Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2021/00100

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг Думан төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Х газарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, орчуулагч Б.Арманбек, нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүү нь болох Н.А олгох ёстой халамжийн тэтгэвэр 2928000 төгрөг, асаргааны тэтгэмж 1345000 төгрөг нийтдээ 4273000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ж.Нурбол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт сэтгэцийн хүнд зэргийн өвчтэй эхнэр болон 6 хүүхдийн хамт оршин суудаг. Миний том хүүхэд болох Н.А нь 2017 онд Дэлүүн сумын Чихтэй багт байдаг зусланд дээр мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч, өөрөө арай гэж амьд үлдсэн. Би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй мөртлөө хар ажил хийж олсон хэдэн төгрөгөөрөө жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод байрлаж байгаад эмчлүүлж байсан билээ. Түүнээс хойш А нь өөрөө бие даан хоол идэж чаддаггүй, эрүүний ясгүйн улмаас түүнийг байнгын асарч, идэх хоол ундыг нь бэлтгэн асарч байна. 2017 оноос эхлэн түүнд халамж болон асаргааны тэтгэвэр олгож ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүүгийн маань асаргаа болон халамжийн тэтгэвэр авах хугацааг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэг магадлах комиссоос 1 жилийн хугацаагаар сунгаж өгсөн. Гэтэл халамжийн хэлтсээс хүүхдийн маань халамж болон асаргааны тэтгэмжийг өнөөдрийг хүртэл тавьж өгөхгүй байна. Үүний учрыг нь асуухад багийн амьжиргааг дэмжих зөвлөлөөс таны хүүхдийн асаргааны тэтгэмжийг зогсоосон гэсэн хариу өгсөн. Хүүхдийн асаргааг зогсоосон ч гэсэн халамжийн тэтгэврийг олгох ёстой байсан боловч түүнийгээ ч өгөөгүй. Мэргэжлийн хяналтын газраас акт гаргаж хүүхдийн тэтгэмжийг олгох ёстой байна гэж дүгнэлт хийсэн боловч өнөөдрийг хүртэл халамжийн болон асаргааны тэтгэмжийг олгохгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас надад энэхүү асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлж ав гэж хариу өгсөн. Иймд хүү болох Н.А 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ий хүртэлх 1 жилийн халамжийн тэтгэвэр болох 2256000 төгрөг, асаргааны тэтгэвэр 1383000 төгрөг нийтдээ 3639000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын дарга Б.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Н нь хүү Н.А Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комиссын шийдвэрээр /М85/ фибрози дисплази ясны эдийн дутуу хөгжил хүнд хэлбэр, дээд , доод мөчийг хамарсан оношоор 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний хүртэл 1 жилийн хугацаагаар байнгын асаргааны тэтгэмжийг шинээр тогтоолгон холбогдох материалыг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гаргасан байна. Хүсэлтийг хууль журмын дагуу хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцээд Эрүүл мэндийн сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69, 48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул байнгын асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэж шийдвэр гарсан болно. Дараа нь иргэн Ж.Нурбол нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тус аймгийн орон тооны бус салбар комиссын хурлаар Н.А-ийн байнгын асаргааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны хүртэлх хугацаагаар Н54 нүдний өвчин оношоор дахин шинээр байнгын асаргааг тогтоолгож дахин бичиг баримт бүрдүүлж ирсэн байна. Н.А-т 2 өөр төрлийн оношоор байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт гаргасан тул Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн буцаасан болно. Дараа нь А-ийн эцэг болох Ж.Н нь Өлгий сумын 2 дугаар багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Мэргэжилийн хяналтын газарт өргөдөл гаргасан байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын улсын байцаагч М.Р уг өргөдлийг хянаж үзээд Н.А-т байнгын асаргааны тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж улсын байцаагчийн акт тогтоож манайд ирүүлсэн болно. Тухайн актыг  эс зөвшөөрч МХЕГазарт хүсэлт гаргасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн МХЕГ-ын дэд дарга Д.Э 02/2101 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүсэлт гаргаж Н.А-ийн биеийн байдал, өвчний оношны талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн болно. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Н.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага тодруулан ихэсгэсэн тухай бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх болсон үндэслэл нь 2019 оны 12 сар, 2020 оны 01 дүгээр сарын халамж болон асаргааны мөнгө нийтдээ 231000х2=462000 төгрөг, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123100 төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг сард 188000 төгрөгөөр нэмж тогтоосон ба 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон бөгөөд 2020 оны 2,3,4 дүгээр саруудад нийлж 311100х3=933300 төгрөг болж байна. Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр болсон ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу нийгмийн халамжийн тэтгэврийг 100000 төгрөгөөр нэмж олгож эхэлсэн ба 2020 оны 5,6,7,8,9,10,11 саруудын халамжийн болон асаргааны мөнгө нийтдээ 411100х7=2877700 төгрөг, бүгд 4273000 төгрөг байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүү болох Н.А-т олгох ёстой халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэвэр нийтдээ 4273000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Н ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Хамгийн том хүү маань 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр морь унаж яваад морьд чирэгдээд моринд эрүү тус газраа өшиглүүлснээс бол эрүү болон 4 шүд нь хугарсан. Дараа нь нүр амны эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу авч яваад эмчлүүлээд 12 дугаар сард Өлгийд буцааж ирсэн. Өлгийд ирснээс хойш халамжийн тэтгэвэр авахаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Халамж, үйлчилгээний газарт хандсан. Халамж үйлчилгээний газарт хандахад тэнчээнээс манай оршин суугаа багийг хариуцсан мэргэжилтэн Ш.Л гэдэг хүн Халамж, үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газраас тусгай комисс гаргана. Тухайн комиссын 6 гишүүн очоод үзлэг хийгээд учир байдлыг нь тодруулна гэсэн. Тэгээд нэг өдөр тэр Ш.Л гэдэг хүн Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон Ж.Т гэдэг хүнтэй хамт манай гэрт ирж танай хүү хөл дээрээ боссон явж чадах хүн юм байна, ийм хүнд халамжийн тэтгэмж авахгүй гэдэг байдлаар хандсан. Тэгэхээр би манай хүү хоолоо өөрөө идэж чадахгүй, хоолыг нухаш болгоно өгдөг гэсэн боловч тэд нар танай хүүхэд тэтгэмж авах ёсгүй юм байна, группээс хасуулна гэсэн. Тэгээд би материалаа аваад Халамж, үйлчилгээний газрын дарга Б.С гэдэг хүнд очсон. Халамж, үйлчилгээний газрын дарга Б.С онош нь зөрүүтэй байна гэдэг тайлбарыг монгол хэлээр өгч байсан. Би өөрөө монгол хэл мэдэхгүй хүн учраас тэр хүний надад хандаж хэлсэн зүйлийг сайн ойлгоогүй. Надад тэр Б.С гэдэг хүн материалуудын энэ хэсгүүд зөрчилтэй гэсэн болохоор би очоод засуулаад ирсэн. Би тэр Б.С гэдэг хүний хэлснээр материалуудыг засуулахаар комиссын дарга н.Б гэдэг хүнд хандаж энэ онош нь таарахгүй байна гэсэн. Комиссын дарга н.Бегжан гэдэг хүн зөрчилтэй хэсгүүдээ засаж өгсний дараа би дахиад материалуудаа Б.С гэдэг хүнд өгсөн. Миний хүүхдийн материалууд бүрэн бүтэн ба хууль, журмаараа тэрээр тэтгэмжийг авах ёстой ч миний хүүхдэд групп тогтоож өгөөгүй. Би хувьдаа Х газрын дарга Б.