог ахиулах ажлыг эрчимжүүлэн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын дарга Р.Оюунчимэгээр ахлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилжээ. Энэхүү ажлын хэсэг хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******ар батлуулсан байна. Энэ төлөвлөгөөнд 15 ажил тусгагдсан бөгөөд асран хамгаалагч харгалзан дэмжигчийн уулзалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Ажлын зохион байгуулалтыг ажлын хэсгийн гишүүд бүгд хариуцахаар тусгасан байдаг.

        Уг уулзалт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, Сургуулийн захирал М.З оролцогчдод танилцуулга хийсэн болох нь нотлогддог. Хэргийн оролцогчид энэ талаар маргадаггүй.

        6.2 Харин сумын ******* 56 оролцогчоос хөдөө багт амьдардаг 10 орчим хүн л байсан. Сургуулийн хүүхдүүдэд чөлөө өгч явуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгадаг. Гэвч нэхэмжлэгч уг үйл ажиллагааг дангаар хариуцаагүй, ажлын хэсгийн бүх гишүүд хариуцаж байсан болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн энэхүү ажлын хэсэг 15 ажил төлөвлөж бусад ажлууд хийгдэж дуусаагүй, нэгдсэн үр дүнг хүлээж аваагүй атлаа ганцхан нэхэмжлэгчид ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

        7. Нэхэмжлэгчийг бусад үүрэг даалгавар биелүүлээгүй гэх боловч нотлогдохгүй байна. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: 43.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; гэж заасан байна.

Тодруулбал, Томилох эрх бүхий албан тушаалтан болох Сумын *******, албан тушаалын тодорхойлолтыг батлах үүрэгтэй байна. Сумын засаг дарга албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй байх боловч нэхэмжлэгчийг ажилд томилогдох үед батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээс аль чиг үүргээ хэрхэн биелүүлээгүй болох нь тогтоогдсонгүй. Иймээс хариуцагч Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох гэсэн шаардлагыг хангаагүй байна.

          8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж тус тус заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.” гэж заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтуудаас харвал ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан 5 төрлийн шийтгэлийн аль тохирохыг сонгож хэрэглэхээр байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

        Хэдийгээр нэхэмжлэгч улирлын ажлын тайлан ирүүлээгүй нь тогтоогдож байгаа боловч тайлан хүргүүлээгүй байгаа эс үйлдэхүйд нэхэмжлэгчийн үндсэн цалинг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл тохирсон гэж дүгнэх боломжгүй.

        9. Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэсэн нөхцөл байдал дээр дурдсанаар тогтоогдоогүй, ногдуулсан сахилгын шийтгэл нь улирлын тайлан хүргүүлээгүй эс үйлдэхүйд буюу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж, үр дагаварт нийцээгүй гэж дүгнэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн  123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.З олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОЮУНСҮРЭН