Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1417

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж Э Б к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00739 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж Э Б к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.З,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар захирамжаар А.З-аас 25 774 087 төгрөгийг гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэсэн. А.З- нь заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох улсын Ү-2206027965 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын 18.48 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг зогсоолыг шинжээчийн тогтоосон үнэ болох 18 400 000 төгрөгийн 50 хувь буюу 9 200 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 11 200 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101 тоот битүүмжилсэн, хураасан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолд төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн гэж дурдсан. Гэтэл бид А.З-аас үлдэгдэл 14 774 087 төгрөгийг аваагүй. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байтал төлбөрийг бүрэн төлөгдөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хангагдаагүй үлдсэн 14 774 087 төгрөгийг А.З-ын бусад эд хөрөнгөөс гаргуулах ажиллагаа үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар захирамжаар А.З-аас 25 781 332 төгрөгийг гаргуулж “Ж Э Б к ББСБ”-д олгохоор, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17290204 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийвэр, гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар дурдсан тул барьцааны Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхар, 26 тоот авто зогсоолыг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 139/106/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 136/106/03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэ болох 18 400 000 төгрөгийн 70 хувь буюу 12 880 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 18 400 000 төгрөгийн 50 хувь буюу 9 200 000 төгрөгөр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулахад 11 200 000 төгрөгөөр худалдан борлогдож, дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг, төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийвэр, гүйцэтгэх хуудсанд заасан үйл ажиллагааг гүйцэтгэдэг бөгөөд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд дурдсанаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ажиллагааг гүйцэтгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: А.З- “Ж Э Б к ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоот авто зогсоолыг барьцаалсан. Тухайн зээлээ төлж чадаагүй тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээгээр дээр дурдсан авто зогсоолоор төлбөрийг барагдуулахаар заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Талуудаас үнийн саналыг авч үнэлгээний дүн зөрүүтэй байсан тул үнэлгээ хийлгэснээр анхдагч болон хоёрдогч албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдаж, хоёр дахь дуудлага худалдаагаар Б.Мөнхбадрах гэдэг хүн ялсан тул өмчийн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан тоотыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан. Авто зогсоол зарсан мөнгийг нь “Ж Э Б к ББСБ”-д өгсөн. Энэ нь хууль журмын дагуу явагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд гомдлыг 7 хоногийн дотор Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хариугаа аваад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 14 хоногийн дотор дахин гомдол гаргана гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байхад “Ж Э Б к ББСБ” нь 2018 онд гомдол гаргасан. Энэ гомдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг үүсгэхээс татгалзаад, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байдаг. 2 сарын дараа шүүхэд өгдөг, шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажил хийгдээгүй гээд буцаачихаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад өнөөдөр шүүхэд ороод ирж байгаа юм. Гомдол гаргах хугацаа нь дууссан, гомдол гаргах боломжгүй байсан байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар тодорхой заасан. Анхнаасаа эвлэрлийн гэрээгээр автозогсоолоо өгье гэсэн. Авто зогсоолоо дуудлага худалдаагаар худалдаад төлбөрийг төлсөн. Өнөөдөр А.З-ыг гуравдагч этгээдээр татах биш дуудлага худалдаанд ялсан ялагчийг дуудах ёстой байсан гэж бодож байна. 29 дүгээр зүйлийн 3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс бусад 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан. Уг хэрэгт анхнаасаа авто зогсоолыг барьцаалсан, авто зогсоолоор гүйцэтгэлийг хангуулъя гэсэн, авто зогсоолоо худалдаж, гүйцэтгэлийг хангуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу дууссан гэж үзэж байна. Иймд жнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 505 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч А.З-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж Э Б к ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 000 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 91 430 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж Э Б к ББСБХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32016/00030 дугаар захирамжийг үгүйсгэж, 25 774 087 төгрөгийг төлбөр төлөгчөөс бүхэлд нь бүрэн гаргуулснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох ёстой хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32016/00030 дугаар захирамж, эвлэрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 тоот гүйцэтгэх хуудаст 25 774 087 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар зааснаас бус төлбөрийг үлдэгдэл үлдэх тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдаагүй.

Шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гүйцэтгэх хуудаст дурьдагдаагүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийсэн мэт агуулга бүхий дүгнэлтийг хийсэн ба мөн маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг шилжүүлэх талаар захирамжид заагаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч барьцаа хөрөнгийг төлбөр авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлэх ажиллагааг хийгээгүй байтал дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан хэмээн хариуцагчийг буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн нотлох баримтад үндэслээгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн аль хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалгыг хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлэх ёстой байтал харин ч анхан шатны шүүх хууль зөрчиж буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах эрхгүй болохыг мэдсээр байж, иргэний эрх зүйн хамгаалалтын нэрийн дор гомдол гаргах эрхийг нээж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17/1120 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/697 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг хүргүүлсэн. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 505 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон ба тус тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө 11 200 000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гаргахдаа мэдэж байсан атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гомдол гаргаагүй ба ийнхүү гомдол гаргаагүй тул дахин гомдол гаргах, мөн тус тогтоолтой холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32017/11921 дүгээр захирамжаар ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тогтоолыг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сард /3 сарын дараа/ шууд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/18 тоотоор хариуг өгсөн. Уг хариунд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг дурьджээ. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргах эрхээ алдсан талаарх баримтууд хэргийн материалд авагдсан атал шүүхийн зүгээс дээрх үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Шүүх ийнхүү шийдвэрийн 4 дэх заалтаараа уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчид гомдол гаргах эрхийг тайлбарлан өгөөгүй байгаа нь Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар заасан нь ИХШХШтХ-ийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байх ба ямар учраас гомдол гаргах харьяаллыг Сэлэнгэ аймаг уруу шилжүүлж буйг ойлгох боломжгүй байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00739 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Ж Э Б к ББСБ” ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/2016/00030 дугаар захирамжаар А.З- нь 25 774 087 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор “Ж Э Б к ББСБ” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчээс “Ж Э Б к ББСБ” ХХК-аас зээл авахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Лхамын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын авто зогсоолын зориулалттай 18.48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулсан байна. /хэргийн 23-25, 28-29, 31-32 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч болон төлөгч нар барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын авто зогсоолын зориулалттай 18.48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 18 400 000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хэргийн 40-48 дугаар тал/

 

Улмаар хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/32 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 18 400 000 төгрөгийн 70 хувь буюу 12 880 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 9 200 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулахад төлбөр төлөгчийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө 11 200 000 төгрөгөөр худалдан борлогдож, төлбөр авагчид төлбөрт нь тооцож уг мөнгийг, дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг тус тус шилжүүлсэн байна. /хэргийн 57-67 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 505 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр төлбөр төлөгч А.З-ыг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/2016/00030 дугаар шийдвэр, 106 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй А.З-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон нь үндэслэлгүй болжээ. /хэргийн 12 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл нь төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн байхыг ойлгохоор заасан байхад хариуцагч байгууллага албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө 11 200 000 төгрөгөөр худалдан борлуулж, төлбөр авагчид уг мөнгийг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь буруу байна.

 

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч А.З- нь 25 774 087 төгрөгийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасныг хариуцагч байгууллага төлбөр төлөгчийг 25 774 087 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг төлбөр авагчид шилжүүлэхээр талууд тохиролцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар барьцааны зүйлийг шүүгчийн захирамжинд заасан төлбөрт тооцон шилжүүлэх замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй тул хариуцагч, гуравдагч этгээд нарын татгалзал үндэслэлгүй юм.

 

Шүүх хариуцагч байгууллагыг барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулан борлуулах ажиллагаа хийсэн, уг борлуулсан орлого нь төлбөр авагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байхад төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулаагүй нь төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгоогүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд төлбөр авагч “Ж Э Б к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэрийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүх гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэснийг “Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З-ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                  ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА   

                      

                                                                                                    С.ЭНХТӨР