С гэдэг хүнийг надаас хахуул нэхэж байгаа байх гэж бодсон. Миний энэ материалуудын дунд хүүхдэд акт тогтоосон дүгнэлтийн хуулбар байсан. Хүүхэд маань гар хөл нь эрүүл боловч хоолоо өөрөө идэж чадахгүй. Нэг талын эрүүг бүхэлдээ авсан болохоор 26 нас хүртлээ шүд хийх боломжгүй гэсэн. Зөвхөн ясны шөлөөр хоол хийгээд өгдөг. Энэ намар хүүгээ сургуульд өгсөн. Эхнэр маань өөрөө сэтгэц мэдрэлийн өвчнөөр сүүлийн 7,8 жилийн турш өвдөж байгаа. Сүүлийн үед эхнэрийн маань бие байдал сайжраад ирсэн боловч хүү маань бас гэртээ байнга байдаг болохоор сэтгэл санааны хямралд өртөж ээжтэйгээ таарч тохирохгүй явдал гарсан. Тийм учраас сургуульд нь явуулсан боловч нэг ангийн хүүхдүүд, хамт олон нь чи сайн ярьж чадахгүй гэсэн байдлаар шоолж, хандсан учраас хичээлээс гаргаж авсан. Удалгүй манай нэг хамаатны санал болгосноор Өлгий сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн мужааны ангид элсүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хэмжээгээр буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүү болох Н.А-т олгох ёстой халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмж нийтдээ 4273000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус аймгийн 12 дугаар багийн иргэн Ж.Н нь Өлгий сумын 12 дугаар багыг хариуцсан Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн Ш.Л тухайн үед материалаа өгсөн байсан. Тухайн асаргааны тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хууль түүнтэй холбогдуулан гаргасан журмын дагуу олгогдох ёстой. Хамгийн түрүүнд би асаргааны тэтгэмж авах ёстой гэдэг талаар тодорхой тайлбарлаж өгье. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байнгын асаргаа шаардлагатай иргэн” гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг; гэж тодорхой заасан. Тэгэхээр бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй гэсэн хуулийн тодорхойлолттой байгаа. Н.А-т бол Баян-Өлгий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгэм хамгааллын салбар зөвлөл нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх  1 жилийн хугацаатай байнгын асаргаа шаардлагатай иргэнээр тодорхойлов гэж өгсөн байгаа. Түрүүн нэхэмжлэгч өөрөө ярлаа, би Б.С даргатай очиж уулзахаар тодорхой зүйлүүдийг болохгүй байгаа талаар ярьж өгсөн талаар, мөн энийг засаад ирвэл чамд тэтгэмж өгч болох талаар ярьсан гээд ярлаа. Гэхдээ Ж.Н бид хоёр энэ асуудлын талаар урд нь уулзаагүй, уулзаж байгаагүй. Ж.Н энэ болохгүй юм байна гэсэн утгаараа 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тухайн Н.А-ийг нүдний өвчинтэй оноштойгоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл акт тогтоолгож авчирсан байгаа. Иймд 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш сарын хугацаатай Н.А-тэй холбоотой хоёр төрлийн актыг Баян-Өлгий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгэм хамгааллын салбар зөвлөл гаргасан. Н.А нь 2 өвчинтэй болж яваа. Нэг бол ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр, нэг бол нүдний өвчинтэй гэсэн 2 акт гарсан байгаа. Ж.Н анхны өгсөн акт гарсны дараа Амьжиргаа дэмжих зөвлөл хуралдаад Амьжиргаа дэмжих зөвлөлийг Өлгий сумын Засаг дарга санал болгосноор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид батална гээд тодорхой хуульд заасан байгаа. Тэр утгаараа тэргүүлэгчид Өлгий сумын 12 багт ажиллах, Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын төлөөллийг баталж өгсөн. Энд төрийн төлөөлөл 2 хүн, иргэний төлөөлөл 2 хүн, төрийн бус байгууллагын төлөөлөл 2 хүн, нарийн бичгийн дарга нь Х газрын тухайн багийг хариуцсан мэргэжилтэн байна гэж зааж өгсөн байдаг. Тэрний дагуу тэр хүмүүс нь хурлаа хийгээд Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгааллын сайд нарын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан өвчний жагсаалтын 3 дугаар хавсралтын холбогдох заалтыг хангахгүй байгаа учраас Н.А байнгын асаргааны тэтгэмж тогтоох шаардлагагүй үзлээ гээд зөвлөлийн тогтоол гаргаад шийдвэрлэсэн байгаа. Энийг шийдвэрлэхдээ Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хуулиудыг баримталсан байгаа. Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгааллын сайд нарын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралтад байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох зааврын 1.4-д “Өвчин аархагдсан, эрхтэн бие махбодын тогтоц үйл ажиллагаа хүндээр гэмтсэний улмаас өөр өөрт үйлчлэх боломжгүй, хэвтрийн дэглэм, бусдын асрамжид байгаа хүүхдүүдэд олгоно” гэж заасан байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй асаргаа өгч байгаа хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлт гэж байдаг. Энэ шалгуур үзүүлэлтийг мөн адилхан тушаалаар баталсан. Шалгуур үзүүлэлт 6 төрлийн асуулт байгаа, энэ 6 асуултын 2-д нь нэхэмжлэгч өөрөө сая хариулчихлаа. Энд тухайн иргэн хооллох, хувцаслах, усанд орох, хөдлөх, бие засах, өтгөн шингээ барих чадваргүй гэсэн 6 асуулт дээр тус бүрд нь 2,3 оноотой байгаа. Энэ шалгуур үзүүлэлтийг 0-оос 6 оноотой иргэнд асаргааны тэтгэмж олгосон гээд хуульчилсан байгаа. Н.А уг шалгуур үзүүлэлтэд 10 оноо авсан. Энийг тухайн үед нийгмийн ажилтан тодорхойлсон байгаа. Нэхэмжлэл гаргагчийн хүү Н.А нь тухайн үедээ мориноос унаад 2 шүд нь гэмтсэн, яс нь хугарсан, эрүү нь хугарсан гэж нэхэмжлэгч хэлсэн. Н.А гарч байгаа онош нь болохоор өнөөдрийн байдлаар ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр дээд доод хэсгийн хамарсан гэж шийдвэрлэсэн байгаа. Энэ бол мэс заслын аргаар шүдээ авхуулсан, эрүүгээ хазуулсан гэж байгаа. Байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асаргааны хугацаа тогтоох, сунгах гээд хоёр сайдын хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралтад байгаа 0-оос 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох гэмтлийн жагсаалтад орсон мэс заслын өвчинд хагалгаа хийгдсэнээс хойш заасан хугацааг баримтлан байнгын тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Н.А Дэлүүн суманд байхад 2017 онд асаргааны тэтгэмж нэг жилийн хугацаатай авч байсан. Дараа нь тэрийг үргэлжлүүлэн авахаар Өлгий суманд хүсэлт гаргахаар нь саяны миний ярьдаг мэс засал өвчний үед хагалгаа хийгдсэнээс хойш тодорхой хугацаанд олгоно гэсэн журмын заалт мөн Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.14-т “амьжиргаа дэмжих зөвлөлийн энэхүү журмын 2.13-д заасан иргэнийг нөхцөл байдлыг судлаад тэтгэмжид хамааруулах эсэх талаар шийдвэр гаргана” энэхүү журмын 2.10-д заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл байдалд нийцэхгүй бол амьжиргаа дэмжих зөвлөл дүгнэсэн бол энэ тухай шийдвэрээ гаргана гэсэн тогтоолын дагуу Амьжиргаа дэмжих зөвлөл шийдвэр гаргасан байна. Дараа нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр гаргасан өргөдлийг бас бид нар шийдвэрлээгүй мэт яриад байна. Д.Б даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны албан тоот бидэнд ирсэн. Уг албан тоотын хамгийн сүүлд “Ж.Н том хүү болох Н.А асаргааны мөнгийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөх талаас арга хэмжээ авна уу” гэсэн байсан. Уг албан тооттой холбоотой хариуг манай байгууллагын зүгээс хуулийн хугацаанд Аймгийн иргэдийн төлөөлөгч хурлын байгууллагад бичгээр өгсөн. Дээрх тогтоолыг үндэслээд бие дааж амьдраад боломжгүй хүмүүст асаргааны мөнгийг олгож байгаа. Нэг үгээр хэлбэл асаргаанд байгаа хүнийг гэртээ байнга асарч, гэртээ харж хандаж байгаа учраас тухайн иргэн хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан учраас энэ мөнгийг олгож байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр Ж.Н хүү Н.А нь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвт 1 дүгээр дамжааны оюутнаар суралцаж байгаа. Үүнээс өмнө бүрэн дунд Б сургуульд мөн адилхан сурч байсан. Ийм учраас Ж.Н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь, нэхэмжлэгч Ж.Н нь А нэртэй хүүтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан №0061830 дугаартай Төрсний гэрчилгээгээр, мөн нэхэмжлэгчийн хүү Н.А Гэмтэл согог судлалын үндэсний төвд доод эрүүний хугарлын хагалгаанд орж байсан нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” буюу Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-13А болон Н.А өвчний түүхийн бичилтээр тус тус нотлогдож байна. 

Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн ЭМБНХ-ийн комиссын дарга, гишүүдийн гарын үсэгтэй, тамга дарж баталгаажуулсан   2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №00000804 дугаартай “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт”-оор РД:БЖ04312215 А өвчний олон улсын код: Фиброзный дисплазий; өвчний асаргаа шаардлагатай хугацаа: М85; байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй хугацаагаар сунгалт хийсэн байна.

Энэхүү Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн ЭМБНХ-ийн комиссын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №00000804 дугаартай “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт” нь Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.13-д “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай...0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймгийн орон тооны бус салбар комисс тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана гэсэнтэй нийцэж байна.

Үүгээр нэхэмжлэгч Ж.Н  хүү нь болох Н.А олгох ёстой халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж авах эрх нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан, 13.2.4 зааснаар үүсэж байна.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.11-д “...энэ хуулийн 13.2.4-т заасан ...хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэсэн ба Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69,48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаал”-ын 9.1-д заасан  өвчний нэр, үе шат: “Фиброзный дисплазий- Ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр дээд доод мөчийг хамарсан үе; өвчний олон улсын код-М85; эмчлэн эрүүлжүүлж, нөхөн сэргээх хугацаа-36 сар гэсэнтэй Н.А М/85 фиброзный дисплазий- гэсэн онош тохирч байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугааргүй Өлгий сумын 3-р багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын “Асаргааны тэтгэмжийг зогсоох тухай” тогтоолоор Н.А байнгын асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэж зогсоосон гэсэн үндэслэлээр Н.А олгох ёстой халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэвэр олгоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Энэ хуулийн 3.1.2, 3.1.5, 18.2.4-т зааснаас бусад иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл нь сум, хороонд ажиллана” гэж заасан байна.

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.14-д “Амьжиргааг дэмжих зөвлөл нь энэхүү журмын 2.13-т заасан иргэний нөхцөл байдлыг судлаад тэтгэмжид хамруулах эсэх талаар шийдвэр гаргах эрхтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугааргүй Өлгий сумын 3-р багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын “Асаргааны тэтгэмжийг зогсоох тухай” тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт, Амьжиргааг дэмжих зөвлөлийн дүрмийн 1,2, амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Байнгын асаргаа шаардлагатай иргэний тэтгэмжийг шинэ тогтоолгохоор болон асаргааны хугацааг сунгуулахаар ирүүлсэн материалыг АДЗ-ийн гишүүдтэй хамт очиж шалгаж үзээд, нэр бүхий иргэнд нь  1.Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан өвчний жагсаалт, Эрүүл мэндийн сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69,48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт болон хуулийн холбогдох заалтыг хангахгүй байгаа тул Нурбол овогтой Айбект /БЖ04312215/ байнгын асаргааны тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэж үзсүгэй гэсэн байна.

Энэхүү 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугааргүй Өлгий сумын 3-р багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын “Асаргааны тэтгэмжийг зогсоох тухай” тогтоол нь доорх байдлаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “ Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнд:

1) Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “ Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.13-д “тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэж Амьжиргааг дэмжих зөвлөл дүгнэсэн бол энэ тухай шийдвэртээ тодорхой тусгана” гэж заасан байхад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугааргүй Өлгий сумын 3-р багийн Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын “Асаргааны тэтгэмжийг зогсоох тухай” тогтоолд ямар тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэдгийг юуг үндэслэн үнэлсэн тухайгаа шийдвэртээ тодорхой тусгаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А холбоотой Н.А 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №00000804 дугаартай “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт”-оос өөр Н.А нүдний өвчний оноштой 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №00000898 дугаартай “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт” байгаа гэж шүүхэд гаргаж өгсөн боловч аль тодорхойлолтыг бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэдгийг бичээгүй байна.

2) Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан өвчний жагсаалтыг хангахгүй байгаа гэх боловч үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой бичээгүй, ямар өвчний онош  энэ жагсаалтад ороогүй гэдгийг тодорхой бичээгүй байна.

3) Эрүүл мэндийн сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69,48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтыг хангаагүй гэх боловч энэхүү гуравдугаар хавсралтаар “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт”-ийг хэзээ хэн гаргасан, хэдэн оноо авсан эсэхийг тодорхой бичээгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шалгуур үзүүлэлтээр 10 оноо авсан гэх боловч үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй, шалгуур үзүүлэлтийг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4) Хуулийн холбогдох заалтыг хангахгүй гэх боловч ямар хуулийн зүйл заалтыг хангаагүй талаар тодорхой бичээгүй байна.

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “ Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.14-д “Амьжиргааг дэмжих зөвлөл нь энэхүү журмын 2.15-д “Энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь уг шийдвэрийг тухайн аймаг, дүүргийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж, дүгнэлт гаргуулна”, мөн  2.16-д “Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 2.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн иргэнд тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газар тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж уг шийдвэрийг тухайн аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж, дүгнэлт гаргуулаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.  

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02/2101 дугаартай “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын албан бичгийн хариу”-г хүргүүлсэн  албан тоотод... Баян-Өлгий аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүсэлт гаргаж Н.А биеийн байдал, өвчний оношны талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн боловч хариуцагч Х газрын дарга Б.С Баян-Өлгий аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хандсан эсэх нь тодорхойгүй, Н.А биеийн байдал, өвчний оношны талаар дүгнэлт гаргуулсан эсэхийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох тухай хуулийн зохицуулалт нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно”, мөн Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 5.1 болон 5.2-т тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох тохиолдлыг нэг бүрчлэн нэрлэж заасан ба хариуцагч аль тохиолдлыг үндэслэн Н.А нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг зогсоосон тухай шийдвэр гаргасан нь тодорхой бус, тэтгэвэр тэтгэмжийг зогсоосон ямар эрхийн акт гаргасан гэдгээ шүүхэд нотолж чадаагүй болно. 

Нэхэмжлэгч Ж.Н Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ба Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 дугар сарын 19-ний өдрийн №04-01-001/16 дугаартай “Байнгын асаргааны мөнгийг нөхөн олгуулах тухай” актаар Н.А хөдөлмөрийн чадвар алдсан болон байнгын асаргаа шаардлагатай байх хугацааны өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны олгогдоогүй тэтгэмжийн мөнгө 1562000 төгрөгийг нөхөж олгохоор нөхөн төлбөрийн акт тогтоосон байна. Нөхөн төлбөрийн 1562000 төгрөгийг халамжийн сангаас гаргаж иргэн Н.А асран хамгаалагч Ж.Н-лд 2020 оны 7 дугаар сарын 25-ны дотор эгүүлэн олгохыг Х дарга Б.С...нарт хариуцуулсан боловч хариуцагч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Н.А нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн ”хүн” гэдэг утгаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаардаг тул Амьжиргаа дэмжих зөвлөл нь эрхэд хамааралгүй асуудлаар түүний тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох, тогтоох эрхгүй” гэж тайлбарласан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.5-д “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заасан байна.

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг ойлгоно гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь  Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2.4, 13.11 болох нь тогтоогдож байгаа ба  Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д холбогдолтой ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуулийн үндэслэлтэй байгаа тул Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно”, мөн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

*Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №27 дугаартай “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 174000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 76000 төгрөгөөр тус тус тогтоон, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. 

*Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №25 дугаартай “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 123100 төгрөгөөр тус тус тогтоон, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

*Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №167 дугаартай “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” тогтоолын  5.3-д нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 288000 төгрөг олгохоор тогтоосон байна.  

Эдгээр Монгол Улсын Засгийн газрын тухайн үеийн тогтоолуудыг үндэслэн  Н.А олгох 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын халамжийн тэтгэврийн мөнгө  348000 төгрөг, асаргааны тэтгэмжийн мөнгө 152000 төгрөг нийтдээ 500000 төгрөг (нийгмийн халамжийн тэтгэвэр 174000 төгрөг  х2 сар=348000 төгрөг; халамжийн тэтгэмж 76000 төгрөг х 2 сар = 152000 төгрөг) авах ёстой тооцоо гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр нийтдээ 462000 төгрөгөөр (нийгмийн халамжийн тэтгэвэр 348000 төгрөг; халамжийн тэтгэмж 114000 төгрөгөөр) тооцох нь зүйтэй байна.

2020 оны 02-04 дүгээр саруудад халамжийн тэтгэврийн мөнгө 564000 төгрөг, асаргааны тэтгэмжийн мөнгө 369300 төгрөг нийтдээ 9333000 төгрөг (нийгмийн халамжийн тэтгэвэр 188000төгрөг х 03сар=564000 төгрөг; халамжийн тэтгэмж 123100 төгрөг х3 сар = 369300 төгрөг) авах ёстой тооцоо гарч байна;

2020 оны 05-11 дүгээр саруудын халамжийн тэтгэврийн мөнгө 2016000 төгрөг, асаргааны тэтгэмжийн мөнгө 861700 төгрөг  нийтдээ 2877700 төгрөг (нийгмийн халамжийн тэтгэвэр 288000 төгрөг х 7 сар=2016000 төгрөг; асаргааны тэтгэмж 123100 төгрөг х 7 сар =  861700 төгрөг) авах ёстой тооцоо гарч байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээтэй тус тус тохирч байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч Ж.Н нь Н.А нүдний өвчин гэсэн оноштой 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №00000898 дугаартай “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт”-ын талаар маргаагүй ба энэхүү тодорхойлолтыг хариуцагч талаас гаргаж өгсөн учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Иймд хариуцагч  Баян-Өлгий аймгийн Х газраас Н.А олгох 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны халамжийн тэтгэвэр 2928000 төгрөг, асаргааны тэтгэмж 1345000 төгрөг нийтдээ 4273000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н олгох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 4273000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж  83218 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газраас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2.4, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-ийг тус тус үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Н.А олгох ёстой 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн халамжийн тэтгэвэр 2928000 төгрөг, асаргааны тэтгэмж 1345000 төгрөг нийтдээ 4273000 (дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга)төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газраас улсын тэмдэгтийн хураамжид 83218  (наян гурван мянга хоёр зуун арван найман) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК